Улаанбаатар 1c

Хязгааргүйг зорих зожиг маахай

Эрт цагт магадгүй 200-гаад мянган жилийн тэртээ эвшийг нь орилуулсаар эрх бамбаруушийг нь хойд мөсөн далай руу хэн нэгэн аваад явчихсан байж мэдэх юм. Уг нь бол хөвчийн хүрэн баавгай, цасны цагаан баавгай гээд дэлхий дээрх бүх төрлийн баавгай нэг л эхтэй юм гэнэ лээ. Гэтэл төрөл саднаасаа төөрснөөс хойш цасан өнгөт баавгай өнөөг хүртэл мөсөн туйлд  амьдарсаар байгаа гэдэг. Хүрэн баавгайн гаргадаг ааш авир, зарим үйлдэл түүнд хадгалагдан үлдсэнийг олон эрдэмтэн баталдаг.  
...Чинэрэн хатуурах хөхөө дааж ядан, чиглэсэн мөрийг нь үнэрлэсээр хойд туйлын зүгт үрийнхээ араас явсан эвш, уйлан гашуудаж, орилон гүйх эмийгээ дагасан маахай хоёр мөнх цэвдэгт мөсний оронд үүрд үлдэж, үр ачаа үлдээсэн нь лавтай. Канад, Аляскаас  цаашлаад Сибирийн эрэг рүү алгуурхан хөвөгч мөсний хамт цагаан баавгай хойд мөсөн далайг нар зөв тойрон тэнгисүүдийн хөвөө хязгаар, мөсөн эргээр 19 төрлийн 20-25 мянган цагаан баавгай тэнүүчлэн амьдарч байгааг судлаачид 2009 онд тогтоожээ. 200 мянга гаруй жилийн тэртээгээс нэгэн төрөл цагаан баавгай хүйтнээс хүйтэн тэр газарт нутаглан амьдарч эхэлснийг баталсан баримт олон байдаг. 
Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг бид баавгай гэдэг. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл хэмээн амьтан судлалын нэгэн бүтээлд дурдсан байсныг тодхон санаж байна. 
Нас бие гүйцсэн эр баавгайг өтөг, нас биед хүрч явааг нь шармаахай, эм баавгайг эвш, залууг нь этэг, үр зулзагыг нь бамбарууш хэмээн нэрийддэг. Эр баавгайг маахай хэмээх нь ч бий. 
Элбэрэлт эвшийн хэвлийгээс унасан гэхэд маахай энэ хорвоо дээрх хамгийн зожиг төдийгүй амиа бодсон, арчаагүй амьтан гэнэ. Сарвууны чинээ төрсөн маахай 400-680 кг жинтэй болоод ирвэл нас бие гүйцэж байгаа нь тэр. Үеийнхнээсээ хөндийрч, муухай авирлан зожигрох маахай орооны цагаас бусдад нь орь ганцаараа байхыг юу юунаас ч чухалчилдаг. Хөвөө хязгааргүй далайгаас загас, усны шувуу, далайн бусад жижиг биетнээр хооллохдоо ч ээжийнхээ өвөрт эрхэлж, энэ хөвөөнд наадсанаа санадаггүй гэнэ. Тэр ч бүүхэл хорвоо дээрх хамгийн том махчин маахай төрсөн дүү, төрөл саднаа тасчин идэж, бор ходоодоо баярлуулдаг үйлт нэгэн. Түүнийгээ юман чинээнд тооцдоггүй эр баавгай барьсан ангаа хэзээ ч дуустал нь иддэггүй бөгөөд бусад махчиддаа үлдээдэг аж. Тиймээс хойд мөсөн далайн бяр чадал муутай махчин амьтад, шувууд түүнийг үргэлж дагадаг. 
Гэдэс цатгалан бол хязгааргүй тэнгэр газрын дор ганцаараа байгаагаа эсвэл хаа ч юм алсын хол байгаа төрөл саднаа эрэх шиг алсын зүгт тэмүүлж, майжигнан оддог байна. Ихэвчлэн Канад, Орос, Норвегийн хүйтэн сэрүүн бүс, Аляскийн хойгоор тэнүүчилцгээдэг. Ходоод нь л түүнийг олонтой ойртуулж, амьтдын дунд авчирдаг гэлтэй. Түүнийг ураг төрлийнх нь дунд авчрах төдийгүй хорвоогийн хамгийн арчаагүй нэгэн болгож хувиргадаг ганцхан хүч бол орооны цаг. Биологийнхоо дуудлагаар олноороо нутаглах эмс дээр ирж, гунигтай нүдээрээ гуйранчлан царайчилж, хэзээ ч гаргаж байгаагүй эелдэг, бүрэг зангаар үзэсгэлэнт этэгийг эргүүлддэг аж.  Хойд туйлын гайхамшиг, бахархал болсон цагаан баавгайн сүрэг элэг бүтэн болох цор ганц цаг нь орооны үе болох 4-5 дугаар сар. Энэ богинохон хугацаанд л эрэгчинтэйгээ амьдрах тавилантай эм цагаан баавгай, бамбаруушууд тэр л хоёр сард бүтэн жаргалтай байдаг байх. Энэ хугацаанд маахай сар гаруйн турш эмтэйгээ, гэр бүлтэйгээ амьдардаг. Энэ хугацаанд эмс нь маахайтайгаа үргэлж хамт байх юм шиг хэвтэш, оромж бэлдэж, зарим нь хоол, тэжээлээ зэхэн, эрийнхээ тааллаар байх нь ч бий. 
Оргилж, тэмүүлсэн хүсэл нь биелж, санаснаа бүтээсэн маахайнууд эмс, бамбаруушуудаа түвэгшээн хэвтэр, оромжоо орхин майжигнана. Орилон архирч, урд хойно нь орж ноолон нялуурах бамбаруушийг замаасаа түлхэн зайлуулж, салж өгөхгүй нэгнийг нь алгадан гэмтээдэг тохиолдол ч гардаг байна. Ингэж хаширсан бамбарууш дахиж маахайд ойртох нь бүү хэл эвшээсээ ч эмээн холыг зорин одох нь олонтаа. Үнэрлэн эрхэлж, далай тэнгист хамтдаа шумбаж, наадаагүй юм шиг хүнийрхэж оддогийг нь мэдэх эмс хэд орилж, архираад үлддэг бол туршлагагүй залуу баавгайнууд араас нь гүйж, нэхэл дагал болон өөрийгөө түүнд хэрэггүй болсноо мэдрэн ойлгож, тэнэмэл эрийн ард гуниглан үлддэг гэнэ. 
Цагаан баавгай том биетэй ч усанд гаргуун сэлдэг. Далай, тэнгисийн эрэг орчмоор 100 км хүртэл сэлж, арал дундуур дураараа аялдаг нэгэн. Урд хоёр хөлөөрөө сэлүүрдэн хойд хоёр хөлөөрөө залуурдан цагт 10 км зайг туулах нь юу ч биш. Тэдний ийм удаан сэлэх чадвар нь дадалтайдаа биш, өөхний их нөөцөндөө бас байдаг ажээ. Тиймээс эрдэмтэд цагаан баавгайг тэнгисийн баавгай хэмээн өргөмжилдөг. Тэд мөсгүй, задгай усыг юу юунаас илүүд үзэн, хэдэн хоногоор  ч тэндээ үлдэж чаддаг байна.   
Баавгай ан хийхдээ их өвөрмөц аргатай. Цагаан баавгай ихэвчлэн далайн гахай, далайн хав, далайн арслангаар хооллоно. Харин далайн морь, шувуу, жижиг биет, оцон шувуу, бамбарууш, цагаан үнэг, илжгэн хулгана, бусад амьтны үр зулзага бол тэдний хувьд бэлэн өгөөш л гэсэн үг. Жирийн үед амьсгаадан залхуутайяа алхдаг ч ангийнхаа араас хуурай газар, усны алинд ч шалмаг, хурдан хөдөлж, шаардлагатай үед заль хэрэглэнэ. Өлссөн үедээ хэдэн зуун бээр хөөсөн ч ангаасаа түрүүлж сульдаж, ядардаггүй “шазруун”, туйлбартай нэгэн болчихно. Уснаас  ангаа барих нь тэдний хувьд хамгийн хялбар арга.  Ихэвчлэн том мөсөөр халхавч хийн ангийнхаа зүгт урсдаг байна. Мөс өөр зүгт урсвал түүнийгээ түрэн сэлж, андаа аажмаар ойртоно. Ингэхдээ далай талаасаа өөрөө дайрч, амьтнаа эргийн зүгт хөөдөг байна. Энэ нь амьд гарах, амьдрах аюулгүй орчин болох уснаас нь холдуулан барих ухаан юм. Мөн амьсгалахаар уснаас шовсхийн гарах далайн хавыг ойролцоох мөсний завсар отон хэвтсэн цагаан баавгай алгадан унагадаг байна. Ийм маягаар нэг цагаан баавгайн ходоодонд жилд 60-80 хав ордог аж. Их өлссөн үедээ аймшигт араатан тэсвэр алдан хөвд, чөдөр өвс, замаг ч иддэгийг судлаачид ажиглаж мэджээ. Энэ байдал нь ч бусад тивээр тархан амьдардаг хүрэн, хулсны баавгайтай угсаа нэг болохыгоо баталдаг. Тэд зөвхөн тэсгим хүйтэнд амьдрах чадвартай биш гэдгийг тив дэлхийн өнцөг булан бүрт байх амьтны хүрээлэнгийн судлаачид гэрчилдэг. 
Дэлхий дээрх бүх баавгай солгой гэнэ. Тэд амьтдыг алгадах зэрэг аливаад солгой савраараа л түрүүлж хүрдэг байна. Цагаан баавгайны арьс, мах, шүд, соёо, саварт нь дурласан хүмүүс олноор нь агнаж, устгах явдал 1960-1970 онд ихээр гарсныг эрдэмтэн судлаач, Олон улсын байгууллагууд таслан зогсоож чадсан юм. Гэсэн ч ирэх 50 жилд тэдний тоо толгой 30 хувиар буурна хэмээн АНУ-ын судлаачид өнгөрсөн онд мэдээлжээ. Энэ нь дэлхийн дулаарлаас үүдэн олон мянган амьтан үгүй болж, баавгайн идэш тэжээл устаж байгаатай холбоотой аж. 
Бүх маахайг нэг эхээс гарвалтайг батлахыг оролдсон Аляскийн Их сургуулийн Фэрбэнкс дахь Хойд туйлын биологийн хүрээлэнгийн судлаач Жералд Шийлдс, Сандра Тэлбот нарын баримт бүхий судалгааг олж уншсан билээ. Түүнээс дурдвал, Баавгайнхан овог мах идэштэний багт хамаарах бөгөөд нохой төрхтөн дэд багийн есөн овгийн нэг. Баавгайн хамгийн ойрын төрөл нь сэлүүр хөлтнүүд, Тухайлбал, далайн морь, далайн хав, далайн арслан, далайн нохой гэнэ. Баавгайнхан овгийн гарал үүсэл маш жижиг, хээнцэр Parictis хэмээх амьтнаас эхтэй хэмээн тус бүтээлд дурдсан байсан юм. Баавгайн төрөл хувьсан өөрчлөгдөж явсаар өдгөө дэлхийн бөмбөрцөгийн хойд хагас, өмнөд хагаст хэсэгчлэн тархсанаас гадна Хойд, Өмнөд Америк, Европ, Азид тархан амьдарч байна. Тэр дундаас цагаан баавгай хэмээх бүлэг нь хүрэн баавгайтай нэлээд ойрын төрөл юм. Энэ судалгаа үнэн бол магадгүй хэн нэгэн цагаан өнгөт баавгайг цас мөсний оронд аваачсан байж мэдэх нь.  
Врангелийн арал бол цагаан баавгайн “эх барих газар”. Ихэнх эвш энэ арлын хунгарыг 2-6 метр хүртэл нүхэлж, арваннэгдүгээр сард тухална. Гадаа цасаар нүүр нүдгүй шуурч, жавар тачигнаж байсан ч тэдний зассан үүр тэг хэм орчим дулаантай өвөлждөг байна. Эм баавгай хээлээ долоон сар орчим тээж, 12-2 дугаар сар гэхэд хагас кг хүрэхгүй жинтэй өчүүхэн бамбарууш төрүүлдэг. Ихэвчлэн ихэрлэнэ. Заримдаа 3-4 бамбарууш мэндэлнэ. Тэдгээр нь дүлий, нүдээ нээгээгүй, амьдрах чадвар тааруу амьтад байдаг. Эх нь бамбаруушаа хөлдөөхгүйн тулд хоёр саврынхаа хооронд хавчин, амьсгаагаараа бүлээцүүлэн торниулна. 
Гурав, дөрөвдүгээр сард урь орж, тэсгим хүйтэн аажим аажмаар цаашлахад эмэгчин баавгай бамбаруушаа дагуулан далай, тэнгисийн эрэг рүү  хоол, тэжээл  хайн, зах хязгааргүйн зүгт нүүдэллэн одно. Ингэж явах нь бас эрсдэлтэй. Турь муутай, биеэ хамгаалах чадваргүй бамбаруушийг идэш хоолоо болгох өлсгөлөн амьтад хаа сайгүй отно. Тэднээс гадна шармаахай, хөгшин өтөгийн зууш болох тохиолдол ч цөөнгүй. Энэ үед тэдний аав маахай өнөө л сурсан зангаараа ганцаар амьдарч, бор ходоодоо подхийлгээд л хаа нэгтээ тэнэж явна. Бамбаруушнуудын жаран хувь нь эхний жилдээ үрэгддэг. Ихэнх нь өлбөрч үхнэ, нэлээд нь бусдын хоол болно. Цагаан баавгай бамбаруушаа ой хүртэл нь сүүгээрээ тэжээнэ. Удалгүй орооны цаг ирж, бамбаруушнууд аавтай болж, ойр орчмын хэвтэш эзэнтэй болно. Этэг, шармаахайнууд учирч, тэнгис, далайн эрэг орчмоор аялна. Төд удалгүй маахайнууд өнөөх л янзаараа алхалж одно. Мөс зайрмагтахын үед этэг, эвш, бамбаруушнууд  хэвтэшдээ эргэн ирж, далайн мориор тарга, хүчээ сэлбэнэ. Дараагийн хавраас бамбаруушнууд хамгаалагчгүйгээр ойр зуур явдаг болно. Ийнхүү явсаар эр бамбарууш эцгийн адил эхийгээ орхин хаа нэг зүгт тэмүүлэн одно. Эм нь тусдаа амьдрах ч эхийнхээ ойролцоо элдэв аюулыг эвшийнхээ хамт туулан хэн нэг маахайг хүлээсэн шиг амьдарна. Мөсөн туйлын баавгай ийнхүү 15–18 жил амьдардаг. Гэхдээ Лондоны амьтны хүрээлэнд хойд туйлаас авчирсан цагаан баавгай 42 насалсан тохиолдол бий.  
 Цагаан баавгайн ч гэлтгүй бүх баавгайн нүд махчин араатан гэхээргүй гунигтай, зөөлөн байдаг аж. Тэртусмаа маахайн нүд тийм гэж хэлэхийн аргагүй гуниглан, алсыг ширтдэг гэсэн. Магадгүй хорвоод ганцхан маахайд л байдаг гэмээр зожиг зангаа гээж чадахгүйдээ гэмшин, алган дээрээ амьсгалаараа бүлээцүүлэн эрхлүүлж байсан эхийнхээ хайрыг санаж үгүйлэн эгнэгт гуниглан алхдаг ч байж мэдэх юм. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
Нийтлэлчид