Улаанбаатар 1c

Б.Жаргалмаа: Эфиртээ инээгээд сууж байх шиг жаргал хаана ч байхгүй

Тэр бол асаж дүрэлзсэн, гал цогтой эмэгтэй. Хэзээд нэг л зангаараа байдаг шулуун шударга яриатай энэ хүн телевизийн урлагт барууны сэтгүүл зүйн школыг оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Хүний амьдралын жаргал, зовлон дундуур дураараа туучиж яваа түүнийг Бадарчийн Жаргалмаа гэдэг. 
Монголын ард түмэнд дүр төрхөөрөө, дуу хоолойгоороо танигдсан тэрбээр орчин тойрноо гэрэлтүүлж, хайр цацруулж явдаг сайхан хүмүүсийн нэг. Үргэлж л хэн нэгэнд туслах юмсан гэсэн чин сэтгэл түүнээс нэвт үнэртдэг. Үгийн сайхнаар дутаж яваа хэн нэгэнд урам зориг, эрч хүчийг тэр л түгээж суудаг юм. Хамт олон, үеийн найз нөхөд нь түүнийг “мужик” зантай, хэзээ ч гандан буурашгүй цоглог “амьтан” гэж тодорхойлно. Тэр дэлгэцийн урлагтай амьдралаа холбоод 28 жил болж байна. Түүний ярилцлагыг хүргэе. 

-Таныг аавынхаа тухай нэг бус удаа ярьж байхыг тань сонсож байсан. Aав гэх гуравхан үсгэнд хайр энэрэл, ноён нуруу, нөмөр нөөлөг, өмөг түшиг, амьдрал багтдаг гэж боддог. Сайхан аавынхаа үргэлжлэл нь болж, өөрийнхөө ертөнцийг бүтээж яваа таниас хамгийн эхэнд аавын тань талаар асуумаар байна. Танд юу гэж зааж сургаж байв?
-Миний дүү надаас зургаан насаар дүү. Дүү төрөнгүүт би аавын хүүхэд болсон. Аав маань л намайг бөөцийлж, эрхлүүлж, хайрлаж өсгөсөн, би амин охин нь байлаа. Аав, ээж хоёрынхоо алинд нь илүү хайртай вэ гэхээр “Мэдээж аав” гэж ээжийнхээ эгдүүцлийг төрүүлдэг хүүхэд байсан. Харамсалтай нь, миний аав арай л эрт 65-хан насандаа бурхны оронд одчихсон. Аав минь “Олонтой байхыг, хүнд муу санахгүй зөв явахыг, үнэн үгтэй шударга байхыг эрхэмлэж яваарай” гэж байнга захидаг байсан. Захиасыг нь биелүүлж, хэн нэгэнд муу санаж, буруу зөрүү үг хэлчихгүй юмсан гэж маш их бодно. Аавыгаа санах бүрт нүдэнд нулимс хурж, цээж хөндүүрлэнэ. Өдийд аав маань байсан бол охиноороо ямар их бахархах байсан бол гэж бодохоор хоолой зангирдаг. Аавыгаа нэг удаа ч болов хажуудаа суулгаад нутаг руу нь аваад явахсан гэх бодол үргэлж төрнө. Аав гэдэг хүнийг хэн ч орлож чаддаггүй, тийм ертөнц байдаг юм байна. Би одоо хүмүүст “Аавыгаа байгаа дээр нь илүү их хайрлаарай” гэж хэлэхийг хүсдэг. Аав нь хажууд нь байгаа хүмүүсийг хараад атаархдаг. Яагаад ч юм, тэр хүний аавыг очоод нэг үнэрлэчих юмсан, эцэг хүнээс үнэртдэг тэр үнэрийг мэдрэхсэн гэж байнга бодно. Хүмүүс аавыгаа ярихаар цагаахан атаархана. Энэ хүн аавтай шүү дээ, миний аав дэргэд алга гэж гуниглах үе бас гарна. Хүний л амьдрал юм хойно, аавыгаа нутаглуулахдаа үр хүүхэддээ эргэж төрөөрэй гэж дотроо бид залбирч байсан. Тэр үг биелдэг юм болов уу гэж боддог. Өнөөдөр охин маань яг л миний аав шиг ч юу гэж л надад аавын минь үнэрийг үнэртүүлэх вэ дээ.

Гэхдээ аавын маань дууддаг байсан тэр л нэрээр намайг дуудаж, ээжийг эрхлүүлдэг байсан тэр л байдлаар миний охин ээжийг илээд сууж байхыг харахад миний аав яалт ч үгүй хайртай охиндоо эргэж төрсөн юм байна гэж боддог. 
Би хоёр ах, хоёр эгч, нэг эрэгтэй дүүтэй, эхээс зургуулаа. Бүгд аав, ээжийн охин, хүү байж таарна. Гэхдээ миний аав намайг зориод ирсэн гэдэгт итгэдэг. Охиноо тээж байхдаа би гахайн хавдар тусчихсан юм. Эмч нар “Энэ хүүхдийг төрүүлж болохгүй” гэхэд нь би зөрсөөр байгаад охиноо төрүүлсэн. Тэгэхээр миний аав надад ирэх гэж л ирсэн гэж боддог. Би охиноо 2007 онд төрүүлсэн. Яагаад охиноо би аавынхаа эргэж төрсөн гэж боддог гээч.

-За?
-Аав намайг “Миний навсаанаа, аавын навсаан” гэж дууддаг байв. Охиноо дөнгөж хөлд ороод удаагүй байхад нь гадагшаа гарах гээд хувцаслаад хана түшүүлээд зогсоочихсон байсан чинь охин “Хүүе навсаанаа хурдлаач ээ” гээд дуудсан. Тэгэхэд би үнэхээр их гайхаж аав минь наддаа эргээд иржээ гэж бодоод охиноо тэврээд л уйлсан. Би аавынхаа дээлийг хадгалдаг. Хааяа нөмөрч унтана. Тэгэхэд аавтайгаа хамт байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Үнэр нь цаанаа л танил дотно. Тэр дээлийг манай хүргэн ах өмсчихсөн зогсож байсан чинь охин хэлд ороод удаагүй байхдаа “Хүүе, чи наад дээл тайл” гэсэн. Манай хүргэн ах гайхаад “Яахаараа чиний дээл байдаг юм. Чи хэдэн хүүхэдтэй юм” гэхэд охин маань “Би зургаан хүүхэдтэй. Чи миний дээлийг тайлчих” гэж хэлээд ээж бид хоёрыг уйлуулж байлаа. Охин минь “Эмээ” гэж хэлд орчихоод ээжийг “Ай хө” гэж дуудна. Аав ээжтэй ярихдаа “Хө хө хө” гэдэг байсан юм. Тэгэхээр яах аргагүй миний аавын сүнс охиноор минь дамжаад надад ирсэн, цаг үргэлж амин хайртай охинтойгоо хамт байдаг гэж бодож тайтгардаг. 

-Сэтгүүлчээр ажиллаж эхэлж байхад аав тань юу гэж байв. Та санаандгүй тохиолоор сэтгүүл зүйн салбартай амьдарлаа холбосон байх аа?
-Би жүжигчин болно гэж боддог байлаа. СУИС-д шалгалт өгөөд 6.5 оноо авах ёстойгоос 6.4 аваад, орж чадаагүй. Тухайн үед миний нагац ах Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Алтан-Өлзий “Ах нь яриад СУИС-д оруулаад өгье” гэхэд би урлагт арын хаалга байдаггүй юм гээд халгаагаагүй. Тэр үед би аминдаа л од болчихсон байлаа (инээв). Миний гол дүрд нь тоглосон “Агшин” кино гарчихсан, Хүүхэд залуучуудын театрын дэргэдэх “Улаан бүч” чуулгад явдаг. Тэр үед “Алгебрын дэвтэр”, “Мөнгөн хонх”, “Миний чин зоригт бяцхан найз” жүжиг тайзнаа тоглогддог байхад дандаа гол дүрд нь тоглоно. Гудамжинд явж байхад хүүхдүүд жүжгүүдийн дүрээр дуудна, “Агшин”-гийн Жаргалмаа нөгөө л цувтайгаа явж байна гэх мэтээр ярина. Хүүхдүүд намайг хэзээний таньдаг болчихсон, дээрээс нь багагүй туршлагатай гэж бодоод СУИС-д ямар ч асуудалгүй тэнцэнэ гэж бодож байтал 0.1 оноо дутчихсан. Жүжигчин болж чадаагүй байж байтал  Улаан бүч чуулгын багш н.Ургамал маань Үндэсний телевизэд орчихсон байж таараад “Миний охин энд цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч авч байна. Хүрээд ир” гэсэн юм. Тэгээд би 1992 оны наймдугаар сард телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчид очиж шалгуулж, тэнцээд орж байлаа. Тэр үед Глоб интернэшнл төвийн Х.Наранжаргал эгч Үндэсний телевизийн уран сайхны удирдаач байсан. Тэнд цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчийн орон тоо байгаагүй учраас туслах найруулагчаар орсноос хойш өнөөг хүртэл телевизэд ажиллаж байна. Аав маань намайг телевизийн сэтгүүлч болоход “Миний охин өөрийнхөө дуртай, чадах ажлаа хий. Хүсэл сонирхлоо дага” гэсэн. Хэзээ ч тулган шаардаж байгаагүй.  Тийм ч учраас телевизийн сэтгүүлч болоход их баярлаж байв. Миний аав урлагийн хүн байсан, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Аавтайгаа хамт кинонд тоглож байсан сайхан дурсамж ч надад бий. Одоо бодоход аавын маань уран бүтээлч сэтгэлгээ, олонтой байх, өөрийгөө илэрхийлэх, нээх зан чанар нь надад өвлөгдөж, намайг телевизийн хүн болгосон байх гэж боддог. Бүх цаг үед аав маань олонтой явсан. Түүний нэгэн адилаар би ч өнөөдөр тэр замналаар явж байгаа юм болов уу. 
-Дэлгэцийн урлагт та 28 жил зүтгэж байна. Туслах болон ассисент найруулагч, нэвтрүүлэгч, анкор гээд бүхий л ажлыг та хийжээ. Мэргэжлийн бус сэтгүүлч гэсэн асуудалтай та нүүр тулж байсан гэх яриа байдаг. Өөрт оногдсон ажлаа сайн хийж чадаж байхад диплом ямар хамаатай юм бэ гэж бодогдож байсан шүү?
-1992 оны есдүгээр сарын 2-нд Үндэсний телевизийн туслах найруулагчаар ажилд оров гэж хөдөлмөрийн дэвтэр дээр маань бичсэн байна лээ. Хоёр жил гаруй ажиллаад 1994 оны арванхоёрдугаар сар ассисент найруулагч болж тушаал дэвшсэн (инээв). Дуу дүрсний пүүлтэн дээр найруулагчтай хамт суугаад нэвтрүүлэг хийдэг болсон гэсэн үг. Уг нь хальс зөөгөөд гүйдэг, нэвтрүүлгийн бэлтгэл хангадаг байсан охин тушаал дэвшиж, пүүлтэн дээр сууж, оператор, дууны найруулагчаа удирддаг болов. Тэгж байтал хүүгээ төрүүлэх болсон. Телевизээс бас нэг гэр бүл төрж гарч байна гээд тухайн үедээ баяр хөөр болж байлаа. Хүүгээ төрүүлээд байж байтал Үндэсний телевизээс найруулагчийн ангид сур гэсэн юм. Гэтэл тухайн үеийн сургалтын төлбөр болох 100 мянган төгрөгийг төлж чадаагүй. Ингээд гэртээ хүүхдээ харж байтал “Ийгл” телевиз байгуулагдаад надад ажиллах санал ирсэн. Манай телевиз 1996 оны дөрөвдүгээр сарын 15-нд эфирээ цацсан, хоёр дахь өдрийнх нь эфирийн анхны нэвтрүүлэгчээр нь би ажилласан. Гэхдээ нэвтрүүлэгч гэдгээр биш анкор гэсэн статустай. Яагаад гэвэл, “Ийгл” телевиз тухайн үед Америкийн сургалтаар мэдээгээ олон нийтэд хүргэх зарчмаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл би “Ийгл”-ээр овоглож явна. Гэхдээ 1998 оны наймдугаар сарын 19-ний өдөр “Ийгл” телевизэд мэргэжлийн бус сэтгүүлч ажиллуулахгүй гэх яриаг залуу сэтгүүлчид гаргасан. Нэг ёсондоо надад жаахан дарамт ирсэн л дээ. Тэр үед надад диплом байгаагүй. Тэр өдрөө эфиртээ суучихаад, захиралтайгаа уулзаад “Та бүхэн намайг мэргэжлийн бус гэж байгаа бол би гарлаа” гээд явсан. Залуу ч байж. Тэгээд 1998 оны наймдугаар сарын 20-ны өдөр UBS телевизэд нэвтрүүлэгчээр ажилд орж, 2004 оны арванхоёрдугаар сар хүртэл зургаан жил тэр хамт олны нэг эд эс нь болж явсан. Тухайн үед “City news” мэдээллийн хөтөлбөрийг байгуулахтай зэрэгцэн мэдээний ахлах, редактор, ерөнхий редактор, мэдээний албаны дарга, найруулагч гээд бүхий л ажлыг нь хийсэн. Ингээд байж байтал 2004 оны арванхоёрдугаар сард “Ийгл” телевиз шинээр дахин ажиллаж эхэллээ, хууччуулаа ажилд авмаар байна гээд эндээ буцаад ирсэн дээ. Би өнөөдөрхөн “Ийгл” телевизэд ямар алба хашдаг юм бол гээд нийгмийн даатгалын дэвтрээсээ харж байлаа. 2004 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэвтрүүлэгч, анкороор тушаал маань гарч байжээ. Өнөөдрийг хүртэл би тэр албан тушаалтайгаа л байгаа. Намайг 1995 онд “Ийгл”-д ажилд орж байхад н.Гантуг, н.Пүрэвням гээд мэргэжлийн хоёр сэтгүүлч л байсан. Тэр үед манай америк захирал “Жагаа сэтгүүлч хэрэгтэй байна. Чи мэдээнд явж чадах уу” гэхэд нь “Чадна” гээд мэдээнд явж, сэтгүүлчээр ажилладаг болчихсон байсан. UBS-д ажиллаж байхдаа “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн учраас маш бардам буцаад “Ийгл”-дээ ирж байлаа. 
-Сэтгүүл зүйн салбар алдаа оноотой ч гэсэн урагшилж л байна. Нийгмийн хөгжлийн явц дахь туулах ёстой нэг үе шат нь юм болов уу гэж би хардаг. Энэ талаарх таны үгийг сонсмоор байна?
-Би энэ салбарт ажиллаж байгаадаа бахархдаг. Яагаад гэвэл, би үгээ хэний ч өмнө айж эмээхгүйгээр хэлж чадна. Энэ чадлыг салбар маань надад өгсөн. Хэн нэгэнд худалдагдах эрх бидэнд байхгүй, хэний ч өмнөөс би айхгүйгээр үгээ хэлэх эрхтэй. Хэнээс ч мөнгө аваад нэг талд дуугарахыг “Ийгл” телевиз надад заагаагүй. “Ийгл” телевиз шударга, шуурхай, үнэнч байж, салбараа хамгаалж үлдэхийг бидэнд сургасан. Тэр байтугай “Ийгл” Есүсийн шугамаар хөрөнгө оруулалт авдаг байхад “Бид Монголд ажиллаж амьдарч байгаа. Надад Есүсийн номлолыг унших эрх байхгүй” гээд уншдаггүй байсан. Тухайн үед манай америк захирлууд “Жаргалмаа, Монголын ард түмэн чамд итгэж байгаа учраас чи ямар нэг байдлаар өөр газар арга хэмжээ хөтөлж болохгүй. Тэгвэл чамд итгэх ард түмний итгэл алдарна шүү” гэдэг хүмүүжил өгсөн. Тэр ч утгаараа бид хаана ч очиж “халтуур” хийдэггүй байлаа. Үүнийг дагаад ард түмэнд бидэнд итгэдэг. Та бүхэн санаж байгаа бол “Ийгл” телевиз мэдээгээ эхлүүлэхдээ нэвтрүүлэгч, анкор нь “Би Бадарчийн Жаргалмаа, Дүгэржавын Оргил байна. Та итгэж болно” гэдэг байсан. Шуурхай, шударга байснаараа “Ийгл” телевиз ард түмний итгэлийг авч чадсан гэж боддог. Монголын үзэгчдэд үнэн байх зарчмыг хүргэж чадсан учраас бид бардам байв. Дээрээс нь нэвтрүүлэгч, анкорууд нь мэдээгээ өөрсдөө бэлтгэдэг байснаараа бусад телевизээс ялгарч байлаа. Тухайн үед Америк, Иран, Иракт болж байгаа үйл явдлыг Монголд болж буй мэтээр ярих чадварт суралцсан. Дэлхийн мэдээ яагаад монголчуудад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулсан гэж боддог. Иракийн хамгийн анхны ардчилсан сонгууль явагдахад тэр сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг бид бүгдийг нь таньдаг, ярьдаг болтол тэр чадавхийг удирдлагууд маань суулгаж өгсөн нь “Ийгл”-ийнхэн бусдаас ялгарах онцлог болж байсан гэж боддог. 

 Чи зочноо хүндэтгэх ёстой, тухайн үйл явдлыг болж байгааг нь мэдээл, чамд дүгнэлт хийх эрх байхгүй гэдгийг бид зааж сургаагүй юм байна. Одоо энэ зарчмыг хэлье гэхээр өнөө хүүхдүүд маань бидний үгийг сонсохгүй байна

-Одоогийн “Ийгл” телевиз тэр үеэс хэр өөрчлөгдсөн бэ?
-Бид одоо монгол захиралтай. Ямар нэг байдлаар “Жаргалмаа чи ингэж, тэгж дуугарч болохгүй шүү” гэж хэлдэггүй. Бид өөрийнхөөрөө ажиллаж байгаа. Техникийн шаардлагаас шалтгаалаад ч гэдэг юм уу дэлхийн мэдээнээс холдсон байна. Одоо тоймч Г.Ганбаяр маань дэлхийн мэдээ хийж байгаа. Гэхдээ Монголд болж буй үйл явдлыг байгаагаар нь мэдээлж, дүгнэлт хийх эрхийг үзэгчдэдээ олгодог хэвээр байгаа. 
-Таныг ажилд орж байх үеийнхээс сэтгүүл зүйн салбар хэр өөрчлөгдсөн байна вэ. Шинэ үеийн сэтгүүл зүй ямархуу түвшинд байна вэ?
-Чин үнэнийг хэлэхэд мэдээндээ өөрсдөө явдаг байхад тухайн үеийнхэн “Ийглтэй адилхан болох юмсан” гэдэг байсан. Тэндээс “Ийгл” телевиз ямар байр суурь эзэлж байсан нь харагдах байх. Гэхдээ “Ийгл”-ээс гараад өөр газар очсон хүн тэр газартаа мэдээний албаны дарга, захирал гээд удирдах албан тушаал хашдаг. Одоо ч ялгаагүй. “Ийгл” хүнийг тэгж чадавхижуулдаг. Гэхдээ салбарынхнаа хараад заримдаа “Яагаад бид ёс зүйгээ хайрлаж, хамгаалж чадахгүй байна вэ. Бид яагаад нэр төрөө цэвэр байлгахгүй байгаа юм бэ” гэж бодох үе гарна. Би өнөөдөр дуугарах сонирхолгүй байна. Яагаад гэвэл, бид хойч үеэ хүмүүжүүлж чадаагүй юм байна гэж боддог. Чи зочноо хүндэтгэх ёстой, тухайн үйл явдлыг болж байгааг нь мэдээл, чамд дүгнэлт хийх эрх байхгүй гэдгийг бид зааж сургаагүй юм байна. Одоо энэ зарчмыг хэлье гэхээр өнөө хүүхдүүд маань бидний үгийг сонсохгүй байна. Үнэхээр харамсал төрдөг. Аливаа үйл явдлын гэрч нь тухайн зочин учраас сэтгүүлч хүндлэх ёстой гэх зарчим маань алдагджээ. Хүн ямар ч үед эргээд уулзах нүүртэй байх ёстой. Ийм зарчим “Ийгл” телевизийн Жаргалмаагийн өмнө л лав байдаг. Би хэн нэгэнтэй ярилцлаа гэхэд, сайн, муу талаас нь харуулах гэхээсээ илүүтэй тухайн хүнийг байгаагаар нь үзүүлж, үзэгчдэд дүгнэлт хийх эрхийг нь үлдээхийг хичээдэг. Тэр хүний хамаг муу муухайг, хөнжлийг, хэтэвчийг сөхөх эрх бидэнд байхгүй. Миний ярилцлагаас тухайн хүний сайн, муу гэх дүгнэлтийг уншигч, үзэгчид маань өөрсдөө хийгээсэй. 
-Сэтгүүл зүй одоо булингартай байна уу?
-Булингартай. Арилжааны, чөлөөт гэдэг утгаараа мөнгө олох эрх нь бий л байх. Гэхдээ сэтгүүл зүй ёс зүйтэй, сэтгүүлчид моральтай, этиктэй байх нь нэгдүгээрт байх ёстой. Гэтэл өнөөдөр тэр чанар нь алдагдаад байна. Хэн нэгнээс мөнгө аваад нөгөөг муулчихсан бол хэзээ нэг өдөр өнөө хүнийхээ нүүрийг яаж харах билээ. Хүний ертөнцөд амьдарч байгаа бид бие биенээ яагаад эергээр, зөвөөр харж болохгүй гэж. Хүний амьдрал богинохон шүү дээ. Болсон үйл явдлыг мэдээлэхгүй байвал бас буруу. Байгаагаар нь мэдээлчихэд л болно. 
-Сэтгүүл зүй чаддаг нь үлдэж, чаддаггүй нь зайгаа тавьж өгдөг салбар. Гэтэл бид энэ булингараа арилгаж чадахгүй, өөр хоорондоо үзэлцээд байх. Яах ёстой юм бэ?
-Уг нь булингарыг арилгах гарц байх ёстой. Би арчаагүйдээ дуугүй байж ч магадгүй. Гэхдээ би хэн нэгэнтэй ам муруйх үнэхээр дургүй. Энэ миний төрөлх зан. Хэн нэгэн ойлгох байлгүй дээ гэсэндээ ёс зүйтэй байх зарчмыг дахин дахин яриад байгаа юм. Өнөөдөр МСНЭ, Ёс зүйн хороо гээд маш олон байгууллага бий. Тэд маань дуугарч байгаа байх. Хүний хийсэн үйл эргээд өөрт нь хэзээ нэг өдөр ирдэг гэдэг. Ер нь амьдрал гэдэг энэ тогоо бүгдийг байгаагаар нь харуулдаг. Хэрэв тэр тогоо  сайхан буцалж л байвал сайхан. Тэр тогооноос давж гарахгүй зөв л байгаасай, бие биенээ хүндэлдэг байгаасай л гэж боддог. 

Аав маань намайг телевизийн сэтгүүлч болоход “Миний охин өөрийнхөө дуртай, чадах ажлаа хий. Хүсэл сонирхлоо дага” гэсэн. Хэзээ ч тулган шаарддаж байгаагүй миний аав. Тийм ч учраас телевизийн сэтгүүлч болоход их баярлаж байв

-Дэлгэцийн урлаг гайхамшигтай юм. Монгол орны өнцөг булан бүрт таныг хүмүүс танина. Үзэгчид таныг хайрлаж, хамгаалж, өмгөөлдөг. Хүндээр өвдөхөд тань халуун сэтгэлээр хандаж байсан. Та ч сэтгэлийн хат, тэвчээрээр давж гарсан шүү дээ?
-Ажлаас шалтгаалдаг ч байсан уу хэлж мэдэхгүй юм. Ямартай ч миний толгой их өвддөг байсан. Тэр бүрт нь анальгин ууна. Хүмүүс “Чи анальгинээ бүр хоол шиг идчих юм” гэж аашилж байсан ч үе бий. Тухайн үед анальгинээ уучихаад эфиртээ ороод суучихдаг. Би ажлаа хийхээрээ өвчнөө мартчихна. Одоо ч тийм. Толгой өвдөхөөр яршиг, эфиртээ сууж байя гэдэг. Ямар нэг зовлон, шаналалгүйгээр эфиртээ инээгээд сууж байх шиг жаргал хаана ч байхгүй. Үзэгчтэйгээ утсаар холбогдоод камер руу хараад, инээгээд сууж байх хамгийн сайхан мөч. Толгой өвдөхөөс гадна чигээрээ явж байгаад хажуу тийш эсвэл хойшоо алхаад байсан. Ингээд шинжилгээ хийлгэхэд тархины хавдар байна гээд хортой, хоргүйг нь хэлж чадаагүй. Хүн гэдэг их сонин юм билээ. Яах учраа олохгүй Д.Энхтуяа, Э.Дагиймаа дээрээ гүйгээд очлоо. Нөгөө хоёр маань энд тэндээс эмч ирсэн гээд дагуулаад явсан. Гэтэл Японы эмч нар “Энэ бол хавдар байна. Хавдрын явцыг бид шинжлэх хэрэгтэй” гэсэн. Хүн ерөөс сэтгэлийн амьтан. Хортой, хоргүй юм болов уу, би үхчихвэл яана аа гээд 2-3 хоног гэртээ уйлсан. Тэгээд л ер нь уйллаа гээд яах ч юм билээ. Ямар нэг аргаар эмчлүүлье гэж бодсон хэр нь эфиртээ сууж чадахгүй болчихвол яана аа гэсэн айдастай. Тэр үед Д.Энхтуяа маань “Жагаа чи ерөөсөө гадагшаа эмчилгээнд яв. Ямар нэг аргаар мөнгө олъё” гэсэн. Тухайн үед мэс засал бус яаж мөнгө олно доо гэж бодсон. Байхгүйн зовлон тэр. Хэрэв мөнгөтэй байсан бол эмчилгээгээ хийлгэх талаар л бодно шүү дээ. Намайг эмчилгээнд явсан хойгуур миний найзууд бүх зардлыг олсон байсан. Яах аргагүй энэ салбарын, телевизийн, эфирийн буян шүү дээ. Найз нөхөд маань “Жаргалмаадаа тусалъя” аян өрнүүлж, хандивын тоглолт зохион байгуулсан байсан. Миний эмчилгээнд нэмэрлээрэй гээд хоёрдогч түүхий эд цуглуулж тушаадаг хүн 5000 төгрөг хандивлаж байсан гэдэг. “Ийгл” телевизийг үздэг хүн бүр надад буяны гараа сунгасан. Мэс засалд ороод гараад ирэхэд миний ээж “Миний охин ард түмнийх юм байна. Буян нь дэлгэрсэн ямар сайн хүмүүс вэ. Мэс заслын бүх төлбөрийг олсон шүү. Монголын ард түмэн бүгдээрээ миний охинд тусалсан” гээд утсаар уйлаад ярьсан. Мэс засалд явахынхаа өмнө би таньдаг хүмүүс рүүгээ “Би ингээд өвдчихлөө. Надад боломжоороо туслаач” гэж мессэж явуулахад хэн нь ч үгүй гээгүй, бүгд тусалсан. Монголын ард түмэн, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар өнөөдөр би инээгээд сууж байна. 
-“Миний охин олонтой яваарай” гэж аавын тань хэлсэн захиасыг та амьдралдаа мөрдлөг болгосон учраас сайны тусгал танд иржээ. Монголчууд “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх?
-Хэн нэгэнд би хар буруу санаж явсангүй. Намайг хүн муугаар бодож байвал ерөөл өргөөд сууж байхсан гэж боддог. Мэс засалд орж ирчихээд ард түмэндээ “Баярлалаа” гэж хэлэх ёстой гэж бодсон, хэлсэн. Гэтэл манай захирлууд “Жагаа эгч эфиртээ суучих. Та хэрэгтэй байна” гэсэн. Тэр үг намайг эдгээсэн, маш их эрч хүч өгсөн. Нүүрний маань нэг тал нь бага зэрэг далий байсан ч “Сайн байцгаана уу, үзэгчид ээ” гээд эфиртээ гарч эхэлсэн. Хэрвээ би телевизийн хүн биш байсан бол хаанаас мөнгө олох байсан юм. Ард түмэнд баярлалаа гэдгээ хэлж эфирээр гарсан тэр өдөр “Миний охин эргээд ирсэнд баярлалаа” гэж маш олон хүн над руу утасдсан. Хүн ерөөс сэтгэлийн, урмын амьтан. Тэр сайхан үг, сэтгэлд тэтгэгдэж, тэжээгдэж, эрч хүч авсан. Өнөөдөр хүртэл нүүрний маань зүүн талын хэсэг мэдээгүй байгаа. Гэхдээ үзэгчид маань намайг харж, сонсож, хүлээж байгаа их хүчээр ажлаа хийгээд сууж байна. Ард түмний хайр, итгэл, хүлээлт хүнийг хөл дээр нь босгож, оргилсон их эрч хүчийг өгч чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Тархины хавдартай хүмүүс яаж тань шиг болох вэ гэж асууна. Тэр бүгдэд би “Өөртөө итгэ. Би даваад гарна гэж бод” гэдэг. Хүн сэтгэлээр өвдөж, эдгэдэг юм байна. Эфиртээ ороод суугаад хүмүүс утсаар холбогдоод “Сайн уу Жаргалмаа” гэхэд камер руугаа хараад инээдэг. Миний ажил дэндүү жаргалтай. 
-Телевизэд ороод удаагүй байхдаа та ханьтайгаа танилцаж байсан тухайгаа  ярилаа. Гэр бүлийнхээ тухай та ярихгүй юу?
-Надад хэн нэгнээс нуух зүйл байдаггүй. Миний амьдрал олны нүдэнд ил. Анхны хань маань Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч Ж.Бямбаагийн хүү байсан. Телевизэд ажиллаж байхдаа бид биенээ хайрлаж, дундаасаа хөөрхөн хүүтэй болсон. Тухайн үед тавын дэвтэр гэж байлаа. Тэр дэвтэр дээр захиа бичээд солилцоно. Телевиз даяараа бид хоёрыг мэднэ. Жирэмсэн том гэдэстэй хэр нь том хальсаа үүрээд, тавын дэвтрээ энгэртээ наагаад аз жаргалтайгаар явсаар л хүүгээ төрүүлж байлаа. Ер нь дурлал гэдэг хүнд маш их хүч өгдөг. Хэн нэгэн дурлалгүй бол уйтай байх болов уу. Хэн нэгэнд жаргал, инээд баясал өгөх нь амьдралын бас нэгэн тод өнгө юм даа. Одоо хүү маань гэр бүлтэй болж, би эмээ болсон. Ийм их хайранд дунд инээгээд сууж байгаа нь ард түмний надад өгсөн хайр, хүч юм даа. Хүмүүс бие биедээ хайрыг, сайхныг, сэтгэлийн хүчийг өгч байхсан. Шинэ жилээр манай ажлынхан  “Хамгийн хамгийн”-ыг тодруулахад би “Хамгийн сахилгагүй”-гээр нь тодорч байв. Хүмүүсийг би инээлгэж, тодорхой хэмжээний баяслыг өгсөн учраас намайг хамгийн сахилгагүйгээр нь тодруулсан байх. Би байгууллагадаа хамгийн ахмад нь хэр нь хамгийн сахилгагүй нь шүү дээ (инээв).       
-Дурлал гээд ярихаар таниас асуумаар байна. Үзэгчдээс хэр их захиа авч байв даа?
-1992 онд би “Харц” нэвтрүүлэг хөтөлдөг байхад ахлах ангийнхан маань “Жаргалмаа эгчээ танай нэвтрүүлэгт оръё” гээд хандана. 1995 онд “Ийгл” телевизэд орж байхад америк школ нэвтэрлээ, бусад нэвтрүүлэгч нараас өөр байна гээд сонинд ярилцлага өгнө. Харин үзэгчдээс зурагтаар гарч байх үеийн зургийг дараад, угаалгаад, цэцэгтэй их ирүүлдэг байсан. Ажил тарангуут дугтуйнд хийгээд үлдээсэн зураг их авч байлаа. Гэхдээ “Жаргалмаа хайртай шүү” гэж сэтгэлээ илэрхийлж байсан зоригтон байгаагүй (инээв). Бид тухайн үед тасралтгүй зургаан цаг эфирт суудаг. Тухайн үед мэдээ давтаж үзүүлэх сонин биш. Үзэгч сувгаа солиод, “Ийгл” дээр тааруулахад шууд мэдээ явж байх ёстой гэдэг. Тэр үед “Таны цаг” гээд утсаар иргэдтэй холбогддог байхад нэг үзэгч залгаад “Жаргалмаа, хайртай шүү” гэхээр нь “Баярлалаа” гэсэн. Гэртээ очоод нөхөртөө “Баярлалаа байхдаа яадаг юм” гээд загнуулж л явлаа. 2007 онд америк захирал маань залгаад “Жаргалмаа надад чиний тусламж хэрэгтэй байна” гэлээ. Гайхаад юу вэ гэтэл “Чи эфиртээ ир. Үзэгчид чинь чамайг санаад байна” гэдэг байгаа. Тэр үед би жирэмсэн, том гэдэстэй, эфиртээ ирж суулаа. Тэгсэн үзэгчид “Жаргалмаа, тулгаа манах хүүтэй болоорой. Ямар хөөрхөн юм” гээд зогсоо зайгүй шууд утас руу залгана. Тийм л их хайрыг телевиз гэх айл үзэгч, ард түмнээр дамжуулж надад өгсөн. 
-Ажлаа тараад гарахад тань нэг ч залуу болзъё гээд үүдэнд зогсож байгаагүй гэж үү дээ?
-Байхгүй. Тийм зориг байгаагүй байна шүү дээ (инээв). Бид шууд дамжуулалт байсхийгээд хийнэ. Аль улсын билээ дээ олон уурхайчин осолдсон тухай манайх шууд дамжуулсан юм. Тэр үйл явцыг олон улсын тоймч н.Гантулга ахтайгаа шууд эфирт нэлээд олон цаг сууж ярьсан. Шууд дамжуулалтын үеэр “Жаргалмаа үүдэнд хүн дуудаж байна” гэхээр нь Гантулга ахыгаа эфирт үлдээчихээд гялс гараад очсон чинь нэг үзэгч “Жаргалмаа чи ерөөсөө юм идэж амжихгүй байх шиг байна. Үүнийг идчих гээд хоёр пицца, кола барьчихсан” зогсож байсан. Тэгэнгүүт 10 гаруй цаг шууд эфирт суусан миний хамаг ядаргаа арилчихаж байгаа юм. Японы цунамиг би огт мартдаггүй. “Ийгл” телевиз бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, бүх мэдээллийг цаг алдалгүй үзүүлж байсан. Тэр бол “Ийгл” телевизийн “лайв”. Бид тийм хүчирхэг. “Ийгл” телевизийн тэр үеийн сургалт одоо бидэнд байж л байгаа. Одоо бид аливаа мэдээллийг шуурхай, шударга байдлаар хүргэхээр ажиллаж байна. Мэргэжлийн баг хамт олон гэдэг өөр. Өнөөдөр хэн нэгэн утсаараа эсвэл нэг төхөөрөмж барьчихаад лайв хийх ялгаатай шүү дээ. 
-”Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгээ та хэзээнээс хийж эхэлсэн юм бэ. Телевиз бүрт ярилцлагын нэвтрүүлэг бий. Таных юугаараа ялгаатай вэ?
-2013 оны арванхоёрдугаар сард анхны нэвтрүүлгээ бичсэн. Хамгийн анхны зочин маань тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд. Тухайн зочноо мэдрэх юмсан гэдэг үүднээс би нүдийг нь харж ярилцдаг. Бие маань жаахан ядруу байгаа учраас ярилцлагаа одоо долоо хоногт нэг хийж байна. Тухайн хүнээ нээж, олон түмэнд байгаагаар нь харуулахыг л хүсдэг. Сайн, муу ямар ч хүн байж болно. Би хэнтэй ч ямар ч сэдвээр ярилцдаг. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж таараад “Би нэг ярилцлагын нэвтрүүлэг хийх гэсэн юм. “Бадарчийн Жаргалмаа” гээд нэрлэчих үү” гэсэн чинь “Бодъё, бодъё, яагаад Жаргалмаа байж болохгүй гэж гэснээ ер нь аавынхаа нэртэй хамт байсан нь зөв юм байна” гэсэн. 
-Нэвтрүүлгийнхээ нэрийг яагаад Ерөнхийлөгчөөс асууна гэж...?
-“Ийгл” телевиз 1995 онд байгуулагдахад Ц.Элбэгдорж, Б.Баабар гэдэг хүмүүс Америкаас хөрөнгө оруулалтыг нь авчирч байгуулж байсан юм. Тэр үеэс бид ойр, шинэ жилээ тэмдэглэдэг хүмүүс байв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч тухайн үед манай телевизийн хувийг авч л байсан. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нь байна уу хамаагүй, бүгд л миний зочин. Би тэдэнтэй ямар ч асуудлаар ярилцахад бэлэн байдаг. Албан тушаалтай болсон гээд найзархаад байдаггүй. Өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л харилцдаг. Найзууд бол найз хэвээрээ л байна. Сая хотын 380 жилийн ой боллоо. Үе үеийн хотын дарга нар руу би “Баярын мэнд хүргэе” гэж мессэж бичсэн. Тэднээс “Үерхэлдээ үнэнч байгаад баярлалаа, Жагаа” гэсэн хариу ирсэн. Би төрийн албанд ажиллаж байгаагүй учраас “Дарга аа, дарга аа” гээд байдаггүй юм билээ. Хотын 380 жилийн ойгоор М.Энхболд даргатай ярилцлага хийсэн. Тэгэхэд “Хотын дарга аа” л гэж байснаа анзаарсан. М.Энхболд гуай Ерөнхий сайд болсныхоо дараа ЗГХМА-ны даргаар ажиллах санал тавихад “Би зурагтаар гарах уу” гэж асуухад “Үгүй” гэсэн. Тэгвэл орохгүй гэх хариу хэлж байлаа. Дарга, цэрэг, жирийн иргэн, эрхээ хасуулсан хүмүүс хэн байна уу, надад огт хамаагүй. Тэд бүгд миний зочин. Хүнтэй хүн ёсны харилцаа л өрнүүлэх ёстой гэж боддог. 
-Улс төр гэснээс таныг УИХ-д нэр дэвшээч гэсэн санал ирж байв уу?
-2008 онд АН, 2012 онд МАН-аас сонгуульд нэр дэвшээч, нэг суудал аваад ирээч гэсэн санал тавьж байсан. Санхүүжилтэд битгий санаа зов, бид гаргана гэх саналыг хоёр том намаас хэлж л байлаа. Би өнөөдөр улстөрч биш, ард түмний хайрласан Бадарчийн Жаргалмаа. Энэ л их зүтгэлээр би өөрийнхөө дуртай ажлыг хийдэг. Надад улс төрд орох ямар ч сонирхол байхгүй. Гэхдээ улстөрчид өнөөдөр хэн байгаад, маргааш хэн болохоо мэддэггүй нь маш харамсалтай санагддаг. Түүнийг нь мэдрүүлэхийн тулд би зарим улстөрчдөд “Та дөрвөн жилийн дараа албан тушаалгүй байж болно. Би сэтгүүлчээрээ л ажиллаж байх болно” гэж хэлдэг.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид