Улаанбаатар 1c

Цайран гэрэлтэгч тэнгэрийн заадас

Нууцлаг ч агуу ихийн амбийцтай, төсөөлөлд ургамгүй донжтой, хүсэл өдөөсөн хэмнэлтэй, хүлээснээс алдуурсан мэт дүүлэгч. Тэгэхдээ өөрөө гялалзаж тодрохыг хүсэгч биш. Бусдыг од болгон гэрэлтүүлээд өөрөө тэнгэрийн заадас мэт тэртээ алсаас зам татуулан цайрагч аж. Монголын хөгжмийн урсгалыг дэлхий гэх тэнгист цутгалтай болгож “язгуурын соёл” гэгчтэй хүн төрөлхтнийг танилцуулав. Өнөөх зах нь үл үзэгдэгч цэнхэр нүдэн далайнхаа яг төвд нь “Монгол” гэх зургаан үсэгтэй тайз засаад хэн бүхэн тухлан автах боломжтой “THE HU” гэх цоо шинэ ритм, хөг эгшиг, өнгө төрх, дуу хоолойг гаргаад ирэв. Энэ бол хөдөлмөр, ур ухаан, амбийц, өөр байх гэсэн хүсэл, Дашдондог гэх ондоошил. Түүний тухай яръя гэвэл Хүннү рокийн талаар нэлээд нухацтай ном хаялцах хэрэгтэй болно. Түүний тухай хөөрөлдье гэвэл “The Hu”-гийн талаар дэлгэрэнгүй танилцуулах шаардлага үүснэ. Тэгэхээр Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог гэж хэн бэ гэдгээс бичвэрээ эхлэхийн тулд тэр хэн байв, юу дуулав гэдгийг судлах юм. Түүний амилуулсан бүхнийг сонсдог нэлээд эртний шүтэн бишрэгч, аялгуунд нь автагч байх хэрэгтэй билээ.  

Дашка дуулах гэж хэзээ ч хэлбэр хөөцөлдсөнгүй, маяг эрдэггүй. Тэр бол жинхэнэ мэдрэмжээр дамжуулж үг, аялгуу хоёрыг сүлдэг дуучин. “Хашгирвал хэн бүхэн намайг сонсоно” гэж аль ч цагт бодсонгүй, ухаалаг. Хаана л бол хаана дуулъя гэж хайртай урлагаа халаасандаа багтаагаагүй, эрхэмсэг. Түүний донж, хэв маяг, зарчмыг монголчууд магадгүй өнөөдөр л анзаарч байж болох. Яагаад гэж үү, түүний олон намар, олон хавар оюун санаа, бодол сэтгэл, зүрх тархиндаа  бойжуулсан хөвгүүд нь 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу өвлийн сарын шинийн нэгэн, Их Эзэн хаан мэндэлсний өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис Хаан одонгоор шагнуулах нь ээ. Ийм нэгэн баярт мэдээг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дуудан танилцууллаа. Өнгөрсөн жил эзнээ “олоогүй” энэ шагналыг 2019 онд эзэнтэй болгож байгаагийн учрыг бид олон тайлбаргүйгээр ойлгож буй. Нөгөө утгаараа төрийн дээд одон шагнал нүдээ олдог болж байгаагийн илрэл болов уу. Монголын хөгжмийн ертөнцийнхөн баяртай байна. Энэ бол “The Hu”-ийн баяр мөн ч Монголын рок попийн урсгалд арван жил дуншиж төрүүлсэн, өсгөж, бойжуулсан продюсер Монгол Улсын гавъяат жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дашдондогийн баяр. 

ТҮҮХЭЭС ТҮҮХ ХӨВӨРДӨГЧ    

“Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Охин”, “Санаж байна уу” зэрэг Б.Дашдондогийн бярыг харуулсан, дотоод хүчийг мэдрүүлсэн цаг хугацааны шалгуурт тунасан дуунуудыг сонсогчид нь андахгүй. Өнөөгийн гучин настнуудыг хөгжим ойлгох дөртэй болсон арван хэдтэй балчирхан байхад яг л өнөөдрийн эгэл даруухан Дашка өнөөх л тайван, зөөлөн, хөг эгшиглэнт хоолойгоор дуугаа амьдруулсаар байсыг тодхон санах нэгээхэн төлөөлөл нь би хэмээн бардамхан хэлж чадах сонсогч нь гэдгээрээ бахархана. Түүнийг хэн бэ гэдгийг мэдэхийн тулд хэзээ нэгэн цагт ярилцана гэхээсээ урьтаж өөрийн туулсан замналынхаа бага сагахан дурдатгалаа дэлгэсэн ярилцлагуудыг нь унших нь зүйтэй санагддаг. Цаг хатуу байхад орон байраа зарчихаад “Монголын хөгжмийн ертөнцөд “Дашка” гэх хөгжмийн студи нээчихээд түүгээрээ уран бүтээлчдийг “эрхлүүлнэ”. Тэгж байж л урлагийнхан дуртай үедээ цомог гаргах эрх чөлөөтэй болно” хэмээн зүтгэжээ. Тэр ийм л халуун сэтгэлтэн. Бусдын эрх ашиг, сайн сайхан, бүтээл туурвилын төлөө асч, шатаж чаддаг нь түүний гол донж. Дашкагийн төрөлх мөн чанараасаа урваж байгаагүй имиж. Ингэж асан дүрэлзэж байхдаа тэрбээр өөрөө ч мэдэлгүй өөрийгөө тодруулан, томруулж байв. Б.Дашдондогийг түүхээс түүх хөвөрдөгч юм байна, хэмээн боддог. Учир нь арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Хүннү рок урсгал гэдгийг тэрбээр унтаж босч ирээд бодоод олчихоогүй. Бодож бясалгаснаас гадна хэдэн зууны тэртээх түүхээ сөхжээ. Тодруулбал, Хүннү рок урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, өнгө хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийн загвар, загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэргийг төгс бүтээв. Ингэхдээ хамтлагийн ахлагчаар Галбадрахыг сонгожээ. Тэрбээр аянга морин хуур, хархираа хөөмийлэх бол Нямжанцан төмөр хуур, цуур хөөмий, Энхсайхан гал морин хуур, хөөмий, Тэмүүлэн товшуур, Одбаяр бөмбөр, Жамбалдорж соло гитар, Батхүү басс гитар, Өнөмөнх хэнгэрэг дэлдэх үүрэгтэй байхаар боджээ. Б.Дашдондогийн “хүүхдүүд”-ийг хараад монголчууд ч гайхан цочив. Бидний өв соёл ийм тансаг, гайхмаар охь ундаргатай байсныг, бид өөрсдөө ч эхэндээ хараад “таньсангүй”. Жишээлбэл, “The Hu”-ийн “Гэрэг” дуугаар монголчууд бол дэлхийн хамгийн анхны дипломат паспорт гээчийг бий болгосон гэдгийг тунхаглав. Мөн монголчууд дэлхийн анхны өртөө улаа, худалдаа арилжаа, цаасан мөнгө, хууль ёс, төрт улс, сүлд туг бий болгосон гэдгийг магтан дуулснаараа тэд шинэ байв. Тэрбээр дан ганц “The Hu”-д зориулж өнгөрсөн зууныхаа түүхийг судалсангүй. Залуус, орчин үеийн хүүхдүүдийн нүдийг нээхийг тэрбээр хүссэн байдаг. Тийм л болохоор үндэсний хувцас, хөгжим, зэвсэг, аялгуу, үг хэлээр ондоошихын давуу талыг “The Hu”-гээр дамжуулан ойлгуулав. Ингэж өөрсдийн давуу талаа дэлхийд харуулж Хүннү рок урсгалыг төлөвшүүлнэ гэдгийг тэрбээр бодож олжээ. Хоёрдугаарт, гитараас хүртэл монгол хөг үүсгэсэн нь Дашкагийн ухаан байлаа. Монголдоо “Байдаг л зүйл” болчихсон байсан язгуур урлагийг дэлхийд цоо шинэ үзэгдэл болгож гаргаж ирэв. Ийм бодлыг Дашка гучин жил хөгжмийн ертөнцөд амьдарч байхдаа бодсоор л явсан болов уу. Өөрөөр хэлбэл, 2009 оноос бус түүний урлагт холбогдсон он цагаас өнөөгийн амбийц нь эхтэй ч байж мэднэ. Тэр он жилүүдийг нь тоолбол, 1979 он. Энэ үеэс л зурагт засварын мэргэжлээ орхиод хөгжимд дурласан байдаг. Гэхдээ Б.Дашдондог 1982 онд “Сүүн цагаан хурим” дууг анх тайзан дээр дуулсан нь олны танил болох замыг нь заасан байдаг. Түүнийг би “Урлаг мөнгө болж халаасанд багтах ёсгүй” гэх хувирашгүй бодолтойд нь итгэдэг. Учир нь “Сүүн цагаан хурим” дууг өдгөө хэчнээн дуучин дуулав. Хуримын сүлд дуу болтлоо түгсэн энэ дуугаар л гэхэд хэчнээн уран бүтээлч амьдарч байна вэ. Гэтэл өнөөх Б.Дашдондог байдаггүй ээ. Тэрбээр мөн  “Хилчин”, “Хөх тэнгэр” хамтлагт цахилгаан хөгжим гэгчээр гайхагдталаа тоглож эргэлт буцалтгүй өөрийн тойргоо томруулан гэгээ татуулсаар байж. Ингэж дуугаар жигүүрлэж явахдаа “Сонор” студийг үүсгэн байгуулцсан түүх түүнийх. Өнөөх алдарт орон гэрээ, тавилгатай нь зарчихаад “Нэг л гоё юм хиймээр байна” хэмээн дүүлж явсны үр шим нь “Дашка” студи байсан. Ингээд залуусын авьяасыг нээх түлхүүр олж түүнээ “Nature sound” хэмээн нэрлэжээ. Түүний хобби нь мэдлэг, түүхийн архив болсон буурал эрдэмтэдтэй элдвийг ярилцах юм гэсэн. Энэ тухайгаа тэрбээр “Ухаант мэргэдийн хажууд амьдрахад ямар богино хорвоо вэ, увайгүй мунхагуудын хажууд амьдрахад яасан урт хорвоо вэ” хэмээн илэрхийлсэн. Юутай үнэний голыг онов хэмээн бодож сууна. “Ухаантай хүмүүсийн дэргэд байна гэдэг бол хэн бүхэнд олдох завшаан биш. Би тийм хүмүүсийн дэргэд байсандаа маш их баярладаг. Тэд намайг асар их цэнэглэсэн. Хажууд нь яриаг нь сонсоод суухад л цэнэг авдаг. Ухаант мэргэдээ хүндэл, өөрсдөө ухаантай болох гэж битгий жүжиглэцгээ. Хүн бүр фейсбүүктээ зүйр цэцэн үг бичдэг болж. Ухаантнуудынхаа л үгийг сонсч бай. Ярьж байгаа яриаг нь сонсоод сууж байхад гоё, цаанаасаа их нандин юм ярьдаг” гэж тэрбээр өнөөх хоббигоо бататгана билээ. Б.Дашдондог гэж эрхэм хүмүүн Монголын урлагт энэ цаг үед амьдарч байгаа нь том олз. Түүний том амьдарч, уужуухан сэтгэж, ултай бодосны гарцаагүй нөхцөл нь Хүннү рок байв. Тэнгэрийн заадас мэт алсад цайран гэрэлтсэний нэгэн төгс шалтгаан “The Hu” байжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид