Улаанбаатар 1c

Цагдаагын албан хаагч иргэнийг сүрдүүлж дарамталжээ

Баянзүрх дүүргийн XXII хорооны иргэн Ц.Пүрэвдорж тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахмад, хошууч Б түүнд үйлдээгүй хэргийг нь тулган, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлсэн хэмээн хэвлэлд хандлаа.
Ц.Пүрэвдорж хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд өнгөрсөн жилийн өдийд ажлын хамтрагч Д-тэй нийлэн малын тэжээл үйлдвэрлэсэн аж. Уг ажилд 11 сая төгрөг зарцуулсан ч дахин мөнгө шаардлагатай болж “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагаас 2.5 сая төгрөг зээлсэн гэнэ. Гэвч тэд борлуулахаар үйлдвэрлэсэн бүтээлээсээ ашиг хүртээгүй бөгөөд иргэн Д ажлын үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй байхдаа цалин нэхэж, улмаар банк бусын зээлийн төлбөрөөс зайлсхийн цагдаад албан ёсоор бус, далдуур хандсан байж болзошгүй гэж иргэн Ц.Пүрэвдорж үзэж байгаа аж. Тэрбээр “Намайг аравдугаар сарын 23-нд ажил хэргийн уулзалттай явж байхад энгийн хувцастай хоёр цагдаа баривчилж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст аваачсан. Улмаар залилан хийсэн хэрэг тулгаж, хана руу харуулж зогсоон, өмнөө сөхрүүлж, хорино гэж сүрдүүлж, дарамталсан. “Надад ямар хэрэг үүссэн байгаа юм” гэхэд “Залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэхээс өөр өргөдөл, гомдлын бичиг танилцуулаагүй. Би Д гэх иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй хоёр сая төгрөгийн маргаантай байгаа. Гэтэл үүнийг залилан болгон эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр дарамталж байна. Би өнгөрсөн долоо хоногийн мягмар, баасан гарагт Баянзүрх дүүргийн прокуророос надад эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг хоёр удаа лавлахад хэрэг үүсгээгүй байсан. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэрэг бүртгэгчээс хэрэг нээсэн эсэхийг лавлахад “Хувийн нууцтай холбоотой мэдээллийг өгөхгүй” гэсэн. Бичиг баримт хураан авч, хамаатан садан, гэр бүлийнхнийг минь регистрийн дугаараар олж, бүртгээд, 70 настай ээжийг минь дуудаж, эхнэрт маань “Нөхрийг чинь хорилоо. Хүүхдийн чинь ирээдүй сүйрлээ” гэж сүрдүүлсэн” гэв. Мөн “Чи шоронд орохгүй гэж байгаа бол үүн дээр гарын үсэг зур” гээд хохирогч Д-д сарын дотор зургаан сая төгрөг төлнө гэсэн агуулгатай дөрвөн бичигт гарын үсэг зуруулсан. Дараа нь Д-гийн ах иргэн С гэдэг хүн цагдаатай нийлж дарамталсаар байгаад тус бүр зургаан сая төгрөг төлнө гэсэн дөрвөн бичигт гарын үсэг зуруулсан. Эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад надтай ялтан шиг харьцаж байгаа учраас би нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 70191212 утсаар гомдол гаргасан. Гомдлоо хэлээд хэдхэн минут болж байхад Баянзүрх дүүргийн цагдаа над руу залгаад “Чи наад өргөдлөө буцааж аваад, над дээр ирээд уулзвал яаж байна” гэсэн. Яагаад нийслэлийн цагдаагийн удирдах газар гомдол хүлээж авангуутаа шууд нөгөө цагдаад хэлдэг байна. Үүнийг нь баримтжуулаад ЦЕГ-т гомдол гаргасан” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид