Улаанбаатар 1c

Худалдааны маргаанд цэг тавих болоогүй

АНУ,  БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт утсаар холбогдож, худалдааны маргаантай холбоотой асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийснээ мэдэгдлээ. БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлснээр,  Шадар сайд Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нартай худалдааны асуудлаар хэлэлцсэн байна.  Түүнчлэн хоёр тал худалдааны маргааныг ойрын хугацаанд шийдэхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Үүнээс өмнө Дональд Трампын захиргаа БНХАУ-тай хийж буй худалдааны эхний шатны хэлэлцээ сүүлийн шатандаа орж байгаа талаар мэдээлсэн.   “Wall street” сэтгүүлийн мэдээлж байгаагаар,  хоёр тал санал  зөрүүтэй байдлаа арилгах тал дээр нэлээд ахицтай байгаа аж. Түүнчлэн  Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, Хятадын зах зээлд гарах гарцыг өргөжүүлэх зэрэгт харилцан тохиролцоонд хүрчээ. Хэдийгээр БНХАУ оюуны өмчийн эрхийн зөрчлөөс сэргийлэхээр амлаж байгаа ч  амлалтаа хэрхэн биелүүлэх нь  тодорхойгүй байгаа учраас худалдааны маргааныг цэглэх гэрээнд хүрэхэд хол байгааг эдийн засагчид онцолж байна. Хоёр тал зургаан сарын өмнө хэлэлцээгээ эцэслэж, гарын үсэг зурах л үлдсэн үед бүтэлгүйтэж байсан. Хэлэлцээ бүтэлгүйтсэн шалтгааныг Вашингтон БНХАУ хэлсэн үгнээсээ буцсантай холбон тайлбарлаж байв. АНУ-ын хувьд хоёр талын худалдааны төлөөлөгчид хэлэлцээг тогтсон хугацаанд  амжилттай явуулж, тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах үйл явцыг үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан. БНХАУ-ын хувьд одоо баримталж буй татварын бодлогоо цуцлахгүй бол Вашингтонтой  адилхан бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр орны  худалдааны дайн даамжирвал  олон улсын эдийн засаг,  худалдааны салбарт сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс аль болох маргааныг гүнзгийрүүлэхгүйн тулд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ өрнүүлж байх үед  нефтийн ханш нэг орчим хувиар өсчээ.  Тухайлбал, АНУ-ын “WTI” маркийн нефтийн үнэ 50.53 ам.долларт хүрч, 75 цент буюу 1.5 хувиар өсөв. Ингэснээр он гарсаар уг төрлийн нефтийн үнэ 50 ам.долларт хүрсэн анхны тохиолдол боллоо. Харин “Brent” маркийн нефтийн үнэ 79 цент буюу 1.3 хувиар өсч, 59.47 ам.долларт хүрэв. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп  өнгөрсөн онд “Хэрэв АНУ болон БНХАУ ирэх гуравдугаар сарын 2 гэхэд зөвшилцөлд хүрч чадахгүй бол Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмнэ” гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2019/01/08/politics/us-china-trade-talks-extended/index.html:))

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид