Улаанбаатар 1c

Бид муулсаар, тэд хөгжсөөр...

Д.ЦЭЦЭГ, Npost.mn
2019-11-19 10:25

2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилт тавьсан...

Манжийн дарлалд явсан он жилүүдийн учгаас монголчууд хятадуудад дургүй болсон байх. “Монгол” гэж цээжээ дэлдэж, үндсэрхэг гэх нэгэн нь “Хятадуудад дургүй” гэсэн лоозонгоор нийтийнхээ тархийг угаасаар өдийг хүрэв, бид. Өөрөөр хэлбэл, бусдыг муучилж, гоочилж өөрсдөөс дээд үндэстэн үгүй мэт тэнэглэж суухад саахалт айлын хөгжил савнаасаа халин сагаж байна. Зам, барилга байшин, өв соёл, байгаль экологи, ажилгүйдэл, ядуурал гээд анхаарахгүй, өөд нь татахгүй салбар өмнөд хөршид үнэндээ алга. Ганцхан жишээ татахад, Хятад Улс газар нутгийнх нь 27 хувийг эзэлдэг элсэн цөлийг ой болгохоор ханцуй шамлажээ. Тэд “Хятадын ногоон хэрэм” төслийн хүрээнд хил дагуух 4500 километр газар нутагт 2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилт тавьсан нь хэзээний биеллээ олж эхэлсэнийг өөрийн нүдээр үзэв. Эрээн-Хөх хот-Улаанхад хот-Шилийн голыг тойрон аялахад хаа сайгүй, хэдэн зуун мянган га газарт зулзган мод суулгаж, хэрхэн арчилсаныг харахад атаархал эрхгүй төрнө. Тэд ургамлын гаралтай зуурмаг ашиглан элсэн цөлд мод ургуулж, тариаланчдад урамшуулал олгох замаар үр цацуулж нийт 70 гаруй тэрбум мод, бут суулгасан нь энэ гэнэ. Энэ байдлаараа Хятад Улс 2050 он гэхэд ногоон улс болж мэдэх нь. Харин бид цөлжсөн газар нутаг байтугай уул уурхайн олборлолтоос үүдэлтэй талхлагдсан хэдэн зуун га газраа нөхөн сэргээж чадахгүй байсаар л байгаа... 
Тэд автозамаа үндэс, хөрсөөр нь сольж өргөтгөн тавьж байна. Үүнийг дагаад тэнд түгжрэл түүх болоход ойртжээ. Одоогоос хэдхэн жилийн өмнө Шилийн голоос Эрээн ороход 10 гаруй цаг зарцуулдаг байсныг хурдны зам тавьснаар өдгөө дөрвөн цаг зорчдог болсон гэж ярилаа. Түүнчлэн өнгөрсөн түүхээ сайтар судалж, өв соёлоо хадгалах өндөр зэрэглэлийн музейнүүдэд гар татахгүй хөрөнгө оруулж байна. Гэтэл манай музейнүүд актлагдаж, амь төдийхөн байгааг дээд, доодгүй мэднэ. Ийнхүү биднээс бусад нь хөгжиж, хөглөгдөж суухад монголчууд бусдыгаа муулсаар бахь байдагтаа...
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид