Улаанбаатар 1c

Өв соёлд хайртай хүн

Шинэ мянганы монгол үрс түүх, соёлын өв, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна. Хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний дархлаа суулгадаг өв соёлыг томчууд бид ч тэр бүр мэдэхгүй байгаа нь нууц биш. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь өв соёл юм. Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээж, өвлүүлэх нь бидний үүрэг. Энэ асуудалд санаагаа чилээн өв тээгчдийг таслахгүй гэсэн халуун сэтгэлээр дэлхийн хэмжээний ажил өрнүүлж яваа хүн бол хөөмийч Д.Хосбаяр билээ. 
Тэрбээр өнгөрсөн сарын 30-нд хөөмийг Гиннест бүртгүүлэх их ажлыг зохион байгуулсан нэгэн. Нэгэн дээвэр дор 1308 хөөмийч хоолойн хөг, эгшгийн гайхамшгийг мэдрүүлж энэ бол Монгол Улсын өмч мөн гэж Гиннесийн хороогоор баталгаажуулаад байна. Хөгшин Европын урлаг, соёлын зах зээлд 20 жил монгол  хөөмийн урлагийг ойлгуулж, мэдрүүлж, гайхуулж, омогшуулж, бахархуулж яваа энэ эрхэм хүмүүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хөөмийг Гиннест бүртгүүлэх их ажлын ард гарлаа. Энэ ажил хэдийнээс эхэлж, ямар хугацаанд үргэлжлэв гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Гиннес бол гайхамшигтай амжилтуудыг бүртгэж, баталгаажуулдаг газар. Дэлхийн Гиннесийн хороо олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажилладаг учраас нэр хүндтэй байгууллага. Монгол хөөмийг 2010 онд ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Ингэлээ гээд сэтгэл ханах асуудал биш байсан. Яагаад гэхээр, ЮНЕСКО улсаар нь бус туургатнаар нь хамгаалж, бүртгэдэг. Энэ бүртгэлд Монгол хөөмий гэсэн нэр дор ОХУ, БНХАУ-д суугаа монгол туургатнууд бүгд хуваан эзэмших, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүрэгтэй. Сая зөвхөн Монгол Улсаараа Гиннест бүртгүүллээ. Энэ ажил  олон жилийн өмнөөс эхэлсэн. Өв соёлд хайртай иргэд, төр засгийн түвшний хүмүүстэй хэдэн жилийн өмнөөс ярилцаж, ардын урлаг бодит байдалд ямар  хэмжээнд байгааг хэлэлцсэн. Ингээд хөөмий, өв соёлын талаар судалгаа хийсэн. Энэ хүрээнд Ховд аймгийн 17 суманд ажиллаж, өв тээгч, ардын авьяастан, иргэдтэй уулзаад явахад бидний яриад байдаг хөөмий, өв соёл мартагдаж, хэдхэн хүн л мэддэг болсон байсан. Ингээд бодит байдалд өв соёл мартагдаж эхэлсэн гэдэгт аймаг, орон нутгийн удирдлагууд санал нэгдэж, ажил хэрэг болгоё гэж зорьсон юм. Жишээ нь, Ховдыг туулийн өлгий, Монголын хамгийн өндөр цэгт Дуут сум оршдог гэж ярьдаг хэр нь тэнд очиход ганцхан туульч л байсан. Хөөмийн өлгийн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хүн бүр түүгээр бахархдаг ч яг амьдрал дээр таван хөөмийч л тэнд байв. Хүүхэд багачууд хөөмийн талаар ямар ч ойлголтгүй, сонирхохгүй ч байсан. Яах вэ л гэж бодогддог юм билээ. 

-Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ?
-Намайг бага байхад хөөмийг шавь сургалтаар заадаг байсан. Одоо шавь сургалт хийдэг завтай, түүнд нь очиж оролцдог хүүхэд ч гэж байхаа больжээ. Бид бахархлаас бахархлыг төрүүлж, түүнд хүүхэд залуусыг татан оролцуулах сэдвийн хүрээнд ажиллаж эхэлсэн. Ингээд олон нийтийг хамарсан сургалт явуулахыг зорьсон юм. Хүүхэд залуус өв соёлоороо бахархах, сурч хөгжих, дотоод сэтгэлд нь байгаа тэр хүслийг бадрааж өгөх нь бидний зорилго болж хувирсан. Түүнээс өнөөдөр хэдэн хүүхэд хажуудаа суулгаад “Хөөмий гэдэг ийм зүйл” гээд заах нь өрөөсгөл санагдсан юм. Нөгөөтэйгүүр өргөн хүрээг хамарч чадахгүй, эдийн засгийн боломж, цаг зав ч хомс. Тиймээс энэ оны эхнээс Ховд аймгийн 17 сумын 25 ерөнхий боловсролын дунд сургуулиар явж, хөөмийн сургалт хийсэн. Эхний ээлжинд нэг сургуулиас 4-5 хүүхэд сонирхож ирнэ. Ингэж явсаар өргөжсөн. Өдөр ирэх тусам хүүхдүүд нэмэгдэж, бүртгүүлээд долоо хоноход 180 хүүхэдтэй болов. Орон нутгийн нэг сургууль ойролцоогоор 400-500 орчим хүүхэдтэй. Тал хувь нь хөөмийн сургалтад хамрагдая гээд ороод ирж байна. Ийм байдлаар явсаар анхан шатны сургалтаа дуусгачихаад дараа нь Ховд аймгийн  дунд сургуулийн дуу хөгжмийн багш нар, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, хөөмийд дуртай залуусыг бүртгэж сургагч багш бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл,  хөөмий заах арга барил эзэмшүүлсэн гэсэн үг л дээ. Би ганцаараа хүн бүрт хүрч ажиллах боломжгүй учраас сургагч багш нараар дамжуулж тухайн сум, орон нутаг, багийн сонирхсон хүн бүрт хүргэхийг зорьсон. Дараа нь хөөмий заах арга барилын талаар цуврал хичээлийг DVD хэлбэрээр гаргаж, тараасан юм. 
-Хэдхэн сарын дотор олон ажил амжуулжээ. Үүний дараа Гиннест бүртгүүлж болох юм байна гэсэн сэдэл төрсөн үү. Өв соёл тэр дундаа язгуур урлаг мартагдаж байна гэсэн халаглал тань тооцоолж байгаагүй амжилтад хүргэсэн юм биш үү?
-Сургагч багш нараар заалгасан сумд руу Дэлхийн хөөмийн холбооны баг очиж ажиллаж, заавар зөвлөгөө өгч байсан. Дараагийн шатаа ярьж, хүүхдийн хоолой, аялга зэргийг ярьж явсаар хоёр сар болоход 1000 гаруй хүүхдэд хөөмий заасан байсан юм. Ингэхдээ энэ хүүхдүүдээ судалж, бүртгэлийг нь авч, аав, ээж, эмээ, өвөөгийн талаас нь урлагийн хүн байсан уу гэх мэтчлэн судалгаа авч, хоолойг нь шалгаад онцлогт нь тааруулж хөөмий зааж эхэлсэн. Ингэж явсаар өнгөрсөн хавраас Гиннест бүртгүүлэх санаа төрсөн юм. Яагаад гэхээр, хүүхдүүдэд хөөмий заагаад орхивол цааш хэд нь үргэлжлүүлж сурах эсэх нь эргэлзээтэй. Нэг талаараа мартагдах учраас Гиннесийн хороотой харилцаж эхэлсэн. Энэ хороонд өдөрт 1000 гаруй санал, хүсэлт очдог юм байна. Бид хандсаныхаа дараа хөөмийчдөдөө бии биелгээ заасан. Хөөмийлөнгөө бий биелгээ хийх зорилготой байсан ч Гиннесийн хороо судалгаа талаас нь сонирхохгүй байсан. Өмнө нь арав гаруй мянган хүн бий биелгээг үзүүлж, Гиннесийн амжилт эвдсэн түүх байгаа гэсэн. Харин “Танай хөөмийг бүртгэх боломжтой” гэх хариу ирүүлсэн юм. Бид ч материалаа маш сайн бэлдэж явуулсан. Гиннесийн хорооны шүүгчид санал нэгдсэний дараа Ховд аймгийн ЗДТГ-ын дарга н.Энхболд бид хэд очиж гэрээ хийсэн. Албан гэрээ өнгөрсөн наймдугаар сарын 3-наас үүрэгжсэн учраас бид аравдугаар сарын 30-нд бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд хүүхдүүдээ бэлдээд Монгол бахархлын өдрөө хийж, Гиннест албан ёсоор бүртгүүллээ. Гиннесийн хорооны шүүгчид Ховд аймагт ирж, нийт 1308 хөөмийч Гиннесийн амжилтын эзэн болсон юм. 
-Монгол туургатны дотроос анх удаа 1308 хөөмийч нэг газар цугларч, дээд амжилтыг тогтоолоо. Бахархах, омогших сэтгэл төрж байсан биз?
-Өө тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргагүй шүү дээ. Нийт оролцогчдын  70 хувь нь анхлан суралцагчид. Үлдсэн хувь нь СУИС, театр, чуулга, Өвөрмонгол, Тувагаас ирсэн хөөмийч байсан. Гиннесийн хорооны дүрэмд “Олныг хамарсан арга хэмжээг дараагийн дээд амжилт эвдсэн хүн лицензээ хадгалж үлдэнэ” гэж заажээ. Лиценз өнөөдөр манайд хадгалагдаж байна. Хоёрдугаарт, олныг хамарсан арга хэмжээнд тухайн үед хэчнээн хүн оролцсон байна түүнээс 10 дахин олон хүн акц зохион байгуулж байж лицензыг нь эзэмшдэг юм билээ. Тэгэхээр дараа бүртгүүлэх хүмүүс 13080 хүнийг цуглуулж байж хөөмийг Гиннест бүртгүүлэх эрх нээгдэнэ гэсэн үг. Эндээс харахад, лав хэдэн жилдээ хөөмийг өөр үндэстэн, туургатан бүртгүүлэхгүй байх. Үүгээрээ бид Монгол хөөмий гэдэг Монголынх шүү гэдэг соёлын дархлааг бий болголоо. Хоёрдугаарт, Гиннесийн амжилтыг дагаад залуус хөөмийд дурлаж, бахархаж, өвлөн сурах боломж бүрдэж байна. Шинээр сурсан 1000 гаруй хүүхдээс 100, 200 нь хөөмийгөөр дагнаад явна шүү дээ. Өмнө нь бид жилд 2-3 хөөмийч бэлддэг байсан бол энэ тоо хэд дахин нэмэгдлээ. Үүнээс гадна өв соёлын талаарх ойлголт залуусын дунд өргөн тархаж байна. 

-Өв соёл бол тухайн улс үндэстний дархлаа. Дэлхийн улс орнууд байгаагүй түүхийг дэлгэцэнд мөнхөлж хүүхэд залуустаа эх оронч үзэл, төлөвшлийг бий болгож байна. Манайх биет бус соёлын өвөө сэргээж, түгээн дэлгэрүүлж байгаа нь сайн хэрэг. Цаашид цар хүрээг нь яаж тэлэх вэ?
-Хоёр жил тутамд хийдэг олон улсын хөөмийн наадамд цар хүрээний хувьд өргөн агуулгатайгаар оролцоно. Хоёр хөршийн хөөмийчид ирж, гэрч болж биднийг хүндэтгэн арга хэмжээнд оролцсон нь сайхан хэрэг байлаа. Тэдэнтэйгээ хамтарч ажиллахаар боллоо гээд ач холбогдлыг нь дурдвал зөвхөн Гиннест бүртгүүлснээр хязгаарлагдахгүй. Бахархлаас бахархал төрүүлж, өв тээгчдийг, хүүхэд багачуудыг хөөмийд дурлуулж, татан оролцуулж байна. Залуус түүхээрээ бахархдаг болно. Хөөмийг бүртгүүлэх ажилд оролцсон хүүхдийн хувьд насан туршид нь хадгалагдах дурсамж . Гол нь тэд өөрөөрөө бахархаж, байнга дурсаж, түгээн дэлгэрүүлэх нь сайхан юм даа. Өмнө нь 100 хөөмийч ирээд уралдаан тэмцээнд оролцоход “Олон хөөмийч нэг дор цуглалаа” гэж шуугидаг л байсан. Гэтэл түүнээс 13 дахин их хөөмийч гээд бодоод үзээрэй. Бид ирэх онд хүүхдийн язгуур урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ наадамд сая хөөмийлсөн хүүхдүүд оролцоно гэх мэтээр тооцвол агуулга өргөн болж хүрээгээ тэлнэ. Хүний сурсан зүйлийг хэн ч булааж авахгүй шүү дээ. Тэд өөрсдийгөө хөгжүүлээд явах боломж нь бүрэн нээлттэй. Сургууль бүрт хөөмийн урлагийн сургалтын программ бэлдэж өглөө. Дуу хөгжмийн хичээлд өв соёлын тухай орж эхэлсэн. 
-Дэлхийн хөөмийн холбоо гэж бий. Энд хэчнээн улс, үндэстэн байна вэ. Та даргаар нь ажилладаг байх аа?
-Дэлхийн хөөмийн холбоо байгуулагдаад таван жил болж байна. Манайхаас гадна Өвөрмонгол, Тувагийн хөөмийн холбоод багтдаг. Хоёр хөршид болоод Монгол Улсад өв соёл тэр дундаа биет бус соёлын өвийн наадам болбол багаараа, хамтлагаараа оролцоод явдаг. Энэ таван жилийн хугацаанд бид олон нийтийг хамарсан томоохон долоон арга хэмжээ зохион байгуулсны хамгийн сүүлийнх нь хөөмийг Гиннест бүртгүүлэх ажил байлаа. 

-Та өв тээгчийн үр удам. Багаасаа хөөмийд суралцаж, урлагт дурласан хүн. Хэдэн настайдаа хөөмийг анх сурч байв?
-Би хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Манай суманд төрсөн хүүхэд бүр багаасаа хөөмийлж өсдөг байлаа. Харамсалтай нь, 1990-ээд оноос өнөөдрийг хүртэл энэ байдал арилсан. Ганц хөөмий ч гэлтгүй бүх л өв соёл улаан номонд орох хэмжээнд хүрээд байв. Одоо харьцангуй сэргэж байгаа шүү. Миний нагац ах Д.Сундуй гэж хөөмийн анхны гавьяат мундаг хүн бий. Хөөмийгөөр би 30 гаруй жил хичээллэж байна. Олон арван залууст зааж сургасан. Хамтлаг ч байгуулж, язгуур урлагийн тоглолтыг дэлхийн олон оронд үзүүлж, тоглож байна. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө хэмжээнд хөөмийг хангалттай сурталчилжээ. Өнөөдөр бидэнд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл нь хойч үедээ өв соёлын талаар зөв ойлголт өгч, бахархах сэтгэлтэй, тодорхой хэмжээнд мэддэг болж өсгөх ёстой. Түүнээс бүгдийг нь хөөмийч бол гэж байгаа юм биш. Залуус гадаад, дотоодод бишгүй явна, аялна. Тэгэхэд гадны нэг найз чинь “Танай Монголд хөөмий гэж байдаг гэсэн. Энэ талаар ярьж өгөөч” гэхэд огт мэдэхгүй байж болохгүй. Монгол хүн өв соёлоо, түүхээ мэддэг байх ёстой. Хүн бүр өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч байвал сайхан шүү дээ.
-Та Германд олон жил ажиллаж, амьдарсан. Язгуур урлагийн “Транс Монголиа&Хосоо” хамтлаг байгуулж европын зах зээлд тоглолт толилуулж байсныг тань мэдэх юм байна. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Манай хамтлаг 2004 онд байгуулагдсан. Үүнээс өмнө ганцаараа уран бүтээлээ хийдэг байсан л даа. Тэр үедээ янз бүрийн хамтлаг, чуулгад урилгаар ажиллана. Ингэж явж байгаад өөрсдөө хамтлаг байгуулъя гэж шийдсэн. Бид ямар нэг жанрт баригддаггүй. Сонгодог, ардын, жазз, рок гэх мэт олон чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан. Бүрэлдэхүүний хувьд монгол, герман, норвегичууд. Зарим үед бүрэлдэхүүн солигдоно. Яагаад гэхээр, хамтлаг гэдгээр бус уран бүтээлийн нэгдэл гэж явна, тодорхой төсөл хэрэгжүүлдэг. Төсөлд шаардлагатай уран бүтээлчид нь ямар хүмүүс байх вэ гэдгээс хамаарч сонголтоо хийнэ. Гэхдээ хөөмий голлох маягтай. Тухайн төсөл ямар үүрэг, утга агуулгатай байх вэ гэдгээс хаанахын ямар уран бүтээлчийг урьж оролцуулах вэ гэдгээ хоорондоо ярилцаж байгаад шийдэж ирсэн. 
-Европын хэчнээн оронд тоглож байв. Тэд хөөмийг яаж хүлээж авдаг вэ?
-Би 1990-ээд оны дундуур Германд очиж, 20 жил хөөмий тоглож, уран бүтээлээ туурвилаа. Монголд саяхан ирж, суурьшлаа. Европынхон халуун дотноор хүлээж авдаг. Зүйрлэхийн аргагүй сайхан. “The Hu” хамтлаг одоо дэлхийд гайхагдаж байна. Тэдний гол суурь нь хөөмий байгаа биз. Энэ хамтлагийн продюсер Б.Дашдондог ах манай Чандмань сумын хүн. Нутгийнхаа уулан дээр сууж байгаад “Хүннү рок” төслийнхөө санааг анх гаргаж байсан. Хөөмий, морин хуур, товшуурыг орчин үеийн хэлбэрт оруулаад дэлхийн зах зээлд гарчихлаа. Дэлхийн шилдэг хамтлаг болсоноор хөөмий танигдана, үнэлэгдэнэ гэсэн үг. Намайг анх Европт очиж байх үеийнхээс хөөмий сонирхдог хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Зөвхөн өнөөдөр Монгол руу “Хөөмий аялал” зохион байгуулахад хангалттай их жуулчин ирэхээр байна. Өв соёлоо эдийн засаг болгож, хөгжүүлэх шаардлага байгаа. Үүнд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэдгийг бас дурдах ёстой.
-Азийн тэр дундаа Хятадын зах зээлд танай уран бүтээлийн нэгдэл тоглосон. Ямархуу хүлээж авч байсан бэ?
-Хятадын зах зээлд 2017 оноос хойш тоглож эхэлсэн. Тэр дундаа Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр гуайн Бээжин дэх компанитай хамтарч ажиллаж байна. Монгол-Хятадын найрамдалт харилцааны 70 жилийн ойгоор бид 10 гаруй тоглолт төлөвлөсөн байсан ч хөөмийг Гиннест бүртгүүлэх ажилтай холбоотойгоор хойшлуулчихаад байна. Хятадын өмнөд хэсгийн хотуудаар явж тоглолтоо хийдэг.   

-Гиннест хөөмийг бүртгүүлсэн талаар яриа руугаа эргээд оръё. 1308 хүнийг нэг дор цуглуулж, зангидахад амаргүй байсан байх. Маш олон хүний хүч хөдөлмөр орох энэ ажлыг яаж нугалав?  
-Монгол хөөмийг Гиннест бүртгүүлж, бахархлаас бахархал бүтээх энэ ажилд маш олон хүн, албан байгууллага тусалсан. Ялангуяа Ховд аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, орон нутгаас сонгогдсон төрийн түшээд, тэтгэврийн хөгшин хүртэл арав, таван төгрөг бариад ирсэн.  Үйл ажиллагаанд оролцсон тэр олон хүүхдийг халуун чацаргана, ус, ундаагаар хангах нүсэр ажлыг хувийн хэвшлийнхэн хийсэн. Яагаад гэхээр, Гиннесийн дүрэмд ашгийн бус байх ёстой гэж заасан байдаг юм билээ. Ямар нэг албан хүчээр асуудалд хандахгүй, ашиг орлого олж болохгүй, хүмүүсийн эв санааны нэгдэлд тулгуурла гэдэг. Тэгэхээр төр засгаас мөнгө авч болохгүй гэсэн үг. Аймгийн ЗДТГ уриалга гаргаж, бизнес эрхлэгчдийг халуун сэтгэлээр хандахыг хүссэн. 1300 гаруй хүүхдийг нэг дор цуглуулсан учраас хоол унд, тээвэр, байр гээд зардал их байсан ч сайхан сэтгэлт монголчуудынхаа хүчээр ард нь гарч чадлаа. Монголчууд өв соёлынхоо талаар нэгдэж, түүхийг мөнхжүүлж, үлдээж байгааг агуа гэхээс өөр юу гэх билээ. Тэр олон хүүхдүүдийн ээж, аав үргэлж хамт байж, ойр зуурын ажилд тусалж байсан. Энэ бүгд монголчууд нэгдэж чаддагийг харуулсан том жишээ. 
-Яагаад ганц Ховдыг онцолсон юм бэ. Монгол орны өнцөг булан бүрт орхигдоод байгаа өв соёлоо сэргээх үйлсийг дэлгэрүүлмээр л байна шүү дээ?  
-Ховдод хамгийн олон угсаатан амьдарч байна. Язгуур урлагийн гол охь Ховдод бий. Үүнээс гадна салбарын яамнаас соёлын өвийг өвлөгдөж ирсэн газар нь анхаарч, хөгжүүлэх ёстой гэх чиглэл өгсөн юм билээ. Язгуур урлагийн наадмыг Ховд аймагт хий, бүгдийг Улаанбаатарт төвлөрүүлэх зохимжгүй гэсэн. Тиймээс энэ наадмыг зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Гэхдээ дан ганц Ховдод хөөмийг заана, өв соёлыг дэлгэрүүлнэ гэж туйлшрахгүй. Хөөмийг Гиннест бүртгүүлэхэд Дорнод, Улаанбаатар гээд Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн. Өвгөн багш н.Одсүрэн маань хүртэл 80 гарчихсан хэрнээ ирж, байлцсан. Ямар их сэтгэл гэж санана. Цаашид бүх аймагт язгуур урлагийн сургалт хийх төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна. Эхний ээлжинд аймгуудад видео хичээлүүдээ тараана. Дараа нь очиж заахаар төлөвлөж байгаа ч төсөв мөнгөний хүрэлцээ муутай энэ үед сайн хэлж мэдэхгүй л байна.
-Салбарын яамнаас биет бус соёлын өвд зарцуулах төсөв байдаггүй хэрэг үү?
-Ер нь төсөв байхгүй шүү. Барагтай бол зарцуулдаггүй. Яам бодлогоо бариад л явна. Хоёр, гурван жилд нэг л удаа өв соёлтой холбоотой олон улсын фиставальд бага сага хөрөнгө төсөв гаргадаг юм шиг байна лээ. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид