Улаанбаатар 1c

Ж.СҮХБААТАР: ААВ, ЭЭЖ МИНЬ ГАВЬЯАТ БОЛСНЫГ ДУУЛААД СҮЙД БОЛОХ БАЙСАН ДАА

Нийслэл хотын 380 жилийн ойгоор ард иргэдийн сэтгэл амар, таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр тууштай зүтгэж яваа таван эрхмийг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор мялаасан. Энэ явдал долоо хоногийн өмнө болсон ч тэдэнд олгосон үнэмлэхний үнэр шинэхэн хэвээр бөгөөд шагнал авах үеийнх нь сэтгэл догдлол ч хуучраагүй байгаа билээ. Ингээд ярилцлагаа хүргэе.

 

-Юун түрүүнд “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Шагнал авч байсан үеийн тань догдлол одоо ч хэвээрээ байна уу?

-“Үйлчилгээний гавьяат ажилтан” цол миний хамгийн том шагнал. Энэ том шагналыг өөрөө ч мэдээгүй байж байгаад гэнэт л авсан. 2014 онд би “Хөдөлмөрийн хүндэт” медаль авсан юм. Энэ шагналын дараа “Алтан гадас” ордог юм хойно тэрийг л авах байх гэж бодож байлаа. Түүнээс биш ийм том, хүндтэй шагнал авах юм гэж төсөөлөө ч үгүй.

-Энэ шагналыг таниас гадна дөрвөн эрхэм авсан. Тэд бүгд өмнөх орой нь мэдсэн гэх юм билээ. Танд Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдээгүй хэрэг үү?

-Мэдэгдсэн. 22.00 цагийн үед Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад “Та Үйлчилгээний гавьяат ажилтан шагналд тодорхойлогдсон байна. Баяр хүргэе” гэсэн. Би итгээгүй. “Би мөн юм уу даа” гэтэл регистрийн дугаар асууж, шалгаад “Та мөн байна. Маргааш 11.00 цагт Ёслолын ордонд бэлэн байгаарай” гэв. Балмагдаад байгууллагынхаа хүний нөөцийн ажилтан руу залгаад болсон явдлыг хэлтэл “Таны тодорхойлолтыг явуулсан. Мөн байлгүй яах вэ” гэдэг юм байна. Маргааш нь Ерөнхийлөгч зарлиг уншиж, нэр дуудахад л “Үнэн юм байна даа” гэж бодсон. Тэгээд цаашаа яасан юм бүү мэд. Сандраад, жингүйдлийн байдалтай байсан. Тухайн үед Ерөнхийлөгч гар бариад “Ажлын өндөр амжилт хүсье” гэж хэлсэн. Би ч “За баярлалаа” гэх шиг болсон. Нэг мэдэхэд л шагналаа авчихсан зогсож байсан. Хамт олон, хань ижил, хүүхдүүд маань шагналаа аваад гараад очиход цэцэг бариад, баяр дүүрэн их гоё угтсан. Бараг надаас илүү баярлаад сүйд. Хүн болгон баяр хүргээд, тэр дунд танихгүй хүн ч бас гар бариад хүндэтгэж байсан. Тухайн үеийн мэдрэмжийг үгээр хэлшгүй. Одоо хүртэл гайхаад, эргэлзээд л байна.

-Тэр хүндтэй шагналыг авах болсон баярт мэдээг сонсоод хамгийн түрүүнд хэнд хэлэв?

-Би тэр өдөр амарч байсан. Эхнэртээ хэлтэл бас л итгэж ядаад, балмагдаад сүйд болов.Бид хоёр тэвдэж гүйсээр байгаад л маргаашийг хүргэсэн. Би маргааш нь ажилтай, 24 цагийн ээлжтэй байсан юм. Гэтэл манай байгууллагаас залгаад “Ажлыг чинь зохицуулна. Та ямар ч байсан явна шүү” гэсэн. Тэгээд л шагналаа авсан даа.

-Өөрөөрөө бахархаж, цээжээ дэлдмээр үед хамгийн түрүүнд “Аав, ээж минь надаар бахархаж байгаа даа” гэж бодогддог. Хүн бүр л тэгдэг байдаг байх. Ерөнхийлөгч таныг Жамсрангийн Сүхбаатар гээд дуудах үед чухам хэн бодогдож байв?

