Улаанбаатар 1c

Улаанбаатар-Дарханы зам ирэх онд ашиглалтад орно гэв

NPost.mn
2019-11-07 08:42

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. 
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Зарим аймаг дахь авто замын бүтээн байгуулалтын талаарх Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхээс урд маршрутыг бодлогын түвшинд нарийн тодорхойлох шаардлагын талаар Сангийн сайд тайлбар хийв. Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтын явцын талаар гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Дээрх чиглэлийн замын бүтээн байгуулалтыг хийх тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 31.7 хувьтай байгаа гэв. 
Тодруулбал, I багц 57.2, II багц найм, III багц 37, IV багц зургаа, V багц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үндсэн замын хөдөлгөөний нээсэн гэлээ. Эдгээр компанитай байгуулсан гэрээгээр 2020 оны зургаадугаар сарын сүүлийн хагаст Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар тусгасан байна. 


Харин төсвийн орлогын талаарх асуултад Сангийн сайд хариулахдаа “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтээс үүдэн төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсээд байна. Бусдаар ирэх оны төсвийн төсөл дэх орлогыг биелүүлэх боломжтой” гэлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд тусгайлан дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Л.Болд хэлж байсан юм. Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох шаардлага бий аж. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулах талаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг татан буулгах аж. 
Түүнчлэн өөрийн тусгайлсан хуультай, хамтын удирдлага бүхий Зээлийн батлан даалтын сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар зохицуулсан байгааг хүчингүй болгож, төсөвт гарч болох төлбөрийн эрсдлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид