Улаанбаатар 1c

Ирээдүйн дэлхийн аваргын хөлс Хужирбуланд урсаж байна

Цастай, бороотой ямар ч үед зорилгынхоо төлөө зогсолтгүй хичээдэг олон хүн бий. Урсгасан хөлс, хичээсэн хөдөлмөр бүрийнхээ хэрээр амжилттай явдаг хүмүүс бол тамирчид. Тамирчин хүний замнал бага наснаас эхэлдэг. Манай сонин ирээдүйн тив, дэлхийн аварга болохоор зорьж буй  бяцхан тамирчдыг онцлохоор “Монголын гэрэлт ирээдүй” спортын булангаа нээж байна. Бид нийслэлийн Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах “Гаруда” жүдо, жюү жицү бөхийн клубийг зорьж, эхний сурвалжилгаа бэлтгэлээ.
Хүрэн өнгөтэй хүнсний дэлгүүрийн дээд давхарт хоёр багш, 23 бяцхан тамирчин  бэлтгэлээ эхлэхээр зэхэж байв.  Хүсэл, сонирхол, мөрөөдөл гээд бүгдийг нь тэд сэтгэлдээ багтаагаад зааландаа иржээ.

Цас намуухан хаялж, үзэгдэх орчин 100 метрээр хязгаарлагдан, түүнээс цааших нь харагдахгүй болсон ч “Гаруда” клубийн бяцхан тамирчид 14.00 цагт бэлтгэлдээ бүгд ирсэн байв. “Багшаа сайхан амарсан уу” гэсээр тэд инээмсэглэл цацруулсаар бие биентэйгээ хөөрөлдөнө. Гутлаа тайлж, бэлтгэлийн хувцсаа сольж өмсөөд, савтай усаа цонхны тавцан дээр эгнүүлэн тавиад, заалаа арван удаа тойрон гүйж, бие халаалтаа эхлэв. “Гаруда” жүдо, жюү жицү бөхийн клуб өнгөрсөн есдүгээр сарын 2-ноос Хужирбуланд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус клубийн төв салбар нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ойролцоо үйл ажиллагаа  явуулаад олон жил болж буй. Энэ жилээс гэр хорооллын хүүхдүүдэд ойртож, Монголын ирээдүйн тамирчдыг бэлтгэхийн төлөө зогсолтгүй зүтгэхээр шийдсэн нь энэ. Анх клубээ нээгээд гурван бяцхан тамирчинтай нэг сар орчим болсон ч багш нь цөөн гэж гололгүй бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй явуулсаар өдгөө 25 хүүхэдтэй болсон аж. Одоо тэдний дугуйланд хамрагдах сонирхолтой хүүхэд өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Багш нь бэлтгэлээ таслахгүй, шантрахгүй зүтгэж чадах уу гэсэн шалгуураар хүүхдүүдээ элсүүлдэг байна.  Хөлс үнэртсэн энэ танхимд хүүхдүүд долоо хоногийн таван өдөр ядрахаа мэдэхгүй бэлтгэл хийнэ. 

Н.Анхтуяа: Би Сумъяа эгч шиг дэлхийн аварга болох мөрөөдөлтэй

“Гаруда” клубийг анх нээсэн цагаас өнөөг хүртэл явж байгаа гурван тамирчны нэг бол Н.Анхтуяа охин. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 2а ангид сурдаг. Гэрийнх нь ойролцоо өөрийнх нь сонирхдог жүдо бөхийн дугуйлан хичээллэх болсонд туйлын баяртай байгаагаа бидэнд хэлсэн юм. Н.Анхтуяа “Манай аав жүдо бөхийн тамирчин. Гэрийн хажууд дугуйлан хичээллэхийг аав мэдээд, намайг бүртгүүлсэн. Би жүдо бөхөөр хичээллээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Бэлтгэлдээ ирэх маш дуртай. Нэг удаа миний хоолой өвдөөд, дөрөв хоног бэлтгэлдээ ирж чадаагүй. Тэр үед надад хэцүү байсан. Би Д.Сумьяа эгч шиг дэлхийн аварга болох мөрөөдөлтэй” хэмээн хэвлүүхэн ярих шар охин хэний ч хайрыг татам. Долоохон настай мөртлөө харахад намбалаг, хичээнгүй зантай түүнийг найзууд нь ихэд хүндэлдэг бололтой. Бэлтгэлээ таслалгүй явдаг ганц эмэгтэй тамирчин нь болоод ч тэр үү, хүүхдүүд бүгд л түүнтэй мэхээ давтахыг эрмэлздэг нь илт. Бэлтгэлдээ түрүүлж ирээд, заалныхаа үүдэнд багш нараа, найзуудаа ирэхийг хүлээн зогсдог энэ охиныг аав нь хамгийн ихээр дэмждэг нь урамтай байдаг хэмээн багш нь ярив. 6-15 насны хүүхдүүд хамрагддаг  тус дугуйлан 20 эрэгтэй, гурван эмэгтэй “тамирчин”-тай. Голдуу 6-8 насны буюу I-III ангийн сурагчид.  Тус клубт өнөөдөр бидэнтэй хамт Б.Хорчи хүү шинээр ирэв. Зургаан настай Б.Хорчи хүүг үеийнх нь найзууд ихэд сонирхоно. “Чи хаанаас ирсэн бэ, аль сургуульд сурдаг юм, бөх барилдаж чадах уу” хэмээн нэг бүрчлэн ээлжлэн асуусаар тэд бэлтгэлээ эхэлцгээв.

Зогсолтгүй дасгал сургуулилт хийх бяцхан тамирчдын өнөөдрийн хөлс маргааш тэднийг дэлхийн дэвжээнд хүргэнэ гэдэгт итгэж байна. 

Тэд өдөрт гар дээрх суниалтыг нэг удаадаа 40 хийж, үүнийгээ таван удаа давтдаг гэнэ. Мөн олстой дасгалыг 20 удаа гэх мэтээр олон төрлийн дасгал хийсээр хоёр цагийн бэлтгэл нь нүд ирмэхийн зуурт дуусчихдаг гэнэ. Хүүхдүүд хоорондоо барилдах 30 минут л үлддэг нь чамлалттай санагдаж байгаа нь үйл хөдлөлөөс нь харагдана.  Багш Д.Гантүлхүүр гараасаа секундтэй цаг, хаймран улаан бөмбөг хоёрыг үл салгана. Учир нь секундтэй цагаар хүүхдүүдийн дасгалаа хийх цагийг нь хэмждэг. Тухайлбал, нэг дасгалын үргэлжлэх хугацаа хоёр минут. Улаан бөмбөгөөр нь сахилгагүй “тамирчид”-даа “Таван салаа боов”-ны амт мэдрүүлдэг бололтой. Гэхдээ тэр бөмбөгний цохилт хүүхдүүдэд нь өвдөлт биш, сэргэлт өгдөг шиг санагдсан. “Багшаа би шийтгүүлмээр байна” гэж дуугарах ч хүүхэд байв. Ажлын өдрүүдээр үдээс өмнө, хойно гэж хүүхдүүдийнхээ хичээлийн цагт тохируулан бэлтгэлээ хийдэг тус клубийнхэн амралтын хоёр өдөр ийн халуун ам бүлээрээ цугладаг. “Багшаа би” гэсэн хэрсүү охид, хөвгүүд Монголын ирээдүй, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах ирээдүйн тамирчид. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь цаанаа л нэг хайр татам зургаан настай бөхчүүд дугуйлангаа улам бүр чимж, гэрэл цацруулах шиг. 

Д.Гантүлхүүр: Хүүхдүүд “Багш намайг муу болохоор барилдуулахгүй байна” гэж андуурдаг

Түмний олон хүүхдээс өр нэхэлгүйгээр чимээгүйхэн атлаа шантралгүй зүтгэдэг хүнийг багш гэдэг. Нэг хүүхдийн сургалтын сарын төлбөр 40 мянган төгрөг. Сарын 22 өдөр хүүхдүүдтэй хамт байж 44 цагийг бэлтгэлийн танхимд өнгөрөөдөг жүдо, жюү жицү бөхийн дасгалжуулагч спортын мастер Д.Гантүлхүүртэй цөөн хором ярилцлаа.

-Анх яагаад энд багшлахаар болсон бэ? 
-“Гаруда” клубийн үүсгэн байгуулагч ОУХМ О.Болд-Эрдэнэ багш над руу нэг өдөр утсаар залгаад “Манай клуб танай гэрийн ойролцоо үйл ажиллагаа явуулах гэж байна. Чи ажиллах уу” гэж санал тавьсан. Намайг үнэлж, итгэж, багшлах санал тавьсан болохоор би дуртай хүлээж авсан. Манай тамирчид цагаан цаас л гэсэн үг. Жүдо, жюү жицү бөхийн анхны мэдэгдэхүүнгүй, зөвхөн бөхөд сонирхолтой л хүүхдүүд орж ирсэн учраас би тамирчдынхаа суурийг зөв тавихсан гэж хичээж явна. Анхнаас нь бэлтгэл даах чадварт сургачих юм бол барилдах нь цаг хугацааны асуудал. Хүүхдүүд, тэр дундаа зургаан настай тамирчид барилдах гэж их яардаг. Жаахан болохоор “Та нар барилдах болоогүй” гэхээр сайн ойлгохгүй. “Багш намайг муу болохоор барилдуулахгүй байна” гэж андуурч гомдох тохиолдол олон. 
-Хүүхдүүдийг эцэг, эх нь хэр дэмждэг вэ? 
-Хүүхдээ дэмждэг эцэг, эхчүүд андашгүй. Тухайлбал, бэлтгэлийн цагаас нь хоцрохгүй хүргэж өгөх, таслуулахгүй байх, зориулалтын хувцас авч өгөх гэх мэт олон зүйл ажиглагддаг.  Манай клубт хүүхэд нь явдаг эцэг, эхчүүд биднийг сайн дэмждэг. Гэр хорооллын гудамжинд хотын төвийн дугуйлангийн төлөвлөгөөгөөр хүүхдүүдэд бэлтгэл сургуулилалт хийх боломж олдсонд ч бас баяртай байгаа. 

-Хүүхдүүдээ хэзээ тэмцээнд оролцохуулахаар төлөвлөж байна вэ?
-2020 оны нэгдүгээр сард жүдо, жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Манай Хужирбулан дахь клуб улсын аваргад 4-5 тамирчинтай оролцоно. Хүүхдүүд маань одоохондоо жаахан, дээрээс нь спортоо сайн мэдэхгүй байгаа болохоор  бүгдийг нь тэмцээнд оруулах боломжгүй. Зургаан настай балчир хүүхдүүд тэмцээнд орох арай болоогүй. Харин эцэг, эхчүүд хүүхдээ тэмцээнд хурдан оруулах сонирхолтой байдаг. 
Хоёр цаг орчим гүйж, харайж, багшийнхаа заасан мэхийг хэдэн зуун удаа давтсан хүүхдүүдийн бэлтгэл 16.00 цагтай уралдаж дуусав. “Бэлтгэл дууслаа, жагсаад” гэсэн багшийн үгээр тэд бүгд номхон зогсон багшдаа “Баярлалаа” хэмээн мэхийн ёслов. Үүний дараа найзууддаа “Баярлалаа” гээд баяр хөөртэйгөөр гараа барилцаж харагдана. 
Зогсолтгүй дасгал сургуулилалт хийх бяцхан тамирчдын өнөөдрийн хөлс маргааш тэднийг дэлхийн дэвжээнд хүргэнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын ирээдүйн дэлхийн аваргын хөлс Хужирбуланд цагтай уралдан урссаар.Монголын ирээдүй гэрэлтэй байна. Бэлтгэлийн  танхимынхаа хойморт улсынхаа далбааг мандуулсан бяцхан хүүхдүүд, хэзээ нэгэн цагт олимпийн дэвжээнд Монгол Улсын далбааг мандуулах нь тодорхой биз ээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид