Улаанбаатар 1c

Уусал, үл уусал

Уран бүтээлч М.Батзориг, Д.Үүрийнтуяа нарын хамтарсан "Уусал, Үл уусал" үзэсгэлэн "Art Space 976" арт галерейд өнөөдөр нээлтээ хийнэ. Хоёр зураачийн хамтарсан үзэсгэлэнгээс хүмүүсийн дотоод ертөнц хоорондоо уусдаг хийгээд, уусдаггүйг харж болно. Нэг бүтээлд хоёр зураач санаагаа тусгасан нь үзэсгэлэнгийн бас нэг онцлог. Хараас цагаан руу, цагаанаас хар руу ууссан өнгүүд эрэгтэй, эмэгтэй хүний мөн чанар, байгалийн хуулийг илэрхийлсэн мэт.  Харин уран бүтээлчид үзэсгэлэнгийнхээ талаар “Аливааг ойлгохын тулд тайлбарлах шаардлагатай гэж үздэг. Өөрсдийнхөөрөө тайлбарлах нь ойлгох явцын нэг хэсэг ч байж болох юм. Үнэндээ бид биенийхээ барилд уусах хэм хэмжээг ухамсраараа хянахыг оролдсоор ирсэн.

Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд бидний бүтээлчийнхээ хувьд олсон ололт, гээсэн зүйлс маань гаднаас нь ялган харах боломжгүй тийм нарийн ууслууд л байв. Постмодернистууд бүтээл бол текстүүдийн сүлэлдээн (intertextuality) гэж үзсэн. Санаатай болон санаандгүй бүтээлч сүлэлдээнээс үүссэн хаос (хоосон чанар), коллажийн хэл бол контэмпорари сэтгэлгээний суурь зарчим юм бол яагаад зориудаар сүлж болохгүй гэж гэсэн сэдлээр зориуд нэгнийхээ дууссан гэж үзсэн бүтээлийг нөгөөх нь цааш дахиад өөрийнхөөрөө үргэлжлүүлсэн. Зарим зураг өмнө нь эхлүүлсэн ч хэдэн жилийн дараа үргэлжлүүлэн, баяжуулан (үнэндээ хэдэн жилийн өмнөх санаанаас тэс өөрөөр дуусгасан) гүйцээсэн нь ч өнгөрсөнд үлдсэн санааг өнөөдрийн санаатай сүлсэн л хэрэг юм. Хэвлэмэл зургийг ч уламжлалт зургийн хэлтэй сүлсэн зэрэг олон төрлийн сүлэлдээнийг л “Уусал, үл уусал” гэсэн бэсрэгхэн үзэсгэлэн болгон багцлахыг зорив. Энэ бүхний эцэст бүтээх хэлэнд маань гарсан визуаль (дүрслэх сэтгэхүй) хувирал л бидэнд сонирхолтой туршлага байлаа” хэмээв. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 6-н хүртэл үргэлжилнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид