Улаанбаатар 1c

Малын хулгайгүй аймаг болох том амбицтай Дорнод

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийг байгууллаа

“Угтаа бол наран ургах нутаг гэдэг чинь манай Дорнод юм шүү дээ. Буйр нуурын хөвөөнөөс мандах наран зүг рүү харах ямар гээч. Бүстэй хүн юмсан бол хийморь сэргэж эрдэж бярдахдаа Эр бор харцага, Эрдэнэ засгийн унагыг дуулмаар бүсгүй юмсан бол гэзэг, бүсээ задгайлаад Буйр нуурын торгон цагаан элсэн дээр хөл нүцгэн гүймээр тийм л агшин байдаг юм шүү дээ. Ер нь тэгээд нар яаж ургадгийг, тэртээ ертөнцийн аглагт хэрхэн шингэхийг Буйрын хөвөөнөөс үзээгүй хүнд бол Дорнодын гоо үзэсгэлэн ер харагдахгүй дээ. Нүдэнд торох бараагүй нүцгэн талд зэрэглээ юү дээ гэж андууран хараа бэлчээж зогстол мэлтэсхийгээд газар бөмбөрдөх цагаан зээрийн сүрэг өнөөх талыг дүүргэх ч бас гоёхон. Монголын хамгийн уудам хялганат талд малчид жилийн аль ч улиралд жаргаж байснаас зуд турханд зутарч байсангүй гэчихвэл үнэнээс холдохгүй болов уу. Таван хошуу мал, талын цагаан зээр хоёрт манай нутаг шиг зохимжтой уудам тал, шимт бэлчээр үгүй. Тиймээс л Дорнод зүгийн малын мах хот хүрээнд очоод гарт багтахгүй зарагддаг юм шүү дээ” хэмээн Халх голын 80 жилийн тэгш ойгоор Халх гол суманд очиход минь нутгийнхаа тухай ам хуурайгүй ярьсан малч залуугийн яриа сэтгэлд тод үлджээ. Том хээтэй цэнхэр өнгийн хэлхгэр дээлийг шар дурдан бүсээр тун ч донжтой ороосон өнөөх малчин залуугийн яриа өөрийн эрхгүй Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т цэлэлзэх Буйр нуур рүү очих хүслийг бадрааж билээ. Хүлгийн зоон дээрээс ер бууж саатаагүй түүний давлиун яриа Буйр нуурыг өрцөндөө багтааж цалгиасан Дорнодыг яагаад ч юм надад гайхамшигтай шинээр нээжээ. Үнэхээр Буйрын элст сайран дундаас гээчихсэн сувд эрэх шиг хясаа цуглуулж эрчит давалгааг нь хөл нүцгэн туучихдаа нар хэрхэн шингэдгийг анх удаа харах шиг санагдсан билээ. Үнэхээр л үелзэн давалгаалах Буйрын хөвөөнд цахлайд цир цир нисэлдэн тээр дээр мандчихаад буухгүй юм шиг шарж байсан зуны адаг сарын нар буйрын мандалд давалгаа мэт өндийсөөр тэг дундаа уласхийгээд л шингэх нь ай юутай үзэсгэлэн гэж санана вэ. Дорнодын талаарх миний сэтгэлийн зураглал яг л ийм судалбар, таталбар шиг билээ. 
Зуны адаг, намрын эхэн сараас хойших ийм нэг бодол арилж амжаагүй байтал Дорнодыг зорих шалтгаан, нөхцөл дахин үүссэн нь өнгөрөгч амралтын өдрөөр байлаа. Учир явдлыг сийрүүлсэн ч үгүй Дорнод явах уу гэх санал хүлээж авсан даруйдаа уухайн тас “Тэгье” гэчихэв. Энэ удаад телевиз, сонин, сайтын 20-иод сэтгүүлч “Сод Монгол” группээс малчдын хотыг зорьсон өгөөж нь алс хэттдээ ч ашиг буяныг нь мал, малчин хүртэх зорилго нь өндөр сэдэв нь ач холбогдолтой нэгэн онцгой аян, уулзалт дээр очоод ирэв. Мэдээж сэтгүүлчид л болсон хойно албаны уулзалт, хэлэлцүүлэгт хэн, юу ярьж байгааг сонсохоос гадна Дорнод аймгийн малчдын ахуй амьдрал, өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн хөгжил дэвшил, хүн зоных нь ахуй амьдрал, ажилгүйдэл, ажлын байр зэргийг нутгийн малчдын ярианаас давхар сонсож дуулахаар зорьсон нь энэ. 
Аймгийн төвийн “Хан-Уул” цогцолбор сургуулийн урлагийн танхимын хойморт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх “ХЭЛ, ХИЛ,” МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН” малчдын чуулга уулзалт гэх том самбар байршуулжээ. Уулзалтад аймгийн Цагдаагийн газрынхан, эмч, эмнэлгийн ажилтнуудаас эхлээд сургуулийн багш, удирдлагууд, орон нутгийн Засаг захиргааны байгууллагын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь энэхүү чуулга уулзалт ямархан ач холбогдолтойг, малчдад төрийн бодлого, шийдвэрийн талаарх мэдээ мэдээлэл ямар хэрэгтэйг илтгэх шиг. Мөн малчдын үгийг нь сонсох гэж яарч ирсэн нэг шалтгаан нь чуулганы зочид байсан болов уу. Тэр дундаа “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазар, Монгол улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Зундуйн Дорж агсны охин Д.Батханд нарын юу ярих, ямар ажил санаачилсныг сонсох байсан биз ээ. 
Энгэртээ “Монгол Улсын гавьяат малчин”, “Сайн малчин”, “Аймгийн аварга малчин” гэх мэт одон, тэмдгээ гялалзуулсан малчид баяр ёслолын байдалтай төвөөс ирсэн зочдыг угтаж авав. Уг чуулга уулзалтыг Дорнод аймгийн ЗДТГ, “Зундуйн Дорж сан”, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ хамтран зохион байгуулж байна гэдгийг чуулганы эхэнд танилцууллаа. Танхимд хүн багтах сандалгүй, хөл багтах зайгүй байгаагаас харахад сум бүрээс малчид цуглаж. Албан ёсны тоон мэдээллээр 14 сумын 160 гаруй малчин оролцлоо гэсэн. Наран ургах нутгаас эхлүүлж байгаа энэхүү чуулга уулзалтын зорилго нь “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх байв. Мөн “Зундуйн Дорж сан”-гаас малчдаа нэгтгэх том зорилго дор нээж байгаа “Таван-Эрдэнэ” цахим хуудасны талаарх мэдээллийг өгсөн юм. Зочид малын хулгайтай яаж хуулийн хүрээнд тэмцэж болох мэдээллийг өгөхөөс гадна сум, орон нутгийн цагдаатайгаа хэрхэн хамтарч ажиллах боломжтойг ярилцлаа. Энэ үеэр Баяндун сумын Яргай багийн харьяат, Монгол Улсын гавьяат малчин Ц.Батболд “ОХУ-тай хил залгаа шахуу нутгаас уулзалтад яаран яаран ирлээ. Би төрсөн цагаасаа эхлээд л мал маллаж байна. Малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай. 2019 онд манайх гэхэд хоёр байцан гүүгээ алдсан. Ер нь ижил сүргээсээ холдсон, алдагдсан малыг эргээд олно гэдэг хүнд. Тэр болгонд цагдаад мэдэгдээд байдаггүй. Бүртгүүлдэг ч олдох нь тун бага. Малчдын бүлэг холбоодыг байгуулж байгаа нь их таалагдаж байна. Цагаан-Овоо, Сэргэлэн гэх мэт хилийн заагийн нутгуудад хулгай гаарсан. Малын хулгайтай тэмцэх хууль нь нэлээд хөнгөн болчихсон. Үүнийгээ дагаад зарим залуучууд хялбар аргаар амьдрахын тулд хулгай хийдэг. Энэ мэт малчдад тулгамдаж байгаа олон асуудал байна. Малчид малаа өөрсдөөсөө хүртэл харамлаад өсгөхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Өнөөдрийн хэлэлцэж байгаа гол асуудал нь малын хулгайг хэрхэн таслан зогсоох вэ гэдгийг ярьж байна. Залуучуудад хэлэхэд, хүн хөдөлмөрлөж амьдардаг. Ингэж идсэн хоол л хамгийн амттай гэж хэлмээр байна. Нэг үеийг бодоход малчдын хөдөлмөрийг үнэлэх, тэтгэврийн насыг наашлуулах тал дээр төр анхаардаг боллоо. Үүнд талархаж явдаг” гэв. 


Харин Цагаан-Овоо сумын малчин Д.Дорж “Сүүлийн үед мал, махны үнэ өссөнтэй холбогдоод машин тэргээр хулгай хийдэг бүлгийн зохион байгуулалтад орсон. Хүн хүч, зав чөлөө муутай малчдын сул талыг ашиглаад техник ашиглан, бүлэглэсэн хулгай их гарч байна. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Малчид ч саналаа хүргүүлсэн. Малын хулгай хийж байгаа хүмүүсийн ялыг чангатгах, торгуулийг өндөрсгөх, малын үнийг малчин өөрөө тогтоодог байх хэрэгтэй байна” гэлээ. Энэ талаар -“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазар “Таван хошуу малгүй малч гэж Монголд байдаггүй. Тэр дундаа малаа хулгайд алдаж үзээгүй, малын хулгай гэх зовлонг амсаагүй малчин өрх байдаггүй. Малчин ардууд бол төрөөс юу ч нэхдэггүй, байгаль цаг агаарыг өөрсдийн хүч, хөдөлмөрөөр давж хүнд, бэрхийг туулдаг баатрууд. Монголын нийгмийг бүхэлд нь тэжээж байгаа ард түмэн. Манай улсын эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон хүмүүс. Малчид ганц л зүйл хүсдэг. Тэр нь мал сүрэг нь бүтэн, малчид энх амгалан байх бололцоог л бий болгохыг хүсдэг. Өнөөдөр мал, махны эрэлт ихсэж, үнэлэмж нь өндөрсөхтэй зэрэгцээд малын хулгай хаа сайгүй өссөн. Ийм хулгай хот, хөдөөгүй нүүрлэсэн гамшиг болсон. Энэ цаг үеийн нөхцөл байдал, малчдын хүсэлтээр Зундуйн Дорж ахын хүсэлтээр үйл хэргийг нь залгамжлах ажлаа наран ургах нутаг, Дорнод аймгаас эхлүүлж байна. “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийг цаашид 21 аймаг 360 сумдад салбар нэгжтэйгээр байгуулна. Биед нь монгол ээжийн цус эргэж толгойд нь монгол аавын бодол эргэсэн хүн болгонд малын хулгайн эсрэг тэмцэхийг уриална. Малын хулгайг алга болгох салбар зөвлөлийг байгуулж байна. Энэ нийгэмлэг монгол орны бүх аймаг, сумдад байгуулагдсан өдрөөс эхэлж малын хулгайчдад гишгэх газар үгүй болно. Мал хулгайлж малчдын хөлс, хөдөлмөрийг мөлжиж амьдардаг хүмүүст амьдрах орчин олдохгүй болно. Энэ цаг үетэй зэрэгцэн УИХ-д малын хулгайг таслан зогсоох эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт орж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд тусгагдаж байгаа, малчдын хүлээж байгаа заалт бол өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хуулиар 2-5 жилийн ял хүлээдэг болох хатуу заалт орж байгаа. Мөн малчид юу гэж байна гэхээр, “Бид Засгийн газраас мөнгө хүсэхгүй байна. УИХ-аас төсөв хүсэхгүй байна. Бид нутгийнхаа тал хээрт ажил амьдралаа аваад явна. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхай унавал босгоно гэж байна.  Дорнод бол өөрийн гэсэн онцлог мал аж ахуйтай орон. Хамгийн үүлдэр, угсаа сайтай адуу, мал сүрэгтэй. Тэгэхээр адууны хулгай гаарчихсан Дорнодоос малын хулгайг таслан зогсоовол Монгол орон малын хулгайгүй болоход ойрхон байна. 2019 оны байдлаар гэхэд л малын хулгай 25 хувиар өссөн байна. Энэ нь 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсанд тооцогдож байна. Найман мал хулгайлсан хүнийг гэмт хэрэг биш гээд, түр ажил хийлгээд суллаад явуулдаг байсан. Гэтэл гар утас хулгайлсан хүүхэд долоон жилийн ял аваад явж байна. Мал ч гэсэн малчдын өв хөрөнгө. Өнөөдөр малчид чуулж байгаа нь малчдын амьдралд нийцсэн хууль гаргуулах зорилготой. Хууль гаргах нь сайн боловч мөрдүүлэх нь хамгийн чухал. Хуулийг мөрдөх гэхээр малын хулгайг нотлож чаддаггүй. Ямар малыг хэн хулгайлсныг мэдэж чадахгүй, нотлож чаддаггүй. Тэгэхээр үүнийг орчин цагийн технологийн хөгжлийг ашиглаж малчдыг малаа хамгаалах шинэ аргад суралцуулах, цахим вэб хуудсыг нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэв. 
Мөн тэрбээр “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” ямар байдлаар санхүүжиж болохыг асуусан сэтгүүлчийн асуултад  “Манай “Сод Монгол боловсрол сан” гэж бий. Энэ сангаас бид нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг дэмжээд явна. Монгол гэрээс төрж гарсан хүн бүр энэ саналыг дэмжиж байгаад баяртай байна. Энэ сарын 10-нд Баянхонгор 11-нд Архангай аймагт салбараа нээнэ. Бид салбараа нээж амжихааргүй их хүсэлт аймаг, орон нутгуудаас ирж байна” гэдгийг онцоллоо. 
Дорнодын уудам талд мал, малчин хоёр амгалан орших цар хүрээ нь том, цаад үр өгөөж нь их ийм нэгэн уулзалтад очиж малчдын санаа бодлыг сонсоод ирлээ. Адуу нь сортой, хонь нь сүүлтэй өвс нь сөлтэй Дорнодод өвөлжилтийн бэлтгэлээ хангасан малчид Эрдэнэ засгийн унага, Эр бор харцагаа шуранхайлах шиг нэг л тийм тайван амьдарцгааж байна. Аймгийн төвд нь хүртэл зам засч байгаа ганц нэгхэн том техникээс өөрөөр бараагүй Дорнодод шувууд нь зэллээд алсыг зорьсон мэт анир чимээгүй. Аймгийн төвдөө ч алсханд цэлэлцэх Буйр нуурынхаа хөвөөнд ч, хялганат их Мэнэнгийн талдаа ч сүр хүчээ нуун орших тэндээс нэг тийм дулаахан салхи сэвэлзээд байх шиг санагддаг аа. Аргагүй биз ээ, наран ургадаг нутаг гэсэн дээ.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид