Улаанбаатар 1c

Орон сууцныхаа батламжийг авахаар найман настай балчраас 80 настай хөгшид ирлээ

Хан-Уул дүүргийн X хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцад хамрагдсан зорилтот бүлгийн 580 өрх батламжаа өчигдөр гардан авлаа. Намрын дунд сарын шинийн 17 буюу дашням, балжинням давхацсан билигт сайн өдөр жанжин Сүхбаатарын талбайд  найман настай нялхаас наян настай буурал хүртлээ цуглаж шинэ байранд орох эрх бүхий төслийн батламжаа авсан юм.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 114 дүгээр тогтоолоор батлуулсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу эхний ээлжинд өндөр настан 84, залуу гэр бүл 30, төрийн албан хаагч 136, хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэн гээд нийт 580 айл энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцтай боллоо. Төслийн батламж гардуулах ёслолын арга хэмжээг нээж нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуöсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын нэг яалт ч үгүй орон сууц юм. Иймд дундаж орлоготой иргэдийг санхүүгийн дарамтгүйгээр орон сууцжуулах шаардлагыг хангах үүднээс түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Юун түрүүнд гэр хорооллын айлуудыг энэ төсөлд хамруулах ёстой. Мөн Буянт-Ухаа хороололд байрлах 900 айлын орон сууцны барилгын ажил 50 хувьтай явж байгаа. Энэ төсөл хөтөлбөрийг цаашид өргөжүүлж, ажиллана” гэлээ. Зорилтот найман бүлгийн иргэд уг төсөлд хамрагдсан бөгөөд эл өдөр зургаан хүүхэдтэй залуу гэр бүл, 93 настай буурал, төрийн албан  хаагч зэрэг 580 өрхийн төлөөлөл болсон 50-60 иргэн бусдыгаа төлөөлж батламжаа гардав. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэх ангиллаар шалгаруулалтад тэнцсэн СХД-ийн 23 дугаар хорооны оршин суугч Х.Базаррагчаагаас сэтгэгдлийг нь асуулаа.

Тэрбээр “Бүртгүүлж үзье гээд материалаа НОСК-руу илгээсэн. Нэлээн хэд хоногийн дараа “Түрээсийн орон сууц төслөөс ярьж байна” гээд шалгаруулалтад тэнцсэн талаар хэлсэн. Тэр үед эхнэртэйгээ хоёулаа хашхиралдаад бөөн баяр болсон. Манайх 1038 дугаар байранд орох эрх бүхий батламжаа гардаж авлаа. Баяртай байна” хэмээн ярилаа.

Арга хэмжээний үеэр гэр хорооллын иргэд оршин сууж буй газраа орон сууцаар солих боломжтой талаар зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Энэ талаар НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм ““Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувь буюу 390 айлын орон сууцыг газар чөлөөлөх хэлбэрээр эзэмшүүлж байгаа. Энэ хүрээнд одоогоор гэр хорооллын 20 гаруй байршилд хамгийн багадаа 4 га газар чөлөөлөхөөр болоод байна. Тухайн айлын нийт м.кв газрын үнэлгээг орон сууцны нийт м.квадратын үнэлгээтэй жишиж, газрын үнэ илүү байвал НОСК зөрүү төлбөр төлж, орон сууцны үнэ илүү байвал иргэд зөрүү төлбөр төлнө.

Мөн шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслийн хүрээнд Морингийн даваа, Улиастайн ам, Био-Сонгино болон авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсэд орон сууц барихаар төлөвлөж байна. Санхүүжилтын 50 хувийг шийдсэн. Ирэх жил 33 мянган айлын орон сууц ашиглалтад орно” гэлээ. Батламжаа авсан айлууд маргаашнаас эхлэн шинэ байрандаа орох юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид