Улаанбаатар 1c

Гаалийнхан шахмал түлшинд шинжилгээ хийж байгаагүй

Сайжруулсан түлшнээс болж өдгөө есөн хүн нас барж, 800 гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр хордоод байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр боллоо.

Сонсголд Нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллагуудын төлөөлөл, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд болон нийслэлийн 100 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлэв. Хяналтын сонсголд оролцож байгаа НИТХ-ын төлөөлөгчид, иргэдийн зүгээс амиа алдсан иргэдийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний найрлагад багтсан барьцалдуулагч бодис хортой юу, хоргүй юу. Толгой өвдөөд байгаа нь ямар учиртай вэ зэрэгт албаныхнаас хариулт авахыг хүссэн юм. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж “Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19 нөөс хойш иргэд угаартаж нас бараагүй, дуудлагын тоо буурч байна.

Угаартсан иргэдийн 101 нь гэрт, 202 нь байшинд, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Хэн буруутай эсэх эцсийн шийдвэрийг прокурорын байгууллага гаргана” гэсэн бол Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд “2018 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сар хүртэл 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодис орж ирсэн. “ Таван толгой түлш”, “Эмсолер ” компаниуд уг бодисыг аюулгүй ажиллагааны зааварчилгаатай импортоор оруулж ирсэн. Гаалийн лабораторид барьцалдуулагч бодисыг шинжилж үзэхэд цавуулаг, цардуул, шаварлаг эрдсээс тогтсон байна гэдгийг тодорхойлсон. Цэвэр химийн бодис биш.

Цардуул шатахаараа аюулгүй, эрдэслэг шаварлаг нь шатахаараа өвс болоод үлдэнэ. Цардуулыг барьцалдуулагч бодисоор хэрэглэдэг олон улсын туршлага байна. Гаалийн төв лаборатори улсын хилээр импортолж байгаа бодист шинжилгээ хийдэг. Нүүрсний хувьд “Энержи ресурс” компанийн баяжуулсан кокс нүүрс хэрэглэдэг. Шинжлээд үзэхээр боловсруулаагүй нүүрс, баяжуулсан нүүрс хоёрын дунд дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага байгаа. ьБоловсруулаагүй нүүрс дээр 40-45 байхад шахмал түлш хийгээд байгаа түлшин дээр 18-23 байгаа. Шатаад гарах ёстой дэгдэмхий бодис хоёр дахин бага байна, хоёр дахин бага хордож байна гэсэн үг. Гаалийн байгууллага эцсийн бүтээгдэхүүн болох шахмал түлшинд шинжилгээ хийж байгаагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид