Улаанбаатар 1c

НҮБ:30 жилийн дотор дэлхийн хүнсний хэрэглээ 70 хувиар өснө

Дэлхийн хэмжээнд  өлсгөлөнд  нэрвэгдсэн нэг тэрбум хүн бий гэсэн судалгаа байна. Тодруулбал, долоон  хүн тутмын  нэг  нь хоногийн хоолгүй гэсэн үг юм.  Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас  (FAO) гаргаад буй. Хүнсний үнийн хэлбэлзэл хүнс тээвэрлэхэд зайлшгүй хэрэгцээтэй шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой. Дээр нь улс орнуудын хүнсний нөөц багасахын хэрээр хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ хэлбэлздэг. Жишээлбэл,  2010 онд Орост ган болж, тус улсын буудайн нийлүүлэлт 40 хувиар буурснаас хойд хөрш экспортын хориг тавьж байсан. Үүнээс болж дэлхийн буудайн үнэ 50 хувиар огцом өссөн.  Харин 2011 оны зун  хориг хүчингүй болоход буудайн үнэ ердөө 4.6 хувиар буурчээ. Газар тариалангийн ургац, түүхий эдийн ханш дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхийн хүнсний хэрэглээ жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа. Өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэглээг дэлхийн нөөц хангаж чадах уу гэдэг асуулт хүн бүрийн анхаарлыг татаж байгаа юм.  Хүнс тэжээлийн хомсдлыг бууруулахын тулд ирээдүйд газар тариалангийн бүс нутаг хүрээгээ тэлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хаягдлыг бууруулахад анхааран ажиллаж хэрэгтэйг НҮБ-аас  онцолж байна.  Шинжээчдийн үзэж буйгаар, хоол хүнсний дутагдал үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт ажээ. 

Эх сурвалж: http://earth-chronicles.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид