Улаанбаатар 1c

Д.Төрбат: Х.Алтанхуяг багшийн амжилтыг давтахыг хичээсэн ч бараагүй

NPost.mn
2019-11-19 10:19

“SPS”  телевизийн  холимог тулааны тэмцээнийг тайлбарлаж,  үзэгчдэд дуу хоолойгоороо танил болсон  эрхэм бол Д.Төрбат.  “Ширэн бээлий” боксын клубийн дасгалжуулагч, боксын  спортын олон улсын хэмжээний мастер Д.Төрбат багштай ярилцлаа.

-Тулааны спортоор хичээллэх болсон түүхээ сонирхуулахгүй юу?
-Би 1975 онд есдүгээр ангид байхдаа ангийнхаа хүүхдийг дагаж, Урт цагааны “Хоршоолол” нийгэмлэгийн тэмцээнд орсон юм.  Боксоор хичээллэж байгаагүй мөртлөө тэр тэмцээнд ороод түрүүлчихсэн. Түүний дараагаас  “Хоршоолол”-ын Вася багш намайг  секцэндээ авч дасгалжуулж эхэлсэн. Гэр хорооллын хүүхдүүд байрны хүүхдүүдийг бодвол арай илүү бядтай байж. Хоорондоо барилдаж ноцолддог байсан нь тулааны суурь болсон гэж боддог. Ингээд 1975 онд боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хожигдчихлоо. 1976 дунд сургуулиа төгсөөд, УБДС-ийн оюутан болов оо. Эхлээд хими, биологийн хуваарь авч ороод орос хэлний анги болгож солив. Тэгсэн гавьяат Алтанхуяг багш “Төрөө чамд зодолдох авьяас, мэдрэмж байна. Чи боксчин бол” гэлээ. Ингээд орос хэлний ангиа биеийн тамирын багшийн ангиар сольсон. Жил бэлтгэл хийгээд 1977 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, мөнгөн медаль хүртсэн.
-1977 оны улсын аваргад хэдэн кг-ын жинд тулалдаж, мөнгөн медаль хүртэв. Аваргын төлөө ямар тамирчинтай тулав?
-Би Монголын “Лидер жин”  болох 60 кг-д тулалддаг байлаа. Монголын боксын  60 кг гэдэг тив, дэлхийд алдартай жин шүү дээ. Манай Равсалын Отгонбаяр 57 кг-д дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Гавьяат Х. Алтанхуяг Азийн хошой аварга болсон. Үүнээс гадна Г. Батбилэг,  Ц.Амаржаргал, Н.Энхбат, Ц.Баярсайхан, Т.Үйтүмэн гээд ерөөсөө 60 кг-д монголчууд өндөр амжилт гаргадаг. Би 1977 онд улсын аваргаас мөнгөн медаль хүртээд, шигшээ багийн тамирчин болсон юм.  1978 оны улсын аваргаас дахиад л мөнгөн медаль хүртсэн.  1979 онд бүх ард түмний наадмаар Азийн аварга Х. Алтанхуяг багш зодог тайлж, халаагаа надад шилжүүлсэн. Тэр хүний гаргасан амжилтыг давтахыг ихэд хичээсэн ч бараагүй. Жин хасаад 57 кг-д орохоор дэлхийн аваргын мөнгөн медальт Отгонбаярт, дээшээ 60 кг-д орохоор  Батбилэгт ялагдана. Тэр үеийн 60 кг-д түрүүлэх ямар ч боломж байгаагүй. Ширүүн, тэнцүүхэн өрсөлдөгч олон байлаа. 

Дуртай хүн One championship болон UFC  холбоонд тулалдаад байдаг юм биш. Шалгуур өндөртэй дэлхийн шилдгүүд тулалддаг юм” гэж тохуурхдаг байв. Гэтэл өнөөдөр тэнгэрт хол байсан  холимог тулааны талбарт монголчууд гараад ирчихлээ.

-Жин хэр их хасдаг байв. 57 кг-д жин хасаж ордог байсан юм уу?
-Тэр үед  би 18, 19-тэй хүүхэд байсан болохоор тэгж их жин хасахгүй.  Жин бага үед 57 кг-д, жин их үед 60 кг-д тулалдана. 1979 оны улсын аваргад анх удаа түрүүлж алтан медаль авч үзлээ.  Тэгээд гадагшаа тэмцээнд явдаг болсондоо. 1980 онд УБИС-ийг төгсөөд  илгээлт авч хөдөө явахаар шийдэв.  Шигшээ багаа хаяад явчихлаа. Илгээлтээр Өмнөговийн Цогтцэций суманд очиж, сумын дунд сургуулийн багш болов оо. Би улсын шигшээ багийн хоёр номер, Г. Батбилэг нэг номерийн тамирчин болохоор 1980 оны олимпын наадамд орохоор болов. Уг нь би олимп, дэлхийн аваргад  оролцохгүй, ингэж цаг алдаж байхаар амьдралаа бодьё гээд хөдөө явсан нь тэр юм.  Хөдөө очоод гимнастик, хөнгөн атлетик, бокс, бөх гээд спортын бүх л төрлөөр тамирчин бэлтгэн тэмцээнд оруулдаг боллоо. Би чинь боксын тамирчин байж сур харвана. Цана, тэшүүрээр гулгана, бөх барилдана, бөхийн цол хүртэл дуудна. Тэр үед биеийн тамирын багшийг спортын олон талын чадвартай байхыг  шаарддаг байж.  За тэгж байтал шигшээ багаас “Шигшээ багаас албан ёсоор гараагүй байж, хаяж явлаа. Буцаж ир” гэв. Тэр үед ямар ч хүмүүжилтэй байсан юм. “За” гээд л хөдөөнөөс буцаж ирлээ. Намайг II шигшээ багийн тамирчин болгож, “Хоршоолол” спорт хорооны дасгалжуулагчийн ажлыг давхар хийлгэв.  Дасгалжуулагч хийгээд байж байтал “АУДС-д  биеийн тамирын багш авна”  гэсэн зар олж уншсан.  Зарын дагуу очоод 10 гаруй багштай өрсөлдөөд, намайг спортын мастер цолтой, орос хэлтэй  гэдгээр нь ажилд авлаа.  Түүнээс хойш бэлтгэл хийхгүй, хичээл зааж явж байгаад тэмцээнд бэлтгэлгүй орно. Ер нь боксын спортоосоо хөндийрөөгүй.  Жил болгон улсын аваргад орно. Нөгөө л авдаг мөнгөн медалиа хүртдэг байлаа.
-Хэдэн нас хүртлээ боксоор тулалдав?
-Хамгийн сүүлд 1989 оны улсын аваргад оролцож, хүрэл медаль хүртээд больсон. Дандаа мөнгөн медаль авдаг хүн хүрэл медаль хүртэхээр амжилт буурлаа гэсэн үг. Одоо бодоход би хүчний тулаанч байсан бололтой. Тэр үед мэргэжлийн бокс Монголд хөгжсөн байсан бол илүү амжилт гаргах боломжтой байж. Энэ бол миний төрөлхийн хүч, бяр чадал гэж боддоггүй. Амьдарч байсан ахуй орчин, гэр орны нүүрс, түлээ, ус зөөх ажил,  хөдөлгөөний дадал, зуршлаас бий болсон бие бялдрын хөгжил. 
-Таны бага нас Улаанбаатарын аль хэсэгт өнгөрсөн бэ? 
- Тухайн үед “Усны гудамж”, “Сүүн зах”, “Хятад шианз”, “Соёл” нийгэмлэг,  220 гэж байлаа.  Би яг тэр  өөрийн төрж, өссөн V хороолол дээрээ бууриа сахиад одоо хүртэл ажиллаж, амьдарч байна.  Циркийн зүүн талын Усны гудамжны шалбааг дотор тоглож өссөн хүүхэд. Урагшаа явахаар Дунд гол, зүүн тийшээ  Сэлбэ гол байна. Дунд голын Улаан гүүрэн дээрээс том хүүхдүүд биднийг шидэхэд гол живэх дөхнө. Дунд голд сэлж тоглож байгаад гол гарч 120 мянгатын хүүхдүүдтэй чулаагаар байлддаг байв. Өвөл гол дээр хоккей тоглоно. Тэшүүрээр гулгана. Зун болохоор голын зүлгэн дээр хөлбөмбөг тоглодог байсан. Сэлбэ, Дунд гол үнэхээр том байж. Одоо ч гол гэхэд хэцүү л болж дээ. Намайг бага байхад, 1965 онд ээж минь өнгөрсөн. Аав 1974 онд бурхан болоод амьдралын хатуу, ширүүн нугачааг бие, сэтгэлээрээ туулж хат суусан нь боксын спортын тамирчин болоход чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. 
-“Ширэн бээлий” клубийг хэзээ байгуулсан юм бэ?
- “Ширэн бээлий” клубийг  2007 оны аравдугаар сард Шагдарын Баярсайхан, Данзандаржаагийн Хүдэрбаатар хоёртойгоо ярилцаж байгаад байгуулсан. Тэрнээс хойш 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хооронд 20 гаруй тамирчин бэлтгэж боксын улсын шигшээ багт өгсөн.  Манай клуб дээр боксоос гадна кикбокс, байлдааны самбо, мэргэжлийн бокс, холимог тулаан гээд олон төрлийн спортын тамирчид ирдэг. Кикбоксын дэлхийн аварга “Хар салхи” Цогтын Амарбаясгалан гэдэг хүүхэд манай клуб дээр ирж бэлтгэлээ базаадаг байв. Тэр хүүхдийг дагаж Япон, Тайланд гээд гадаадын улс орон руу нэлээд тэмцээнд явсан. Сая дэлхийн аварга болсон Өлзийхутагийн  Гантөмөр байна.  Мөн л манай клубт бэлтгэл хийдэг байсан
-Тулааны  урлагийн тамирчид таныг зорин ирж бэлтгэл хийж байна. Тэднийг татаад байгаагийн нууц нь юунд байна вэ?
-Ямар ч тулааны спортод нэг сул тал байдаг. Тэр сул талаа нөхөхийн тулд бусад тулааны спортын тамирчид манай клуб дээр ирдэг. Би тэдэнд бөхийн мэх, өчиг, боолт, хөлийн цохилтын техникийг зааж  чадахгүй. Зөвхөн гарын цохилтын техникийн суурийг нь  зөв тавьж өгөхийг хичээдэг. Одоо тулааны спортод гарын цохилт ноёлоод байгаа болохоор тэд гараа сайжруулахын тулд манай клуб дээр ирдэг. Монголд кикбоксын спорт хүчээ авах үед энэ төрлөөр хүүхэд, залуучууд их хичээллэдэг байлаа. Гэтэл цагийн аясаар, хөгжлийн явцад кикбокс уналтад орж, холимог тулаан гэх шинэ төрөл бий болж хүчээ авсан. Монголын холимог тулааны анхны шилдэг тамирчин гэвэл мэдээж жүдо бөх, каратэ суурьтай дэлхийн аварга Жадамбын Нарантунгалаг байна.  Байлдааны самбо суурьтай, байгалийн төрмөл авьяастай Мөнхбаясгалан гэдэг сайн тамирчин бас бий.  
-Тэгэхээр та цагийн аясаар хөгжлийн явцад боксын дасгалжуулагчаас гадна холимог тулааны багш болж хувирчээ?
-Холимог тулаанд гарын цохилт ноёлох болсонд хамаг учир байгаа юм. Нэг хэсэг холимог тулаанд Бразилийн жиү жицүгийн мастерууд хэвтээ барилдаанаар ноёлдог байлаа. Барилдаан хийгээд өчиж, боодог, хэвтээгээс хамгаалдаг. Гэтэл гарын цохилт сайтай тамирчид барилдах сонирхолгүй. 
-Та одоо холимог тулааны тамирчдынхаа хэвтээ болон босоо барилдааны техникийг хэрхэн сайжруулж байна вэ?
-Манай байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга  Б.Дамланпүрэв, Х.Амартүвшин нар өөрсдийн хэвтээ барилдааны арга техникийг бусдадаа зааж өгдөг. Түүнээс гарна “Garuda” гэж жиү  жүцигийн  холбоо байна. Уг холбоон дээр тамирчид очиж барилдааны арга барилаа сайжруулдаг. Манай клуб дээр жиү жүцигийн багш Эрдэнэбаяр, Тулгаа нар ирж заана. Тулгаа гэхэд АНУ-ын Грисийн академийг төгссөн, мундаг чадвартай багш байгаа.
-Манай холимог тулааны тамирчид гарын цохилт сайтай. Дэлхийн аварга Ж.Нарантунгалаг, М.Нандин-Эрдэнэ, Н.Отгонбаатар нар хэвтээ барилдаанд боолтоор ялагдаад  байх шиг харагдах юм?
- Гарын цохилтын сул тал нь тэр байгаа юм. Холимог тулаан гэсний утга, учир нь энэ. Өрсөлдөгч тамирчнаа судлах судалгаа их хэрэгтэй. Босоогоос гараар тулалдах уу, барилдаан хийж өчиг, боолтоор ялах уу, хөлийн цохилтоор унагах уу гээд нарийн судалгаа хийнэ. Өөрийн сул талаа сайжруулж, хөгжүүлэх нь чухал. Манай Тунгаа уг нь барилддаг, тулалддаг, гар, хөлийн цохилт хийдэг гээд тал бүрийн ур чадвартай тамирчин. “Эрийг нас, уулыг цас” гэдэг шиг  нас явж байна шүү дээ. Залуу тамирчдыг хурдыг гүйцэхгүй байна.  Нарантунгалагад бэлтгэл хангагч болох ойролцоо ур чадвартай тамирчин гэж алга.  Ялах чин хүсэл, сэтгэл нь байвч, бие нь санаан зоргоор урд өмнөх шигээ хурдан шаламгай хөдөлж өгөхгүй байгаа юм шиг харагдсан. Дагестаны Марат Кафуров байлдааны самбо бөхийн тамирчин. Гараар Нарантунгалаг Кафуроваас хол илүү мөртлөө, боолтоор ялагдчихсан. Кафуров илүү чадвараа ашигласан.  М.Нандин-Эрэдэнэ боксын ОУХМ, Азийн аваргын мөнгөн медальтай тамирчин. Гарын цохилтоор илүү байна. Хөл ч гэсэн сайн шүү дээ. Ганцхан барилдааны хамгаалалт сул байгаа нь дутагдалтай тал нь болчихоод байгаа.

Холимог тулааны спортод  дуртай нэг нь орж тулалддаг юм биш. Эрүүл бие бялдартай, ямар нэг суурь өвчингүй тамирчдыг шалгаруулж авдаг.

-Та “SPS” телевизээр холимог тулааны тэмцээн тайлбарладаг. Яаж яваад телевизийн спортын тайлбарлагч болчихсон юм бэ?
-Би холимог тулааны спорт Монголд орж ирэх үеэс тайлбарласан. Манай клуб дээр бусад тулааны урлагийн тамирчид ирж бэлтгэл хийдэг, олон тулааны спортыг гадарладаг гэдэг утгаар нь надад хандсан юм билээ. Улаанхүүгийн Зоригт маань Монголд холимог тулааны суваг оруулж ирсэн. АНУ-д амьдарч байсан хэл, устай хүүхэд болохоор монгол тулаанчдыг гадаадын клубүүдтэй холбож өгөх болсон.  АНУ-ын “Dragon haus” холбоонд манайхан очиж тулаан хийж байгаа.  Үүнээс гадна Анандын Сэр-Од гэж байна. Бас л чадварлаг залуу, гадаад хэлний мэдлэг сайтай.  Би анх тайлбар хийж байхдаа. Удахгүй монголчууд холимог тулааны дэвжээг сүмо бөхчүүд шиг эзлэх болно гэж хэлж байсан. Зарим хүн намайг шоолдог байлаа. “Төрөө чи арай дэгсдүүлэх юм аа. Дуртай хүн One championship болон UFC  холбоонд тулалдаад байдаг юм биш. Шалгуур өндөртэй дэлхийн шилдгүүд тулалддаг юм” гэж тохуурхдаг байв. Гэтэл өнөөдөр тэнгэрт хол байсан  холимог тулааны талбарт монголчууд гараад ирчихлээ. Нэг л сайн тамирчин дэлхийд гараад ирэхээр араас нь залгамж халаа нь гараад ирдэг юм байна.
-Миний бодоход холимог тулаан тамирчны эрүүл мэнд төдийгүй амь насанд ч эрсдэлтэй,  хэрцгий  гэж хэлж болохоор спорт. Хүмүүсийн сонирхлыг энэ спортын юу нь татаад байдаг юм бол?
-Холимог тулааны спортод  дуртай нэг нь орж тулалддаг юм биш. Эрүүл бие бялдартай, ямар нэг суурь өвчингүй тамирчдыг шалгаруулж авдаг. Дэлхийд  тулааны спортын олон төрөл бий. Тэдний аль нь илүү хүчтэй, шилдэг нь вэ гэдгийг шалгаруулж, тодруулах гэсэн хүслээс холимог тулааны спорт үүссэн. Гэвч одоо хүртэл шилдэг тулааны спортын төрлийг нэрлэж чадахгүй хэвээр байгаа. Яагаад хүмүүс ийм харгис тулааны спортыг сонирхоод байна вэ гэх нь аргагүй. Хүмүүсийн унаган төрх нь араатанлаг шинжтэй. Хүй нэгдлийн үед гадны довтолгоон, араатан амьтны дайралтаас хэн хүчтэй чадалтай нь өөрийгөө болон бусдыгаа хамгаалдаг байж. Тэр өөрийгөө хамгаалах чадварыг үзэгчид харахыг хүсээд байна. Хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө унагах тулааныг үзэгчид үзэж, харахыг илүү хүсдэг. Тэгсэн хэрнээ нам цохиулаад ухаан алдаад унасан тамирчныг их өрөвддөг. “Наадахаа хүчтэй цохь, нам цохь” гээд орилж, танхим нураачих нь холгүй байсан хүмүүс, тамирчин яг хүнд цохилтод ороод унах үед нь нам гүм болох нь бий. Тэр олон үзэгч амьсгалаа түгжсэн юм шиг чимээгүй болдог. Тулааны спортын гайхамшиг үүнд л байдаг юм болов уу. Тулаан хийхдээ арслан, бар  шиг догширч байсан тамирчид тулааны дараа ямар тайван дөлгөөн болдог гэж санана. Тулааны спорт хүнийг хүмүүжүүлдэг, даруу төлөв болгодог.  Тулааны спорт бусдыг хүндэтгэх, энэрч хайрлах үзлийг ямагт зааж, сургадаг. Тулаан мэддэггүй хүмүүс их сагсуу, хөөрүү байх нь бий. Харагдах байдлаараа тулааны спорт харгис юм шиг байдаг байх. Тэр хүнд хүчтэй цохилт хийх техник,  ур чадвар,  хурд, хүч, хүнд цохилтоос бултах мэдрэмж, харааны хурд, цохилтыг тэсвэрлэх тэвчээр нь хүмүүсийн анхаарал, сонирхлыг татдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид