Улаанбаатар 1c

Дархан хотоос тив, дэлхий, олимпын дараагийн аваргууд төрнө гэдэгт итгэдэг

NPost.mn
2019-11-05 17:04

“Бурхан халдун” группын ерөнхийлөгч Н.Мөнхдаштай ярилцлаа. Тэрбээр спортын олон төрлийг Монгол Улсад хөгжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Тамирчин биш тамирчин” эрхэм юм.

-Таны бага нас Шинэ Дарханы Хуучин хороололд өнгөрсөн байдаг. Таны үеийн  хүүхдүүд ямар спортын төрлийг илүү сонирхон хичээллэдэг байв?
-Манай дарханчууд их спортлог. 1961 онд Дархан Монголын хамгийн анхны орчин үеийн хот болон боссон.  Манай хотын хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч хөдөлмөр, залуу насаа зориулан амьдрах гэж Монгол орны өнцөг, булан бүрээс залуучууд ирсэн. Тэр утгаараа Дарханыг залуусын хот хэмээн тодотгодог. Дарханыг бүтээн байгуулалтад гар бие оролцохоор Орос, Герман, Болгар, Чех, Унгар, Польш зэрэг тэр үеийн Европын социалист зургаан орны мэргэжилтнүүд ирж,  үйлдвэр байгуулан ажиллаж хөдөлмөрлөж байв. Тэдний нөлөөгөөр Дарханд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн  спортын төрөл амжилттай хөгжсөн.  Дарханд  хоккей, сагсны талбайолон байдаг байлаа.  Миний бага нас Хуучин хорооллын 19 болон 22 дугаар байранд өнгөрсөн. Дарханы хүүхдүүд дулааны улиралд хөлбөмбөг, сагсны талбайд,  өвөл хоккейн талбай дээр тоглож өнждөг байлаа.  Би багадаа хөлбөмбөг, сагс, хоккей тоглож өссөн. Дарханы идэрчүүдийн хөлбөмбөгийн багт 8-10 анги хүртлээ хоёр жил тоглосон. 
-Хөлбөмбөг тоглодог байхдаа боксоор хичээллэдэг байв уу. Сүүлд бокс руу орсон юм уу?
-Хөлбөмбөгийн идэрчүүдийн багт тоглодог байх үедээ санамсаргүй байдлаар боксын хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Гудамжинд найзуудтайгаа явж байгаад боксын тэмцээнд санаандгүй бүртгүүлчихсэн. Тэр тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа.
-Таныг алт аваад “алдсан” гэдэг байх шүү. Тэр тухайгаа ярьж өгөөч?
-Алтан медалийн төлөөх тулааныг хүнд цохилтоор дуусгасан. Өрсөлдөгчөө нам цохиод унагасан. Гэтэл шүүгч  дохио сонсоогүй, стоп команд өгсөн байхад цохьсон, тэмцээний дүрэм зөрчсөн гэж торгоод нөгөө тамирчинд ялалтыг өгсөн. Тэмцээний дараа намайг Дарханы боксын идэрчүүдийн багт бүртгэж авлаа. 1987 онд, наймдугаар ангид байхдаа Дорнодод болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа орж, түүнээс хойш цөөнгүй жил энэ спортын сайхныг мэдэрсэн дээ.  Ажил, амьдрал, бизнесийн замыг сонгоод боксын спортоо орхисон.
-Та бокс, хөлбөмбөгөөр хичээллэдэг мөртлөө. Дарханд чөлөөт бөхийн спорт хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Яагаад өөрийн сонирхдог спортыг биш өөр төрлийг дэмжих болов?
-Байгаль, цаг уур, газар зүйн байдлын  өвөрмөц нөлөөгөөр Дарханд багийн спортоос гадна тэсвэрийн болон тулааны спортын тамирчид төрөн гарах суурь боломж өндөр байдаг. Манай Дарханы чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан гэж маш сайн дасгалжуулагч бий. Манай ахын найз байгаа юм. Нэг удаа ах минь “Манай найзыг дэмжээд өгөөч. Шавь нарынх нь амжилт, ур чадварыг ахиулах тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд бид ярилцаж байгаад  ээжийнхээ нэрэмжит өсвөр үеийн олон хотын тэмцээн зохион явуулах болсон. Манай ээжийг дарханчууд андахгүй. Анагаахын Долгор багш гэдгээр нь сайн мэддэг. Ээжийн нэрэмжит тэмцээнийг 10 гаруй жил тасралтгүй явуулсан.  Тус тэмцээнээс тив дэлхийн медальтан  Дарханы олон шилдэг тамирчин төрөн гарсанд бэлгэшээж, их баярлаж явдаг. Энэ дотроос онцлон дурдвал Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, П.Өнөрбат, дэлхийн залуучуудын аварга Д.Даваахуяг, ОУХМ Г.Амархүү, Ё.Батдархан гээд олон тамирчин бий. Ц.Баярсайхан багш  Дарханд чөлөөт бөхийн спорт хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг дасгалжуулагч. Тийм ч учраас төр засгаас Ц.Баярсайхан багшийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан. 
-Та “Хасу мегастарс”-ийн гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханыг Улаанбаатар хот руу шилжсэн үеэс боксын спортыг дэмжин хөгжүүлэх болсон юм уу?
-Ер нь бол тэгж ойлгож болно. Би боксын спортод дур сонирхолтой. Тэр утгаараа Дарханаас сайн тамирчдыг төрүүлье гэж бодоод “Бурхан Халдун” гэж  боксын клуб байгуулсан. Одоо ес дэх жилдээ ажиллаж байгаа. Дархан боксын багшгүй болоод энэ спорт хөгжихгүй бараг 20 гаруй жил болоод байсан. Үүнийг дахин сэргээх гэж Монголын боксын холбоонд хүсэлт гаргасан.  “Дархан руу боксын мэргэжлийн дасгалжуулагч явуулаач, бид цалин, амьдрах орон байр, бэлтгэл хийх заал, танхимыг  нь тохижуулья” гэсэн. Тэгээд боксын холбооноос Төгсбаяр багшийг Дархан руу томилон явуулсан.   Өнгөрсөн есөн жилийн хугацаанд  “Бурхан Халдун” боксын клубийн тамирчид чамлахааргүй амжилт гаргаад байгаа.  Анх 7-8 хүүхэдтэй эхэлж байсан бол одоо гурван ээлжээр 60 гаруй хүүхэд, залуус хичээллэдэг том клуб болсон.  Бидний зорилго Дарханаас Х.Цагаанбаатар, Д.Отгонцэцэг, П.Өнөрбат нар шиг тив, дэлхий, олимпын медальтан тамирчдыг төрүүлж гаргах. Дарханаас сайн тамирчид төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Заавал сайн тамирчин болохгүй ч тухайн хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, хүмүүжил, ёс суртахуунд спортын үзүүлэх, үр нөлөө, ач холбогдол их гэдгийг давхар бодолцож байгаа.
-Чөлөөт бөх, боксын спортоос гадна та  үндэсний сур, хурдан морины спортыг дэмжиж ажилладаг.   Үндэсний сурын “Бурхан Халдун” гэдэг клубтэй байхаа?
-Бид монгол үндэсний спортыг хүссэн, хүсээгүй дэмжих ёстой. Монголчууд хотол олноороо сайхан нааддаг ард түмэн шүү дээ.  Би Монголын үндэсний сурын спортын холбооны удирдах зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэдэг. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн. Манай групп  үндэсний сурын “Бурхан Халдун” гэдэг багтай. Би өөрөө Монгол Улсын Манлай уяач хүн. Тод манлай болоход хоёр айраг дутуу байгаа. Энэ бүхнийг бодолцон үндэсний спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрх гарган зүтгэж байна.
- Та Дархан-Уул аймгийн дөрвөн сумын уяачдад хурдан удмын азарган үрээ бэлэглэсэн.  Хурдан удмын нэг адуу 20-200 сая төгрөгөөр зарагддаг гэдэг. Уучлаарай, би энэ бүхнийг мөнгөөр хэмжих гэсэн юм биш шүү. Хурдан удмын хэчнээн адуу бэлэг болгон өгөөд байна вэ?
-Би ММСУХ-ны Дархан салбар “Бурхантын хурд” уяачдын холбооны тэргүүн. Дархан-Уул аймгийнхаа  Хонгор, Орхон, Дархан, Шарынгол сумын уяачдад хурдан удмын угшилтай найман азарган үрээ бэлэглэсэн. Удам угшлаа сайжруулж, улс, бүсийн наадамд Дарханаас айраг, түрүү хүртэх зорилтын хүрээнд хийсэн ажил. Дарханы малчин айлд бидний оруулсан том буян, хөрөнгө оруулалт гэж боддог. Үндэсний сурын хувьд Дархан мэргэн Ц.Хүдэрчулуунаар ахлуулсан “Бурхан Халдун” баг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Тус баг улсын аварга шалгаруулах тэмцээн, улсын баяр наадамд тогтмол эхний гурван байрт шалгардаг.
-Таны ах Монгол Улсын гавьяат тамирчин Цэвээндаш  марафон гүйлт болон уулын спортын тамирчин.  Баст Том ах Мягмардаш чинь Монголын самбо бөхийн холбооны тэргүүлэгч билүү?
-Манай ах нар спортын хүмүүс. Цэвээнээ ах “Алдар” спорт хорооны боксын тамирчин.  Пүрэвдаш ах хөлбөмбөгийн тамирчин, “Дархан” шигшээгийн хаалгач. Харин Мийгаа ах спортын төрлүүдийг нэг их сонирхдоггүй байсан. Цэвээнээ ах Эверестийн 8848 метрийн оргил руу гурван удаа дайралт хийж, хоёр удаа оргилд нь гарахдаа хоёр өөр талаас нь авирч гарсан ховор амжилтын эзэн. Тус ууланд нуралт үүсэн осол гарснаас болж гурав дахь авиралтыг  нь зогсоож байсан. Том ах Мягмардаш маань МСБХ-ны тэргүүлэгч. Биднийг спортоор хичээллэж байсан, спортод элэгтэй болохоор спорт холбоод их ханддаг. Олон газраас санал ирдэг. Тэр болгоныг нь хүлээн авч чаддаггүй. Мийгаа ах саяхан самбо бөхийн “Алунгоо эх” тэмцээнийг гурав дахь жилдээ зохион явуулсан. 
-Спортоос гадна та аж ахуйн ажил их хийдэг. Дарханы Хуримын ордны барилгыг худалдаж аваад сэргээх гэж дөрвөн жилийн нүүр үзлээ. 2016 онд засварын ажил эхлээд зогссон. Ямар учир шалтгааны улмаас засвар зогссон байдалд орсон юм бэ?
-Христийн сүмээс хуримын ордны балгас болсон барилгыг худалдан авсан. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-т хүсэлт гаргаж, хоёр талаасаа хөрөнгө гаргаж сэргээн босгоё, орон нутагт эзэмших эрхийг нь олгох тохиролцоонд хүрээд засварын ажлыг эхлүүлсэн юм. Гэтэл 2016 оны сонгуулиар  шинэ Засаг дарга С.Насанбат гарч ирээд улс төрийн өнцгөөс харж, өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон.  Бид засварын ажлын хөрөнгө оруулалтыг энэ жилээс шийдэж, дарханчууддаа амласан амлалтадаа хүрнэ. Шинэ оноос өмнө хуримын ордны засварыг дуусгаж ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа.
-“Дархан нутаг” ТББ олон зүйлийг санаачлан, хийж бүтээсэн. “Алунгоо эх”, “Эрх чөлөө” гэсэн хоёр хөшөө босгоод байна.  Ямар утга агуулга, бэлгэдлийг бодож энэ хоёр хөшөөг босгов?
-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан ардчиллын хонх гартаа барьсан Чингис хааны морьт хөшөөг сүндэрлүүлсэн.  Энэ хөшөөг  “Эрх чөлөөний хөшөө” гэдэг. Дархан хотыг ах дүү социалист зургаан орны залуус барьж байгуулсан. Тэр утгаар нь “Найрамдлын Дархан” гэдэг. Найрамдлын  хотын бэлгэдэл болгон “Алунгоо эх”-ийн хөшөөг босгосон юм. “Дарханчууд эрх чөлөөтэй, эв найртай байж  энэ хотоо хөгжүүлнэ шүү” гэсэн утга санааг энэ хоёр хөшөө бэлгэдэж байгаа.
-Сагсан бөмбөгийн спортыг дэмжин ажиллах гэж байна уу. Саяхан 3х3 тэмцээнийг зохион явуулсан байсан?
-“Архигүй Дархан”  хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд зориулан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулсан. “Спиртлэг биш, спортлог Дархан больё” гэсэн уриан дор энэ тэмцээн болсон. Дарханд сагсан бөмбөг сайн хөгжсөн. Дарханы сагсан бөмбөгчид Монгол Улсын нүүр царай, өнгө төрх болж тив, дэлхийн тэмцээнд оролцдог. Тийм болохоор 3х3 төрлөөр Дархан хот өөрийн гэсэн багтай болох юмсан гэсэн бодол бий.
-“Бурхант” 1000 айлын орон сууцны хорооллыг барих ажил юунаас болоод зогссон бэ. Олон өрх орон сууцтай болох нь гэж хүлээж байгаа юм билээ.
-Олон учир шалтгаан байгаа.  Газрын алба, Засаг дарга хороолол босгох газрыг хурааж аваад, буцааж сэргээгээд, дахин түдгэлзүүлэх жишээтэйгээр сунжруулаад байдаг юм.  Өмнөх Засаг дарга, аймгийн ИТХ-ынхантай ярилцаж Улаанбаатар хотын ТОСК-той адил “Дархан ТОСК”-ийг байгуулсан. Бид орон нутагтайгаа хамтарч гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж,  орон сууц бариад иргэдийг  урт хугацаанд түрээслэн сууж байгаад хувьчилан авах боломжтой болгохыг зорьсон юм.  Гэтэл харамсалтай нь шинэ Засаг дарга С.Насанбат энэ төслийг  гацаанд оруулчихсан. Ер нь дарханчуудын худалдан авах чадвар тааруу, өрхийн орлого бага. Дарханд Төмөрлөг, ДЦС, Нэхийгээс өөр ажиллаж байгаа үйлдвэр гэж алга. Орлоготой хүмүүс гэвэл төрийн болон төсвийн байгууллагын албан хаагчид, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр “Бурхант” хорооллын 1000 айлын орон сууцыг бэлэн мөнгөөр худалдан авах чадвартай хүн Дарханд цөөн. Тийм учраас “Дархан ТОСК”-ийг байгуулан иргэдийг  удаан хугацаанд түрээслүүлэн суулгаж байгаад хувьчлах шийдэл зөв гэж боддог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид