Улаанбаатар 1c

Яндангаасаа салж, халаалттай болсон Хувьсгалчдын гудамжныхан

Жавар тачигнасан хүйтний улирал эхэлж, өвлийн салхи хацар хайрна. Утаа униар, хөрсний бохирдлоос залхсан нийслэлчүүдийн туйлын хүсэл нь орон сууцанд амьдрах. Ингээд л байрны лизингэд дарлуулж, өвдөх, үхэх эрхгүй зээлээс зээлийн хооронд амьдрах болно. Хонгилын үзүүрт гэрэл байдагтай адил гэр хорооллынхон агаар хөрсний бохирдлоос салах боломжтой гэдгийг  Чингэлтэй дүүргийн VII хорооноос харж болно. Энд 280 гаруй айл яндангаасаа салж, цэвэр, бохирын шугамд холбогдсон байна. Тодруулбал, гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженер хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд тус дүүргийн  285 өрх дулаан, бохир, цэвэр ус, цахилгаан, холбоо, дохиоллын инженерийн шугамд холбогджээ.

Энэ талаар сурвалжлан хүргэхээр бид Баянхошууны Хөтөлд байрлах Хувьсгалчдын гудамжийг зорив. Засмал замаар хөнгөн тэрэг алгуурхан өгссөөр тус хорооны иргэн Б.Дугарсүрэнгийн хашааны үүдэнд хүрлээ. Хашааны үүднээс гэрийн эзэн тосож, биднийг дотогш оруулав. Тэднийх 0.7 га газартаа хоёр давхар байшин барьж, халуу дүүгсэн гэрт тав тухтай амьдарч байна. Дэд бүтцэд холбогдсон эхний 30 айлын нэг бөгөөд бойлуурынхаа усыг шавхаж, засвар үйлчилгээний ажлаа эхлүүлжээ. Халаалтаа авсан тул угаалгын өрөөгөө тохижуулж, ариун цэврийн өрөөндөө суултуур суурилуулах гээд чөлөө завгүй ажиллаж байгаа аж. Гурван жилийн өмнө байшингаа барьж дуусгаад, халаалтаа шийдэж чадахгүй байсан Б.Дугарсүрэн гуай амины орон сууцандаа ийм хурдан тохижно гэж зүүдлээ ч үгүй хэмээн яриа дэлгэлээ. “Манайх 2018 оны нэгдүгээр сард халаалтаа авсан цөөхөн хэдэн айлын нэг.  Цагаан сарын өмнөхөн холбогдсон болохоор маш сайхан байсан. Саяхан л усаа худгаас зөөж, нүүрстэй зууралдаж байсан цаг ард хоцорч,  хотын төвийн байранд амьдарч байгаа хүмүүсээс илүү тухтай орчинд амьдардаг болчихлоо шүү дээ. Гаднаа машинаа тавих талбайтай, хүүхдүүд минь аюулгүй орчинд тоглоно гээд олон давуу талтай. Хоёрхон жилийн өмнө суунагласан хөх утаан дунд урдах замаа харахтай үгүйтэй амьдарч байсан бол өнөөдөр халуу дүүгсэн гэрт тэртээ урд харагдах уулыг хараад сууж байна. Энэ бол маш том дэвшил. Ер нь гудамж талбай цэвэр болоод эхлэхээр хүмүүс амьдарч байгаа орчноо гоё болгохыг хүсдэг юм байна. Энэ хавраас айлууд хашаандаа мод тарих нь ихэссэн байна билээ. Ойр орчмын 280 гаруй айл яндангаа буулгаж, гаднаа байсан  бохирын асуудлыг шийдвэр­лэснээр аг­аар, хөрсний бохир­долгүй болж, тав тухтай орчин бүрдэж байна. Манай хорооноос олон хүн ирж туршлага судалсан. Энэ төсөл цаашид хэрэгжиж, төвийн шугамд холбогдох боломжгүй олон айлд хүрээсэй” гэв. Уг ажлыг хийхэд БНХАУ-аас тав, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж, 1.4 га газрыг хамарсан инженерийн таван шугам татан, шугамуудыг дэд бүтцийн төвтэй холбосон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус төвийг нээх үеэр “УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүрэг, хорооны удирдлагууд гар нийлж ажиллалаа. Энэ төслийг ирэх жилүүдэд бусад дүүрэг, хороонд хэрэгжүүлэхээр 2020 оны төсөвт мөнгийг нь суулгаад байна” гэсэн юм. Улаан хүрэн өнгийн модон хашаагаар ижилссэн энэ гудамжны бүх айл дэд бүтцийн шугамд холбогджээ. Хашаанд байрлах монгол гэрийн яндангаар хааяа нэг цагаан саарал утаа суунаглах агаад ойр орчим утаагүй байв. Хувьсгалчдын гудамжны  дунд хэсэгт Дэд бүтцийн төв байрлах бөгөөд 280 гаруй айлын дулааныг хангахаар ажилчид чөлөө завгүй ажиллаж байлаа. Ашиглаж буй технологи нь байгальд ээлтэй тул түүхий нүүрс түлсэн ч уурын зуухны яндангаас утаа гаргадаггүй,  цэвэрлэх байгууламжийн үнэр ч ойр орчимд тархахгүй гэнэ.  Цэвэрлэх байгууламж нь Герман улсын технологийг ашиглаж,  530 шоо метр усыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Мөн төсөл хэрэгжиж байгаа газруудын тохижилтын хүрээнд дөрвөн хэсэг 1.5 км авто замыг байгуулжээ. Дэд бүтэц зогсолтгүй үргэлжилбэл тун удахгүй улаанбаатарчууд агаар, хөрсний бохирдол гэх шүдний өвчнөөс салах боломжтой болох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид