Улаанбаатар 1c

Гэр бүлийн тухай хуулийн 80 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулна

NPost.mn
2019-10-16 10:59

УИХ-ы н  НББСШУ-ны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Гэр бүлийн асуудал нэг талаасаа хувь хүмүүсийн хичээл зүтгэлээс хамаарах боловч нөгөө талаасаа төрийн бодлого хайр халамж, анхаарлынх нь төвд байх ёстой чухал асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, сонирхол, харилцаа, хөгжил хамгааллыг төрөөс хамгаалан ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн” гэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаа” сэдэвт илтгэл танилцууллаа. Өнөөгийн гэр бүлийн бүтэц, хэв маягт дан гэр бүл буюу эхнэр, нөхөр, үр хүүхдийн хамт амьдардаг хэлбэр давамгайлж байгаа аж. Гэхдээ нийгмийн харилцаа, эдийн засгийн нөлөөллөөс үүдэлтэй нийлмэл гэр бүлийн бүтэц тодорхой хувийг бүрдүүлсэн хэвээр байгааг илтгэлд дурдсан.

Иймд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарал хандуулах нэн шаардлагатай байгаа гэв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахгүй бол оюуны хэрэгцээ буюу сурч хөгжих, үр хүүхдэдээ анхаарах нөхцөл бүрдэхгүй гэдгийг судалгааны дүнгээс харж болох аж. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг багасгахад тэдний анхдагч хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх асуудал тулгамдсан асуудал болжээ. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 13.5 хувь нь хамтран амьдардаг бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Гэр бүлийн энэ хэлбэр 2004 оны “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал судалгаа”-нд мөн 12.8 хувийг эзэлж байсан байна. Өөрөөр хэлбэл, тус судалгаанаас хойш 14 жилийн хугацаанд хамтран амьдарч буй гэр бүлийн тоо дорвитой буурсангүй. Тэдний хоёр хүн тутмын нэг нь бүртгүүлж амжаагүй гэсэн ерөнхий шалтгаанаар гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй гэсэн бол 11.8 хувь нь шилжих хөдөлгөөн хийлгээгүй, 9.6 хувь нь өмнөх эхнэр, нөхрөөсөө гэрлэлтээ бууруулаагүй, 7.7 хувь бусад шалтгааныг дурджээ. Харин 16.5 хувь нь ямар ч шалтгаан байхгүй гэсэн бол 3.3 хувь нь хариулахаас татгалзсан байна.

Гэр бүлийн хамтран амьдрах хэлбэрийн практикт ажиглагддаг нэг асуудал бол гэр бүлийн хамтын амьдрал төгсгөл болох үед эд хөрөнгө, үр хүүхдийн харилцаанд хариуцлага үүрэх асуудалд зайлшгүй зохицуулалт хэрэгтэйг экслтртүүд онцлон дурдсан байна. Ийнхүү хуулийн төсөл болон илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан, нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийжээ. Иймд хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн тулгамдаад байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 10 бүлэг,102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид