Улаанбаатар 1c

Эмээдээ нисэж очмоор санагдах үед шувуудад атаархдаг

Тэмээн жингийн цуваа мэт хөврөх урт холын бодлын минь үзүүрт үргэлж хүүгээ хүлээн суух хайрт эмээ Ш.Цэрэннадмид танаа зориулав.

Аавын минь хайчилсан эсгий цагаан үнэг шиг сар тэнгэрт зүүрмэглэсэн аниргүй үдшээр чөдөртэй морьдын тургилах чимээ, голио царцааны дуутай сүлрэн хэний ч мэдэхгүй аялгууг эгшиглүүлдэг нь миний нутаг. Тийм л уянгалаг говь нутгийн буйдхан толгод дунд хүүхэд нас минь өнгөрсөн юм. Би хичээл амрахыг тэсэн ядан хүлээж, эмээдээ яардаг хэвлүүхэн шар хүү байлаа. Ээжийн зэхэж өгсөн бурамтай чихэр, талх, молоког хэдхэн хувцастай цүнхлээд шуудангийн унаанд сууна. Намайг хөдөө очоод нэг ч хонож амжаагүй байхад эмээ “Эвий, миний муу дэрчгэр шар. Хичээлээ сайн хийж байгаа биз” гэж өхөөрдөөд чихэр өгнө дөө гэж бодохоор машин удаан явж буй мэт санагдана. Аргагүйдээ, тэр үед цагаан зээрийн хөнгөн давхил ч намайг гүйцэхээргүй хурдан гүйж, эмээдээ очно хэмээн гэнэнээр төсөөлж, түүндээ итгэж чаддаг хүүхэд байсан юм чинь. Эмээ есөн хүүхэдтэй болохоор зуны амралтаар ач, зээ нийлсэн 30 гаруй хүүхэд бужигнана. Нар дээр хөөрч бид нууранд хонио усалчихаад шумбан тоглож, жараахай шүүрч, шавраар элдвийг барьж тоглох дуртай. Тоглож байхдаа гэрийн зүг ээлж, ээлжээр дурандана. Хэрэв, эмээ хуучин цамцаараа даллаж харагдвал “Унд боллоо шүү хүүхдүүд ээ. Хурдан ир” гэж дуудаж буйн дохио. Далласан даруйд морьтой нь морио унаж, явган нь жирийтэл гүйж, унадаг дугуйтай нь бут, сондуул дээгүүр үсчүүлсээр гэрлүүгээ уралдана. “Унд” гэдэг нь борцтой, будаатай цайг хэлэх говийнхны аялага үг. Бид нусаа татлан байж, нүд рүү орох дөхсөн хөлсөө ханцуйгаараа арчсаар унд ууна. Тэр үед гурван наймын хувингаар дүүрэн унд хийдэг байсан санагдана. Эмээ нар шингэхээс өмнө хүрэн зандан шогол, буян хурж халтартсан шар торгон баринтагтай  Алтангэрэл судраа нар зөв даллаж биднийг дагуулаад гэрээ гурав тойрно. Голын сайр, бор толгод, захгүй говь, гуу жалгаар хонио бэлчээж, хүүхэд л юм хойно дэггүйтэн тоглосоор нэг л мэдэхэд зуны амралт дуусчихна. Аймгийн төв буцахдаа хавтага дүүрэн ааруул, ээзгий авч явна. Ааруул хийж явуулахаар эмээгийн оёсон хавтага өнгийг нь гандтал өмссөн хувцаснаас минь гоё харагддагсан. 

Согтуу Базар 
    
Манай нутагт согтуугаараа алдартай Базар хэмээх нэгэн эр байсан юм. Яг ч нэр нь биш л дээ. Өөрөө олж уншвал гомдчихвий гэж эмээхдээ нэрийг нь өөрчилсөн хэрэг. Эмээ сайн архи нэрдэгээрээ нутагтаа алдартай, нэрмэлээс гадна хээтэй бор авдарынх нь ёроолд дандаа домботой архи байдаг. Нэг өглөө үеэл бид хоёр эртлэн босож эмээд тугал татаж өгчихөөд аргалаа дэлгэж байлаа. Үхрийн баасыг зэлэн дээр удаавал хорхой идээд юу ч үгүй үйрүүлчихнэ, эсвэл бороонд урсчих гээд хэцүү. Намар эмээдээ сайхан аргал болгож өгөхийн тулд эргүүлж, тойруулан ñэврээдэг байсан юм. Гэтэл зүүн урдаас ухаа тоос манаргасан морьтон ирж яваа харагдав. Эмээ хувинтай сүүгээ цалгиулан сандарч “Алив хүүхдүүд минь нохой хорьж өг. Базар ах чинь ирж явна” гэв. Бид хоёр нохойгоо хорьж өгвөл мань Базар “Аан Найнаа чавганцын дэрчгэр шарууд. Хөөе чи хөнгөн, шингэн хүү байна. Ирэх жил морь унана шүү” гэсээр гэрт оров. Нэгнийхээ гар дээр ус хийж, нүүрээ угаачихаад гэрт орвол согтуу Базар эмээд минь хутга тулгачихсан архи нэхээд сууж байдаг байгаа. Би морь унаж чаддаггүй болохоор үеэл минь будан азаргандаа мордоод саахалт айл руу хар эрчээрээ давхив. Хэл дуулгаж, тусламж дуудах гэж буй нь тэр. Би байдгаараа бархирч “Чи муу, миний эмээг яагаад байгаа юм. Хурдан манайхаас яв” хэмээн уйлж гарлаа. Тугалаа татаж дийлэхгүй шахам жаал хүүд түүнээс өөр чадах зүйл юу байх билээ. Эмээ “За Базар минь ухаантай бай. Нялх хүүхэд айлгаж орхилоо. Хаана ингэтлээ уудаг юм. Муу эцэг чинь санаа зовж суугаа. Наадахаа уучихаад гэртээ харь” гэж хэлээд данхтай нэрмэл дөхүүлэв. Базар ирэвгэр сахлаа нэг илэн, инээд алдаад  салганан чичрэх гараараа асгаж цутган байж нэг тагшийг хөнтрөв. Энэ хооронд хүргэн ах ирж хөөрхий Базарыг нэг сайн дэлсэж, угз татаад гаргав. Сүүлээ хавчсан нохой шиг бараагүй алга болоход нь хөх инээд хүрч билээ. Үеэл бид хоёр хотныхоо хонины бууцан дээр дугуй дүрс зурж, түүндээ нүд ам хийн хүн төрхтэй болголоо. Тэгээд нэг лоом, нэг алх бариад “Аан муу Базар, эмээг минь яана гэнэ ээ чи. Май ингээд манай эмээг дээрэлхээрээ” гээд цохиж гарав. Хөлсөө гартал цохиж зогстол гэнэт гэрийн хаалга тас хийж, эмээ суран бүсээ барьсаар гараад ирлээ. “Цөг гэм. Хүнийг ингэдэггүй юм. Уусандаа ингэсэн биз. Өш санаж, хар буруу бодож бай гэж хэн та нарт зааж өгөв” гээд хоёр удаа ороолгов. Эмээгээ харамлаж, согтуу Базараас өмөөрсөн биш эрээн гуятай болсон бид хоёр бие, биенээ ширтэн баахан уйлж билээ. Хүйтэн мэс тулгаж байхад түүнийг юман чинээ бодолгүй, харин ч цагааныг санаж явдаг эмээгийнхээ цайлган зан, хүн чанараас хэр их зүйл сурсан билээ гэж одоо ч хааяахан боддог юм. 

Шар сүү
        
Би багадаа бие султай хүүхэд байсан юм. Эмээгийнхээ хэлээгүй өвчнийг хэлж сууна. Ээж, аав хоёр минь аль шидтэй, чадалтай гэсэн ламаар засал гүрэм хийлгээд ч нэмэргүй. Үргэлж үе мөч янгинаж, өвлийн цагт бол ханиад шуухтинаа салахгүй. Эмээг нэг удаа аймгийн төвд ирэхэд би өвдсөндөө нүдээ бүлцийтэл уйлж, хоол ч идэхгүй турж эцсэн байж билээ. Тэгэхэд эмээ уурлаж “Хүүхэд ийм болтол нь өвтгөөд байхдаа яадаг юм. Нэмэргүй, баахан эм тариа хийлгэж ачийг минь зовоолоо. Та нар өсгөж чадахгүй бол би аваад явъя” гэж зөрүүдлэсээр аав, ээж хоёрыг дийлж, намайг хөдөө авч явж билээ. Би ч сургуулиас холдож, эмээгийнхээ хажууд байна гэхээс нар минь гарч байв. Энэ явдлаас хойш намайг очих бүрт шар сүүнд оруулж, сүүлний тосоор биеийг минь тослон, наранд ээгээд хэвтүүлчихдэг болов. Хамаатны хүүхдүүд гэрийн гадаа хөхрөлдөн тоглох бүрт би эмээдээ дургүй болж эхэлсэн юм. Гэрийн хойморт, тооноор тусах үдийн наранд биеэ ээн хэвтэхдээ “Ганцхан намайг ингэж шийтгэчихээд бусдыг нь зүгээр тоглуулаад байдаг хачин эмээ вэ. Дахиж ирэхгүй дээ. Амарсан ч ээждээ эрхлээд хэвтчих юм шүү. Тэгээд эмээг “Хүүгээ санаад байна, хүрээд ир” гэвэл очихгүй гүрийнэ. Ер нь намайг хэзээ шар сүүнд оруулахаа болино тэр цагт нь ирнэ ээ” хэмээн боддог байлаа. Эмээдээ хачин дургүй болсноос хойшèх хоёр дахь жил юмдаг. Амралт болов уу, үгүй ю¿ хөдөө явахаар боллоо. Би ч “Тэр муухай эмээ рүү явахгүй, намайг тоглуулдаггүй” гээд бахирч, чарлаад сүйд байсан ч аав, ээжийн шийдвэр аль хэдийнý гарсан учир уйлсаар явав. Өмнө нь энэ гэрт догдолж ирдэг байсан бол энэ удаад машинаас буумааргүй байлаа. “Хүүе, миний шар жаал яасан юм. За эмээдээ ир” гэсээр эмээ намайг машинаас өргөөд буулгачихаж билээ. Хамаатнуудаа харж, хөөр баяр болсон би эмээдээ гомдсоноо ч мартаж орхив. Нэг өдөр өвөлжөөнд байдаг малын хороон дээгүүр гүйж яваад хөлөө урчихсан ирэхэд эмээ загнасангүй, угааж цэвэрлээд тос түрхэв. Маргааш нь эмээ намайг нөгөө л шар сүүндээ оруулахаар дуудав. Дуртай, дургүй оросын төмөр ванндаа ороод суутал урсан хөл минь часхийж, тэсэхийн аргагүй хорсож байх нь тэр. “Болъё оо эмээ, ёо ёо” хэмээн хэсэг мэгшиж байгаад сая нэг тайтгараад эмээгийнхээ гарыг харвал бүх хуруунууд нь эвэршиж, хагарсан байж билээ. Тэр үед л би эмээ минь намайг шар сүүнд оруулах гэж өдөр бүр ямар их өвдөлтийг тэвчиж ирэâ, гэдгийг ойлгосон юм. Хагарсан хуруу нь тэгэж их хорсож байхад ёо гэж хэлж үзээгүй эмээгээ буруутгаж, хоёр жил муухай харьцсан өөрөөсөө ичсэн тэр өдрөөс хойш би шар сүүнд орох дуртай болсон юм. Ингэж л эмээгийн шар сүүнд оруулж, сүүлний тосоор тосолсон ач буянаар би өвдөхөө байж хүний зэрэгт хүрсэн юм даа.   

Харж байгаагүй нулимс
  
Биднээс далд, нууж унагасан нулимс байсныг үгүйсгэхгүй ч би эмээгээ уйлж байхыг огт үзээгүй юм. Эр цэргийн албаа нэр төртэй хаагаад, сэгсүүргэн шинэ дээл өмсөж, аавынхаа булган малгайг духдуйлаад, шар торгон бүс ороож, шинэ хром өмссөөр эмээдээ би очлоо. Тэр жил эмээ минь 81 нас хүрч, хоёр золгож байсан юм. Өвчин хэлдэггүй эмээ минь цаг хугацааны нугачаанд нуруу нь бөхийж, хөл нь ìàéãà áîëæýý. “Хүүхдүүдýдээ өвчин хэлж үзээгүй юм. Энэ жилээс л хөл, гар янгинаад, í¿äíýýñ нулимс гоожих боллоо. Бусдаар ээж нь давгүй дээ. За миний хүү шар сүүндээ орох уу” гэж эрхлүүлэхдээ цангинатал инээж билээ. Бид ач, зээ нь боловч эмээг ээж гэж дууддаг юм. Эр өсөж эсгий сунахын жамаар нас биед хүрчихсэн хүн ачийг нь хариулах ёстой учир “Àлив ýìýý, хөлөө нааш өг. Хүү нь сайхан бариад өгье. Таньд сүүлний тос, тэмээний чөмөг ч хамаагүй байна уу” гэхэд нүд нь сэргэж хүүхэд мэт баярлаад орны хөлд байдаг жижиг шүүгээгээ ухаж, ухаж тос гаргаж ирэв. ×анга базчихгүйг хичээж зөөлөн илж, булчинг нь хэсэг атгаад, хөлийí уланд байх мэдрэлийн цэгүүдийг нь дарж өгөв. Үе, үе жуумалзан инээхдээ “Ээжийнх нь гижиг хүрээд байна. Алив миний хүү жаахан зөөлөн. Цэрэгт яваад ирсэн эр хүн гэж бяртай байна шүү. Одоо ч тугал татах нь бүү хэл бух өргөхөөр болжээ” гээд элдвийг ярин хүүгээ өхөөрдөнө. Гэнэтхэн чив чимээгүй болчихлоо. “Цай, хоолондоо хахчихàв уу” гэж айгаад эмээ рүү хартал том, том нулимс унагаж сууна. Хөндлөнгийн гол хааяа нэг үерлэхдээ эргээ угаасан их усаар хуйлардаг шиг яасан их нулимс урссан гэж санана. “Уйлсныг бүү асуу” гэдэг болохоор сэтгэлийг нь засах гэж “За эмээ хүү нь эрүүл саруул, эсэн мэнд хүрээд ирж байхад уйлаад байхдаа яадаг юм. Одоо удаан хол явж таныгаа бэтгэрүүлэхгүй ээ, сар болгон ирж байна” гэж аргадав. Хэсэг уйлж, чимээгүй суусныхаа дараа зэлгээн цай оочилж тайтгарсан бололтой “Ишш, муу дэрчгэр шар хүүгээ алгын чинээ байхад нь л шар сүүнд оруулж, сүүлэн тосоор тосолсоор байгаад хүн болгож билээ. Ийм том эр болчихоод эмээдээ ирдэг яасан сайхан юм. “Танай энэ хүн болохгүй ээ” гэж ярьдаг байсан хүмүүс одоо ингээд эмээгийнхээ хөлийг барьж өгөөд суугааг харвал хэлсэн ¿ãýíäýý харамсана даа” гэж билээ. Үр хүүхэд өсөж,  буянт буурлуудынхаа ачийг хариулна гэдэг нь ийм л энгийн зүйлээс эхлэлтэй болохыг би мэдэрч билээ. Огт харж үзээгүй эмээгийн нулимс гуниг, зовлонгийн биш баяр баясал, аз жаргал, бахархлын нулимс байсанд би хачин их баярласан юм. 

Гангын наранд ижийгээ мөрөөсөж буйлсан хэнз ботгоны гунганаанд дэрсний толгой уяран найгасан сайхан нутаг, буурал эмээгээ зорьж очоогүй уджээ. Эмээ минь “Сайн малчин” мөнгөн хувингаа зүлгэж, санаа алдаж суух нь аль хэдийнý алсран одсон хэн нэгний хойноос үндсээ мөлхүүлж, бөхийсөн өтөл заг мэт харагддагсан. “За миний хүү эртхэн унтаж амар. Үүрээр босч тугал татна шүү” хэмээн зөөлөн хэлж, эрхлүүлэн үнсээд зулын гол имэрч суудаг таны минь бадраасан зул бүхний гэгээнд энэ ертөнцийн амьд бүхэн багтаж, өргºсөн сүүний тань цацал бүхэнд зам мөр нь цагаахан байг ээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид