Улаанбаатар 1c

Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна

Улаанбаатараас 900 гаруй километрийн цаана түймрийн утаа шиг тортог дунд түмний амьдрал буцалж байна. Элсэн дээр хар хорхой жирийлгэж явах шиг том тэрэг сүжилдэх энэ газар бол  Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад баг. Цагаан хадны аль ч хэсэгт арван минут орчим болоход л нарийн ширхэгт тоосонцороос болж хоолой аргаж, амьсгал давчдан, ханиалгана. Ийм тоос, тортог дунд  14 мянга гаруй жолооч ажиллаж, амьдарч байна. Гар, нүүр, өмссөн хувцас нь тэр чигтээ нүүрс болсон тэдний “Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж явна” гэж инээмсэглэхэд нь ярайх шүд, “Удахгүй орон гэртэй болно доо” хэмээн баяр баясал дүүрэн гялалзах нүд нь л ялгарах аж. Учир нь монгол орны эдийн засгийн гол бүс болсон тус нутаг дэвсгэр ундны ус, цахилгаангүй өдий хүрчээ. Санасан үедээ гэр бүл, үр хүүхэд, нутаг усандаа харьж чаддаггүй жолооч нарт наадам, Цагаан сар гэсэн хэвшсэн хоёр л амралт байдаг гэнэ. Тэр нь арав хоногоос хэтрэхгүй. Гэхдээ энд бүх зүйл муу, муухай биш юм. Учир нь хэдхэн сарын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байсан зуу гаруй километр урт үргэлжилсэн цуваа алга болжээ. Учир нь  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр өдөрт ачаа тээврийн 1000 автомашин Хятадын хил рүү гарч байгаа аж. Энэ нь Засгийн газар, холбогдох яам болон АТҮТ-ийн эрчимтэй үйл ажиллагааны үр дүнд бий болсон өөрчлөлт гэдгийг албаныхан болоод жолооч нар онцолж байлаа. Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөн чиглэлийн бодлого зохицуулалт зөв замаар явж, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэж, жолоочийн үнэлэмжийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагаа хэрэгжсэний үр дүнд Цагаанхад баг өмнөхөө бодвол эмх цэгцтэй болжээ. Хэдэн долоо хоног цуваан дунд нойр, хоолгүй явдаг, хоол хийх үедээ гал алдаж машинаа шатаадаг, унтахгүйн тулд нойр сэргээх өвс, ургамал хэрэглэдэг зэргээрээ цоллуулж амьдралын төлөө зүтгэсэн жолооч нар “Төр засгийнхаа бодлого, шийдвэрийн үр шимийг хүртэж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгож явна” хэмээн ярьж байлаа. 
Өмнө нь хүмүүс машиныхаа кабинд амьдардаг байсан гэнэ лээ. Ах нь өнгөрсөн жилээс эхэлж тээвэрт явж байна, өөрийн гэсэн харьяалах компанитай, унтаж амрах, хооллох, хувцсаа угаах амралтын байртай болохоор ажлын ачаалал эрс бага хэмээн учирлах Б.Цэвээндоржийн машинаар зочилж, түүнтэй хэсэг ярилцлаа. 

-Сайхан намаржиж байна уу. Та нүүрс тээвэрлээд удаж байна уу? 
-Сайхан. Намаржаа тавлаг уу. Намайг Б.Цэвээндорж гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын хүн. Ах нь өнгөрсөн жилээс эхэлж тээвэрт явж байна. “Милл Боард” компанийн жолооч. 
-Энэ их хөө тортог, тэвчишгүй нөхцөлд ажиллана гэдэг амаргүй байх?
- Аль нэг газар хамгаалагч хийж байснаас энэ нь дээр байдаг юм. Миний насны хүнд өөр ажил олдох биш. Энэ машинаар нэг явахдаа 100-115 тонн нүүрс ачиж хил рүү гаргадаг. Хятадын тал тээвэрлэсэн нүүрсний тонн тутамд 22 юань өгдөг. Нэг гарахдаа 800 мянга орчим төгрөгийн цалин авна гэсэн үг. Дараалал их, багаас хамаарч сардаа 3-5 удаа  гарчихна. Тэгэхээр сардаа гурван сая гаруй төгрөгийн орлого олно. Энэ хэмжээний цалин авдаг хүн зүтгэхгүй гээд яах вэ дээ. 
-Танай компани ажилчдын байртай болсон гэсэн үү? 
-Энэ бол том бүтээн байгуулалт. Хийх цаг нь ч болсон. Хятадын тал, Ганц мод руу ороход жолооч нарын амралтын байр, засварын газрууд нь эрийсэн, үнэхээр хөгжчихсөн. Тэд манай баялгийг авч байгаа улс. Гэтэл баялгаа өгч байгаа орон ямар байна гэдгийг бодох хэрэгтэй. Жолооч нарын нийгмийн байдлыг анхаарч, амралтын ая тухтай нөхцөл бүрдүүлж эхэлсэн нь осол аваар гарах нөхцөлийг бууруулж байна гэж ах нь бодож байгаа шүү. 
-Эх орныхоо баялгийг өдөр, өдрөөр урсан гарахыг харахад эмзэглэх үе байдаг уу? 
-Байлгүй яахав. Үр хүүхдэдээ юу үлдээнэ дээ гэж өмрөх үе ч бий. Ингээд Хятад руу урсгаад байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж боддог ч гэр бүлийнхээ төлөө аргагүйн эрхэнд  энд шороо, тоостой холилдож явна. Би зөөгөөгүй ч өөр хэн нэгэн зөөж л таарна. 
-Авто тээврийн үндэсний төв болон бусад байгууллагаас хийдэг хяналт, шалгалтын талаар санал бодлоо хэлээч? 
-Яах вэ энд олон янзын хүн бий. Эрхээ мэддэг атлаа үүргээ огт ухамсарладаггүй. Гэхдээ сүүлийн үед замбараагүй тээвэрлэлт, хулгайн тээврийн асуудлыг маш сайн цэгцэлж байна. Бид үүнд баяртай байгаа. Жолооч шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд, шалгалтаа өгөөд хууль журмын дагуу ажиллах   юм шүү дээ. 

Жолоочийн үнэлэмжийг дээшлүүлж байна
Авто тээврийн үндэсний төв Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбогдуулан хэд хэдэн тогтмол үйл ажиллагаа явуулж буй аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу байрлал илрүүлэх төхөөрөмж суулгаж улс хоорондын ачаа тээврийг (GPS)-ээр бүрэн хянах болжээ. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагчид Цагаанхад багт тогтмол хяналт, шалгалт явуулж байна.  Байцаагчид тээвэрлэлтийн үеийн жолоочийн ажил, амралтын дэглэм, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй жолооч нарт арга хэмжээ авч ажиллаж буй гэнэ. Энэ талаар  АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодруулахад “Хяналт, шалгалт байгаагүй биш байсан, харин сүүлийн гурван сард эрчимтэй ажиллуулж байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн осол 29.7, ослоос болж нас барсан тохиолдол 66.7 хувиар буурсан. Тухайн ажил үйлчилгээ, ашиг олох зорилгоор тээвэр гүйцэтгэж байгаа жолооч заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байна гэж Авто тээврийн тухай хуулийн 10.2.21-т заасан байдаг. Тэгэхээр улс хооронд тээвэр хийж байгаа жолооч заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Гэтэл энд ямар нэгэн компанид хамааралгүй, жолооны үнэмлэхгүй тээвэрлэлт гүйцэтгэж байгаа хүмүүс олон байна. Авто тээврийн үндэсний төвөөс жолоочийг аль нэг аж ахуйн нэгжид харьяалалтай болгох бодлого барьж байгаа юм. Учир нь эдгээр жолооч нийгмийн даатгал төлж осол аваар, гэмтэл бэртлийн үед эрүүл мэндийн даатгалтай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болох хэрэгтэй байна. Үүнийг эсэргүүцсэн буюу нийгмийн даатгал төлөхгүй, аль нэг компанид харьяалагдахгүй гэсэн жолооч манай байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэх болсон. Гэвч бодлого шийдвэрийн түвшинд төрийн ажил өрнөж байна. Бид торгох, хариуцлага хүлээлгэхийг урьтал болгохгүй, жолооч нарт хандсан заавар, зөвлөгөөг гол болгон ажиллаж байна” гэв. 

“Мэргэшсэн жолооч” сургалт, жолооны үнэмлэх бизнес биш
“Цагаан хаданд Авто тээвэр үндэсний төвийнхөн мөнгө угаалаа” хэмээн гомдоллох жолооч олон байдаг гэнэ. Хэд хэдэн удаа тус асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хуулиар заасны дагуу жолооч нар 300 мянган төгрөгийн үнэтэй, 21 хоногийн хугацаатай мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах шаардлагатай аж. Тус сургалтын төлбөр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас эрх авсан байгууллага, жолооны курст ордог бөгөөд АТҮТ-өөс зөвхөн мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох хүрээнд ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар АТҮТ-ийн мэргэшсэн жолоочийн тасгийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Баттулгаас тодрууллаа.
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хэзээнээс олгож эхэлсэн бэ?
-ЗТБХБ-ын сайд, БСШУ-ны сайдын 2010 оны хамтарсан тушаалаар мэргэшсэн жолоочийг бэлтгэх, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагаа эхэлсэн. 
-Өнөөдрийн байдлаар хэчнээн жолооч мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагдаж, үнэмлэх авсан бэ?
-Энэ оны байдлаар 65 мянган жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан. Үүнээс 30 гаруй мянган жолооч нь хүнд даацын СЕ, улс хооронд ачаа тээврийн шалгалтад хамрагдсан. Харин үлдсэн 35 мянга гаруй жолооч нь B, C, D, жуулчин, зорчигч тээвэр, аюултай ачаа зэрэгт хамрагдаад байна. 
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-С, Е ангиллаар мэргэшсэн жолоо­чийн үнэмлэх авахад 23 болон түүнээс дээш, D ангиллын жолооч 21 болон түүнээс дээш настай байх шаардлагатай. Мөн 2008 оны наймдугаар сараас өмнө тухайн ангиллаа авсан бол шууд шалгалтад хамрагдана. Түүнээс хойш В, D, С, Е ангилал авсан бол 21 хоногийн 68 цагийн сургалтад хамрагдана. Харин улс хоорондын ачаа тээвэр, аюултай ачаа, жуулчин, улс хоорондын зорчигч тээвэр зэрэг нь дөрөв хоногийн 32 цагийн сургалтад хамрагдаж шалгалт өгөх эрх үүсдэг. 
-2008 оны наймдугаар сараас хойших тухайн ангиллын жолоочдын сургалтууд хэчнээн төгрөгний төлбөртэй байдаг вэ?
-Тухайн сургалтын төлбөрийн асуудал нь  АТҮТ-д хамаарахгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ хийж, зөвшөөрөл авсан тухайн жолооны курсууд төлбөрийг авч, сургалтаа явуулдаг. Зөвхөн шалгалтын хураамж 9900 төгрөг, үнэмлэхний 12500 төгрөгийг АТҮТ-ийн төрийн сангийн дансанд тушааж, шалгалтад хамрагддаг.

Ачаа тээврийн компанийн тохижилт ба жолоочийн үнэлэмж
Тухайн бүс нутагт өргөн уудам газар хашаалсан, том том барилга бүхий хэд, хэдэн байгууламж байх аж. Эдгээр нь ачаа, тээврийн компанийн кэмп буюу жолооч нарын амрах байр юм. Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-өөс Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын тогтоол шийдвэрийн дагуу жолооч нарын ахуй орчныг сайжруулах үүрэг чиглэл авч ажиллаж байгаа нь энэ аж.  Хэдэн долоо хоног, зуу гаруй километр газар дугаарлаж, бүхээгтээ хоол цайгаа хийж, машиндаа амьдардаг байсан жолооч нарын нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж эхэлжээ. Тодруулбал, “Энержи ресурс”-ын тээвэрлэлтийн компани, Дорнын Өртөө ХХК, Оюутолгойн баяжмалыг тээвэрлэдэг хэд хэдэн компани өөрсдийн гэсэн амралтын байртай болж, жолооч нараа байрлуулдаг болсон байна. “Дорнын Өртөө” ХХК-ийн ажилчдын байр нь халуун, хүйтэн ус, угаалгын өрөө, ажилчдын цайны газар,  хоёр хүний ор бүхий өрөө, биллъярд, теннис зэрэг спортын танхимтай байв. Тус компанийн жолооч нар бүрэн амарч чаддаг бөгөөд одоогоор ямар нэгэн осол, аваар гаргаагүй амжилттай тээвэрлэлт явуулж байгаа гэнэ.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • baaska
    yun saijrah we ulam muudaj bn neg ires ywah gj 10honoj bn in oichir in arail dendvv hujaagn garii aysaar bn hujaa tatwal l ajil in ywan neg tiimerhvv
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • sainaa
    hudlaa bitgii yri teevriin hels ulam unaj bna buulgah oochir olon honoj bna nehtsel ulam hund bolj bna
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • ATVT arga yadsan arga hereglej bna jolooch naraas olson orlogiig hulsnii bicheechid xartsuulj bna
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Ганбаяр
    хөлсний бичээчл бна.цогтцэций сумын цагаан хад баг гэж байдаггүй юмаа.ханбогд сум хайрхан баг гэдэг юмаа.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • bi end bn golgo men hudlaa shaaha boli
    bitii shaaa l da holsnii bicheechee end yg bdag ym bgagaara l bn
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Эба
    Битгий худлаа хэл хэдэн нойл барьснаас өөр юм өөрчлөгдөөгүй хил нь сайн татаж бсан бол одоо ингээд бухимдах уу би мөрөөд нь биз худлаа
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • hudlaa hutsahaa l bolichih bodit yum bicheerei adminaa
    2019 оны 11 сарын 06 | Хариулах
Нийтлэлчид