-Баярлаж, догдолсондоо ч тэр үү надад юу ч бодогдож амжаагүй. Сүүлд бодохнээ энэ гавьяа, шагналд хүрсэн минь өдий зэрэгт хүргэж, ажил амьдралын минь гарааг эхлүүлсэн аав, ээж, ар талд бат зогсдог хань ижил, үр хүүхдүүдийн минь л ач буян. Аав, ээж хоёр минь бурхны оронд залраад арав гаруй жил болж байна. Тэд минь байсан бол баярлаад сүйд болох байсан даа.

-Аав, ээж минь ажлын гарааг эхлүүлсэн гэж та хэллээ. Ер нь мэргэжилтэйгээ хэрхэн холбогдов?

-Аав минь намайг энэ ажил, мэргэжилтэй холбож, чиглүүлж өгсөн. Би 1964 онд Налайх дүүргийн нутагт төрж, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1985 оны үед найзууд маань цэрэгт явна гээд, би дагаж хөөрөөд цуг явсан. Залуу, халуун омголон үе байжээ. Тэгээд халагдаж ирэхэд аав “Ажил төрөл хийхгүй дэмий тэнээд байх юм. Манай ажилд ор. Засварчин хий” гэдэг юм байна. Тэгж л ажлын маань суурь тавигдсан даа. Аав минь Гадаад мэргэжилтэнд үйлчлэх газар ажилладаг байсан. Ингээд анх слесариар ажиллаж, 1999 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар машинист хийдэг болсон. Ах дүү нар маань “Аав ээж минь тэнгэр дээрээс хараад баярлаж байгаа даа” гэж зөндөө л хэлж байна. Одоо бодоход ёстой л “Миний муу хүү ч болоо доо” гээд дээрээс хараад баярлаж л байгаа байх. Үе үехэн ижий, аав минь байсан бол гэж бодогддог юм. Энэ зэрэгт хүрсэн минь тэдний л ач. Тэр үед аав минь намайг ажилд оруулаагүй бол одоо хаана, юу хийгээд явж байх байсан юм бүү мэд. Аав минь “Ажлаа л сайн хий. Хүмүүстэй аятай, сайхан харьцаж бай” гэж захидаг байсан. Ер нь аав, ээжийнхээ захиасыг хагас хугас ч гэсэн биелүүлж, түүнийх нь дагуу явж байгаа гэж л боддог доо. Энэ том гавьяа шагналын нэр хүнд, хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг яаж дааж, авч явах вэ гэдэг асар их хариуцлага. Би байгууллагаасаа “Гавьяат” авсан тав дахь хүн нь юм билээ. Илүү сайн ажиллаж хүмүүсийн итгэл, найдварыг алдахгүй юмсан гэж л бодож байна. Над шиг олон жил ажиллаж, ажилдаа гаршсан мундаг хүн манай байгууллагад зөндөө л бий шүү дээ. Тэр хүмүүсийг бодохоор “Би арай ч болоогүй байж уу дээ” гээд санаа зовох юм.

-Таны мэргэжлийг өвлөх хүү бий юү?

-Би хоёр хүүтэй. Бага хүү Эрхэмбаяр маань О.Тлейханы нэрэмжит Барилгын коллежид Орон сууц, нийтийн аж ахуйн машинистаар сурч байгаа. Одоо хоёрдугаар курс. Миний мэргэжлийг өвлөж байгаа юм болохоор нь хааяа хүүдээ “Тэг, ингэ” гээд үглэдэг л юм. Энэ үеэр түүнтэй хамт ажилладаг Б.Баяржаргал бидний ярианд оролцон

-Би энэ ажилд ороод дөрвөн жил орчим л болж байна. Манай ах зан харьцаа сайтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн. Манай байгууллагын хамт олон өөрсдөө шагнал авсан юм шиг их баяртай байгаа. Сансарт хүн хөөрөхөд нэг удаа баярлаж байсан. Дараа нь олимпийн аварга төрөхөд баярлаж байлаа. Сая байгууллагаас Сүхээ ах гавьяат болоход бүгд баярласан. Эзнээ олсон шагнал болсон. Манай байгууллага өмнө нь хэд хэд хуваагдаж байсан юм билээ.

Одоо баруун, зүүн, төв гэсэн гурван түгээх төв бий. Баруун түгээх төв байгуулагдсанаас хойших анхны гавьяат мэндэлж байгаа нь энэ гэхэд хилсдэхгүй. Сүхээ ах “гавьяат” болох гэж байгаагаа мэдээгүй юм билээ. Бид нар ч бас мэдээгүй. Алтан гадас авна гэсэн бодолтой байж байтал өөр тэмдэг зүүгээд ороод ирэхээр нь “Өө энэ юу авчихаа вэ” гэж гайхсан. Алтан гадас одон чинь сүртэй шүү дээ. Гавьяат жаахан сүргүй жижиг юм билээ. Тэгэхээр нь бараг “Хулхидачихаж” гэж бодож байтал “Гавьяат” өгсөн байдаг юм даа. Бүгдээрээ шоконд орсон. Бид ширээ засаад шампанск тавьчихсан ирэхийг нь хүлээгээд байж байтал бүр гавьяат болоод ороод ирсэн."

-Нэг ажлыг ийм олон жил хийнэ гэдэг тэвчээр бас тууштай зан чанарын илрэл болов уу. Ер нь энэ их хугацаанд шантрах үе байв уу?

-Мэргэжлээ эзэмшээд удаагүй, залуу байх үед “Хэцүү юм аа. Больдог ч юм бил үү” гэж боддог байлаа. Слесарь хийдэг байхад өвөл хөлдсөн шугам, хоолойг гэсгээх гээд өөдөөс ус цацарч өмд хөлддөг байсан. Мөстсөн өмдэй ажлаа хийгээд явдаг л байлаа. Энэ мэт жижиг сажиг хүндрэл багагүй тулгардаг байв. Одоо бол өдий болтол зүтгэсний дүнд ажил маань гарт орчихсон болохоор шантрах үе бараг байхгүй болжээ.

-Өглөө босоод ажил руугаа яарч явах даа та юу боддог вэ?

-Өнөөдөр халуун, хүйтэн ус доголдолгүй өнжөөсэй. Ажил горимын дагуу хэвийн явагдаасай гэж л боддог доо. Өөрийн хариуцдаг орон сууцнуудаа хараад амар тайван байгаад нь баярладаг. Үүний төлөө л бид ажилладаг юм шүү дээ. Хүмүүсийг халуун, хүйтэн усаар тасралтгүй хангаж, өвөл дааруулахгүй, ая тухтай амьдруулахын төлөө 24 цаг нойргүй ажилладаг.

-70, 80-аад оны хүмүүсийн хөдөлмөрч, тууштай занг онцлохгүй бол болохгүй. Тухайн үеийн хүмүүс их хөдөлмөрч, тууштай байсан гэдэг.

-Тэр үеийн хүмүүс нэг ажил барьж авбал түүнийгээ ахиж хүн хийхээргүй болтол “яс” болгочихъё гэсэн бодолтой байсан. Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байлаа. Юм хийхгүй л бол бие чилээд, ядарлаа гээд тогтож суудаггүй байсан. Ер нь хүн залхуурч суулгүй хөдөлмөрж л байвал наад зах нь эрүүл мэндэд тустай шүү дээ. Хүн нэг юмаа барьж авсан л яг тэр чиглэлээрээ тууштай ажиллах хэрэгтэй. Би үүнийг баримталдаг. Мөн хүнтэй сайхан харьцаж, аливаад хүлээцтэй хандах хэрэгтэй. Одоо үеийн хүүхдүүд тууштай биш, олон ажил руу үсэрдэг болж. Гэхдээ бас мундаг залуус байлгүй яах вэ.

- Та таван жилийн дараа хайртай мэргэжлээ орхих нь. Хүмүүс тэтгэвэрт гарах үедээ их санааширч, ажилдаа хоргоддог. Энэ талаар та нууцхан боддог уу?

-Ах нарыг анзаараад байхад тэтгэвэрт гараад, гэртээ суугаад ирэхлээр санаашраад, сонин болдог юм билээ. Арга ч үгүй биз. Хамт олонтойгоо бужигналдаад, инээлдэж явсан хүн гэртээ суухаас өөр зүйлгүй байна гэдэг хэцүү байх. Би одоохондоо энэ талаар бодох зүйлгүй, тайван байна. “Яана даа” гэж бодогдоно оо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид