Улаанбаатар 1c

Түгжрэлийг бууруулах хүүхдийн автобус үйлчилгээнд явж эхэллээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус” өнгөрсөн баасан гарагаас туршилтаар явж эхлэв. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуулийн II-V ангийн 3000 гаруй сурагчдад 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэх аж. Эхний өдөр учраас зарим автобус нэг ч зорчигчгүй сургуульдаа ирж байв. Харин зарим нь 20-30 хүүхэдтэй л сургуулийн гадаа зогсож харагдана. Энэ нь эцэг, эхчүүдэд сургуулийн автобус явж эхэлсэн тухай мэдээлэл бага хүрсэнтэй холбоотой бололтой. Өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос эхлэн сургуулийн автобусаар үйлчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн судалгааг нийслэлийн Боловсролын газраас гаргажээ. Ингэхдээ зөвхөн хувийн унаагаар сургуульдаа ирдэг хүүхдүүдийг уг судалгаанд бүртгэсэн гэнэ. Бид өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн 23,24 дүгээр сургуулийн автобусанд сууж, сурагчидтай хэсэг хугацаанд хамт явав.

12.50 цаг. Долоон буудал-23,24 дүгээр сургууль чиглэлийн автобус Долоон будлаас хөдөллөө. 23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Батдорж, 24 дүгээр сургуулийн 5а ангийн багш Б.Оюунсүрэн  нар хүүхдүүдийг хариуцаж явав. Энэ чиглэлээс хоёр автобус нэгэн зэрэг хөдөлж, эхний автобусанд 20 гаруй хүүхэд суусан бол бидний суусан автобусанд 13 хүүхэд суужээ. Гэхдээ зөвхөн тус хоёр  сургуулийн хүүхдүүд гэлтгүй энэ чиглэлээс явдаг V сургуулийн сурагчид ч уг автобусанд суув. Туршилтын журмаар явж эхэлж байгаа учраас автобус чиглэлийн дагуух буудал бүр дээр зогсож, зорчигчдоо суулгана. Үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр автобус маршрутын дагуу дөрвөн буудалд л зогсож хүүхдүүдээ суулгах болно гэдгийг багш нар ярив. Баяр баясгалан, инээд хөөр цацруулсаар хүүхдүүд автобусандаа сууж, аав, ээж нь хүүхдээ холын аялалд үдэж байгаа мэт “Болгоомжтой яваарай, энд, тэнд бууж болохгүй шүү, цүнхээ мартав аа” хэмээх үгсийг хэдэнтээ захив. Хүүхдүүд ч аялалд явж буй аятай баяр хөөр дүүрэн байгаа нь илт.
24 дүгээр сургуулийн 5а ангийн багш Б.Оюунсүрэн “Манай ангид Долоон буудлаас хувийн унаагаар ирдэг таван сурагч бий. Сурагчдын маань дөрөв нь хамар хашааны хүүхдүүд учраас аав, ээж нь орой автобуснаас ээлжээр тосох зохицуулалт хийсэн. Тухайлбал, өнөөдөр А.Мишээлтийн аав тосно. Өглөөний ээлжид энэ автобусанд 26 хүүхэд сууж ирсэн.Тэгэхээр хүүхэд хүргэж өгөхөөр 20 гаруй машин хотын төв рүү ороогүй гэсэн үг” хэмээн ярилаа. 
Өглөөний ээлжийн хичээл 12.30 цагт тардаг. Харин өдрийн ээлжийн хичээл 13.30-14.00 цагийн хооронд орж эхэлнэ. Өглөөний ээлжийн сурагчид хичээлээ тараад 30 минутаас нэг цаг орчим сургуулийн автобус хүлээх нь. Энэ хугацаанд анги удирдсан багш хүүхдүүдийг хариуцаж хичээлээс гадуурх сургалт, дугуйланд хамруулах үүрэгтэй аж.


 23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Батдорж “Долоон буудал чиглэлээс сууж ирэх хүүхэд олон байна. Ирэх долоо хоногоос эхэлж хүүхдүүдийн ойролцоох автобусны буудлуудыг багцлаад, дөрвөн удаа зогсдог болно. Хүүхдийн автобусанд жолоочоос гадна хүүхэд хариуцсан нэг хүнийг бэлтгээд, кондуктор шиг явах юм билээ. Хүүхдүүдийг автобусанд суух үед бид хариуцаад аваад ирнэ. Харин хичээл тараад хүүхдүүд гэрийнхээ автобусны буудал дээр буухад аав, ээж нь байхгүй байвал яах вэ гэдэгт асуудал үүснэ. Тэгэхээр аав, ээжийн хариуцлага улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Өвлийн цагт, эрт харанхуй болдог энэ үед аав, ээжүүд хариуцлагатай байж хүүхдүүдээ автобусны буудал дээр тосоод байж байх хэрэгтэй гэдгийг сануулж хэлье. Хүүхэд бүр чиптэй бөгөөд суух, буухдаа чипээ уншуулж аав, ээждээ мэдэгдэнэ. Аав, ээжийнх нь  утсанд таны хүүхэд буулаа, суулаа гэдэг мэдэгдэл ирэх юм билээ” гэв.
Зөвхөн бага ангийн сурагчид ч гэлтгүй дунд ангийнхан энэ автобусаар үйлчлүүлэх  боломжтой. Учир нь бага ангийн сурагчдын зарим эцэг, эх хүүхдээ заавал өөрөө аваачиж өгнө гэжээ. Ингэхээр зарим автобусанд хүүхэд цөөхөн суух магадлалтай болохоор дунд ангийн сурагчдыг автобусанд сууж болох зөвшөөрлийг сургуулийн захиргаанаас өгчээ.
Сурагчдын хамгийн бяцхан зорчигч 24 дүгээр сургуулийн 2з ангийн сурагч Н.Намуунцэцэг. Тэрбээр жижигхэн биендээ томдсон ягаан өнгийн цүнх үүрч, ижил өнгийн гадуур хувцсаар гангарчээ. Автобусны хойд хэсэгт торомгор алаг нүдэндээ нулимстай сууж явах нь түүнийг аав, ээжээс нь өөр хүн сургуульд хүргэж өгч байгаагүй,  айлын эрх танхил охин гэдгийг илтгэнэ. Тэрбээр “Аав намайг дандаа машинаараа хүргэж өгдөг байсан. Өнөөдөр ээж сургуулийн автобусанд суулгаж өглөө. Багштайгаа хамт буугаарай гэж захисан. Өмнө нь ганцаараа ингэж явж байгаагүй болохоор сонин санагдаж байна. Аав намайг хүргэж өгөх гэж ажлаасаа чөлөө авдаг байсан” хэмээн доголон нулимстай ярьсан.  
23 дугаар сургуулийн 3в ангийн сурагч Н.Анхбаярын ээж хүүтэйгээ хамт автобусанд сууж сургууль оров. Тэрбээр “Өнөөдөр машин гардаггүй учраас сургуулийн автобусанд суугаад ирлээ. Манайхтай адилхан хүүхдээ машинаар сургуульд нь хүргэж өгдөг олон аав, ээж байгаа байх. Олон хүний ажлыг хөнгөвчлөөд, мөн замын түгжрэлийг бууруулаад, хүүхдэд ээлтэй ийм ажил санаачилсанд баяртай байна. Уг нь намраас хойш санал асуулга авсан ч  хүүхдүүдийг өдрийн 5000 төгрөгийн үнэтэйгээр зөөнө гэсэн болохоор эцэг, эхчүүд зөвшөөрөхгүй удах шиг боллоо. Манай ажил Долоон буудалд байдаг, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх шаардлагатай учраас машин унаж хотын төв рүү ордог. Сургуулиас орой 18.00 цагийн үед гэр рүүгээ гардаг ч түгжрэл эхэлж 20.00 цагийн үед л гэртээ ирдэг. Одооноос эхлэн хүүхэд маань автобусандаа суугаад сургуульдаа очиж, гэртээ ирээд байвал машинд түгжрэх шаардлагагүй боллоо” гэлээ.
Бид түгжирч явсаар 13.45 минутад 23 дугаар  сургуулийн сурагчдыг буулгав. Хүүхдүүд хичээлээсээ 15 минут хоцорсон ч туршилтын эхний өдөр учраас хоцрох асуудлыг тооцоолж зохицуулсан гэдгийг нийгмийн ажилтан хэлсэн юм.
Захын дүүргүүдээс нийтийн тээврээр сургуульдаа ирдэг хүүхэд олон бий. Гэвч тэдгээр хүүхэд сургуулийн автобусанд суух судалгаанд хамрагдаагүй аж. Учир нь  авто замын түгжрэлийг бууруулах зорилготой уг автобусанд зөвхөн хувийн унаагаар сургуульдаа ирдэг хүүхдүүд суух ёстой гээд заачихсан юм. Өнөөдрийн тухайд зорчигчид цөөхөн учраас нийтийн тээврээр явдаг хүүхдүүд тус сургуулийн автобусаар үйлчлүүлсэн. Харин хүүхдүүд олноороо суугаад эхлэхээр хүүхдүүд автобусанд суух боломжгүй болох нь. Хэдий хүүхдийн автобус үйлчилгээнд нэвтрүүлж байгаа нь сайшаалтай ч дутагдалтай тал энэ үйлчилгээнд харагдлаа. Тодруулбал, автобусанд суух хүүхдийн тоо одоо хүртэл тодорхойгүй, эцэг, эхчүүд мэдээгүй, явах чиглэлийн маршрут гарсан ч хүүхэд суухгүй гээд олон зүйл ажиглагдав. Мөн сургуулиа тарсан хүүхдүүд гэр рүүгээ автобусаар явах нь цөөхөн байв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид