Улаанбаатар 1c

Г.Энх-Амар: РЭППЭР биш ДУУЧИН гэж дуудуулах дуртай

Амжилттай яваа залуу уран бүтээлчдийн нэг бол Г.Энх-Амар. AM-C нэрээр уран бүтээлээ туурвидаг залуу дуучин тун удахгүй “Гүнд” нэртэй бие даасан хоёр дахь цомгийн нээлтээ хийх гэж буй. Иймд дуучин Г.Энх-Амартай цөөн хором ярилцлаа. Тэрбээр дуу хөгжимд ханцуй шамлахын зэрэгцээ кино урлагт ч хөл тавьж “Огтлолцол” кинонд дүр бүтээсэн билээ. 

-Тун удахгүй бие даасан хоёр дахь цомгоо нээх гэж байна. Энэ удаагийн цомог тань юугаараа онцлог вэ?
-Бэлтгэл ажил бараг дуусаж, цомгийн нээлтээ хийхэд бэлэн болж байна. Нээлт энэ сарын 22-нд “Zu club”-д болно. Цомгийн нээлтэд залуу үеийг байлдан дагуулж байгаа дуучин Ука, Энэрэл, Fla, Vandebo, Siente зэрэг уран бүтээлчид оролцоно. Хүмүүс надаас “Реппер, дуучин хоёрын яг аль нь юм бэ” гэж их асуудаг. Миний хувьд реппер биш, дуучнаараа явахыг илүүд үздэг. Ер нь реппер биш, дуучин гэж хэлэгдэх дуртай. Энэ удаагийн бие даасан цомогт маань төрөл бүрийн урсгал, чиглэлийн дуу багтсан. Ерөнхийдөө хүмүүст “Am-C” гэсэн урсгал, чиглэлийг мэдрүүлэхийг зорьж байгаа. 
-“Am-C” гэсэн мэдрэмж өгөхийг зорьж байгаа гэлээ. Тодруулбал? 
-Надаас гарч байгаа бүх дууны үг, аялгуу, түүний онцлог, чиглэлийг сонсогчдод мэдрүүлэхийг хүсэж байгаа гэж хэлж болно. 
-Таны уран бүтээл өвөрмөц содон өнгө аястай санагддаг. Ер нь дуу бүтээхдээ юуг голчлон анхаардаг вэ?
-Siente гэж найзтайгаа хамтран уран бүтээлийн зураг авалт, найруулга зэргийг хийдэг. Монголд дуу хөгжмийн клип, сэдэл санааг хамгийн сайн хийдэг залуу гэхэд хилсдэхгүй. Хүн бүрт “Mood” буюу нэг үгээр мэдрэмж байдаг. Миний хувьд дуу сонсож, судалгаа хийж байхдаа тухайн үеийн мэдрэмжинд таалагдсан сэдэл, санааны дагуу уран бүтээлээ хийдэг. Нэг юманд хэт баригдах дургүй учир ганцхан урсгал, чиглэлийн дуу хийдэггүй. Миний дууны санд хип хоп, уянгын гэх зэрэг олон төрлийн уран бүтээл бий. 
-Гэхдээ дийлэнх дуу тань хайрын тухай өгүүлдэг юм шиг санагддаг? 
-Хүмүүс хайрын тухай тухай дуу сонсох, кино үзэх бүртээ гэгээлэг мэдрэмж авдаг. Тийм учраас энэ чиглэлийн дуу дуулах дуртай. Гэвч хүмүүс ямар нэг дуунаас ухаарал авч, түүнийгээ маргааш нь амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Миний хувьд дуу гэдэг хүмүүст гоё мэдрэмж өгч, хэн нэгэнд хэрэгтэй үед нь хань болж, дурсамжийнх нь нэг хэсэг болдог урлаг. 
-Хүмүүсийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийхийг хүсдэг гэлээ. Үүнийхээ тулд та хэрхэн ажилладаг вэ?
-Уран бүтээлч бүр олон хүнд бүтээлээ хүргэхийг хүсдэг. Миний хувьд орчин үеийн хөгжим, уран бүтээлээ илүү шинэлэг байдлаар олон хүнд хүргэхийг хүсдэг. Дууны сэдэв олохдоо дотроо “Хэрвээ” гэж их боддог. Уран зохиолын ном их уншдаг учир бүтээлдээ тохирох уран яруу үгнүүдийг шигтгэхийг хичээдэг. Зарим дууны маань үгнүүд энгийн гэхээсээ илүү өөр, далд утгатай. 
-Одоо ямар ном уншиж байна? 
-Хамгийн сүүлд Японы зохиолч Фүмио Сасакийн “Би энгийн амьдралыг сонгосон” гээд минималист амьдралын тухай ном уншсан. Одоо Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном уншиж байна. 
-Та хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан. Сүүлд “Огтлолцол” кинонд тоглосон. Ер нь кино урлаг, дуу хөгжим хоёрын алинд нь илүү анхаарлаа хандуулах гэж байна?
-Одоогоор дуу хөгжимд илүү  анхаарч байна. Энэ чиглэлдээ ч их дуртай. Харин кино урлаг гэдэг бол дуу хөгжмөөс илүү том зүйл. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид