Улаанбаатар 1c

Нуурын Усыг амталж үзэж, нугас шувууг барих хүсэлтэй миний хүүхэд нас

Хониныхоо бэлчээрт, хээр мориныхоо цулбуурыг нь хонгондоо хавчуулчихаад, уртхан шиг өвс зажлаад, тэнгэр ширтэж  хэвтэх бас жаргал шүү. Өөхөн тосонд чанасан гэрийн боорцгийг хуруу зузаан өрөм, аяга тарагтай уух ч сайхан. Үдшийн нар жаргах үеэр хавханд орсон тарвагаа ганзагалж ирээд, утаа май гаргаж боодог болгоод идэх ч мөн амттай даа. Үлдсэн хэдэн сарвууг нь халтар нохойндоо шидэж өгчихөөд сууж байх юмсан. Үүр шөнийн заагаар саасан үнээнийхээ сүүг үйлдвэрт тушаачихаад хэдэн бетоноо тачигнуулаад гэрийнхээ зүг алхахсан. Сүүний мөнгө буусан өдөр өвөө, эмээ ходоодыг минь харамгүй баярлуулдаг байж билээ. Адуутай намрыг аялаад Арангатын хөндийгөөр давхих бас л аатай шүү дээ. Хүн намайг хаанахын вэ гэж асуухад би шууд л Хэнтий аймгийнх гэж хариулдаг. Овоглох аймаг ганцхан ч орчлонд хүн болсон газар минь гурав. Бага нас минь Арангатын хөндий, Билүүт, Майнт хайрханы энгэрт үлдэж, сурагч насны минь хагас нь Хэнтийн аймгийн Баян-Адрага суманд өнгөрсөн. Аав минь энэ сумын уугуул хүн. Дуурлиг нарсны дэнж, Онон голын хөвөө, Их Хатадын цогцолборын голд нутаг минь буй. Унтаад сэрэхэд уушги бүрэн цэвэршдэг гэдэг нарсан ойд  миний хүүхэд нас өнгөрсөн. 

Цэвэр, тунгалаг агаартай, саруулхан уудам тал нутаг минь намайг хүлээж байгаа даа. Ажил, амьдралын эрхээр нутагтаа байнга очиж чадахгүй юм.  Хорвоотой танилцсан цагаасаа хойш чулуу нь хүртэл намайг таньдаг юм шиг сэтгэлд дотно нутгаасаа  нэг л өдөр явах болсон. Намрын нэгэн өглөө эгч, дүү бид гуравт “Маргааш сургуулийн захиралтайгаа уулзаад хувийн хэрэг, бичиг баримт, цөөхөн хэдэн хувцсаа аваад Батчулуун ахынхаа машинд суугаад Биндэр рүү хүрээд ир ” гэсэн захиа ирсэн юм. Аав ээжийнхээ шийдвэрийг дагаад юугаа ч мэдэхгүй дунд ангийн сурагч би догдлоод, долоон жил хамт сурсан найзууддаа “баяртай” ч гэж хэлэлгүй тэндээс шилжсэн. Тухайн үедээ шилжих гэдэг сайхан л юм шиг санагдсан байх. Харин эгчид минь тийм ч таатай байгаагүй юм  билээ. Арга ч үгүй биз дээ төгсөх анги байсан болохоор найзуудтайгаа хонхны баяраа хийж, хамт төгсөхсөн гэж хүссэн байлгүй. Аав ээжийн “Хүрээд ир” гэдэг үг дүүд минь тушаал шиг сонсогдсон биз... Ингэж бид гурав сумаасаа гарсан юм.
Хаанаас нь ч харсан дэндүү үзэсгэлэнтэй, эрх чөлөөт бүсийн гол цэгт манайх нүүж ирсэн. Магадгүй, сумын төвийн урд Их Эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэж, Цагаан нууранд хунгийн чуулган болдог  хараа булаам цаг үед очсон болохоор тэр байх. Намрын навчис шаргалтсан үдэш аав, ээж минь биднийг тэнд тоссон болохоор бас дэндүү сайхан санагдсан байж магадгүй. Гэвч заримдаа төрж өссөн нутгаа хачин ихээр санаж гунигладаг болов. Өвөө, эмээгээсээ холдсон мэдрэмж сэтгэлийг минь  хааяа, хааяахан гонсойлгож орхидог байлаа. Тэр бүрт буцаад нутаг руугаа гүймээр санагддаг байсан ч одоо Биндэртээ хэдийнэ дасаж, ижилсжээ.  


Баян-Адрага суманд амьдардаг байхад аав, ээж минь ганзагын наймаа хийж, хэд л бол хэдэн сараар бид гурвыг орхиод хөдөө явчихдаг байлаа. Бурхныхаа авдар дээр гурван чихэр тавьчихаад, энэ чихрээс  нэг нь ч алга болохгүй байвал аав, ээж сайн явж байна гэсэн үг. Хэрэв алга болох юм бол аав, ээжийн машин саатсан, удаж ирнэ гэж ойлгоорой хэмээн гурван биендээ захидаг байв. Түлээгээ оруулах, усанд явах, амбаараас мах авах гээд гэрээс гарах, орох тоолондоо авдар дээрээ очиж өнөөх чихрээ тоолно. Хүүхдийн гэнэн, итгэмтгий зан, гэгээн тунгалаг хүсэл ч юмуу, бүү мэд. Нээрээ л тэр чихэрнүүд алга болохгүй байвал аав, ээж хурдан ирдэг байсан юм шиг санагддаг байлаа. Дуурлиг нарсны баруун дэнжээс зүүн давааны толгодыг мөн ч их ширтсэн дээ. Цэнхэр портер явж л байвал миний аав, ээж ирж байна гэж мөрөөдсөн өдрүүд дэндүү олон. Харин бид Биндэр сум руу шилжсэнээс хойш аав, ээжтэйгээ хамт амьдрах болсон. Гэхдээ аав, ээж хоёр минь маш завгүй. Манайх гэдэг айл  Биндэр сумын айл болсноос хойш гэр бүлээрээ хөдөлмөрлөж эхэлсэн.

Хониныхоо бэлчээрт, хээр морьныхоо цулбуурыг нь хонгондоо хавчуулчихаад, уртхан шиг өвс зажлаад, тэнгэр ширтэж  хэвтэх бас жаргал шүү. Өөхөн тосонд чанасан гэрийн боорцогийг хуруу зузаан өрөм, аяга тарагтай уух ч сайхан. Үдшийн нар жаргах үеэр хавханд орсон тарвагаа ганзагалж ирээд, утаа май гаргаж боодог болгоод идэх ч мөн амттай даа. Үлдсэн хэдэн сарвууг нь халтар нохойндоо шидэж өгчөөд сууж байх юмсан. 

Цайны газар ажиллуулж, буриад талх барьдаг болов. Би лав зуныхаа амралтаар суганыхаа булчирхайг цочтол таван жил талх барьсан. Найзууд минь үдэш оройн цагаар уулзаж, хөгжилтэй байхад би гэдэг хүн гурил  зуурч, талх барьсаар өдөр хоногуудыг өнгөрөөж байгаа юм шиг санагдаад их л гунигтай байдаг байв. Тухайн үед манай талх эрэлт ихтэй, хүмүүс амттай гэж ярина. Тийм учраас том буриад талхыг өдөрт 35 ширхгийг барьж, худалдаалдаг байлаа. Намайг оюутан болсноос хойш ээжийн ажил амжихгүй, талхны ажлыг бүрэн зогсоож, эргэлт буцалтгүйгээр цайны газар ажиллуулсан. Талх барих ажлаа зогсоосон болохоор зуны амралтаараа дуртай зүйлээ хийж, бусад хүүхэд шиг  завтай байх нь гэж би бөөн хөөр баяр болов. Гэтэл тэр ахархан “мөрөөдөл” минь  биелсэнгүй. Учир нь ээжийн Зоогийн газрын зөөгчийн ажилд томилогдсон. Миний хүүхэд, оюутан нас ийм л завгүй дууссан. Одоо ч энэ завгүй амьдрал үргэлжилсээр... Хэрэв та манай суманд очвол “Хуушуур Доржийн гуанз хаана вэ” гээд асуугаарай. Хэлтэй, нүдтэй болгон танд заагаад өгөх болно. Аав, ээж шиг минь хөдөлмөрч, зочломтгой хүмүүс нутагт минь олон. Хүн бүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалт, өөрсдийн амьдрал ахуйн төлөө цаг наргүй зүтгэсээр.
Завгүй, цаггүй амьдрал дунд газар дээрх ганц дүү минь нэг л өдөр хүнд өвдөв. Бидний амьдралын хамгийн гунигтай үеийн эхлэл нь тэр өвөл. Хайрлаж, эрхлүүлж өсгөсөн амин  хайртай дүү минь Биндэрт шилжиж очсон гурав дахь жилдээ биднээс бүр мөсөн холдон одсон юм. Дүүгийн минь гэсэн бүхэн тэнд байгаа учраас Биндэрээ би бодол сэтгэл, тархи, зүрхнээсээ алхам ч холдуулж үзээгүй. Гунигтай хийгээд баяртай цаг мөч бүртээ нутагтаа очмоор санагдах юм. Нуурын усыг амталж үзээд, нугас шувууг барих гэж оролдсон гэнэн томоогүй хүүхэд насандаа дахин нэг очихсон. Бодол бүхэнд минь уяатай нутагтаа нэг хүрнэ дээ. Уйтай намрын бороо сэтгэл гэгэлзүүлж, урт намар нутагт минь болж байна гэнэ. Цагаан нуур минь гүйцэд хөлдөөгүй, ирсэн шувууд нь халуун орон руугаа буцаагаагүй байна гэх юм. Тийм  л сайхан дулаахан урт намар болж байгаа юм байх даа. Омголон, дэврүүн залуу нас бид хоёр таныг хачин ихээр санаж байна, нутаг минь.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Дамдинцэндийн Цэцэгмаа
    Терж ессен нутаг Биндэрээ их л санах юм. Очилгуй олон жил боллоо. Ирэх зун 2020 онд заавал очиж нутаг усандаа мергенее. Сайхан дурсамжийг чинь уншиж нудны нулимс еерийн эрхгуй гарлаа. БАЯРЛАЛАА
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Ymar gog ym bee
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
Нийтлэлчид