Улаанбаатар 1c

Мэдээлэлд шүүлтүүртэй хандая

Болж, бүтэж байгаа зүйл эх оронд минь олон. Болохгүй, бүтэхгүй асуудал ч цөөнгүй. Бүх насныхан цахим орчинд хаяг нээж, түүндээ донтох болжээ. Маргалдсан, зодолдсон, хулгайлсан, луйвардсан, хэн нэгний нөхөр, эхнэртэй дотно харилцаа тогтоосон гээд баримтгүй зүйлийг фэйсбүүктээ нийтлэх гэж улайрдаг. Үнэн, худал нь мэдэгдэхгүй нийтэлсэн зүйлд олонх нь итгэж, дэлгэцийн цаанаас хүн чанараа гээх юм. Унасан нэгэн дээрээ дэвсэлдэг зангаа болимоор байна. ХХI зуун мэдээллийн эрин үе. Хэн хаанаас мэдээлэл авах нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ уншиж байгаа, мэдээлж байгаа зүйлдээ хэн хэн нь шүүлтүүртэй хандаж сурцгаая. Хэт туйлшрахаа зогсооё, баримттай зүйлд итгэцгээе. Тархиа, оюун бодлоо зөв зүйлээр цэнэглэе. Таны бодлогогүй нийтэлсэн, итгэж хуваалцсан зүйл чинь бага насны хүүхдийг буруу зүйлд үлгэрлэх эрсдэлтэй. Тэр ч бүү хэл гэм зэмгүй хүн буруутгагдаж, гүтгэгдэж, санамсаргүй байдлаар олон нийтийн хэл амны бай болох ч асуудал элбэг. Энэ нь эргээд тэр хүндээ асар их сэтгэлийн дарамт, шахалт, уйтгар гунигийг өгч байна. Сэтгэл зүйн дарамтаас гарч чадахгүй байсаар амиа хорлох хүртэл хэмжээнд хүрч очлоо. 
Сошиал ертөнцөд сайн хүн болох гэж  утгагүй, зорилгүй зүйлийн төлөө хандивын аян өрнүүлдэгээ зогсоое. Очих эзэн, буух хаягтаа хандивын аян тань хүрэхгүй болохоор дараагийн гуйлт, нэн шаардлагатай хүнд хандив гэдэг зүйл хаалттай болоод байх юм. Болсон болоогүй аян өрнүүлэх нь зарим хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг улам хөгжүүлж байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй хүний зовлонг яриулж, тавилттай, шууд мэдээ дамжуулж  мөнгө олдог хүмүүс ч цахимд олширчээ. Хүнлэг, хүн чанараа гээхгүй байцгаая. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид