Улаанбаатар 1c

М.Намуун: олимпын эрх авахын тулд хичээж тулалдана

NPost.mn
2019-11-07 09:27

Боксын улсын шигшээ багийн тамирчин, БХИС-ийн оюутан, ОУХМ М.Намуунтай ярилцлаа. Тэрбээр  2014, 2015 оны өсвөр үеийн улсын аварга. 2015, 2016, 2017 оны залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн 2016, 2017, 2018, 2019 оны улсын аварга, Монголын бүх ард түмний спортын XIV наадмын аварга тамирчин юм.  М.Намуун 2015 онд өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2017 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, энэ оны насанд хүрэгчдийн боксын ДАШТ-нд амжилттай оролцож V байрт шалгарсан амжилт гаргаад байна. Өдгөө 20 настай залуу тамирчин түүнд илүү амжилт гаргах цаг хугацаа, боломж, ур чадвар бий.
-Эмэгтэй хүүхэд байж эрчүүдийн тулааны спортыг сонгосон нь их сонин санагдлаа. Боксын спортыг яагаад сонгон хичээллэх болов.
-Би нэг удаа гудамжинд явж байгаад гар утсаа дээрэмдүүлчихсэн юм. Тэгээд аав, ээж хоёр ярилцаж байгаад намайг IX  ангид байхад  2013 онд боксын секцэнд оруулсан.  “Миний охин боксын тамирчин болох нь яамай, гэнэтийн довтолгооноос биеэ хамгаалж сурах хэрэгтэй” гэсэн. Боксын спортод дур сонирхолтойдоо биш, биеэ  хамгаалж сурах зорилготойгоор  анх хичээллэсэн гэсэн үг. Анх Эрдэнэтийн Б.Пүрэв-Очир багшийн шавь боллоо. Багш одоо боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Биеэ хамгаалж сурах зорилго чинь яагаад тамирчин болж өөрчлөгдөв. Анхны тэмцээний гараагаа ямар тэмцээнээс эхэлж байв?
-Би 2013 оны тавдугаар сарын 2-ны өдөр боксын секцэнд орохоор Б.Пүрэв-Очир багш дээрээ очиж байлаа. Секцэнд 20 гаруй хоног яваад анхныхаа тэмцээнд орохоор Улаанбаатар хот руу явах  болсон. Тэгсэн чинь  аав, ээж хоёр “Чи секцэнд ороод удаагүй байна. Чамаас олон жил явчихсан өчнөөн сайн зодолддог хүүхдүүд байгаа. Охин минь больж үз. Биеэ хамгаалж сур” гээд зөвшөөрдөггүй. Би тэмцээнд явна гээд бэлтгэлийн хувцас, хамаг хэрэгтэй, авч явах юмаа бэлдээд тавьчихсан байсан юм. Арай гэж аав, ээж хоёрын зөвшөөрлийг авч чадсан. Тэгээд Ардын багш Д.Банди агсны нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд 57 кг-ын жинд орсон. Эхний тойрогт ОХУ-ын Буриадын охинтой таарч ялагдсан. Тэр тэмцээний дараа  Буриадын охинтой өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт орсон. Дэлхийн аваргаас тэр охин мөнгө, би хүрэл медаль хүртэж байлаа. Сая насанд хүрэгчдийн дэлхийн аваргад бас цуг орлоо. Миний дээд жинд тулалдаж нутгийн дэвжээн дээрээ дэлхийн аваргын мөнгөн медаль зүүсэн. Бид нэг оны нас чацуутангууд, амжилтын гараагаа хоёулаа Д.Банди багшийн нэрэмжит тэмцээнээс эхэлж байсан. Одоо бид хоёр ойролцоо хэмжээний амжилт гаргаж яваа. 
-Хэдий үеэс тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаж эхлэв?
-Хятадын Тайваньд   2015 онд  өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр дэлхийн аваргын 57 кг-ын жинд тулалдсан. Эхний тойрогт гоц мөргөæ, II тойрогт Украины боксчинтой тулалдаж ялаад медалийн болзол хангав. Медалийн өнгөө хувиргах боломжтой хагас шигшээгийн тулааныг АНУ боксчинтой хийж хожигдол хүлээн, хүрэл медаль хүртсэн. Тэр өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс миний бага насны амжилтын гараа эхэлсэн гэж боддог. Одоо ч миний урдаа барьдаг амжилтуудын тэргүүнд тэр хүрэл медаль тодоос тод бичигддэг.
-Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад анх удаа тулалдав уу? 
-Өнгөрсөн жил 19 настайдаа анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзсэн. Түрүү жилийн дэлхийн аваргад эхний тойрогт Непаль Улсын боксчинтой тулалдаж хожсон. II тойрогт  дэлхийн аваргын мөнгөн медальтай Тайланд Улсын боксчинтой тулаан хийж, шүүгчдийн саналаар ялагдсан. Энэ жил хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ 20 настайдаа оролцож үзлээ. Өмнөх жилээс илүү тулаан хийж чадсан.
-Сонирхогчдын боксын спортын шүүлт их маргаантай. Зодсон боксчин нь ялагдал хүлээгээд, зодуулсан боксчин ялалт авчих тохиолдол олон гардаг. Тийм болохоор үзэгчид сонирхогчдын боксыг луйврын спорт гэх нь бий.  Манай улсын шилдэг боксчид сонирхогчдын боксын шүүлтийн луйвраас болоод мэргэжлийн бокс руу орох болсон.  Өөрт чинь сонирхогчдын боксын шүүлт хэр шударга санагддаг вэ?
-Сонирхогчдын бокс үнэхээр маргаан дагуулсан эргэлзээтэй шүүлтээр дүүрэн. Боксын  тэмцээний эцсийн ялалт, дэвжээг тойроод сууж байгаа таван шүүгчийн үзэмжээр дүгнэгддэг. Жүдо, чөлөөт бөхийн оноо өгөх дүрэм, журам нь тодорхой, ойлгомжтой  байдаг. Гэтэл манай боксын оноо өгөх журам, дүрэм нь тодорхой биш. Оноо өгөх журам нь их бүрхэг маргаантай болохоор үзэгчид тэгж хэлэх нь зөв байх. Хүнд цохилтод оноо өгөх үү, хөнгөн шүргэх төдийд оноо дарах уу гэдэг шүүгчийн харах өнцөг, үзэмжээр шийдэгдэх нь бий. Шүүгч нар аль боксчин илүү оновчтой цохилт хийж байгаа юм шиг идэвхтэй харагдаж байна вэ гэдгээр эцсийн оноог өгдөг. Сонирхогчдын боксын шүүлтээс болж амжилт нь дарагдаад байгаа болохоор зарим тамирчин мэргэжлийн бокс руу ороод байгаа. Мэргэжлийн боксод хэн хүчтэй, хэн ур чадвартай нь ялгарч амжилт гаргах боломжтой. Шүүлт нь арай шударга явагддаг байх гэж боддог.
-Ялагдалдаа хэр дүгнэлт хийдэг вэ?
-Тулааны дараа ялагдалдаа дүгнэлт хийж, дараагийн тэмцээнд алдаагаа ахин давтахгүй байхыг хичээнэ. Ялалт авахын тулд чадах бүхнээ дайчлан гаргадаг. Хожсон, хожигдсон ямар ч тулааны гурван үед өөрт байгаа бүхнийг шавхан гаргадаг. Алдаагаа засаж, дүгнэлт хийж, ахин алдаа гаргахгүйгээр тулаан хийхийг боддог.  “Би арай л болоогүй л юм байна даа. Миний тэр цохилт, энэ зүйл болохгүй, муу, дутуу байна.  Хүч, хурд, мэдрэмж дутуу байна уу” гээд өөртөө байнга дүгнэлт хийнэ. Үүнийгээ засаж сайжруулахын тулд бэлтгэлээ чамбайруулж хийдэг.
-Хэр хор шартай вэ. Ер нь тамирчин хүнд хор шар байх ёстой юу?
-Тулааны спортод хор шаргүйгээр хол явахгүй байх. Зөв хор шар байх ёстой. Түүнийгээ зорилт, зорилготойгоо ухаалгаар уялдуулж чадах нь амжилт гаргахад чухал түлхэц болно.
-Өрсөлдөгчөөсөө илүү сайн тулаан хийсэн хэрнээ хожигдол хүлээсэн тэмцээн хэр олон бэ?
-Өрсөлдөгчөөсөө илүү тулаан гаргачихаад хожигдол хүлээсэн тэмцээн олон бий. Би насанд хүрэгчдийн тэмцээнд тулалддаг болоод удаагүй. Хоёр жил болж байгаа. Өнгөрсөн жилээс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн аварга  гээд олон тэмцээнд оролцож тулааны туршлага сууж, ур чадвар өсөж байгаа нь мэдрэгдэх болсон. Анх насанд хүрэгчдийн тэмцээнд орохдоо залуучуудын тэмцээнд тулалддаг шигээ эхний үеэс дуустал замбараагүй нүдэлддэг байв. Ялалт, ялагдлын гашуун амтыг мэдрээд ирэх үед туршлага өөрийн эрхгүй суудаг юм билээ. Ингэж хамаагүй, замбараагүй тулалдаж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Насан хүрэгчид маш хянуур, цэгцтэй, хүчээ нөөж, ямар үед гаргах вэ гэдгийг  бодож, хашир тулаан хийдэг юм байна. Энэ бүхнээс тулааныг тактикийн нарийн мэдрэмжээр хийдгийг ойлгож авсан.
-Энэ жилийн дэлхийн аваргад  Узбекийн боксчинг  ялсан. Урьд өмнө Узбекийн боксчидтой тулалдаж байв уу?
-Киргизэд болсон олон улсын тэмцээнд Узбекийн нэг охинтой таарч илүүрхэн тулалдсан. Ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан юм. Гэтэл шүүгчид Узбекийн боксчны гарыг нь өргөсөн. Би үнэхээр их гайхсан. “Яагаад түүнд ялалтыг өгч байгаа юм бэ. Би илүү тулаан хийсэн шүү дээ” гэж бодсон чинь өөрийн эрхгүй нулимс асгарчихсан. Рингэнээс уйлаад буусан. Үзэгчид намайг илүү тулалдсан гэж дэмжин, алга ташиж баяр хүргэж байсан ч сэтгэл тайвширч өгөхгүй нулимс урсаад байв. Уйлаад л багш дээр очсон. Тэгсэн чинь багш урдаас загнаж “Яагаад чи дэвжээн дээр уйлж байгаа юм. Өрсөлдөгчөө, энэ олон үзэгчдийг хүндэтгэх ёстой. Дахиж рингэн дээр уйлж болохгүй шүү. Тамирчин хүн ялалт, ялагдлын алийг нь ч эерэгээр хүлээн авах сэтгэлийн хат, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Чи ялагдаж сурахгүй юм бол хэзээ ч ялж чадахгүй” гэсэн. Тэр тэмцээний дараа зочид буудлын өрөөндөө ирээд уйлсан.  Хэд, хэдэн “00”-ийн цаас дуусгасан шүү. Тэрнээс хойш хожсон, хожигдсон ч сэтгэл хөдлөлөө рингэн дээр ил гаргахаа больсон. Нулимсаа дэвчиж,  бухимдал, гомдлоо дотогшоогоо хадгалж байгаад бие халаалтын өрөөнд ороод сэтгэл хөдлөлөө ил гаргадаг болсон. 
-Боксын дүрэмд сэтгэл хөдлөлөө дэвжээн дээр гаргахыг хориглодог юм уу?
-Яг ч хориглоно гэсэн дүрэм, журам байхгүй. Багш, дасгалжуулагчид “Та нар Монгол Улсаа төлөөлж, улсынхаа нүүр царай болж яваа тамирчид.  Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, бусдад үлгэр жишээ болж явах ёстой хүмүүс. Тэмцээн зохион байгуулж  байгаа улсыг,  өрсөлдөгч тамирчин, шүүгч нарыг, үзэгчдийг хүндэтгэх соёлтой байх ёстой. Сэтгэл хөдлөл, бухимдлаа барьж сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж байнга сануулж  захидаг.
-Рингэн дээр өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан унагаж байсан уу?
-Манай боксын ах нар хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагадаг. Мэргэжлийн боксод Төгсөө ах, сонирхогчдын боксод Оки ах, Цэндээ ах, Энхмандах ах гээд “Хүнд гартай” боксчин олон. Харин эмэгтэй боксчид хүнд цохилтоор ялалт авах нь ховор. Миний хувьд өрсөлдөгчөө хүнд цохилтоор унаган ялалт авч байсан тохиолдол байхгүй. Харин тэмцээн дээр эсрэг боксчингд оновчтой цохилт хийж тоолуулж байсан. Ер нь боксын спорт дэлхий дахинд  жигд хөгжсөн, тамирчдын ур чадвар ижил түвшинд хүрчихсэн өнөө үед хүнд цохилтод ордог боксчин бараг үгүй болсон. Эмэгтэй боксчид зузаан, зөөлөн бээлийтэй, толгойны хамгаалалт дуулгатай тулалдаж байгаа үед хүнд цохилт гарахгүй байх.
-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хэдэн тулаан хийв?
-Бокс дэлхийн дахинд жигд хөгжин дэлгэрсэн болохоор чадвар муутай тамирчин гэж байхгүй. Өрсөлдөгчид чанга, хүчтэй, ширүүн байлаа. Нэгдүгээр тойрогт Турк Улсын боксчин С.Калискантай таарсан.  Туркийн боксчин дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгддэг.  Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин байв. Түүнийг 5:0-ээр хожсон. Бид хоёрын тулааны арга барил  хоорондоо таарч тохирч байсан учраас ямарч сандралгүйгээр чөлөөтэй хөдөлж, өөрт байгаа бүхнээ бүрэн гаргаж чадсан. Хоёрдугаар тойрогт Узбекстан Улсын боксчин Райкано Кодироватай таарсан. Түүнийг би Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дээр хожиж медаль хүртэж байсан юм.  Тэгсэн чинь Кодирова дөрвөн сарын өмнөхөөсөө илүү сайжирсан байна лээ.  Би Азийн аварга  дээр бүх үзүүлэлтээрээ түүнээс хамаагүй илүү байсан юм. Гэтэл энэ богинохон хугацаанд Узбекийн Кодирова өөрчлөгдөн сайжирсан байхыг хараад их гайхсан шүү.  Намайг үнэхээр сайн судалсан байна лээ. Миний цохилт, тулааны арга барилыг “уншиж байгаа” юм шигээр мэдэрдэг болсон байв.  Би түүнийг хожсон ч өмнөх шигээ илүү тулаан гаргаж чадаагүйдээ сэтгэл хангалуун бус байсан. Ер нь Узбекстаны боксчидтой ойролцоо тулаан хийж ялалт авна гэдэг хэцүү. Дэлхийн боксын холбоонд узбек хүн байсан.  Тийм болохоор шүүгч нар Узбекийн тамирчдыг илүү дэмжиж, илт тэдний талд шүүлт хийж, ялалт өгөх нь байдаг. Цэндээ ахыг дэлхийн аварга дээр шүүгч нар яаж доош нь хийж Узбекийн боксчинд ялалт өгснийг бүгд харсан шүү дээ. Энэ бүхнийг бодож II,III үед шахсан довтолгоон хийж, илүү гэдгээ харуулсан тулаан гаргахыг хичээсэн. Түүний хүчинд гурван үед илт давуу онооны зөрүү гаргаж Узбекийн Кодироваã 4:1-ээр буулган авсан. 
-Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Хятадын боксчинтой тулсан. Медалийн оосроос атгаад алдлаа. Түүнийг аргалах боломж гарсангүй юу?
-Хятадын тамирчин Ван Цүн  сандо боксын дэлхийн аварга тамирчин юм билээ.  Өмнө нь түүнийг Азийн аварга болон дэлхийн аваргын тэмцээн дээр огт харж байгаагүй. Хятадаас өөр тамирчин ордог байсан. Би түүний өмнөх тойргийн тулааны бичлэгийг  нь үзсэн. Урагшаа их дайрч довтолдог, савсан цохилт хийдэг боксчин. Тэр бүхэнд нь тааруулсан тактик боловсруулаад рингэнд гараад хойшоогоо ажиллана гэсэн бодолтой байсан. Тэгсэн чинь Ван Цүн надтай өмнөх тулааны тактикаар биш, нөгөө савсан цохилт, урагш дайрдаг довтолгооноо ч хийгээгүй. Намайг хүлээж, анаад байсан. Ядаж байхад I үед хамраас цус гараад, би бүр сандраад бодож, төлөвлөж байсан тактикаас минь өөр тулаан хийхээр нь паанигт орчихсон. Уг нь багш нар боловсруулсан тактик чинь болохгүй бол дараагийн хувилбарт хурдан шилжээрэй гэж захисан. Бэлтгэл дээр их ч давтсан юм. Гэтэл Хятадын боксчин дээр тэр хувилбараа хэрэгжүүлж чадаагүй.  Туршлагагүй боксчин шиг дайрч, угтуулсан цохилтод оногдож оноо алдаад байсан. Хамраас цус гараад  сандралд орж, хяналтаа алдчихсан нь миний буруу. Сандрах үед толгойд хожих  юмсан гэсэн бодол эргэлдэхээс өөр юу ч орж ирдэггүй.  Хэдийгээр надад туршлага сууж байгаа ч Хятадын боксчинд хожигдсон нь миний болоогүй, дутуу байгааг харуулсан тулаан болсон.
-Хятадын боксчин дэлхийн аварга болсон уу?
-Үгүй ээ. Хятадын боксчин түрүүлж чадаагүй. Бразилийн боксчин дэлхийн аварга болж, Хятадын боксчин мөнгөн медаль хүртсэн. 
-Дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана гэдэг том амжилт. Хожигдолдоо сэтгэл жаахан дундуур байгаа юм уу?
-Өнгөрсөн жил М.Нандинцэцэг эгч Монголын эмэгтэй боксын спортын хөгжил дэлхийн хэмжээнд очсон гэдгийг харуулж чадсан. Бидэнд үлгэр дууриалал болсон. Харин би Нандиа эгчийн медалийн буухиаг үргэлжлүүлж чадсангүй. Уг нь рингэнд өөртөө итгэлтэйгээр гарсан. Хэтэрхий медаль, амжилт бодсон бодолдоо хүлэгдээд биеэ барьсан байж магадгүй. Уг нь элдэв юм бодохгүй байхыг их  хичээсэн.
-Бэлтгэл дээр ойролцоо жингийн эрэгтэйчүүдтэй тулаан хийдэг үү?
-Манай боксын баг, хамт олон бие, биедээ их тус дэм болдог. Тэмцээнд орохын өмнө 57, 60 кг-ын дэлхийн шилдгүүд болох Оки ах, Цэндээ ах хоёр ирээд манай жингийн охидуудтай тулаан хийж, туршлагаасаа хуваалцсан. Бидний техник, цохилтыг засаж өгөөд явсан.
-Бокс эмэгтэйчүүдэд хатуудсан, эрсдэл ихтэй, хүнд спорт. Хөмсөг задрах, нүүр, нүд хөхрөх, тархи доргих, хамар мурийх зэрэг бэртэл, гэмтэл гарна биз?
-Эмэгтэй боксчид толгойны хамгаалалт дуулгатай тулалддаг болохоор тийм асуудал бараг л гардаггүй. Харин эрэгтэй боксчид дуулгагүй болохоор толгойгоор мөргөлдөх, тохойгоор цохих зэрэгт хөмсөг задрах нь бий.  Өрсөлдөгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалан гэмтэл, бэртэл гардаг.
-БХИС-ийг ирэх жил төгсөнө.  Ангийн чинь эрчүүд тоглоом, шоглоомоор зодолдох уу гэж өдөж, хатгах тохиолдол гардаг уу?
-Харин тийм ээ. Ангийн бусад охидтой их эеэлдэг найрсаг, ёслож хүндэтгэлтэй харьцдаг. Тэгсэн хэрнээ намайг болохоор цохиж аваад “За нэг цохилцох уу” гэнэ.  Янз бүрийн өрөлт авч зогсоод зүгээр байхгүй. Эрчүүдийн тоглоом хатуу гэдэг ч би чинь эмэгтэй хүн шүү дээ.
-Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнээс олимпын эрх олгоогүй. Одоо олимпын эрх олгох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-Он гараад олимпын эрх олгох хоёр тэмцээн байгаа. Боксын спорт бусад төрөл шиг оноо цуглуулна гэж байдаггүй. Эрх олгох эхний тэмцээн ирэх оны хоёрдугаар сард Хятадад болно. Хоёр дахь тэмцээн тавдугаар сард Францад явагдана. Энэ хоёр тэмцээнээс олимпын эрх авахын тулд хичээж тулалдана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид