Улаанбаатар 1c

Монголбанкны дараагийн ерөнхийлөгчийн марафон эхэллээ

NPost.mn
2019-11-08 11:09

Манайх олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтад хоёр дахь удаагаа ороод буй. Асуудал юунаас болов гэдгийг эрэлхийлэхийн оронд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцсон нэр зүүгээд өнгөрч буй. 
Тэднийг ажлаас нь чөлөөлөх асуудал өнгөрсөн мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хурлаар орж, дэмжигдсэнээс хойш Монголбанкны ерөнхийлөгч болчих юмсан гэж сэрүүн зүүдэлж яваа нөхөд Төрийн ордонд тэр, энэ даргын өрөөнөөс салахгүй өнжиж байна. Гэхдээ эрх баригчид хэнийг томилохоо дотооддоо тохироогүй байгаа аж.
Ямартай ч Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат,  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин нарын нэр яригдаж буй. Өмнө нь 5-6 хүний нэр яригдаж байсан ч эрх баригчид сонгуулийн өмнө Төв банкны ерөнхийлөгчөөр өөрсдийн итгэлтэй хүнээ тавих нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 

Одоогийн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд 1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. 1999 АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэг хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанканд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нь Сангийн яаманд мэргэжилтнээс ахлах, газрын дарга болтлоо дэвшжээ. Гэхдээ түүнийг болгохгүй гэх яриа ч байна. 
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингийн хувьд ажлын гараагаа ABN AMRO банкнаас эхэлсэн бөгөөд Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байжээ. Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж байгаад эх орондоо ирж 2011 оноос эхлэн “Тэнгэр” санхүүгийн нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирал, “Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогдоод байгаа билээ. 
Эдийн засаг өсөлттэй гарч буй ч ирэх онуудад хүлээгдэж буй өндөр өр төлбөр манай улсад бий. Дээрээс нь богино хугацаанд саарал жагсаалтаас гарах шаардлага бий учир Төв банкыг улс төрийн нөлөөнд бага автаж, удирдах хүн хэрэгтэй байгаа. Өнөө маргаашийн улс төр бус өнө холын эдийн засгийн бодлогоо харвал мэргэшсэн томилгоог эрх баригчид хийх шаардлага үүсч байна. 
Ер нь манай улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйлд улстөржсөн шийдвэр гарч буй. Тиймээс энэ бүхнийг эдийн засгийн талаас нь харах, голчтой зөвлөгөөг өгдөг, Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд сайн ажиллах хүн хэрэгтэй байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид