Улаанбаатар 1c

Лиценз угаах луйвар: Нөөцийг нь шавхсан хоёр лицензээ наймаар сольсон “Азаргын гол чонот”

Х.УЯНГА, Npos.mn
2019-10-28 16:35

Газар нутгаа бүхэлд нь тусгай зөвшөөрөл хэмээх хуудас цаас болгоод, гадаад, дотоодынхонд эзэмшүүлчихсэн, үүнийхээ горыг ч хангалттай амсаж буй манайхан үлдсэн онгон дагшин байгалиа алтыг нь аваад, авдрыг нь хаядаг, хайрлах сэтгэлгүй тонуулчидаас өмгөөлөхийн тулд тусгай хамгаалалтад авахаас өөр гарцгүй болсон. Дахин давтагдашгүй байгаль, экологийн үйл явц, нэн ховор амьтдыг ирээдүй хойч үедээбүрэн бүтэн үлдээхийн тулд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах бодлого Засгийн газар баримталж байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу.

Гэхдээ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын бодлогын сүүдэрт “лиценз угаах” хэмээх залилан, луйврын шинжтэй хэрэг цэцэглэж буйг анзаарахгүй орхимгүй болоод буй. Мөнгө угаах гэдэгтэй адилтгасан “лиценз угаах” хэмээх нэршил ашигт малтмалын салбарт аль хэдийнэ нутагшсан. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд буюу Засгийн газрын тэргүүнээс огцорч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллах байх үедээ нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол тогтоох тухай Засгийн газрын 256 дугаар тогтоолыг яаран сандран баталж, ард түмний өмч болох газар, түүний хэвлийн баялгийг бэлэг, бонус аятай тараасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг тогтоолыг гаргахдаа экс Ерөнхий сайд ихээхэн өгөөмөр загнаж, нэг тусгай зөвшөөрлийн оронд хоёрыг, хоёрын оронд наймыг гэх мэтээр ашигт малтмалын ордуудыг баруун солгойгүй “цацсан” байдаг. Ингэж тараасан тусгай зөвшөөрөлнь буцаад өөрийнх нь компани руу шилжиж,цаашаа монголын толгой баян компаниудын нэг рүү дамжсан шоглоомтой баримтч бий талаар өмнө нь бид мэдээлсэн. Энэ удаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, байгаль экологид онц ноцтой хохирол учруулан, дөрвөн жил олборлож нөөцийг нь шавхсан хоёр тусгай зөвшөөрлийг цуцалсан нэр зүүгээд, оронд нь найман тусгай зөвшөөрөл олгосон тухай нь хүргэж байна.

Итгэхэд бэрх хэдий ч гарцаагүй ийм шийдвэрт Ерөнхий сайд асан гарын үсэг зуржээ. Чухам Засгийн газрын тэргүүний хувиар итгэлүнэмшлээрээ ийм шийдвэр гаргасан уу, ямар нэг эрх ашигт үйлчилсэн үү, эсвэл бүр өөрөө ч мэдээгүй байхад нь хэн нэгэн шургуулчихсан уу, бүү мэд. Экс Ерөнхий сайдын гаргаан шийдвэрээр дамжуулж төр, засгийн их нигүүлслийг хүртсэн компани бол “Азаргын гол чонот”. Тус компани ямар эрх дархтай болохоороо ийм тусгай хангамж авсныг нь яг таг хэлэх боломжгүй ч “Азаргын гол чонот”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбож ярих нь олонтаа. 5097517 регистрийн дугаартай “Азаргын гол чонот” компани Булган аймгийн тэшиг сумын нутаг Азаргын голд MV-013927, XV-012443, XV-013926, XV-013490 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байв. Уг тусгай зөвшөөрлүүдийн талбай нь манай улсын ЗхУ-тай хиллэдэг хилийн зурваст, хилийн дөрөвдүгээр заставтай хаяа хатган, 527 дугаар баганаас ганц, хоёрхон км-ийн зайд оршдог. ой тайга, цэрдийн галавын сүүлчээс тогтсон түмэн атриат уулсын дундуур урсах байгалийн үзэмж бүрдсэн Азаргын голын ай сав, хилийн зурвас гээд аль ч талаас нь харсан эмзэг, хайрлам, онцгой байршилд орших алтны орд ямар замаар тус компанийн мэдэлд очсоныг бүү мэд. Хилийн багана, зурвас гэдэг жирийн иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах бүү хэл зоргоороо хөл тавих ч эрхгүй онцгой бүс. Гэтэл “Азаргын гол чонот” компани тэр онцгой бүсэд чухам л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн юм билээ.

Азаргын гол

Тус компани 2007 оноос эхлэн энэ онцгой байршилтай алтны шороон ордод олборлолт хийж эхэлжээ. Ингэхдээ Азаргын голын урсацыг боож хаах, голдрилыг нь өөрчлөх, голын усанд алтаа угаах, ой модыг сүйтгэх зэргээр байгаль эхэд онц хэрцгийгээр хандсан гэж нутгийнхан ярьдаг. хүрээлэн буй орчинд хүнлэг бусаар хандахаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлөөр олборлолт хийсэн нь хуулийн ноцтой зөрчил билээ. “Азаргын гол чонот” компанийг тэшиг сумын үзэсгэлэнт байгаль, ой тайга, Азаргын голыг орвонгоор нь эргүүлж байх ид үед буюу 2009 онд Урт нэртэй (Гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай) хууль батлагдсан. “монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэсэн үндсэн агуулгатай уг хуулийг хүчин төгөлдөр  болсон хойно ч тус компани хуулийн зүйл, заалт бүрийг зөрчсөөр 2011 онтой золгов.

Энэ хооронд мэргэжлийн байгууллагууд “Булган аймгийн тэшиг сумын нутагт орших голууд тул загасны үржлийн гол нутаг болдгоороо экологийн онц ач холбогдолтой” гэсэн дүгнэлт гарган, уг нутгийг хамгаалалтад авахыг санал болгож, нутгийн иргэд, ЗХУ-ын талаас ч гомдол, мэдээлэл төрийн байгууллагуудад ирүүлж байж. Гэвч төрийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч хяналт, шалгалтын байгууллага тус компанийн хууль бус үйлдлийг харсан ч хараагүй мэт нүдээ анин өнгөрч, очиж шалгах нь бүү хэл алдаа, зөрчлийг нь нууж хаацайлахыг эрхэмлэдэг байсан гэдэг. тэр ч бүү хэл хилийн цэргийнхэн хилээ бус, уурхайн кэмпийг хамгаалдаг байсан гэх яриа ч дуулдаж байв. хяналт, шалгалтын байгууллага хэрхэн хамгаалдаг байсныг ганц жишээгээр тодруулъя. ОХУ-ын тооцооны танхим болон монгол Улсын Үндэсний аудитын газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийсэн хил орчмын байгаль орчныг хамгаалах талаарх төрийн зохицуулалтын үр нөлөөнд хийсэн аудитын тайланд уг компанийн талаар тодорхой тусгахыг хойд хөрш хүсэж.

Гэвч монголын тал “Шалгахаар очиход эзгүй байсан” гэсэн ганц өгүүлбэрээс өөр зүйл оруулаагүй байдаг. Бор зүрхээрээ зүтгэж яваа жирийн нэг бизнес эрхлэгч ийм эрх дарх эдэлж, тусгай хамгаалалт дор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж чадах уу даа. Урт нэртэй хууль батлаад ч “Азаргын гол чонот” хамжааргад ороогүй тул УИх-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай 18 тоот тогтоолоор тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбайг бүгдийг нь дархан цаазат газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан байдаг. хууль тогтоох дээд байгууллага уг газарт дархан цааз тогтоож, хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул Ашигт малтмалын газрын дарга 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны тушаалаараа “Азаргын гол чонот”-ын дөрвөн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь хүчингүй болгожээ. Ингэхдээ Булган аймгийн Сэлэнгэ сумын тарвагатайн голд “микмайнинг”компанийн эзэмшиж байсан MV- 015496, ховдын Үенчд “Би Эн Би ресурс” компанийн эзэмшиж байсан XV-014537, “Грандмонтана майнинг” компанийн эзэмшиж байсан XV-009503, “Алтандинар” компанийн эзэмшиж байсан XV-014263 тоот тусгай зөвшөөрлийг хамтад нь нэг тушаалаар цуцалсан юм. Гэтэл хэзээ, ямар үндэслэлээр сэргээснийг бүү мэд, дээр дурдсан хүчингүй болгосон найман тусгай зөвшөөрлийн дөрөв нь буюу “Азаргын гол чонот” компанийн эзэмшилд байсан лицензүүд бүгд хүчин төгөлдөр болчихсон байв. Үүнийг хэн хийсэн нь тухайн үед олдоогүй өнгөрсөн билээ. УИх, салбар хариуцсан Засгийн газрын агентлагийн шийдвэрийг үл хэрэгсэн, хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, хэдэн жил хэнд ч мэдэгдэхгүй явна гэдэг ямар том артайг нь хэлээд өгч байгаа биз. лицензийн талбай нь дархан цаазат газартай давхацсан учраас тэнд улайм цайм олборлолт хийж болохгүй.

Тэгээд ч 2007-2012 онд олборлохдоо Азаргын голын ай савыг дагуулан 15 км шахам газар ухаж, хамаг нөөцийг нь шавхчихсан учраас “Азаргын гол чонот” компанийнхан тэр газар руу эргэж буцаж, үхэлдэн шунах шаардлага ч байгаагүй болов уу. тэд “үхмэл” тусгай зөвшөөрлүүдээ “амилуулах”- ыг илүүд үзсэнийг нь Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоол ёсоор болгож өгчээ. 2012 онд хүчингүй болж, удалгүй сэргээсэн ч ашиглах боломжгүй явсаар 2017 онтой золгосон үхмэл тусгай зөвшөөрлүүд уг тогтоолын ачаар “амилж”, өөр газруудад найман тусгай зөвшөөрөл болсон юм.Энд бас зайлшгүй тодотгох ёстой нэг зүйл бий. “Азаргын гол чонот” компани дөрвөн тусгай зөвшөөрөл цуцлуулаад оронд нь наймыг авсан гэсэн ойлголт төрөхөөр мэдээллийг албаныхан өгдөг.

Энэ нь хэт зөөлрүүлсэн мэдээлэл юм билээ. Уг компани дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ч тэдгээр нь 2012 онд цуцлагдсан. тухайн үед дөрвөн тусгай зөвшөөрлийг ямар нэг аргаар (дархан цаазтай газарт тусгай зөөвшөөрөл сэргээх нь ямар ч тохиолдолд хууль зөрчиж таарна) сэргээсэн байлаа гэхэд 2017 онд тэдний хугацаа аль хэдийнэ дуусчихсан байх учиртай. Албаныхны өгч буй мэдээллээр 2017 онд уг компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийн хоёрынх нь хугацаа дуусаад хүчингүй болчихсон, хоёр нь хүчинтэй байсан гэдэг. Тэгэхээр хоёрынх нь хугацааг сунгуулсан байх нь. Үүнийг хэн хийсэн бэ. нөхөн олговор, газар дүйцүүлэн авах компанийн тоонд ямар тооцоо судалгаанд үндэслэн оруулсан бэ.

Ийм олон хууль зөрчиж, байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулсан компанид  хоёр тусгай зөвшөөрлийн оронд наймыг өгсөн нь зүй ёсны шийдвэр мөн үү. Энэ мэтийн эргэлзээ дагуулсан олон асуулт бий. Ямар учраас ийнхүү өгөөмөр загнаснаа шийдвэр гаргагч нь арай илүү гаргалгаа, үндэслэлтэй тайлбарлана биз ээ. 2012 онд нэг албан тоотоор тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн таван компаниас ганц “Азаргын гол чонот” л Америк киноны гол баатар шиг өдий хүртэл явж, ямар аргаар сэргээж, өнөө хүртэл авч үлдсэн нь тодорхойгүй хоёр тусгай зөвшөөрлөө найм болгож аваад буй. Уг компани Азаргын гол, тэшигийн тайгад дөрвөн жил дураараа дургисан. тэр буйд зэлүүд, онгон дагшин нутгийг орвонгоор нь эргүүлж, хөрсөн доороос нь авч чадах бүхнээ авсан. “Азаргын гол чонот” компанийнхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн дархан цаазат газарт хэрхэн хайр гамгүй, хэрцгий хандсаны ул мөр одоо ч хэвээрээ, ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо, голын голдрилыг өөрчилж, хаасны сорви 15 км шахам үргэлжилдэг гэнэ билээ.

Тэд алтыг нь аваад, авдрыг нь хаясан. нөхөн сэргээлт огт хийгээгүй. Ухсан нүхээ булаад орхих сэтгэл тэдэнд байгаагүй. Энэ бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Ашиглал ын тусгай зөвшөөрөлгүй, хайгуулын зөвшөөрлөөр алт олборлодог байсан тус уурхай хууль бусаар олборлосон алтаа монголбанканд тушаадаг байсан, эсэх нь ч эргэлзээтэй юм билээ. төр, засгийн тушаал шийдвэрийн дээгүүр гишгэх, хуульгүй амьдрах, хаалгаар гаргахад тооноор орохын үлгэрийг тодоор  үзүүлсэн балмад компанид яагаад ийм хүлцэнгүй, өгөөмөр хандав. Үүнийг бид “лиценз угаах” хэмээн нэрлэж, луйвар, залилангийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэж буй юм. “лиценз угаах” луйвар нэг тусгай зөвшөөрлийг хоёр болгох, хоёрыг найм болгох, ашигт малтмалын нөөцгүй газраа их нөөцтэйгөөр,ашиглаад дуусчихсан газраа шинээр солих гэх мэт олон арга хэлбэртэй аж. Энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид