Улаанбаатар 1c

Хотын дарга аа, шинэ суурьшлын бүс байгуулахаа болиод мартагдсан суурин нэмэхээр болсон юм уу-V

Шинэ суурьшлын бүсүүдэд хийсэн бүтээн байгуулалт алга
сэн энэ үед орон нутгаас нийслэлийг чиглэх их нүүдлийг хязгаарлах зорилгоор шилжих хөдөлгөөнийг 2020 он гартал зогсоосон. Гэхдээ зөвхөн шинээр орон сууц худалдан авч байгаа болон эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийг л Улаанбаатар хотод шилжин ирэхийг зөвшөөрөөд байгаа юм. Мөн нийслэлийг тэлэх зорилготой хийж эхэлсэн төр, захиргааны байгууллагуудын ажлын нэг бол таван газарт шинэ суурьшлын бүс байгуулсан явдал. Тодруулбал, Био-Сонгино, Морингийн даваа, Улиастайн ам, Авто худалдааны төв, Яармаг орчмын таван газрын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, шинэ суурьшлын бүс хэмээн сүржин зарлаж байлаа. Ингэхдээ тэд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлнэ хэмээн ам гарцгааж байв. Дээрх шинэ суурьшлын бүсүүдэд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар экспертүүд томилогдож, магадлалын ерөнхий дүгнэлтийг 2013-2017 оны хооронд гаргасан байдаг. Харин 2017 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 167 дугаар тогтоолоор шинэ суурьшлын бүсийн суурь судалгаа, хэсэгчилсэн төлөвлөгөөг баталжээ. Манай сонины сурвалжлах баг шинэ суурьшлын бүсүүдэд очиж, бодит байдлыг газар дээрээс нь хүргэсэн. Харамсалтай нь эдгээр бүсэд орлогод нийцсэн орон сууц барьж иргэдийг суурьшуулах нь бүү хэл зам талбай, дэлгүүр хоршоо, автобусны буудал, сургууль, цэцэрлэг ч алга. Улсын мэдлийн тоосго тоотой хэд л харагдана. Гэвч тэдгээр нь бүгд “царцжээ”. Уг нь заасан таван бүсэд 32078 хүн шинээр суурьшиж, 8633 айлын орлогод нийцсэн, хямд өртөгтэй орон сууц барьж, 11695 хүн ажлын байртай болох байлаа. Мөн нийгмийн хангамжийн төлөвлөгөөний дагуу бол 5757 мянган сурагчийн сургууль, 3078 мянган хүүхдийн цэцэрлэг, 1378 мянган хүний ортой эмнэлгийн эхний ээлж 2020 он гэхэд ашиглалтад орох ёстой байв. Хүнсний үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, спорт цогцолбор, худалдааны төв, аялал жуулчлалын бүс байгуулах суурь судалгаа ч хэдийнэ гарсан. Гэтэл 2020 он гарахад хоёрхон сар үлдээд байгаа энэ үед шинэ суурьшлын бүсэд барьсан орон сууцгүй, суурьшсан айлгүй, сургууль, цэцэрлэггүй, нийтийн тээвэр очдоггүй, хүн амьдрахад хэцүү орчинтой цэлийсэн тал хэвээр байна. Суурьшлын бүсүүдийн нөхцөл байдлыг эргэн сануулья.

1. Хан-Уул дүүргийн XIII хороо, Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүс

Улаанбаатар хотоос 40 орчим километрийн зайтай оршино.Тус бүсэд цөөнгүй айл хашаа хатгасан ч 10 гаруй нь л эзэнтэй, суурин амьдардаг айл ховор байв. Айлуудын олонх нь үерийн аман дээр бууснаасаа болж албадан нүүж, энд суурьшсан. Сайн дураараа болон албан шаардлагаар суурьшсан 100 гаруй айлын газрын гэрчилгээг бараг тэр өдөрт нь гаргаж өгсөн байдаг. Айл суурьшсан цагаас нь тооцвол энэ газарт хэдийнэ дэд бүтэц тавигдаж, сургууль цэцэрлэг ашиглалтад орж, цахилгаантай болсон байх ёстой байв. Гэтэл бодит байдал дээр тэр хавийн айлууд дөнгөж жилийн өмнө л цахилгаан, зөөврийн худагтай болжээ. Авто зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо, эрүүл мэндийн төвийн аль, аль нь ч алга. Хүн амьдрах орчин нөхцөл бүрдээгүй ийм орчинд иргэд аргагүйн эрхэнд толгой хоргодож байна гэхэд хилсдэхгүй. Мөн айлуудын олонх нь шинэ суурьшлын бүстэй ойрхон үйл ажиллагаа явуулдаг хайрга, дайрганы үйлдвэрийн тоосжилт, дуу чимээнээс болж нүүсэн гэдгийг бид мэдээллэж байсан. Уг нь тэнд хүнсний үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, 1517 хүүхдийн сургууль, 758 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих ёстой байлаа. Гэвч 10 хүрэхтэй, үгүйтэй айл амьдардаг хашаанаас өөр бүтээн байгуулалт байгаагүй юм.

2.  Улиастайн амны 107.6 га талбай бүхий суурьшлын бүс.

Энэ шинэ суурьшлын бүсэд бага сургууль, цэцэрлэгийн суурь тавигдсан ч барилгын ажил нь зогсоод жил орчим болжээ. Айл суурьшсан хэдий ч цахилгаан, гэрэлтүүлэг байхгүй, нийтийн тээвэр очдоггүй, авто зам, дэлгүүр хоршоо, өрхийн эмнэлэг, худаггүй. Хүн амьдрахад хэцүү орчин нөхцөлтэй ийм газар иргэд хоёр жил гаруй амьдарчээ. Мөн тэнд суурьшсан 50 орчим айл тогтсон хаяггүй, хороо, дүүргийн хяналт, төрийн үйлчилгээнээс ангид өдийг хүрсэн. Цахилгаантай айлуудаа царайчилж, айлын шийтнээс тог салаалуулан авч, аалзны шүлс шиг замбараагүй цахилгааны эх үүсвэртэй аюултай газар амь насаараа дэнчин тавин амьдарсаар байна. Тэнд амьдардаг зарим айл нь улсын нийслэл Улаанбаатар хотынхоо төвөөс хэдхэн километрийн зайд цахилгаангүй, лааны гэрэлд өдөр хоногийг өнгөрөөж байх юм. Шинэ суурьшлын бүс гэж зарласан уг мартагдсан сууринд иргэд хэдий хугацаанд ийм байдалтай амьдрахыг холбогдох байгууллагууд, төслийн захиалагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэх агентлаг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас асуумаар байна.

3.  Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүс.

Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Хайрхан уулыг хэдэн хэсэг хуваагаад хятад болон арабууд эзэмшилдээ авсан байв. Харин манайхан гадаад иргэдийн бэл бэлчингээрээ худалдаж авсан газарт манаачаас хэтрэхгүй албан тушаал хашиж байлаа. Хотын төвдөө, алслагдсан дүүрэгтээ ч өөрт ногдох 0.7 га-гүй, айл айлын хашаа дамжин амьдарч байгаа иргэдийг шинэ суурьшлын бүсэд төвхнүүлэх ёстой байсан ч тэдэнд олгох газар үлдсэнгүй. Сургууль, цэцэрлэг барих газар ч байхгүй гэдгийг шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийг хариуцсан хорооны дарга нь ярьсан. Мөн шинэ суурьшлын бүсийн суурь судалгаа, хэсэгчилсэн төлөвлөгөөний талаарх албан бичгийг өнгөрсөн аравдугаар сард л дөнгөж тус хороонд хүргүүлжээ. Шинэ суурьшлын бүс байгуулагдах Авто худалдааны төв орчмын 11 га талбайн тал нь очих ёстой иргэддээ бус эрх мэдэлтнүүдийн нэр дээр шилжиж, айлуудад газар олгохгүй байгаа гэнэ. Төлөвлөгөөний дагуу энд шинээр 2420 хүн суурьшиж, 612 айлыг орон сууцжуулж, 84 хүний ортой эмнэлэг барьж, амины орон сууцыг хэд хэдээр нь босгож, дэд бүтэц байгуулах ёстой. Гэтэл уг суурьшлын бүсэд иргэд суурьших ч газар үлдээгүй, уулын мухарын жалга дагасан хэдэн чулуу л байна.

4. Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүс.

Суурьшлын бүсүүдээс ганцхан Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд бага сургууль, цэцэрлэг хоёр жилийн өмнө ашиглалтад орсон сайн мэдээтэй ч багшлах багшгүй, амьтай голтой л үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн шинээр нэмж суурьшсан айлгүй, суурьшуулах газар ч байхгүй гэдгийг тус дүүргийн газар зохион байгуулагч хэлж байсан. Шинэ суурьшлын бүсүүдээс хамгийн том буюу 129 га талбайг энэ газарт төлөвлөсөн. Тухайлбал, ажил хэргийн бүсэд тав, худалдаа үйлчилгээний холимог бүсэд 4.7, орон сууцны бүсэд 39.6, амины орон сууцад 10.8, үйлдвэр худалдааны зориулалтаар 4.9 га, үйлдвэрийн барилгад 11.7, төрийн үйлчилгээний бүсэд 9.8, олон нийтийн бүсэд 27.6 га талбайг тус тус төлөвлөжээ. Олон нийтийн бүс буюу 27.6 га газарт иргэд суурьших ёстой байв. Гэтэл ганц ч айлд газар олгоогүй, суурьшуулаагүй хэвээр л байна.

5.  Яармаг, Буянт-Ухаа спорт цогцолборын орчмын 2.23 га талбай бүхий шинэ суурьшлын бүс.

Суурь судалгаа, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энд шинээр 315 хүн суурьшиж, 198 айлын орон сууц баригдах ёстой байлаа. суурьшлын бүсүүдээс хамгийн бага талбайтай нь энэ бөгөөд цөөн хүн ам суурьших ёстой. Гэтэл энэ заасан бүсэд одоогийн байдлаар барилгын ямар ч ажил эхлээгүй байгаа юм. Спорт цогцолборын урд хэсэгхэн газар төмөр хашаа хатгаснаас өөр бүтээн байгуулалт алга.Цуврал сурвалжилгын маань гарчиг өөрчлөгдөхгүй байсаар дуусаж байгаа нь шинэ уурьшлын бүс хэмээх сүржин нэр хэрхэн замхарсаныг илтгэнэ.

Шинэ суурьшлын бүсдээ орлогод нийцэх орон сууц барьж чадаагүй юм бол ядаж иргэддээ 0.07га газрыг нь хэл ам татлахгүйгээр олго гээд газрын албаныхандаа уламжлаач

Хотын дарга аа, шинэ суурьшлын бүсийн мартагдсан суурингийн иргэддээ хэзээ анхаарах юм бэ. Тогтоол баталснаас хойш бараг гурван жил өнгөрлөө. Хувийн хэвшлийн барилгын компаниуд хоёр жилийн дотор 200 айлын орон сууцыг төвөггүй ашиглалтад оруулж байгааг та харж байна уу. Шинэ суурьшлын бүсийн иргэд хэзээ хүүхдүүдээ гэрэлтүүлэгтэй явган хүний замаар хөтлөн алхаж, гэрийнхээ гадаа сургууль, цэцэрлэгтэй болох вэ. Угаасан хувцасаа гэрийнхээ гадаа дэлгэхэд л үнсэн саарал болдог энэ орчноос хэзээ, хэрхэн салах вэ. Амьдарч байгаа газартаа сургууль,цэцэрлэгтэй болж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болохыг тэд нэн түрүүн хүсэж байна. Иргэд шинэ суурьшлын бүсэд амьдарсан цагаасаа хойш тоос пургисан саарал, харанхуй гудамжаар алхаж буй. Хөл дүүжлэх гэж авсан унаа нь энхэл донхол ихтэй шороон замаар жил яваад л салж унах нь холгүй болно. Ажлын байр байхгүй учраас залуус тэнд суурьших боломжгүй гээд буцаад хотын төв рүү нүүж, нийслэлийг тэлэх, хүн амын нягтаршлыг бууруулах бодлого тань замхарч одлоо. Хэдэн километр газарт усны тэргээ түрж, зарим нь арга буюу уух усаа бохирдсон булагнаас авч, техник технологийн эрин үе XXI зуунд цахилгаангүй, лааны гэрэлд амьдарч байна. Шинэ суурьшлын бүсдээ орлогод нийцэх орон сууц барьж чаддаггүй юм бол ядаж иргэддээ 0.7 га газрыг нь хэл ам татлахгүй, ар, өврийн хаалгагүйгээр олго гээд газрын албаныхандаа уламжлаач. Нийслэлийг тэлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах, хотжилттой холбогдон үүсэж буй хот байгуулалтын сөрөг үр дагаврыг багасгах, бага, дунд орлоготой өрхийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болгох зорилго тань хэрэгжихгүй байна, хотын дарга аа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид