Улаанбаатар 1c

Д.Одбаярын сагсуурал монголын нэр хүндийг дэлхийд шороотой хутгачихлаа даа

Хуульчдын хүсэл мөрөөдлийн дээд оргил нь Цэцийн гишүүн болох юм гэсэн. Тэгвэл тэр ноён оргилын даргаар ажиллаж амьдрах гайхалтай хувь тохиолын эзэн Доржийн Одбаяр Монгол Улсынхаа нэрийг шавартай хутгав. Цэцийн дээр хөх тэнгэр л бий...гэх бурханчлан тахисан үзлийн “бунхан” нь болсон Үндсэн хуулийн цэц гэх байгууллагын дээд удирдлага монголчуудын нэр хүндийн дархлааг аялаж, зугаалах замдаа л гишгэлж орхив. Амралтын өдрүүдийн амгаланг эвдсэн мэдээллийг сийрүүлбэл, аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа 52 настай Д.Одбаяр нь онгоцны 00-ийн өрөөний дэргэд хажуугаар нь зөрсөн 20 настай үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрч, бэлгийн дарамт учруулсныг камерийн бичлэгээр баталгаажуулсан баримтат мэдээг Солонгосын бүх томоохон телевиз, сайт, сонин мэдээлэв.

Монголд төдийлэн гэм хор учруулсанд тооцогддоггүй энэхүү үйлдэлд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нэр холбогдож манайхаас бусад улс оронд эмэгтэй хүний биеийн аль ч хэсэгт дураараа, зөвшөөрөлгүй хүрэхийг “Бэлгийн халдлага” үйлдсэнд тооцдог болохыг мэдэв. Хийсэн үйлдэл нь эвлүүлэггүй бичлэг, хохирогчийн мэдүүлэг, гомдлоор батлагдсаар байхад ҮХЦ гэх эрх дарх нь хөх тэнгэрийн уудамтай эн зэрэгцэх байгууллагаас үгүйсгэж ихээхэн том мэдэгдэл гаргаж дарин дээр давс асгав. Гэхдээ энд нэг үнэн бий. Юу гэвээс, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ийм үйл хөдлөл гаргасан бол тэр олон талаар өөрийгөө өмгөөлж, асуудлыг амжилт болгоод зогсохгүй онгоцны үйлчлэгч бүсгүй “Зүгээр дэргэдүүр нь зөрсөн даргын гарт өгзөгөө хүргэсэн” хэрэгтэн болох байв.

Манай дарга нарын “Төрийн өндөр албан тушаалтан” гэдгээрээ бамбай хийж сагсуурдаг, өөрөөсөө албан тушаал, мөнгө, эрх мэдэл дорд нэгэнтэй эзэрхүү, түрэмгий байдлаар ханддаг авир ааш Солонгост хэрхэн олныг жигшүүлэм үйлдэл болохыг бид энэ хэдэн өдөр хангалттай харлаа. Хууль нь хатуу чанга, хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрхээр хязгаарлагддаг, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн бүхий л хэв шинжит үйлдэлд шийтгэл оноож чаддаг Солонгосыг бид андуурч, эндүүрсэн гэх хөнгөхөн тайлбар, мэдэгдлээр хуурахгүй нь лавтай боллоо. Тэрбээр уг нь Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцох том зорилго тээн явсан байдаг.

Ингээд Солонгосоор дамжин зорчиж явахдаа уг хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ингэхдээ мөн 42 настай түүнтэй хамт явсан “А” нь онгоцны үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт үзүүлсэн нь ч камерийн бичлэгт бийг тухайн улсын цагдаа нар цагдан хорихдоо мэдээлсэн байдаг. “Бэлгийн дарамт” учруулж буй ийм ижил төрлийн гэмт халдлагад ийнхүү хоёр монгол хүн тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан холбогдож Монгол Улс гэх тусгаар нэр хүндийг шавартай хутгасан үйлдэл тохиов. Энэ бол гутамшиг. “Нэр хугарахаар яс хугар”хэмээн монголчууд хэзээнээсээ өөрийн овог, нэрээ ихэд хайрладаг. Гэтэл өөрийн алдрыг эх орныхоо нэртэй хамт дэлхий нийтэд ичиж үхмээр бүдүүлэг үйлдлээрээ дуурсгаж шороотой хутгаж орхив. Дуулиан бүр нь 24.00 цаг л шуугиан болоод өнгөрдөг манайд “Арын суудлын хүн, андуураад...” гэх Цэцийн мэдэгдэл үнэхээр гоё байх байлаа. “Нээрээ ч тийм байх. Хуулийг жинлүүрийн таваг мэт дэнсэлж, дахин дэнсэлж байж хууль сахиулдаг Цэцийн дарга арай ч хүүхний өгзөг хараад ухаан, сэтгэлээ барьждийлэхгүй, гар хүрнэ ч гэж юу байх вэ” гэгдээд нам дарагдах л байсан байх. Хэрэв тэгсэнсэн бол “өмөөрч” дуугарсан УИХ-ын дарга, Аса аварга нарыгаа монголчууд нийтээрээ хайрлаж “Цаад хүүхэн нь үхчихээгүй бол Д.Одбаяр дарга харин ч хайрлаж, энхрийлээд өнгөрч. Хүний хайр даадаггүй, юун сүртэй юм.

“Тэнгэрийн илч”-ийн гарт өртөөд илбүүлчихээ л биз... гэх мэтээр Д.Одбаяр даргыг од мэт тахих байв. Даанч мордохын хазгай гэгчээр мань хүний нүд унагасан өгзөг нь солонгос хүүхнийх байснаараа түүнд гай чирэв. Энэхүү үйл явдал Монголд болсон бол “Тэнгэрийн хүү тэнгэртээ л гэм үйлдсэн байна” гэх мэтээр Д.Одбаяраа тээр дээш хөөргөх байв. Ингэснээр “Бэлгийн дарамт” гэх гэмт үйлдэл хүн хүнээ хайрлах хайр болон хувирч болох байсан. Харамсалтай нь, солонгосчууд “Бэлгийн дарамт”-ын энэ мэт үйлдэлд хэт мэдрэг, эмзэг ханддаг гэдгээ харуулж манай даргыг “Хөх тэнгэрийн энтэй илч” биш хүчирхийлэгч болгон хувиргав. ҮХЦ-ээс одоо яаж мэдэгдэл гаргаад ч “Эндүүрэл” байсан нь няцаагдаж солонгосын хууль, шүүх иргэнээ, эмэгтэйчүүдээ хэрхэн хамгаалдаг болохоо харуулж байна. Хууль, шүүхтэй улс сайхан юм. Хууль нь хэн нэгэн эрх мэдэлтний талд биш үнэний талд, жирийн иргэнийхээ талд гарч чаддаг улсад айдасгүй ажлаа хийж амьдарч болдгийг өгзөгөө базуулсан гэх онгоцны үйлчлэгчийн гомдлоос харж болохоор байна. Гэтэл манайд УИХ-ын гишүүн нь хүүхэн хүчиндэж дур хүслээ хангасаар байхад л хэрэг “Хэрэгсэхгүй” болох эрсдэлтэй. УИХ-ын гишүүн нь бэлэг эрхтнийхээ зургийг элдвээр авчихаад хүсэмжит хүүхэн рүүгээ удаа дараа явуулсан нь баримтаар ил болоод байхад л “Бүрэн эрх, төрийн тусгай хамгаалалт...” гэх мэт халхавч дор амьдраад байх боломж байсаар л. За тэгээд эмэгтэй хүний биеийн аль ч хэсэгт дураараа, зөвшөөрөлгүй гар хүрэх улмаар зодох, чирэх, түлхэх, ёврох, өшиглөх хүчирхийллийн шинжтэй үйлдэл бараг л гэм гэж харагдахаа байсан.

Ёс заншил, уламжлал болох хандлага одоо ч бий. Энэ мэт үйлдэлд улс үндэстнээрээ дасал болчихсон учраас гэр бүлийн хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамт “Маш нууц” гэсэн ангилалд хар аяндаа багтчихаад байдаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл “Хаалганы цаана” өрнөдөг хэрэг хэмээн үздэг нь нууц биш. солонгосын онгоцонд өрнөсөн ийм нэгэн явдлын дараа бид юунд анхаарах хэрэгтэйгээ тун гярхай ойлгох ёстой. Мэдээж цахим орчны шуугианд нам дараад өнгөрүүлэх биш манайх энэ төрлийн хуулиа хэрхэн Солонгос мэт хэрэгжүүлэх ёстойгоо санаж сэрж чадвал зохилтой болно. Гэхдээ эцэст нь, үнэхээр ҮХЦ-ийн мэдэгдэл мэт эндүүрэл болсон бол Солонгос улс манай даргын нэр хүндийг баримт гуйвуулан байж шившиг болгосныхоо хариуцлагыг хүлээнэ. Бүр нарийн тооцвол шат шатандаа буюу Д.Одбаяр даргыг Инчоны нисэх буудалд буусан даруйд нь барьж саатуулсан солонгосын цагдаа хоолгүй болох ёстой. Хуурамч дуудлага өгч өгзөгөө базуулсан гэх онгоцны үйлчлэгч бүсгүй ажилгүй болох нь наад захын шийтгэл байх ёстой. Ядаж байхад, манай дарга Д.Одбаяр нь өөрийгөө дипломат эрх ямба эдэлдэг хэмээн мэдүүлчихсэн байгаа учраас дээрх мэдээлэл гүтгэлэг юм уу, ямар нэгэн байдлаар худал мэдээлэл болох нь тогтоогдвол Солонгостой бид төрийн хэмжээнд муудалцах нь ойлгомжтой. Энэ мэт асуудал ар араасаа босно. Гэтэл өнөөдрийг хүртэл ҮХЦ-ийн үнэмшил муутайхан мэдэгдлээс өөрөөр Д.Одбаярын үйлдлийг зөвтгөх өгүүлбэр ч гарахгүй байгаа нь сонин. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Солонгос дахь манай ЭСЯ-ныхан нэр бүхий хоёр иргэн дээрээ очиж “Дараа мэдүүлэг өгүүлнэ” гэж амлаад авч явсан байна. Үнэхээр хэрхэхийг тэнгэр л мэдэх биз хэмээн солонгосын хууль, шүүхийн шийдвэрийг харж л сууя даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид