Улаанбаатар 1c

З.Уянга: Аав минь кино урлагт сэтгэл зүрхээ зориулсан хүн

Монголын кино урлаг, баримтат киноны “Ноён оргил” эрхэм хүмүүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ц.Зандраа юм. Түүнийг Монголын баримтат киног үндэслэгчдийн нэг төдийгүй, XX зууны соён гэгээрүүлэгч хэмээн тодорхойлох нь бий. Тэрбээр  “Шинэ жил” (1954) “Гэм нь урдаа” уран сайхны кино (1955),  Монголын анхны “Хоёр найз”  хүүхэлдэйн кино (1962), “Румины жүжигчдийн концерт” (1953), “МАХН-н XIII их хурал” (1958), “Улаанбаатар” (1960), “Эртний нутгийн солонго” (1966) зэрэг Монголын түүх, бүтээн байгуулалтыг харуулсан олон баримтаm киног бүтээн mуурвижээ. Түүний амьдрал уран бүтэээлийн талаар охин З.Уянгатай ярилцлаа. 

-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн таны аав хүүхэд насаа хэрхэн өнгөрүүлсэн юм бол?
-Би айлын бага учраас нарийн зүйлийг нь сайн мэддэггүй юм. Аав минь айлын отгон хүүхэд. Есөн настайдаа туранхай өндөр хүү анх сургуульд орж байсан гэдэг. Тухайн үедээ үеийнхээ хүүхдүүдээс их өндөр байж л дээ. Ингээд л хүүхдүүд аавыг минь том биетэй болохоор нь их шоолдог байсан гэж дурсан ярьдаг байж билээ. Аав багаасаа хичээл номдоо сайн хүүхэд байсан тул хүүхдүүдээс түрүүлж сургуулиа төгссөн гэсэн. Нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж, санаа нь амардаг, шаргуу зантай хүн байлаа миний аав. Зөвхөн уран бүтээлдээ төдийгүй, амьдрал, ахуйдаа ч зарчимч хандàна.  Биднийг “Эхлүүлсэн даалгавраа заавал дуусга. Дуусгаагүй бол нойр хоолоо хасаад ч хамаагүй хий” гэдэгсэн. Гэхдээ бидний хичээл номыг өдөр бүр шалгаад байдаггүй. Харин бидний хичээлийг ээж шалгаад, тайланг нь аавд тавьдаг байсан гэж болно. Би ч хүүхэд байхдаа хичээлээ дуусгаж байгаа нэрээр шөнө сууж ном уншдаг хүүхэд байлаа. Аавд уншсан номоо ярьж өгнө. Тэр болгонд аав минь “Сонгодог уран зохиолын номыг чи дахин дахин уншиж бай. Унших бүртээ чи шинэ зүйлс олж харах болно” гэдñýí. 
- Багшаас кино найруулагч болсон. Яагаад кино урлагийн замыг  сонгох болсон тухайгаа таньд ярьж байв уу?
- Аав 1936 онд Багшийн сургуулийг төгсөөд хөдөө орон нутгийн хүүхэд, залууст эрдэм ном заах үүрэг даалгавар авч, Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургуульд багшилж эхэлсэн байдаг. Үүний дараа тухайн үеийн нэр хүндтэй сургуулийн нэг Санхүү, эдийн засгийн техникумд багшаар ажилласанюм билээ. Аав минь 1930-аад оны үед багш нарыг бэлтгэх сургуульд сурч байхдаа уран зохиол сонирхож, ангийн найз С.Буяннэмэх, М.Чимид нарын хамт их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийн яриа, уулзалтад оролцож, шүлэг, өгүүллэг бичиж, ”Шинэ толь” сэтгүүл, “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд уран бүтээлээ нийтлүүлж байжээ. Жишээ дурдахад, Монгол орны тухай бичсэн шүлгээ дугуйлан дээрээ уншихад нөхөд нь сайшаан магтаж утга, уран зохиолд  улам дурлах болсон гэдэг. Харин чухам яагаад уран зохиолоо орхиж, кино урлагийн замыг сонгох болсныг нь би сайн мэдэхгүй юм. Ямартай ч тухайн үеийн Соёлын яамнаас аавыг киноны чиглэлээр сургах талаар  асуудал ярьж, 40-өөд оны үед Эрхүү хотîд хэлний бэлтгэлийн курст суралцсан гэдэг. 
- Бүх Холбоотын киноны дээд сургуулийг төгссөн Монголын анхны хоёр оюутны нэг байсан гэсэн үү. Энэ тухай нь та ярьвал?
- Тийм. 1943 онд ВГИК (ЗХУ-ын Бүх Холбоотын киноны дээд сургууль)-д суралцуулах Соёлын яамны шийдвэр гарсан юм билээ. Энэ талаар аав 1943 оны долоодугаар сард Москва хот руу хөдөлсөн тухай тэмдэглэлдээ бичиж үлдээсэн юм.   Тухайн үед Орос орон дайн дажин ихтэй хүндхэн цаг үе байсан. Энэ үед аав минь Москва хүрэх гэж их л адармаатай замыг туулсан байдаг. Нутгаасаа гараад машин автобус дамжин явсаар, Улан-¯дэ хотоос “Ученик” гэсэн галт тэргэнд суун Москва хот руу хөдөлжээ. Гэтэл суусан галт тэрэг нь Челябинск хотод хүрээд цааш явах боломжгүй болжээ. Тухайн үед одоогийнх шиг дулаахан, тав тухтай вагон ховор байсан бололтой, даарч хөрснөөсөө болж аавын бие нь өвдөж, өндөр халуурч байсан гэдэг. Челябинск хотын буудал дээр хаачихаа мэдэхгүй зогсож байхад нь гэнэт цэрэг цагдаагийнхан хүрч ирээд, бичиг баримтыг  нь  аваад явчихсан гэсэн. Хаана ч очсоноо мэдэхгүй байсан аавд цэрэг хувцастай эмч ирж, халуун бууруулах эм өгчээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа халуун нь буурч, бие нь дээрдэж, цэрэг хувцастай мөнөөх хүмүүс аавыг галт тэргэнд суулгаад аваад явсан гэсэн. Тухайн үедээ “Намайг буудах нь гэж бодож, маш их айсан” гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг юм. Галт тэргэнд суулгасан хүмүүс галт тэргэнд “Наадах чинь юун хүн бэ” гэж асуухад нь “Мэдэхгүй аваад яваарай л гэсэн” гэж хоорондоо ярилцаж байж л дээ. Энэ байдал нэлээд хэд хоног үргэлжлэн, Москва хотод хүрэхэд Элчин сайдын яамнаас угтаж авч “Энэ чинь манай хүн шүү дээ” гэхэд сэтгэл нь амарсан гэдэг. Ингэж, адал явдалтай ВГИК-тэй золгож, 1948 онд “Кино зохиолч” гэсэн мэргэжил эзэмшсэн. 

- Дайны үед оюутан байна гэдэг амаргүй байсан байх. Тэр үеэ хүүхдүүддээ хэр ярьдаг байсан бэ?
- Тухайн үед хүн бүр “субботник” гэдэг юманд заавал оролцдог байсан. Тиймээс оюутнууд ч мөн адил субботникд бямба гарагийн амралтаараа заавал оролцож байсан тухай ч тэмдэглэл бичсэн байдаг юм. Дайны хүнд хэцүү цаг үед аав минь нойр хоолгүй зүтгэж, асар их тэвчээр гарган, хичээл номоо шамдан хийж байсан нотолгоог  би олон тэмдэглэлээс нь уншсан. Тэр бүү хэл нормын 400 грамм талхаар өдрийн хоолоо авдаг байж. Оюутан байх үед нь (ЗХУ) ОХУ дайнд ялж, түүхэн үйл явдлыг нүдээр үзсэн тухай маш сайхан тэмдэглэл байдаг юм. Уг тэмдэглэлд “1944 оны долоодугаар  сарын 17-ны өдөр, ЗХУ-д олзлогдсон 57 мянга гаруй Герман цэрэг, офицеруудыг марш болгон Маяковская талбай (одоогоор Триумфальная талбай)-гаар алхуулав. Ингэхдээ урд эгнээнд 10 гаруй генерал, удирдагчдыг дүрэмт хувцсыг нь өмсүүлэн, цол тэмдгийг нь зүүлгэж, цэрэг дайчдын хамт бууж өгсөнийг зарлан тунхаглав.  Марш дууссаны дараа гудамж угаадаг машиныг эгнээ эгнээгээр нь зэрэгцүүлэн Маяковская талбайг угаах ажиллагааг зохион байгууллаа” гэсэн байдаг. Энэ үед аав сэтгэл их хөдөлсөн хэмээн дурсан ярьдаг байсан юм. 
- Аав тань шүлэг яруу найраг бичихээс эхлээд урлагийн зам хөөх болсон. Кино урлагийн бүх төрөл жанрт өөрийн бүтээлээ мөнхөлсөн байдаг. Үүн дотроосоо яагаад баримтат киноны чиглэлийг сонирхох болсон юм бол? 
- Баримтат кино гэдэг “Нэгдүгээрт, баталгаатай баримтад үндэслэсэн түүхийн он дараалсан бичиг. Хоёрдугаарт, шинжлэх ухаан. Гуравдугаарт, урлаг гэдэг. Энэ гурван салбарыг нэгтгэж чадсан нь баримтат кино” хэмээн тодорхойлоод баримтат киног сонирхон хийх болсон гэдэг. “Бодит байдал өөрөө өөртөө хамгийн уран сайхан баримтат дүрийг агуулдаг” гэж тэмдэглэлд нь орсон байсан. “Гэхдээ тухайн дүр нь хувирч өөрчлөгддөг, төгсгөл нь тодорхойгүй, үнэн байдлыг харуулж чаддагаараа онцлогтой хэмээн аав тэмдэглэсэн байдаг. 
- Аавынхаа тухай олон сайхан дурсамжийг хуваалцах байх. Санаанаас тань гардаггүй сайхан нь юу вэ?
- Би Орос нэгдүгээр сургуульд сурдаг байсан. Гуравдугаар ангид байх жил нэг өдөр миний бие өвдөж, сургуулийн эмч “Хүүхдийн чинь бие муу байна. Ирж ав” гээд утсаар аав руу ярьсан юм. Кино үйлдвэр манай сургуультай ойрхон болохоор аав ч удалгүй ороод ирлээ. Сандарсан янзтай “Миний охин зүгээр үү” гэхэд нь “Толгой өвдөөд эмчид үзүүлсэн. Эмч гэртээ харьж болно гэсэн. Сандрах хэрэггүй. Одоо гайгүй болчихсон” гэлээ.  Тэгсэн аав “За бие нь гайгүй бол ажил дээр хамт очьё” гээд дагуулаад явсан юм. Ингээд кино үйлдвэр дээр очиход “Хоёр найз” анхны хүүхэлдэйн киноны зургийг авч байсан. Хүүхэлдэйн кино хийх тэр үйл явц надад маш сонин харагдаж байж билээ. Бага багаар хөдөлгөөд зургийг нь авч, алхаж байгаа хөдөлгөөн бүтээнэ. Хөдөлгөөн болгоныг нь гаргах гэж ингэж их ажилладгийг нь хараад би маш их гайхаж билээ. Бас аав 50 насныхаа ойн баярыг тэмдэглэж байх үеэрээ зохиолч С.Удвал гуайтай хамтарч уртын дуу дуулж байсан юм. Тэр бүр дуулаад байдаггүй аав минь тухайн үед хачин сайхан дуулж билээ. Ер нь аав ажил мэргэжилдээ их дуртай, анхаарлаа төвлөрүүлж ажилладаг хүн байсан. Аав ирээд ажлынхаа өрөөнд орсон бол хэн ч өрөөнд нь орж, чимээ шуугиан гаргах ёсгүй. Дор бүрнээ хичээлээ давтаад сууцгаана. Энэ бол ээжийн минь гавьяа. Аавын ажлын ширээнд нэг нь ч ойртдоггүй байв. Аавын, тавьсан зүйлс нь байрандаа байж байдаг их зохион байгуулалттай байж билээ. Өглөө эрт гараад ажилдаа яваад, шөнө ирэхэд нь ширээн дээр дэлгээд үлдээсэн бүх бичиг, хэрэгсэл нь байрандаа байж л байна. Тухайн үед одоогийнх шиг элбэг дэлбэг юм байсан биш. Аав бичгийн хүн учраас төрөл бүрийн бичгийн хэрэгсэлтэй. Гэхдээ л бид аавын эд зүйлст зөвшөөрөлгүй хүрдэггүй. Мөн гэрийн хаа нэгтэй аавын бичиж тэмдэглэсэн цаас байх юм бол шууд ээжид өгдөг. Өөдөс ч байсан хог байна гэж хаяхгүй шүү дээ. 
- Ээж тань Орос хүн. Та бүхнийг Монгол хэлээрээ яриулахыг зорьдог байв уу?
- Бид анхнаасаа Орос сургуульд сурсан учраас ихэвчлэн оросоор ярьдаг байв. Сургуульд маань олон Монгол хүүхэд байдаг байсан. Тэгээд Орос, Монгол хэлээр хольж ярьдаг. Ингэж хольж ярихад аав минь их эмзэглэдэг “Орос хэлээр  ярих гэж байгаа бол түүгээр ярь. Битгий хоёр хэл холь” гэдэг байсан. Өөрөө бидэнтэй Монгол хэлээрээ ярихыг хичээдэг. Ялангуяа гадны хүн байгаа үед бидэнтэй байнга л Монголоор ярина. 
- Баримтат киноны найруулагчаар дагнасан учраас аав тань түүхийн сурвалжийн уурхай болж байсан болов уу?
- Түүхэн хувьсгалын талаар хийсэн нэлээд олон кино бий. Мөн тухайн үеийн бүтээн байгуулалтыг баримт болгон мөнхөлсөн учраас аав минь Монгол Улсын түүхийг бичиж, тэмдэглэсэн түүхэн хүн гэж бахархах үе ч бий. Аавыг кино найруулагч хийж байх үед үзэл суртлын өндөр шаардлага тавьдаг байсан. Төв хорооны шийдвэрээр хийх сэдвийг нь зааж,  ажлыг нь цохоод өгчихдөг байсан үе л дээ. Энэ үед аавын боловсрол, нягт нямбай, үнэнч шударга байдлыг нь төр засаг үнэлж=, олон түүхэн кино хийлгэсэн болов уу гэж боддог. Төр, нийгмийн бүтээн байгуулалтыг харуулсан олон уран бүтээл дунд  их зохиолч, Д.Нацагдорж гуайн тухай нэг баримтат кино бий. Аав минь хүндэлж хайрлаж байсан зохиолчоо өөрийн уран бүтээлдээ мөнхөлсөн байдаг.
- Монголын соёл гүнзгий хямралд орсон хэцүү цагт шинэ үеийн утга зохиол, урлагийн гал голомтын дөлийг бөхөөлгүй цаашид улам бадраасан сэхээтнүүдийн нэг хэмээн таны аавыг тодорхойлдог. Үүнийгээ хүүхдүүддээ хэрхэн үлгэрлэдэг байв?
- Манай аав их соёлтой, жинхэнэ сэхээтэн хүн байсан. Зарчимч, шударга хүн. Хүүхдүүдтэйгээ, дарга цэрэгтэй, бусад хүнтэй яг л нэг зангаараа харьцдаг, аядуу зөөлөн хүн байсан даа. Бидэнтэй нэг ч удаа өндөр дуугаар ярьж байсангүй. Аав надад “Зорьсон газартаа хурдан хүрье гэвэл ганцаараа яв. Их зүйлд хүрнэ гэвэл хүмүүстэй хамт яв” гэж захидаг байв. Энэ маш том философи шүү. Өөрөө ч их нийтэч хүн байсан. Кино багийн бүх л ажилтнууд нь манайхаар ирнэ. Одоогийн төр нийгэм, урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан олон хүмүүс манайхтай их ойрхон байж билээ. Тухайлбал, найруулагч Ж.Бунтар гуайнх манай байранд, баруун талын байранд оперотор Цэрэн гуай, зүүн талын байранд Археологч доктор Н.Сэр-Оджав гуайнх, өөдөөс харсан байранд  хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайнх гээд маш олуулаа нэг нэгнийхээрээ орж гарна. Ээж маань ч их зочломтгой хүн байсан. Маш сайхан ширээ засаад зочдоо угтаж авдаг байв. Миний ажигласнаар аав хүмүүсийг яриулах дуртай, яриулж чаддаг хүн байсан. Хүмүүс хууч хөөрч байхад өөрөө нэг их яриад байдаггүй. Ярьсан зүйлсийг нь лавлаж асуугаад эсвэл жижигхэн яриаг нь өдөөх үг хэлчихдэг, ингээд ярьсан сэдэв нь ундраад улам амттай яриа өрнөнө. 
- Ажил мэргэжилдээ хэрхэн төвлөрч ажилладаг байв? 
- Аав минь кино урлагт сэтгэл зүрхээ зориулсан хүн. Хийж байгаа ажлаасаа аз жаргал авч чадддаг хүн байсан. Өөрөө ч энэ талаараа “Амьдралдаа хүнд ажил хийхгүй, сайхан амьдарна гэж бодож байвал, дуртай мэргэжлээ сонго. Дуртай зүйлээ хийж байгаа хүнд ямар ч хүнд ажил, хэцүү санагддаггүй юм” гэдэг байв. Харин аавыг ажлаа санаа амар хийх боломжийг нь ээж минь бүрдүүлж өгдөг байсан. Ар гэрийнхээ бүх амьдралыг ээж зохицуулдаг байлаа. Тэр бүр хүн магтаж сайшаагаад байдаггүй аав минь 50 насныхаа ойн баяр дээрээ ээжид хандан “Миний хийж бүтээсэн бүх уран бүтээл, ажил хөдөлмөрийн үндэс нь эхнэр минь байгаа юм. Хэрвээ тэр байгаагүй бол би энэ бүхнийг хийж чадахгүй байсан. Миний гавьяа шагналаас илүү эхнэрийн минь хийсэн бүтээсэн том гавьяа юм шүү” гэж билээ. Энэ үед нь ээжийн минь сэтгэл их хөдөлж, нулимс унагаж харагдсан даа. Сүүлд ээж минь “Тухайн үед хань минь намайг олон хүний өмнө зүгээр нэг дурдаж биш, бүүр тунхаглаж байсан” юм хэмээн бахархан ярьдаг байж билээ. 
- Та өөрөө аавынхаа мэргэжлээр бахархаж, кино уран бүтээлч болно гэж бодож байсан үе бий юү?
- Би багадаа хөгжмийн дугуйланд суралцдаг, хувийн багшаар төгөлдөр хуур заалгадаг  урлагт дуртай байсан. Аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлнэ гэж боддог үе ч байв. Тэр байтугай кино найруулагч болно гээд аавынхаа уншдаг кино зохиол, сонин сэтгүүлийг уншдаг байж. Ингээд аавдаа кино уран бүтээлч болох талаар хэлэхэд дэмжээгүй. Кино урлаг өөрөө хүнд хэцүү, эмэгтэй хүн кино найруулагч хийнэ гэдэг амаргүй. Эмэгтэй хүнд сэтгэлд зовиур багатай мэргэжил сонгох хэрэгтэй гэж зөвлөж байсан. Нэг өдөр аав ахад тоонынх нь хичээлийг зааж өгч байсан юм. Би хажууд нь ном үзээд сууж байлаа. Ах тэр үед өгүүлбэртэй бодлого бодож байгаад буруу бодчихсон байсан. Би хажуунаас нь наадах чинь буруу гээд бодох аргыг хэлж өгч байлаа. Тэгсэн аав намайг хажуудаа суугаад тоо бодуулав. Ингээд л ах, эгч нартайгаа уралдаж өгүүлбэртэй бодлого бодож, тоонд дуртай болсон доо. Аав минь аливаа зүйлийг шахаж шаардахгүй алсаас чиглүүлдэг, холын хараатай байсан нь эндээс харагдаж байгаа байхаа. 
- Та аавынхаа талаар баримт цуглуулж, судалгаа хийж байгаа бололтой?
- Миний цуглуулж, бичсэн зүйлс гэж байхгүй. Аавын өөрийнх нь архив. Аавынхаа уран бүтээл, бичиж тэмдэглэсэн зүйлсийг нь нэгтгэн харж байна. Энэ дотор зохиосон зохиол, зохиох гэж байсан зохиолын төлөвлөгөө, тэмдэглэл зэрэг олон бичиг баримт бий. Аав минь өөрөө магтаалд дургүй хүн байсан. Өөрөө өөртөө хийсэн зүйлээсээ урам авч ажилладаг хүн байсан. Одоогийн бидний сайхан амьдарч байгаа нь өвөг дээдсийн минь гавьяа. Аав минь ч гэсэн Монгол улсдаа өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, Монголын кино урлагийн суурийг тавьсан уран бүтээлчдийн нэг гэж бахархалтайгаар боддог. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид