Улаанбаатар 1c

Б.Батцолмон: Шинэ суурьшлын бүс буруу төлөвлөгөөтэй төсөл

Агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, хүн амын нягтаршил ихэссэн энэ үед бид нийслэл хотоо тэлэх зайлшгүй шаардлагатай. Ийм ч учраас нийслэлийг тэлэх төр, захиргааны эхний бодлого бол шинэ суурьшлын бүс байгуулсан явдал байсан. Тодруулбал, Морингийн даваа, Улиастайн ам, Био-Сонгино, Авто худалдааны төв, Яармагийн спорт цогцолборын орчмыг шинэ суурьшлын бүс гэж заажээ. Уг нь төлөвлөгөөний дагуу энэ таван бүсэд орлогод нийцсэн орон сууц барьж, иргэдийг суурьшуулж нийслэлээ тэлэх зорилготой уг төслийг анх санаачилсан нь дамжиггүй. Иргэд ч үүнийг дэмжиж, шинэ суурьшлын бүс рүү шилжин очих цуваа бараг 2013 оноос хойш эхэлсэн. Гэтэл суурьшсан газарт цахилгаан, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг гээд хүн амьдрах орчин бүрдээгүйгээс болж  хотын төв рүү тэд буцаж  нүүсээр таван бүсэд дөнгөж 100 хүрэхгүй айл амьдарч байгаа юм. Аргагүй биз дээ, хотын төвөөс холгүйхэн амьдрах ч лааны гэрэлд өдөр хоногийг өнгөрөөж, хүүхдээ сургах сургууль, цэцэрлэггүй, ажлын байр байхгүй, нийтийн тээвэр очдоггүй хаягдсан газар хэн удаан амьдрах билээ дээ. Бид шинэ суурьшлын бүсийн ажлын талаар Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмонгоос тодрууллаа. 

-Шинэ суурьшлын таван бүсийн суурь судалгаа хэдийнэ гарчихсан. Одоог хүртэл эдгээр бүэд яагаад ямар ч ажил хийгээгүй юм бэ?  
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бол үе шаттайгаар хэрэгждэг ажил. Шинэ суурьшлын бүсийн ажил төслийн хэмжээнд байгаа. Төсөв мөнгө тавигдаагүй, хөрөнгө оруулалт байхгүй болохоор ажил хийгдэхгүй байгаа юм.
-2020 он гэхэд эхний ээлжийн орон сууц, сургууль, цэцэрлэг ашиглалтад орох ёстой юм билээ. Гэтэл уг бүсүүдийн нэг газарт нь л сургууль, цэцэрлэг баригдсанаас өөр бүтээн байгуулалт хийгдээгүй байсан. Тэгэхээр их, бага хэмжээгээр хөрөнгө төсөвлөгдөөд ажил нь эхэлсэн гэсэн үг биз дээ? 
-Бид бол төлөвлөлтийн хүмүүс. Тухайлбал, нийслэл хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх, чиг хандлагыг барьж явдаг байгууллага. Тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд заавал тусдаа нэгж байгууллага байгуулагддаг. 

Шинэ суурьшлын бүсийн төсөл дээр нэгж байгууллага байгууллагдаад хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нь үргэлжлүүлэх ёстой. 

-Хэзээ тэр үргэлжлүүлэх байгууллага нь байгуулагдаж суурьшлын бүсийн ажил эхлэх юм бол? 
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас асуугаарай.  
-Шинэ суурьшлын бүсэд иргэд очоод хэдийнэ суурьшчихжээ. Гэхдээ тэд цахилгаангүй, нийтийн тээвэр очдоггүй, сургууль, цэцэрлэггүй газар олон жил амьдарч байна?
-Хотын зөв төлөвлөлтийн тухайд бол ажлын байраа дагаж суурьшдаг байх нь зүйтэй. Нэг ёсондоо тэр хүмүүс тэнд очоод суурьшчихсан хойно ажлын байр бэлдэх, дэд бүтэц хөгжүүлэх нь зөв төлөвлөгөө биш юм. Хамгийн гол зөв төлөвлөгөө бол эхлээд дэд бүтэц, ажлын байр  бий болчихсон газар  иргэд очиж  суурьших  хэрэгтэй. Ингэж явах ёстой байсан ч бодлого нь алдагдсан төсөл гэж үзэж болох юм. Мөн иргэд нийслэлд хаана хашаа хатгах, суурьших боломж байна тэнд очоод буучихдаг. Буугаад амьдарч байхад нь Үндсэн хуулийн дагуу, хүний эрхийн амьдрах орчинг олгохын тулд газрын эрхийг өгчихдөг. Ийм байдлаас болж хотын төлөвлөгөө буруу болж хувирдаг. 

Эндээс харахаар шинэ суурьшлын бүс гэж хэн нэгэн ямар ч төлөвлөгөө, судалгаагүйгээр зарласныг сонсоод л нүүж очоод буучихсан иргэдийн буруу болж таарах нь. Төсөв, хөрөнгө нь хэрэв батлагдахгүй бол энэ төслийн эхэлсэн ажил болох хоёр ч сургууль, цэцэрлэгийн барилгын суурь царцаж, суурьшсан айлууд цахилгаангүй, нийтийн тээвэр очдоггүй, мартагдсан газар болж үлдэх бололтой. Манай улсад өмнөх даргын гаргасан, баталсан ажлыг үргэлжлүүлдэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй тогтолцоо хэдийнэ үүсчээ. Нэг шинэ дарга сонгогдоод л өмнөх ажил мартагддаг байдлын нэг жишээ шинэ суурьшлын бүс болж байгаа бололтой. Учир нь шинэ суурьшлын бүс байгуулах, нийслэл дэх төвлөрөлийг сааруулах энэ ажил эхэлж амжилгүй “Нүд аних” нь тодорхой болов бололтой. Шалтгаан нь ердөө л өмнөх даргын ажлыг үргэлжлүүлэх бодлого, сэтгэл дутагдсаных. Хэрвээ энэ төсөл буруу юм бол, цаашид үргэлжлэхгүй юм бол 2013 оноос хойш нутаг зааж “Шинэ сурьшлын бүс рүү нүү” хэмээн цахилгаангүй, нийтийн тээвэр очдоггүй, хүн амьдрах нөхцөл бүрдээгүй газар руу хэдэн арваар нь нүүлгэсний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид