Улаанбаатар 1c

Монголчуудын хайртай Солонгос орон: Хэвлэл мэдээллийн “шүдний өвчин” тэнд ч байна

Х.УЯНГА, Npos.mn
2019-11-20 09:33

Арваад жилийн өмнө халаас хоосон, дааж давахад бэрх их өртэй хүн энэ оронд өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй бууж, хоёр жил гаруй ажиллаад буцахдаа өрнөөсөө гарч, үүргэвчиндээ гэр бүлийнхэндээ өгөх бэлэг дүүрэн, халаасандаа 150 ам.доллартой Буян-Ухаад бууж билээ. Хайртай байгууллагадаа дуртай ажлаа хийж, халуун дулаан гэр бүлтэйгээ өрийн дарамтгүй амьдарч, сэтгэл тэнүүн алхах боломжийг өгсөн, амьдралд минь өгүүлшгүй тус хүргэсэн буянтай оронд дахин ирэхийг хүсэж явснаа биелүүллээ. Үргэлж дотно, дулаанаар дурсагддаг, сэтгэлд ойр нутаг байгаа юм. Энд ирж, хүн зоных нь урсгалд хөл нийлүүлэх, гудамжны хоолны газруудад саатан, хоолыг нь амтлах сайхан байна. Залуу насны дурсамжууд сэргэж байна”

“Би энд богино биш хугацаанд иргэн нь мэт амьдарсан. Гэр бүлийн минь хүн хүнд өвчин тусахад манай эмч нар “Солонгосын эмнэлэгт ханд. Тэд л аварч магад” гэснээр аврал эрэн наашаа зүтгэж байлаа. Энд ирээд нэлээд удахаар болсон тул бид түр оршин суугчийн үнэмлэх авч, би гэр бүлийн хүнийхээ эмчилгээний төлбөрт нэмэр болохын тулд цагийн ажил хийдэг байв. Эмчилгээний өртөг манайхны хувьд өндөр тусдаг хэдий ч үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдээ гаргах сэтгэлийн тухайд ярилтгүй сайн. Бид чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэвчиж, тэсэж, эрүүл болно гэсэн итгэлээр хамтдаа зүтгэсэн. Эмч нар гайхамшгийг бүтээдэг, үхлээс амь булаадаг ч яалт ч үгүй хүчин мөхөстөх үе байдаг. Бид хэтэрхий оройтсон хойно ирсэн юм билээ. Гэвч аврахын төлөө эхнээсээ эцсээ хүртэл чадах бүхнээ хийснийг нь нүдээр харсан болохоор манай хүнийг аварч чадаагүйд нь гомдох сэтгэл төрдөггүй. Ямар ч байсан чадах бүхнээ хийж, сайн эмнэлэг, сайхан эмч нарын буянд, эцсийн амьсгалаа татах хүртэл нь өвчин зовуурь мэдрүүлэхгүй байлгаж чадсан даа гэж сэтгэлээ тайвшруулдаг. Амьдралын минь амаргүй үед сэтгэлээ дэвсэн, зовлон зүдгүүрийг минь хуваалцаж байсан энэ ард түмэнд баярлаж явдаг”

“Солонгост би Засгийн газрын тэтгэлгээр дөрвөн жил сурсан. Энд хэчнээн монгол хүн ажиллаж, сурч байгаа билээ. Ойр дотных нь хэн нэгэн Солонгосыг зориогүй хүн Монголоос олоход бэрх шүү. Тэр бүхний ард төчнөөн монгол айлын амьдрал өөдөлж дэвжиж байгаа. Ингэж бодохоор Солонгос орныг хайрлах сэтгэл төрдөг. Үнэхээр буянтай, сайхан орон”

БНСУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн урилгаар ажил хэргийн уулзалт, аялал хослуулахаар мордсон айлчлалын багийнхны дунд ийм яриа өрнөж билээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраар ахлуулсан айлчлалын баг монголчуудын сэтгэлд ийм л дотнохон байдаг Солонгос оронд хамгийн үзэсгэлэнтэй, сайхан улиралд нь зочилж, үзэж харах, сонирхож харьцуулах, бодож тунгаах зүйл ихтэй хөтөлбөрийн дагуу долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлээд ирэв.
Монголчууд “Холын хүнээс үг сонс” гэдэг, хол яваад ирсэн хүнд үзэж, дуулсан сонин сайхнаа хуваалцах үүрэг хүлээлгэдэг ард түмэн. Хэдхэн жилийн өмнө өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн, хөгжил буурай орон байсан бол өдгөө Азийн бар улс болоод буй БНСУ-аас анзаарсан, нүдэнд содон туссан, чихэнд сонин сонсогдсон зүйлсээ уншигчидтайгаа хуваалцах нь зөв биз ээ.

“Цаасан сонин бол тансаг хэрэглээ”

Солонгосчууд Хан мөрний дундах жижигхэн арал дээр байгуулж буй “Нудилсом” соёл, амралтын хүрээлэнгээ танилцуулснаар айлчлалын албан ёсны хөтөлбөр эхэлсэн юм. Сөүл хотын захиргаанаас иргэддээ чөлөөт цагаа өнгөрөөх, аялж зугаалах тав тухтай орчин бүрдүүлж өгөх, хүн төвтэй олон төсөл хэрэгжүүлж буйн нэг нь энэ аж. Бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж буй энэ газар бүрэн ашиглалтад орохоороо хүмүүсийн ирэх дуртай, сэтгэл татам сайхан газар болно гэж тайлбарлагч итгэл төгс хэлсэн. Бүх зүйлийг хүнд зориулж хийдэг, хүн төвтэй улс хойно, түүнд эргэлзэх юу билээ.
Солонгосын алдарт сүлжээ дэлгүүрүүдийн нэг, Монголд ч аль хэдийнэ нутагшсан “И-март”-ын талаар дурдахгүй өнгөрч болохгүй нь. “Нудилсом”-д “И-март”-ын жижигхэн салбар байх бөгөөд уг сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг салбарыг нээн ажиллуулж буй аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор энэ салбарт дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах бөгөөд олсон орлогоо ч хандивт зарцуулах гэнэ. Уг дэлгүүрийн цагийн хуваарийг ч ажилчдад нь зориулж тусгайлан гаргасан гэнэ билээ. Тэдний санаачилгыг дэмжээд “Нудилсом”-д ижил төрлийн үйлчилгээ эрхлэх дэлгүүр ажиллуулахгүй гэж шийдсэн гэсэн. Нэг гараараа дэмжинэ гэж гарын үсэг зураад, нөгөөгөөрөө дарамтлах шийдвэр гаргаж байдаг дарга нартай улсаас очсон надад сайн зорилгыг дэмжсэн шиг дэмждэг хандлага нь онцгой санагдсаныг нуух юун.
БНСУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн шугамаар явж буй тул тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар орж, үйл ажиллагаатай нь танилцах, мэдээлэл солилцох нь хөтөлбөрийн гол цөм байдаг билээ. Энэ удаа айлчлалын баг БНСУ-ын хамгийн том тогтмол хэвлэл болох 100 гаруй жилийн түүхтэй “Жүнан Илбу” сонин, харьцангуй залуу, хориодхон настай ч Зүүн хойд Ази, цаашлаад Азийг зангидах том амбийцтай “Аsia today” медиа группийн редакцаар зочилж, БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөгийн байдалтай танилцав. Цаасан сонин цахим мэдээллийн хэрэгсэлд халаагаа өгч байна хэмээн хэдэн жилийн өмнө толгой сэгсэрч байсан бол өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд ялагдлаа хэмээн санааширч суугаа байдал БНСУ-д ч ялгаагүй аж. 
“Цахим орчинд тэсэж үлдэхийн тулд тархиа гашилгаж, хурдтай өөрчлөгдөх шаардлага өдөр бүр тулгарч байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл уншигчгүй, рекламгүй болж буй нь редакцуудын удирдлагад том асуудал болоод буй” гэж тэд дуу нэгтэйгээр ярьсан. АНУ-ын Вашингтон, БНХАУ-ын Бээжин, Ветьнамын Ханойд салбараа нээсэн, олон улстай хамтын ажиллагаатай “Asia today” бүрэлдэхүүндээ өдөр тутмын сонин, сайт, телевиз, мобайл телевизтэй. Онлайн телевизээ мобайл руу шилжүүлсэн нь цагаа олсон зөв шинэчлэл болсон гэж тэд өөрсдийгөө урамшуулж сууна билээ. Өдгөө тэдний групп дэх мэдээллийн хэрэгслүүд дотроос мобайл хувилбар нь хамгийн их хандалттай байдаг болсон гэнэ. Сэтгүүлчид нь ч заавал редакцад ирж, компьютерын ард суухгүйгээр, явсан газраасаа мэдээллээ түргэн шуурхай оруулдаг болсон талаараа ч тэд бидэнд сонирхуулсан.
250-иад байнгын ажилтан, эдийн засаг, улс төр, соёл урлаг гэх мэт салбар салбарын 50 гаруй зөвлөхтэй “Asia today” сонины эрхлэгч “Уншигчдын олонх нь заавал цаасан сонин авахгүйгээр мэдээллээ олоод үзчих боломжтой цаг үе ирж байна. Хэдий тийм ч бид цаасан сониноо орхих бодолгүй байгаа. Учир нь цаасан сонингоос таашаал авдаг хүмүүст, бас номын сан, архив гэх мэт тодорхой байгууллагын хэрэгцээнд зориулж, үйл явдлуудыг түүхийн баримт болгож үлдээх хэрэгтэй учраас сонингоо хэвлэсээр байх болно” гэсэн. Эрхлэгч нар “Цаасан сонин бол тансаг хэрэглээ” гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа юм билээ.
Мөн тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байж сая хараат бус, сайн сэтгүүлч ажиллуулах талаар ярих боломжтой болно. Реклам сурталчилгаа багассан энэ үед дан хэвлэл мэдээллийн чиглэлээр ажиллаад, хүссэн үр дүндээ хүрэхэд амаргүй. Өөр бизнес хийж, санхүүгийн хувьд хүчтэй болох шаардлага хаа сайгүй гарч байгаа тул бид Гадаад бизнесийн албатай болсон. Монголд хэвлэл мэдээллээс өөр төрлийн бизнес хийх сонирхолтой байгаа. Ер нь ганцаараа амьдарч, ганцаараа явдаг цаг үе өнгөрсөн. Улс орнуудын амьдрал том гүрнүүдийн бодлого, шийдвэрээс шалтгаалах болсон энэ үед азиуд хамтдаа алхахаас аргагүй. Хамтдаа алхахыг хүсэж, сүлжээ байгуулж байгаа” гэсэн. Ерөнхийлөгчийн охин Б.Намуун тус байгууллагын удирдлагад Монголд бизнес эрхлэх найдлага төрүүлсэн байдаг шүү.

Хуулан бичлэгийн сэтгүүл зүй үеэ өнгөрөөсөн. Эргэлз, шалга, дахин шалга

Хуурамч мэдээлэл зөвхөн манайд тулгарч буй асуудал биш, манай  дэлхий нийтийн зовлон болоод буй. Солонгосчууд бас л бидэнтэй адил үгээ хэлж сууна. Харин биднээс ялгаатай нь гарц, арга зам олохоор ажилладаг аж. Хуурамч мэдээллийг ялгаж салгахын тулд улс орнууд баримтыг нягтлах (факт чек) бие даасан бүтэц бүрэлдэхүүн бий болгож, тодорхой арга зүй боловсруулаад эхэлсэн. БНСУ-ын сэтгүүл зүй ч үүнээс хоцорсонгүй. БНСУ-д 2014 онд 44 байгууллага факт чек хийдэг байсан бол 2019 онд энэ тоо 210 болж өссөн бөгөөд Факт чекийн хүрээлэн хүртэл байгуулсан байна. Өөрөөр хэлбэл баримтыг нягталж, мэдээлэл үнэн бодитой, эсэхийг тогтоох үйлчилгээ бий болжээ. Уншигчид ч факт чек хийсэн мэдээлэл уншихыг илүүд үзэж, хайх болсон гэнэ.
Энэ талаар “Жүнан” их сургуулийнхан танилцуулж, “Хуурамч мэдээ мэдээллийг ялгах нь” сэдэвт лекцээр биднийг цэнэглэв. Багш “Хүний ярьсныг бичиж аваад, ямар нэг шүүлтүүргүйгээр цацдаг, хүний хэлсэнд ямар ч эргэлзээгүйгээр итгэн, шууд дамжуулдаг хуулан бичлэгийн сэтгүүл зүй үеэ өнгөрөөсөн. Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувьд факт чек хийнэ гэдэг нь эргэлз, нягтал, эсрэг талын байр суурийг судалж, харьцуул, хүн худал яривал яагаад тэгэх болсныг нь тодруул, хүний хэлсэн үг үнэн, худал аль нь байсан ч баримтаар нотол гэсэн үг. Ингэсэн тохиолдолд чи биш, баримт бүхний өмнөөс ярина. Сэтгүүлч, эсвэл яригч этгээд амаараа үнэн, эсвэл худал гэх бус, баримт нь үнэн, худлыг хэлдэг байх ёстой” гэсэн. Энэ нь цоо шинэ зүйл биш, их, дээд сургуульд заалгасан онолоо санаад, зарчим, ёс зүйгээ баримтлан ажиллачихад л хуурамч мэдээлэл түгээхээс аврагдахаар байгаа биз.
Манай багийнхан факт чек хийдэг байгууллагуудын талаар тун нухацтай сонирхож, ямар нэг эрх ашигт үйлчлэх, тухайлбал, хэн нэг улстөрчийн тухай таагүй мэдээлэлд факт чек хийлээ гэхэд үнэн баримтыг худлаа гээд дүгнэчих явдал гарах боломжтой юм биш үү хэмээн лавлаж байв. Тэгэхэд “Факт чек хийдэг байгууллага улс төр, бизнесээс хол, ил тод, ямар редакц, аль байгууллага юун дээр алдсаныг хэн нэгний эрх ашигт үйлчлэлгүйгээр, шударгаар хэлэх ёстой. Хэр шударга ажиллана, тэр хэрээрээ олон нийтийн итгэлийг олж, нэр хүнд нь өсөн, цааш оршин тогтнох хугацаа нь уртасна. Нийгмийн факт чекийн хүрээлэн хувийн байгууллага. Түүнд санхүүжүүлэгч хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдох ёсгүй. Улс төр, төрөөс мөнгө авах нь факт чек хийдэг байгууллагад зохистой биш. Тэд тэндээс гарах дүгнэлтэд нөлөөлөх магадлалтай” гэсэн.
Хуурамч мэдээллийг хэр­хэн шалгах талаар арга зүй боловсруулсан талаараа мөн хуваалцсан. “Техник технологийн дэвшилтэй зэрэгцээд мэдээлэл түгээх арга зам хязгааргүй, түрүүлж мэдээлэх өрсөлдөөн ч ширүүн болсон. Гэвч энэ нь мэдээллийг нягтлахгүйгээр түгээхийг зөвтгөх шалтгаан биш. Хуурамч мэдээллийг зорилготойгоор цацаж, хүссэн үр дүндээ хүрдэг башир аргын золиос нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохгүйн тулд мэдээллээ нягтлах ёстой. Хамгийн наад зах нь хэн нэгний хийсэн ноцтой мэдэгдлийг мэдээлэхдээ “Хэлсэн хүн нь мөн үү”, “Хэлсэн үг нь мөн үү”, “Хэлснийг нь хэн нотлох вэ” гэх мэтээр хэдэн талаас нь харах нь эхний шалгуур” гэж “Жүнан” их сургуулийн профессор хэлсэн.
Хуурамч мэдээллийг босгоороо давуулахгүй байх талаар томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчин чармайлт гаргаж ажиллаж буй ч хариуцлага султай жижиг сувгууд болон олон нийтийн сүлжээ гэх мэт олон замыг хааж, хянах боломжгүй. Тиймээс хуурамч мэдээллийн орон зай, сөрөг нөлөөг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэх учиртай хүмүүс уншигчид гэдгийг ч тэд хэлж байна. Уншигчдыг гэнэн биш, эргэцүүлж, дүгнэх, үнэн, худлыг ялгаж салгах чадвартай, мэдлэг, мэдээлэлтэй байлгах, соён гэгээрүүлэх нь нийгэмд нөлөөтэй хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг гэж тэд үзэж буй аж.

Хэвлэлийн эрх чөлөө өндөр боловч уншигчдынхаа итгэлийг алдаж байгаа нь санаа зовоож байна

БНСУ ардчилсан улс хэрнээ хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц бодлоготой явж ирсний илэрхийлэл нь Сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих сан юм билээ. Тус сан улсынхаа төр, засгийн мэдээ, мэдээллийн асуудлыг ерөнхийд нь “атгадаг” гэж ойлгож болно. Төрийн байгууллагын мэдээллийг олон нийтэд хүргэхэд зориулсан төсвийг Сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих сан захиран зарцуулах бөгөөд хэвлэл, мэдээллийн байгууллагад хуваарилж, гүйцэтгэлийг нь ч хянадаг аж.
Тус санд саатаж, мэдээлэл авах боломж мөн бидэнд тохиосон. Сангийн ажилтан “Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллага бүгд цахим хэлбэрт шилжсэн ч хандалт багатай байгаа. Солонгосчуудын хамгийн их мэдээлэл авдаг сайт нь www.naver.com. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг оруулдаг, хайлтын системтэй, онлайн худалдаатай, бүх зүйл нэг дор байдаг учраас уншигчдын 76 хувь нь ямар нэг байдлаар ийшээ ордог. Youtube хандалтаараа www.naver.com-ийн ард жагсдаг. Сангаас хийсэн судалгаагаар “Цахим орчинд юу үздэг вэ, хаанаас мэдээллээ авдаг вэ” гэсэн асуултад иргэдийн 45 нь “уoutube” гэж хариулсан. Youtube-д мэдээ, мэдээллийн албан ёсны сувгуудын зэрэгцээ олон мянган хүн дагуулсан янз янзын хүмүүс байдаг. Тэд иргэдийг элдэв зүйлд уриалж, турхирах боломжтой. Сан, улс төрийн зүгээс хорих, хянах боломжгүй гадаадын сувгийн хэрэглээ ийм өндөр байгаа нь санаа зовоосон том асуудал болж буй. Өөр нэг судалгаагаар “Хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэлд итгэдэг үү” гэхэд 22 хувь нь л “Тийм” гэж хариулсан. Энэ бас том асуудал. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 41-т жагссан. Хэвлэлийн эрх чөлөө өндөр боловч уншигчдынхаа итгэлийг алдаж байгаад санаа зовж, энэ итгэлийг сэргээх чиглэлээр Сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих сан ажиллаж байгаа” гэсэн.
Монголчуудын хайртай Солонгос орны хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийг өнгөц тольдоход ийм байна. Анзаарвал, бидэнд тулгамдаад буй асуудлууд тэнд ч бас байх аж. Гэхдээ тэд асуудлаа шийдэх гарц хайж, тодорхой алхмууд хийж буй юм билээ. Уншигчдынхаа итгэлийг алдсан сэтгүүл зүйгээ удахгүй сэвхийлгээд авна биз ээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид