Улаанбаатар 1c

Нүүрсний үнэ буурч, зэсийн ханш хэлбэлзэхээр байна

Хятад, АНУ-ын хооронд худалдааны маргаан дэгдэж, хоёр улс  импортын бараа, бүтээгдэхүүндээ харилцан өндөр татвар ногдуулсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш харьцангуй тогтворгүй байгаа билээ. Харин манай улс  ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг энэ оныхтой адил хэмжээнд буюу 42 сая тонн,  зэсийн баяжмалыг энэ оныхоос 175 мянган тонн, алтны экспортыг хоёр тонноор тус тус бууруулж тооцоод буй. Түүнчлэн төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон. 2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна. Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ. Нүүрсний хувьд анх удаа зэсийн баяжмалаас илүү их орлогыг энэ салбараас төвлөрүүлэхээр тусгасан юм.  42 сая тонн нүүрс экспортолбол манай улс түүхэндээ хамгийн  дээд хэмжээгээр нүүрс худалдаад зогсохгүй, даруй 1.3 их наяд 11 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэхээр байна. Нүүрсний тэнцвэржүүлсэн  ханшийг  тонн тутамдаа 75.9 ам.доллар байна гэж ирэх оны төсөвт тусгаад буй нь  харьцангуй өндөр үнийн дүн болж байгаа. Манай улсын хувьд  Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээг маш сайн ажиглах ёстой.  Тус улсын коксжих нүүрсний импорт 2017 онд 69 сая тонн байсан ч энэ онд буурч, ирэх онд ч байдал хэвээр  үргэлжлэх хандлагатай байгаа юм. Дээр нь АНУ, БНХАУ-ын  худалдааны маргаан түүхий эдийн эрэлт буурах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь нүүрсний экспортын зорилт биелэх магадлалыг эргэлзээтэй болгож байна. Ийм нөхцөлд БНХАУ  импортоо нэмэгдүүлэх магадлал бага. Тиймээс манай улс нүүрсний экспортоо 42 саяд хүргэнэ гэдэг амаргүй.  Австралийн Үндэсний банк 2020, 2021 онд нүүрсний эрэлт буурахаар байгааг онцлоод ирэх оны төсөвтөө нүүрсний ханшийг тонн тутамд нь 70-72 ам.доллар байхаар тусгажээ. Мөн тус улсын Засгийн газар  2021 оны  Ашигт малтмал, эрчим хүчний төлөв байдлын тайландаа нүүрсний үнийг 68 ам.доллар байх прогноз дэвшүүлжээ. Ерөнхийдөө ирэх  оноос  нүүрсний үнэ буурна гэсэн бүүдгэр хүлээлт давамгайлж байна.

Зэсийн үнэ хэлбэлзэлтэй байна

Зэс, нүүрс гэсэн хоёр эрдэс  манай улсын ашигт малтмалын салбараас оруулах орлогын 87 хувийг  бүрдүүлдэг. Тэгвэл шар металлын ханш ирэх жилүүдэд хэлбэлзэхээр байгааг ажиглагчид онцолж байна.  Лондоны металлын бирж дээр өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаар  зэсийн үнэ 5922 ам.доллар байна. Гэтэл манай улс ирэх оны төсөвтөө зэсийн ханшийг тонн тутамд нь 5.991 ам.доллар байхаар  тусгаад буй.Тонн нь  6818 ам.доллар байсан зэсийн ханш ердөө таван сарын дотор 1000 орчим ам.доллароор унасан. Зэсийн ханш  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7000 ам.доллар давсан. Өсөлт  2018 оны эхний гурван сар  хүртэл үргэлжилсэн ч үүнээс хойш аажмаар буурсаар байгаа юм.  Зэсийн ханш ийнхүү уруудах болсон нь  Европын холбоо, Япон, АНУ зэрэг хөгжингүй орнууд цэвэршүүлсэн зэсийн хэрэглээгээ бууруулсантай холбоотой. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан цаашид  үргэлжилсээр байвал зэсийн үнийн өсөлтийг дарангуйлах төлөвтэй байгаа юм.  ОУВС-гийн шинжээчид энэ онд  тонн зэсийн дундаж үнийг 6191 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин ирэх онд дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт, ханш  Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч хэлбэлзэхийг анхааруулаад буй.  Дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн хэрэглээний 45 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны II  улиралд сүүлийн 27 жилийн хамгийн доод түвшинд хүрч саарсан. Хэдийгээр зэсийн ханш буурсаар байгаа ч Дэлхийн банкнаас 2025 он  хүртэл тонн нь 7000 ам.доллараас буурахгүй гэх эерэг таамаг дэвшүүлжээ. Тэгвэл “Wood Mack” байгууллагын судлаачид энэ  сарын шинэчилсэн судалгаандаа ирэх жил зэсийн үнэ дунджаар 6500 ам.доллар байна гэв. Олон улсын судалгааны байгууллагууд  ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай  гэж таамаглаж байгаа ч  дэлхийн зах зээл дээр ханш нь нэлээнд хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Түүнчлэн зэсийн ханшийн хэтийн төлөвт  АНУ, Хятадын худалдааны маргаан нэлээд нөлөөлөхөөр байгааг ажиглагчид онцолж байгаа юм. 

“Goldman Sachs”: Алт унци тутамдаа 1475 ам.долларт хүрнэ

Алтны ханш унц тутамдаа 1400-1500  ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Алтны үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 орчим ам.доллароор өсөөд байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Алт  худалдааны  баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед  улс орнууд  алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч эхлээд байна. “Goldman Sachs” алтны ирэх жилийн ханшийг унц тутамд нь 1475 ам.доллар болгож, таамгаа 50 ам.доллароор өсгөжээ. Хэдийгээр дэлхийн томоохон судалгааны байгууллагууд алтны үнийн талаарх таамгаа өсгөж, ханш нь цаашид өснө гэж үзэж байгаа ч 1500 ам.доллар давуулж, прогноз дэвшүүлсэн нь алга. Харин манай улс төсөвтөө алтны ханшийг унц тутамд нь 1540 ам.доллар байхаар тусгасан нь бас л харьцангуй өндөр дүнд тооцогдохоор байгаа юм. БНХАУ өнгөрсөн жил 984.5, Энэтхэг 848.9, АНУ 192.8, ХБНГУ 123.8 тонн алт хэрэглэсэн. Эдгээр улс нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой билээ. Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй  онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн байдаг. 

Цайрын ханш цахиур хагална

Өнгөрсөн 2016  онд тонн тутамдаа  1400 ам.долларт дэнжигнэж байсан  металлын ханш  2017 оны II улиралд 3100 ам.доллар болоод байсан. Ингэснээр цайрын ханш нэг жилийн хугацаанд хоёр дахин өсөөд байсан юм. Үүгээр ч зогсохгүй 2007 оны есдүгээр сараас хойших  буюу сүүлийн 10 жилийн түүхэн дээд цэгт тулжээ. Харин өнгөрсөн баасан гарагийн байдлаар  цайрын ханш 2593 ам.долларт хэлбэлзэж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд цайр нийлүүлдэг  томоохон уурхайнуудын нөөц дундарч, олборлолт багассан. Цаашлаад Австралийн “Century”, Ирландын “Lisheen” томоохон тоглогчид үүдээ барьсан нь цайрын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.   Дэлхий даяар ийнхүү олборлолт буурснаас цайрын баяжуулах үйлдвэрүүд ч гарцаа хумиад байна. Ялангуяа, Хятадын цайр болон хар тугалгын баяжуулах үйлдвэрүүд ирэх онуудад үйлдвэрлэлээ бууруулах төлөвтэй байгаа ажээ. Цайрын олборлолт 2005 онд огцом буурч, ханш нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж байсан.  Олон улсын хар тугалга, цайрын судалгааны группийн  мэдээлснээр ойрын таван жилийн хугацаанд цайрын ханш 2000 ам.доллараас буухгүй аж. Үүнтэй адил таамгийг Дэлхийн банкны шинжээчид мөн дэвшүүлж байна. Олон улсын валютын сангийн таамаглаж буйгаар, ирэх онд цайрын ханш 2700 ам.доллараас буурахгүй бол  цаашид алгуур буурч, 2020 он гэхэд 2400-2500 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Гэхдээ цайвар металлын томоохон уурхайнуудын насжилт өндөрсөж, гарц багасах төлөвтэй байгааг шинжээчид онцолж буй учир нийлүүлэлт татрах үйл явц ирэх онуудад үргэлжилж, энэ хэрээр цайрын ханш цахиур хагалсаар байх төлөвтэй. 

Төмрийн хүдэр тонн тутамдаа 100 ам.доллароос буурахгүй

Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ  оны эхний улиралд огцом өсөж, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкнаас төмрийн хүдрийн ирэх  таван жилийн таамаглалаа өсгөлөө. Хамгийн сүүлийн таамаглалаар тус түүхий эдийн үнэ ирэх онд тонн тутамдаа 100 ам.доллароос буухгүй. Өнгөрсөн баасан гарагийн Лондоны биржийн ханшаар төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 82 ам.доллартай байна. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас  “Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоёр, гуравдугаар сард гангийн үнэ огцом өссөн. Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн  нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч төмрийн хүдрийн үнэ өсөж байна” гэжээ. 2016 он  төмрийн хүдрийн үнийн эргэлтийн цэг болсон.  Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкнаас онцолж байна. Ирэх 2-3 жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнууд хаагдах магадлалтай байгаа. Харин өндөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх нь тэргүүлэх чиглэл болгосонтой холбоотой байна. Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д  орон сууцны борлуулалт 71 хувиар өссөн. Гэхдээ Хятадын жижиг хотууд эзэнгүй хэвээр байгаа. Хэрэв жижиг хотуудад хүмүүс шилжин суурьшиж, бүтээн байгуулалт өсөхөөр бол ган болон төмрийн хүдрийн эрэлт улам өсөхөөр байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-australia-coal/australias-nab-trims-coal-price-forecast-for-2020-raises-gold-for-2019-idUSKBN1WO02C

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид