Улаанбаатар 1c

Гурван эмэгтэй тутмын нэг бэлгийн дарамтад өртдөг

Манай улсад ажлын байранд бэлгийн дарамт үйлдэж байгаа этгээдийн гэм бурууг тогтоож, хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчин байхгүй, хүчирхийлэл үйлдэгчийн нэрийг нууцалж, гэм бурууг хаацайлдаг зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тогтолцоо хангалтгүй байна. Судалгаанаас харахад, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдын бэлгийн дарамт, шахалтад өртдөг аж. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрчүүд эзэлдэг гэнэ.  Үүний эсрэг бүсгүйчүүдийн дуу хоолой болсон “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, хөгжил сан”,”Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”, “Хүйсийн тэгш эрхийн төв”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Хүний хөгжил, нөхөн үржихүй, эрүүл мэнд, эрх” ТББ-ын сүлжээ, “Монголын эмэгтэйчүүдийн сан”, “Иргэдэд туслах хүний эрхийн төв” зэрэг иргэний иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр УИХ-д шаардлага хүргүүллээ. 
Дээрх байгууллагууд шаардлагадаа “УИХ-ын гишүүд Олон улсын гэрээ, конвенц, баримт бичгүүд, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж ирсний улмаас охид, эмэгтэйчүүд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй амьдрах, зохистой хөдөлмөрлөх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхээ эдэлж чадахгүй, ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүнд болон эдийн засгаараа хохирсоор байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж  энэ асуудлаар тусгайлсан зүйл анги боловсруулж өгнө үү” хэмээсэн байна.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид