Улаанбаатар 1c

О.Баасанхүү: Нам төвтэй тогтолцоо дахиад бий болчихлоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн парламент баталлаа. Та хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үед санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэж, чуулганы танхимыг орхин гарсан. Шалтгаан нь юу байв?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2015 онд боловсруулахад миний бие анхны санаачлагчдын нэг байсан. Энэ удаагийн парламентад мөн адил байлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр хэлэлцүүлэг явсны дараа Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингэхдээ Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзсэн юм. Миний бие ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг бүх ард түмнээсээ асуух шаардлагатай гэх саналтай байв. Өнгөрсөн сонгуулиар МАН нийт сонгуулийн насны иргэдийн 42, АН 37, МАХН 14 хувийн санал авсан. Энэ удаагийн парламентад нийт ард түмний 90 хувийн төлөөлөл болох гурван намын гишүүд зөвшилцөл хийж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэх ёстой гэх байр суурьтай байсан. Харамсалтай нь, зөвшилцөөгүй. Ардчилсан нам ч жижиг асуудал ярих юм. Тэд өөрсдөө зөвшилцлөө гэж бодож байтал эрх баригчид хэлснээсээ буцсан. Үндсэндээ нийт ард түмний 42 хувийн саналаар сонгогдсон МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. 
-Та хуульч хүний хувьд Үндсэн хуульд хэр зөв зохистой нэмэлт, өөрчлөлтүүд орсон гэж харж байна вэ. Үндсэн хуулийн 19 зүйл 36 заалтыг өөрчиллөө шүү дээ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагчдын нэг учраас би муу болсон гэж шүүмжлэхгүй. Яагаад гэвэл, би дэмжсэн өөрийн хувь нэмрээ оруулсан учраас ингэж хэлж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл анх өргөн барьсан хэлбэрээсээ хэлэлцүүлгийн шатанд нэлээд өөрчлөгдсөн. Тэр үед нь алдаа дутагдлыг нь засах чиглэлд миний бие нэлээд ажилласан. 
-Тухайлбал, ямар хуудуутай заалтууд байсан бэ?
-Улс төрийн нам салбартай байх заалт байсныг бодлогын, салбарын гэж хоёр хуваая гэж өөрчилсөн. Тийм учраас бодлого хэрэгжүүлдэг намыг улс төрийн гэж нэрлэе гэсэн заалт засаж, оруулж байлаа. Энэ утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 80 хувь сайн болсон. Үлдсэн 20 хувь тааруу, ингэхдээ Монгол Улсын эрх ашигт гай авчрах заалтууд орчихлоо. Байгалийн баялгийн тухай хуульчилсан. Газрын дор алт, мөнгө, эрдэс баялаг бий. Түүнийг гаргаж ирвэл баялаг болдог. Газрын дор байгааг шууд баялаг гэж хэлэхэд хэцүү. Нэгэнт газрын дор байгаа баялгийг өөрсдөө эсвэл хөрөнгө оруулалтаар гаргана. Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй гэхээр өөрсдөө олборлож гаргаж ирэхэд хүндрэлтэй. Тэгэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж таарна. Гэтэл манайд хэн хөрөнгө оруулсан нь хамаагүй ашгийг нь нийтээрээ хувааж авах ёстой гээд Үндсэн хуульд тусгачихлаа. Энэ асуудал дагуулах байх.    

Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, кабинетаа өөрөө бүрдүүлэхээр хуульчиллаа. Энэ нь нам төвтэй төрийн тогтолцоог бий болгож байна. Намын дарга өөрийн үзэмжээр сайд нараа томилно.

-Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж, хүчтэй Ерөнхий сайдтай байхаар хуульчилж өглөө. Нөгөө талдаа засаглалын хямрал дагуулахгүй юу?
-Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, кабинетаа өөрөө бүрдүүлэхээр хуульчиллаа. Энэ нь нам төвтэй төрийн тогтолцоогбий болгож байна. Намын дарга өөрийн үзэмжээр сайд нараа томилно. Парламентад намуудын төлөөлөл байх ч ялсан намын дарга УИХ-аас хамаарахгүйгээр сайд нараа томилж байгаад асуудал байна. Хариуцлага, хяналт алдагдах нь ээ. Жишээ нь, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаад одон медаль авсан гээд нэг сайд ярьж байна. Хэрэв Ерөнхий сайд ийм зүйл ярьсан бол 19 гишүүн гарын үсэг цуглуулаад огцруулах асуудлыг хөндөж болно. Харин аль нэг салбарын сайдыг огцруулах ямар ч эрх зүйн үндэс УИХ-д байхгүй. Зөвхөн кабинетынх нь тэргүүн чөлөөлөх эрхтэй болж байна. Энэ бол буцаад социализм рүүгээ явж байгаагийн тод жишээ. Энэ Засгийн газрын Шадар сайд Хятадуудтай гэрээ хэлцэл яриад 30 хоног визгүй зорчуулах асуудал ярьж байна. Үүнийгээ болиоч ээ гэхэд, янз бүрийн зүйл ярьж байх жишээтэй. Хэрэв энэ ажил хэрэг болбол яах вэ. Маш ноцтой асуудал. Хэн томилох нь хамаагүй, хэн хариуцлага тооцож, үүрүүлэх вэ гэдэг зохицуулалт орхигдсонд л асуудлын учиг байна. 
-УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт байсан. Та үүнийг дэмжиж байсан гишүүдийн нэг байх аа?
-Хариуцлага тооцох нь өөр байсан юм. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд парламент хариуцлага тооцох зохицуулалт байсан. Одоо парламент сайд нарыг чөлөөлдөггүй. Өмнө нь ийм байсан ч тухайн үеийн Цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүнд Ланд крузейр машин өгөөд сайдыг УИХ чөлөөлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг шийдвэр гаргуулчихсан. 
-Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэн шүү дээ?
-Тэр хүн өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ дагуу л УИХ хэлэлцсэн юм. Я.Содбаатарын хувьд ч мөн адил. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн сайдад хариуцлага хүлээлгэх заалт байгаагүй гэсэн үг. Одоогийн өөрчлөлтөөр сайд хүсэлтээ өгсөн, өгөөгүй УИХ хэлэлцэх эрх зүйн чадамжгүй боллоо. Зөвхөн Засгийн газрын тэргүүн асуудлыг шийдэхээр хуульчилсанд алдаа байна. Бид 3.2 сая хүн амтай. Улстөрчид нь 30 жил төрд суусан нөгөө л хэдэн хүн байгаа. Өөрсдөө мөнгөтэй, хууль хүчний сүлжээтэй, олон нийтэд хоногшсон намтай энэ хүмүүсийг ард түмний хяналтад байлгах ёстой. Тэр ард түмний төлөөлөл нь УИХ-ын гишүүд юм. Хуулийг Засгийн газар хэрэгжүүлж, УИХ хяналт тавьдаг. Гэтэл энэ байдал алдагдлаа. 1990 онд бид нам төвтэй төрийн тогтолцоог халъя гэж ярьж байсан бол одоо намын Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай гэхээр нөхцөл байдал бий боллоо. Ингээд бид коммунизм руугаа эргээд орж байна. 
-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгож байх заалт оруулсан. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээс бусад заалт нь хэр оновчтой болсон бэ? 
-Шүүх эрх мэдэл, нутгийн удирдах ёсны заалтуудад ахиц дэвшил гарсан. Бүгд муу болоогүй. Харин Ерөнхийлөгчтэй холбоотой заалт бол цэвэр Халтмаагийн Баттулга гэдэг хүний захиалга байсан. Манай зарим төрийн өндөрлөг огцорвол шорон хүлээж байгаа гэдгийг шулуухан хэлчихье. Өөрсдийнх нь хэлдгээр хонгил, ард түмний хэллэгээр хууль үйлчилнэ гэсэн үг. Тиймээс албан тушаалаас буухгүйн тулд янз бүрийн өөрчлөлт оруулж, тогтолцоог өөрчилнө гэж яриад сууж байна. 
-Эрдэнэтийг хот болгохыг хуульчилж өглөө. Ямар үр дүн гарах вэ?
-Хот болох эсэх нь Эрдэнэтчүүдэд төдийлөн сонин биш. Тэд гурван зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт, өөрсдөө эрсдэлийн сангийн төсөвтэй болъё, хоёрдугаарт, Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдсан хот учраас хүнээ хөдөөлүүлэх газаргүй болчихоод байгаа юм. Тиймээс хотын хэрэгцээнд газар авах шаардлага бий учраас ийм статус хэрэгтэй. Гуравдугаарт, өөрсдөө хотын захирагчаа сонгодог байх. Ийм байдал бий болгохын тулд Үндсэн хуульд “хот” гэдэг заалт оруулж өгч байгаа юм. Одоо олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж хотын статустай болно. Түүнээс хот гэж цаасан дээр бичээд ямар ч нэмэргүй. 
-Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байна лээ. Асуудлыг эхлээд Цэцээр хэлэлцэх нь зөв үү?
-Томилсон байгууллага нь УИХ учраас эгүүлэн татах эрх нь ч бий. Харамсалтай нь, Г.Занданшатар гэдэг хүн өмгөөлөөд байгаа. Д.Одбаяр УИХ-ын гишүүн М.Билэгтийн худ. Баянхонгорынхон Одбаяраа өмөөрч, өмгөөлөөд байгаа нь олон зүйлээс харагдсан. Хуульч хүн асар том хуулийн зөрчил гаргачихлаа шүү дээ. Дэлхий дахинд 2002 онд Агаарын аюулгүй байдлын тухай хууль баталсан юм. Энэ хуулиар агаарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулбал өндөр ялтай байхаар тусгасан. Үүгээр Д.Одбаяр ял авах байсан ч Гадаад хэргийн яам, Элчин сайдын яам сайн ажиллалаа. Энэ хүн Цэцийн даргын ажлаа өгчихөөд гишүүнээр үлдэе гэж байгаа юм билээ. Ичих нүүр гэж алга. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид