Улаанбаатар 1c

Намраар угтаж, өвлөөр үдсэн Өвөрмонгол

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-11-14 09:30

-Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид аравдугаар сарын 28-наас энэ сарын 12 хүртэл ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанхад хотод ажиллаж, тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан туршлага солилцлоо-

Хөх хот биднийг налгар намраараа угтлаа. Аравдугаар сар шувтарсан ч гадаа нэмэх 13 хэмийн дулаан, модод нь солонгорон найгах ч утаа, агаарын бохирдол ихтэй тул үзэгдэх орчин км-ээс цааш сааралтан замхарна...
Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, МУИС-ийн төлөөлөл бүхий 17 сурвалжлагч Хөх хотод (аравдугаар сарын 28) төвхнөцгөөв. Бид тус хотод тав хоног саатаж, эхний өдөр Өвөрмонголын Багшийн их сургуулийн Сонин, мэдээллийн дээд сургуультай танилцсан юм. Цаашлаад тус сургуулийн багш нар ӨМӨЗО болоод БНХАУ-ын соёл, эдийн засаг, боловсролын сэдвээр мэдээлэл өглөө. БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “70 жил, 70 ажил”-ын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг гэдгийг онцолсон юм.

Сэтгүүлчдийн баг Хөх хотын Үндэсний түүхийн музей, сүүний “Мин милк” үйлдвэр, өвс ургамал үржүүлгийн “Мин Цао” байгаль орчны компани, “ISoft Stone” хэвлэл мэдээллийн төв, Архорчин хошуун дахь Монгол хааны ордны дуу, бүжгийн төв, “Шижир” хувцас урлалын компани болоод Архорчины Монгол үндэстний II дунд сургуультай тус тус танилцсан юм.

Атаархал хөдөлгөсөн Хөх хотын музей

Хөх хотын үндэсний түүхийн музей нь 1957 онд байгуулагдсан бөгөөд олны нүдийг хужирласан одоогийн тохилог барилгадаа 2007 онд тохижжээ. Музейн барилгын загвар хийц өвөрмөц, авто зогсоол, кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп гээд бүхнийг цогцоор нь шийджээ. Орчин үеийн шийдэлтэй, олон мянган үнэт үзвэртэй энэхүү музей 15 мянган ам.метр талбайг эзэлнэ. Үүний 7000 ам.метр талбай нь үзвэрийн танхим ба БНХАУ-ын цөөнх үндэстнүүдийн хамгийн ахны музей гэдгээрээ онцлог. Түүгээр ч зогсохгүй өдгөө  дундад улсын тэргүүлэх том музейн нэгд зүй ёсоор багтжээ.
Тус музей үзвэрийн долоон танхимтай бөгөөд гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг гол танхимын нэг нь Монголын их Эзэнт гүрэн, Үлэг гүрвэл, Нүүдэлчдийн ахуй соёлыг дэлгэсэн танхим аж. Суут богд Чингис хааны ургийн модноос эхлээд 20 метр өндөр үлэг гүрвэлийн ясыг орон зайн төгс шийдлээр байрлуулсаныг харахад атаархам...

Музейгээс дутахгүй “Мэнню” 

ӨМӨЗО-ны сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэр болох “Мэнню” компанийн “Минмилк” үйлдвэрийг үзэв. Эндээс авч хэрэгжүүлмээр ололттой зүйл их ажээ. 20 жилийн түүхтэй тус үйлдвэр нь гурван ээлжээр ажиллах бөгөөд нэг ээлжиндээ 55-хан хүнтэй. Сүүний үйлдвэрийн байр өвөрмөц тохижилт, зохион байгуулалттай бөгөөд барилгын бүх хана, тааз, өрөө тасалгаа 20 жилийн түүхээ хүүрнэн өгүүлнэ. Музей, эсвэл аль нэг хотын гудамж талбай гэж андуурмаар. Хамтран ажилладаг бүхий л байгууллага, ивээн тэтгэдэг баг тамирчдынхаа мэдээллийг багтаасан том, том павильон зассан нь тун үзүүштэй санагдсан. Соёл урлаг, спорт, технологи, эрүүл мэнд, боловсрол гээд дэмжиж ажилладаггүй салбар бараг үгүй гэдгийг компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн хэлж байсан.
Түүнчлэн хүссэн хэн ч энэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн үе шатыг шилэн хананы цаанаас харж, танилцаж болох юм билээ. Нийт 1.2 сая үхэртэй бөгөөд өдөрт 2000 тн сүү боловсруулдаг гэсэн.

Улсдаа ганц “Мин Цао” 

БНХАУ болоод ӨМӨЗО-ын хэмжээнд өвс ургамлын үржүүлгийн газар олон бий ч “Мин Цао” компани нь өвс ургамал, хөрс, үр, суулгац гээд, цогцоор нь судалж шинжилдгээрээ цор ганц аж. 6000 ам.метр талбайтай энэхүү компанийг арваад жилийн өмнө Ван Жо Мин хэмээх оюутан цэцгийн дэлгүүр нээснээр үндсийг нь тавьжээ. Тэрбээр сургалтын төлбөргүй байсан тул эцэг, эхээсээ ирсэн багахан хэмжээний ноос, ноолуураа худалдаж, мөнгөөр нь жижигхэн цэцгийн дэлгүүр нээсэн нь өдгөө дундад улсын хэмжээнд үнэлэгдсэн том компани болж өргөжсөн байна. “Мин Цао” нь судалгаа шинжилгээний ажлаас гадна байгалийн нөхөн сэргээлт хийдэг гэдгээрээ  алдартай. Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй талхлагдсан газар нутгийг 3-5 жилийн хугацаанд ногоон төгөл болгож хүлээлгэн өгдөг аж. Мөн ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг байгаль орчиндоо хайртай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлж, сургалт сурталчилгааны ажлыг өөрийн байрандаа зохион байгуулдаг гэсэн. 

Лигдэн хааны үеийн дуу, хөгжим одоо ч эгшиглэж байгаа гэв

Хөх хотын Архорчин хошуунд Монгол хааны ордны дуу, хөгжмийн төв байдаг юм билээ. Энэхүү төв нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын Лигдэн хааны ордны дуу, хөгжмийн зэмсэг, бүжиг гэсэн гурван хэсгээс бүрдэж, эртний урлагийн өвийг сэргээсэн 80 гаруй дуу, 18 хөгжмийн зэмсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. “Лигдэн хаан”-ы гэж тодотгосон учир нь Хархорин хошууны Хаансүм сумын Баянхошуу гацааны нутагт байрлах Цагаан хот хэмээх эртний хуучин хотын үлдэгдэл нь Лигдэн хааны үеийн нийслэл хот байсныг албан ёсоор (2005 онд) тогтоожээ. Мөн 2009 онд болсон БНХАУ-ын хэмжээний эрдэм шинжилгээний хурлаар тус нутаг дэвсгэрт байрлах Гэмпий сүмээс олдсон эртний монгол дуу хөгжмийн хуучин дэвтрээс энэ бүхэн Монголын Лигдэн хааны үеийн дуу, хөгжим болохыг тогтоосон гэсэн юм. Иймд энэхүү дуу, хөгжмийг сэргээн, залуу хойчдоо үлдээх ёстой гэж үзэн Архорчин хошуунд хааны ордны дуу, хөгжмийн төвийг ийн байгуулсан байна.

Дундад улсад соёолсон монгол үндэс

Архорчин хошуунд монгол үндэстний нэг сургууль бий нь II сургууль аж. 247 багш, 1599 сурагчтай тус сургуулийн сурагчид хичээлдээ бүгд монгол цамц өмсөнө. Сурагчдын олонх нь малчин ардын хүүхдүүд тул 1500 орчим нь дотуур байранд амьдардаг аж. 
Сургууль монгол бичиг, монгол бөх, монгол бүжиг, морин хуур, ёочин, шанз, ятга уран зураг, сонгодог хөгжим гээд олон дугуйлантай. Эдгээрээс монгол бөхийн дугуйлан хамгийн олон сурагчтай дугуйлангуудын нэг. Дугуйлангийн багш Хишигтогтох “Монгол бөхийн секцэнд жил бүр 30-40 хүүхэд хамрагддаг. Хүүхдүүд маань өглөө бүр эртлэн босож, бэлтгэл хийдэг болохоор аймаг, хошуундаа амжилт гаргах нь элбэг. Цаашлаад ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд суралцаж байна” гэсэн юм. Харин монгол бичгийн дугуйланд цаашид энэ чиглэлээр дагнаж суралцах сонирхолтой 10 гаруй хүүхэд явдаг тухай дугуйлангийн багш Давхарбаяр хэлээд “Энэ  хүүхдүүд монгол бичигтээ маш их дуртай. Монгол  бичгийг хэзээ ч мартаж, орхиж болохгүй өв гэдгийг маш сайн ойлгодог” гэсэн юм. 
II сургуулийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн замтай ярих ч юм биш. Энгийн нэгэн хошууны дунд сургууль манай их сургуулиудаас ч илүү тохижилттой, том талбайтай байгаад бас л атаархаад өнгөрлөө. Хүүхэд зөвхөн сурч боловсрох үүрэгтэй бөгөөд тэрхүү орчинг томчууд бүрдүүлэх ёстой гэдгийг дэндүү сайн ухамсарласан санагдсан юм.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээсээ татвар авдаггүй 

Архорчин хошуунд саатсан бас нэг газар бол “Шижирт” оёдлын үйлдвэр. Жирийн малчин Шижирт бүсгүй 2011 онд гэрээрээ дээл оёж эхэлсэн нь өдгөө “Шижирт” компани болтлоо өргөжжээ. Захирал эмэгтэй одоо доороо арваад оёдолчинтой бөгөөд жилдээ монгол мөнгөөр бол 70 сая төгрөгийн ашигтай ажилладаг гэсэн юм. Мөн тэрбээр “Намайг Үндэсний уламжлалт хувцасны нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбооноос маш сайн дэмжиж өгсөн. Түүнчлэн үүсэн байгуулагдсан цагаас өдийг хүртэл улсаас ямар ч татвар авч байсангүй. Энэ нь маш том дэмжлэг болсон юм шүү” гэв. Мөн тэрбээр Монгол Улсаас дан тэрлэг, монгол гутал авч нутагтаа худалддаг. Монголын гуталны чанар үнэхээр сайн гэж байсан. Харин өөрсдийн оёдог дээлээ 500-6000 юаниар худалдаж, ажилчдадаа сард 2000-3000 юанийн цалин өгдөг юм билээ. 


Сэтгүүлчдийн баг энэ сарын 10-нд Эрээнээр дайрч  Улаанхад хотоос Улаанбаатар руу буцсан юм. Улаанхад хотын хувьд өдрөөс өдөрт өнгө засаж, өндөр барилга, байшингаар хотоо тэлжээ. Хөх хотоос ялгаатай нь энд утаа байсангүй. Хуучны намхан барилга, байшингаа газрын хөрстэй тэгшилж, 10 жилийн өмнөхтэй харьцуулшгүй өөр болсныг нутгийн иргэд хэлж байв. Мөн БНХАУ 2022 он гэхэд “ядуу” гэдэг үгийг үгсийн сангаасаа “арчина” гэсэн зорилт тавьсан нь биелэлээ олно гэцгээсэн юм. 
Биднийг намраар угтаж, өвлөөр үдсэн Өвөрмонголын хөгжил нэг л мэдэхэд дэлхийн энд хүрсэн байхад гайхах юм үгүй болсон шиг...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид