Улаанбаатар 1c

Гол, мөрний усыг хэрэглэж, ашиглах асуудалд

NPost.mn
2019-11-07 09:03

Эрдэмтэн, судлаачдын судалгаагаар дэлхийн дулаарал 0.70С байхад Монголд 2.20С хүрч, нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн мэдээлэл бий. Энэ цаг үед  Монгол Улс гол, мөрний усны дөнгөж арав  орчим хувийг хэрэглэж, ашигладаг тогтолцоотой байдаг нь хандлагаа өөрчлөх шаардлагатайг харуулна.


Гол, мөрний усыг хэрхэн хэрэглэж, ашигладаг талаар манай улсын мөнхийн хоёр хөршийн жишээн дээр цөөн тооны баримт дурдъя. Оросын Холбооны Улс нутаг дэвсгэр дээрээ 800 км3 усыг олон арван хиймэл нуур байгуулан нөөцөлж алс зайд дамжуулан ашиглаж байна. 
Бүгд Найрамдах Хятад Ард Улс өмнөд хэсгийн ус ихтэй Хөх мөрнөөс хойт бүс нутаг руу усыг гурав магистраль шугамаар Шар мөрнийг дамнуулан татаж ашиглаж буй жишээ байна. Зүүн талын шугам: Шанхай хотын орчим дахь Хөх мөрнөөс  Бээжин, Тянжинь хотуудын ус хангамжид зориулж 1156 км урт, далд хос хоолойгоор, өргөх 11 насос станцаар жилд 10.6 тэрбум м3 ус; дунд шугам: Хөх мөрний цутгал гол дээр барьсан Данжианко боомтоос Бээжин хот хүртэл 1270 км урт сувгаар жилд 9.5 тэрбум м3 ус; баруун шугам: Хөх мөрөн, Шар мөрнийг хооронд нь холбон ус дамжуулахаар судалгааны ажил хийж байгаа аж. Уул уурхайн үйлдвэрүүдэд 2.2 м голчтой хос хоолойгоор 180 км зайд усыг дамжуулан ашигладаг. Уг төслийн өртөг 5.4 тэрбум ам.доллар болжээ. Ойрын ирээдүйд 3.6 м голчтой хоолойгоор 300 км газарт өдөрт 100 сая м3 ус дамжуулахаар бэлтгэж байна. Хятадын “Гурван хавцал” усан цахилгаан станцын усан сангийн хэмжээ 632 км2, суурилагдсан хүчин чадал 22500 МВт, жилд дунджаар 98.1 сая кВт*цаг эрчим хүч үйлдвэрлэж, 124300 м3/с ус нэвтрүүлэх хүчин чадлаараа дэлхийд гайхагдаж байна.
Дэлхийн чиг хандлага болсон гадаргын усны хэрэглээ, түүний дотроос мэлтэлзэн урсаж байгаа хамгаас үнэ цэнтэй, цэнгэг гол, мөрнийхөө усыг хэрэглэж, ашиглах олон талын  шаардлага байгаа юм. Энэ нь Говийн бүсэд хэрэгжих уул уурхайн томоохон төслүүд, усалгаатай газар тариалан, төв суурингууд усны гачаалд орж байгаатай, нөгөө талаар газрын доорх усны нөөц орон зай, цаг хугацаанд хязаарлагдмал, тэжээмж хомс байдагтай холбоотой юм.
Манай орны гол, мөрний усны нийт нөөц 34.6 км3, усны бүрэн солигдож нөхөгдөх хугацаа 20 хоног гэж тогтоогдсон бөгөөд гол, мөрний усны нөөцийн 60 гаруй хувь нь хилийн чанд руу урсаж гардаг. Тухайлбал, хамгийн том гол бол Сэлэнгэ мөрөн, 1095 км урсдаг 9 дүгээр зэргийн гол юм.  Олон жилийн дундаж урсац “Сэлэнгэ-Хялгант” харуул дээр 306.6 м3/с, улсын хил дээр 330 м3/с, ОХУ-ын Байгал нуурт жилд дунджаар 10 км3 буюу 10 тэрбум м3 ус юүлдэг. Онон голын олон жилийн дундаж зарцуулга нь 56.4 м3/с, хур борооны үерийн үед 500 м3/с хүрдэг, жилд ойролцоогоор 1.8 тэрбум м3 усыг Амур мөрөнд нийлүүлдэг. Хэрлэн гол 1213 км урсаж жилд дунджаар 0.65 км3 буюу 650 сая м3 усыг БНХАУ-ын Далай нуурт цутгадаг.
Хангайн ба Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөнд шар усны үерийн үргэлжлэх хугацаа 30-50 хоног, ус хурах талбайн өндөр ихсэх тутам үерлэх хугацаа нэмэгдэх чиг хандлага ажиглагддаг. Алтайн нурууны голуудад жилийн бүх урсцын 60-90 хувийг шар усны үер эзэлдэг бол Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авдаг гол, мөрний 20-30 хувь, Хэнтийн нуруунаас эх авсан голуудын 10-12 хувийг шар усны үер тус тус эзэлнэ. Хур борооны үерийн усны хамгийн их урсцын давхраа Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсад 100 мм, түүнээс давдаг аж.
Манай орны гол, мөрний усны тэжээл харилцан адилгүй байдаг. Жишээлбэл: Монгол Алтайн нурууны “Ховд гол-Мянгад сум” харуул дээр хөрсний ус 40 хувь, хайлсан цас 57 хувь, хур бороо 3 хувь; Хангайн нурууны “Орхон гол-Орхон сум” харуул дээр хөрсний ус 36 хувь, хайлсан цас 18 хувь, хур бороо 46 хувь; Хэнтийн нурууны “Хэрлэн гол-Багануур” харуул дээр хөрсний ус 26 хувь, хайлсан цас íàéìàí хувь, хур бороо 64 хувийг тус тус эзэлдэг байна. Дундаж услагтай 2003 онд “Монхидроконстракшн” ХХК хийсэн судалгаагаар Хэрлэн голын урсцын 15 хувийг хаврын шар усны үер, 53 хувийг хур борооны үер, 32 хувийг газрын доорх усны тэжээл эзэлж байжээ. Хэрлэн-Тооно дээр олон жилийн дундаж урсàцын эзýлхүүн 632 сая м3 байдаг ч хамгийн их урсац 1320 м3/с хүрсэн сонирхолтой баримт бий.
Монголд гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг байдгаас Чоно харайхын гол дээрх Дөргөний УЦС 12 МВт, Завхан гол дээрх “Улаанбоом” УЦС 11 МВт хүчин чадалтай õî¸ð усан цахилгаан станц баригдаж жилд 80 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Манай оронд нийт 25 жижиг боомт баригджээ. 
Том далангуудын Олон улсын комиссын тооллогын дүнгээс үзэхэд АНУ 9265, Хятад 4688, Энэтхэг 4636, Испани 1267, Өмнөд Солонгос 1205, Япон 1121, Өмнөд Африк 915, Канад 793, Бразил 635, Турк 625 боомт барьсан аж. 
АНУ 640 м3/с зарцуулгатай Колорадо гол дээр 20 гаруй боомт, ОХУ Ангар мөрөн дээр 4 том цахилгаан станц байгуулаад ашиглаж байна. АНУ-ын үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг-Губерийн (дуудлага нь “Хөөвөр” гэж сонсдоно) боомтыг зохиогчийн авсан фотозургаар харуулав.
 Хэрэв хамгийн их устай Сэлэнгэ мөрнөөс ус авч ашиглая гэвэл урсцын тохируулга хийх шаардлагагүй юм. Сэлэнгэ мөрний татмаас (гадаргын ус газрын устайгаа гидравлик холбоотой) Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр 40 гаруй жил 800 мм диаметр бүхий хос хоолойгоор дамжуулан татаж, хоногт 60000 м3 орчим усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Гадаад орнуудад, тухайлбал, Ливийн удирдагч асан М.Каддафи 500 м гүнтэй 1300 цооногоор газрын доорх усыг олборлож Триполи, Бенгази, Сирт, бусад хотуудыг өдөр бүр 6500000 м³ усаар хангах урт хугацааны, өндөр өртөгтэй төсөл санаачилж хэрэгжүүлсэн нь усалгааны системийн дээд амжилт тогтоож “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар тодорч Гиннесын номд орлоо.
Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийж олон жилийн дундаж урсцаас 8 хувийг байнга авбал Говийн бүс рүү 1600 л/с усыг дамжуулан татаж ашиглах боломжтой. Хэрлэн үерлэхдээ 100 гаруй м³/с хэмжээний усыг 8-10 хоногт хил давуулан урсгадаг. Олон жилийн дундаж нормоос давж буй 80 м3/с ус бол бидний аманд орох ёстой “шар тос” юм.  Гадаргын усыг хэрэглэж, ашиглах талаар бодлогын шинжтэй эрх зүйн орчин бүрдсэн байгаа атал тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цэнгэг усаа хилийн чанд руу урсган алдаж байгаа маань харамсалтай.
Орчин үед усыг соруулах, шахах, өргөх өндөр бүтээмжтэй шахуурга, алс зайд дамжуулах бат бэх хүчитгэж сайжруулсан яндан хоолой зэрэг нь технологийн шийдлээ олсон байгаа билээ. Түүх сөхвөл, цэвэр усыг алсад дамжуулах арга эртний Римд манай эриний өмнөх VII зуунд “Акведук” нэртэйгээр ашиглагдаж байжээ.
Дүгнэж хэлэхэд, ил задгай болон газрын доорх усны гачигдалтай Говийн бүс рүү хангайн “илүүдэл” (шар усны үер, хур борооны үерийн) усаа хуримтлуулж алс зайд дамжуулан татах, усны эрчим хүч гаргах зэргээр  уул уурхайн томоохон бүтээн байгуулалт, төв суурин, өндөр ургацтай газар тариалан, ойжуулалт, мал, ан амьтныг  найрлага, чанар сайтай усаар хангах асуудалд анхаармаар байна. Энэ үйлдэл нь ган гачиг нүүрлэсэн үед гол, мөрний экологийн чадамжид эргээд эергээр нөлөөлөх давхар ач холбогдолтой юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төслийн нэгжийн мэргэжилтэн, доктор П.ХӨХӨӨ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид