Улаанбаатар 1c

Б.Баатарцол: Нэг га газраас 70-95 мянган төгрөгийн ашиг авах боломжтой

NPost.mn
2019-11-08 09:39

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журмын дагуу эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль болон тэдгээрийн дэргэдэх гарааны компаниудаас ирүүлсэн 20 инновацаас шилдэг тавыг нь өнгөрсөн сарын 18-нд шалгаруулсан. Тэдгээр шилдэг бүтээлийн нэг болох “Бактерийн шингэн бордоо” сэдэвт бүтээлийн судалгааны багийн удирдагч  ХААИС-ийн дэргэдэх Газар тарилангийн хүрээлэнгийн дарга Б.Баатарцолоос тодрууллаа. 

-“Бактерийн шингэн бордоо” гэж юу вэ. Юугаараа онцгой бүтээл вэ?
-Бактерийн шингэн бордоо нь үр тарианы ургацыг 20-30, төмсний ургацыг усалгаагүйгээр 36, усалгаатай нөхцөлд 50, хүнсний ногооны ургацыг 30-40 хувь хүртэл нэмэгдүүлэх онцлогтой. Буудайн ургацыг 20-30 хувь нэмэгдүүлснээр нэг га газраас 70-95 мянган төгрөгийн ашиг авах боломжтой юм. Нэгж талбайд хэрэглэсэн бордооны өртөг хямд байхаар тооцоолсон. Буудайн талбайд гэхэд тарилттай хамт хэрэглэх норм нь гурван л/га буюу нэг бордооны үнэ нь 3500 төгрөг. Үүнээс тооцоход эдийн засгийн хувьд үр ашигтай нь тодорхой. Нөгөө талаас тариалангийн үйлдвэрлэлд импортын бордооны хэрэглээг бууруулах, экологийн хувьд хор хөнөөлгүй, эдийн засгийн хувьд өртөг бага байгаа нь цаашид өргөн хэрэглэх боломжтойг батлах болов уу.
-Танай судалгааны баг ямар шалгуураар грант шагнал хүртэв? 
-Биологийн шингэн бордоо нэртэй судалгаа, түүнийг үйлдвэрлэлд туршсан дүн, газар тариаланд ашиглах чиглэлээр үйлдвэрлэл явуулж тариаланчдад нийлүүлж байгаа ажлын үр дүнгээр уг шагналыг хүртсэн.
-Биологийн шингэн бордоог яаж гаргаж авсан бэ?
-Манай орны хөрсөнд амьдардаг, ургамалд ашигтай 40 гаруй төрлийн бактерийг хөрснөөс биотехнологийн аргаар ялган авч лабораторын нөхцөлд өсгөвөрлөж, тэдгээрийн өсгөврийг үйлдвэрлэлийн дамжлагаар идэвхжүүлэн шингэн бордоо хэлбэрээр гаргасан. Манай судалгааны баг шингэн бордооныхоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 2017 онд Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэргэд “Био-Ундарга” нэртэй гарааны компани байгуулсан. 2018 онд 30 тонн шингэн бордоо үйлдвэрлэж 64 аж ахуйн нэгж, иргэнд нийлүүлсэн. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 80 тонн бордоо үйлдвэрлэж 78 аж ахуйн нэгж, иргэнд нийлүүлээд байна. Бордоог нийлүүлэхдээ бид төлбөрийн нөхцөл дээр уян хатан бодлого баримталж, үнийн дүнгийн 30 хувийг хавар, үлдсэн 70 хувийг намрын ургацаар төлөх боломж олгож байгаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн туршилт хийх зорилгоор зарим аж ахуйн нэгж, иргэдэд үнэ төлбөргүй нийлүүлж байна. 
-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд бэрхшээл байна уу? 
-Манай үйлдвэр хэвийн ажиллагаатай үед хоногт гурван тонн бактерийн шингэн бордоо үйлдвэрлэх боломжтой. Одоогийн байдлаар энэ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Учир нь улирлын чанартай, нөгөө талаас манай бүтээгдэхүүн тариаланчдад одоогоор сайн танигдаагүй байна. Бид бактерийн шингэн бордоогоо сурталчилан, таниулах мөн зах зээлээ өргөтгөхөд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид