Улаанбаатар 1c

Эдийн засаг оны эхний есөн сард 6.3 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 15-нд буюу өнгөрсөн баасан гарагт энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.

 

Нэг өрхийн сарын дундаж  орлого 7.9 хувиар өсжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 хувь буюу 189.2 мянган төгрөгөөр өсжээ. 

437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгов

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний арван сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (18.4 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. 
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний арван сард 437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 234.4 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний арван сард 57.7 мянган хүн хамрагдсаны 68.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.4 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 97.5 мянган хүн хамрагдсаны 60 хувь нь асаргааны тэтгэмжид, 39 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 59.5 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Төсвийн орлогын 81.5 хувийг татвар, 8.5 хувийг татварын бус орлого, 9.2 хувийг ирээдүйн өв сан, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого  эзэлж байна. Харин зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.3  тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд урсгал зардал 697.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 517.0 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.  

Зэсийн экспорт буурчээ

Монгол Улс энэ оны эхний арван сард дэлхийн 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум, импорт 5.1 тэрбум ам.долларт хүрчээ. Харин экспорт 582.6, импорт 465.7 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 23.6 сая ам.доллараар өсөж, импорт 41.8 сая ам.доллараар буурсан байна. Нүүрсний экспорт үнийн дүнгээр 2.75 тэрбум ам.доллартай тэнцэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2 хувиар нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалын экспорт жингээр нийт 1.17 сая тонн, мөнгөн дүнгээр 1.54 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 2.5, үнийн дүнгээр 7.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Цэвэр зэсийн хувьд экспортын хэмжээ мөн хугацаанд 8.6 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 49.8 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 21.8, үнийн дүнгээр 29.8 хувиар тус тус буурчээ.

Эдийн засаг энэ оны эхний есөн сард 6.3 хувиар өсжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804 тэрбум төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368 тэрбум төгрөг буюу 6.9, аж үйлдвэр, барилгын салбарынх 242.8 тэрбум төгрөг буюу зургаан хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. 
Mөнгөний нийлүүлэлт энэ оны аравдугаар сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр өссөн байна.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний аравдугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөнийг ҮСХ-ноос танилцууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид