Улаанбаатар 1c

Монголчуудын хайртай Солонгос орон: Тэд газар “үйлдвэрлэж” байна

Х.УЯНГА, Npos.mn
2019-11-21 12:10

Японы эзэрхийллийн ул мөрийг хадгалж үлдсэн Гүнсан

БНСУ-ын нийслэл дэх албан ёсны хөтөлбөр дуусаж, Солонгос орны гүнд орж, илүү гүнзгий танилцах чөлөөт хөтөлбөр эхэлвэй. Сөүлээс хурдны замаар гурван цаг орчим давхиад Умард Чолла аймгийн Гүнсан хотод аяны дөрөө мулталж, хоноглох болов. Гүнсан нь Солонгостоо уртаараа гуравдугаарт бичигддэг Кым голын адаг, Шар тэнгисийн зүүг эрэгт байрлах далайн боомт хот. ХХ зууны эхний хагаст солонгосчууд Японы эзэнт гүрний эзэрхийлэлд байсны ул мөрийг хамгийн тодоор хадгалж үлдсэн газар нь Гүнсан аж. Далайн боомт гэдэг утгаараа чухал цэг байсан учраас энд япончууд олноороо төвлөрч байсан бололтой.
Солонгосчуудын хувьд дурсаж хөөрөөд байх сайхан зүйлгүй, хүнд хэцүү үеүдийнх нь нэг боловч тэр гунигт жилүүдийг байнга санаж байх гэж, бас энэ түүхээ бусдад үзүүлж сонирхлыг нь татахын тулд Гүнсан хотыг тухайн үеийнхээр нь үлдээхээр их л хичээж буй нь анзаарагдсан. Хэдэн өдөр сэгсчүүлж хүрдэг манай хязгаар нутагтай харьцуулахад нийслэлийнхээ хаяанд гэж болох энэ жижиг хот орчин үеийн барилга байгууламж цөөнтэй. Биднийг угтаж, хотоо танилцуулсан музейн ажилтан бүсгүй гудамжаар алхахдаа “Японы эзэрхийллийн үед энэ гудамж яг иймээрээ байсан” гэх буюу замаар гарахдаа “100 гаруй жилийн настай энэ замыг япончууд өөрсдөө зориулан тавьсан. Үүнийг огт өөрчлөөгүй, тэр үеийнхээрээ байгаа” гэнэ. Солонгосчууд япончуудын барьсан замыг өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр хадгалж, жуулчдад үзүүлэн гайхуулж суухад монголчууд хэлмэгдэж, цаазлуулсан Ерөнхий сайдынхаа амьдарч асан сууц, үеийн үед санах ёстой гашуун түүхийн дурсгал болсон Хэлмэгдэгсдийн музейгээ нураагаад буйг санаж, “Сэтгэлгээнд нь ийм ялгаа байгаа болохоор Солонгос хэдхэн жилийн дотор Азийн бар улсын тоонд орж, Монгол хөгжил буурай орон хэвээр үлдсэн биз” гэсэн өөнтөгч бодол төрөөд амжсан.

Гүнсан хотынхон Японы эзэрхийллийн үеийн барилга байгууламжаа бүгдийг нь тэр үеийнхээр нь хадгалж үлдсэн байх бөгөөд сүүлийн жилүүдэд босгосон хоолны газар, зочид буудлаа ч 1900-гаад оны эхэн үеийн япон цэргийн дарга нарын тансаг сууцны загвараар барьж, тохижуулсан нь олонтаа таарна. Хөтөч бүсгүй тэр бүхний дэргэдүүр дуугүй өнгөрнө гэж үгүй. “Япончууд солонгосчуудаар хамаг хар бор ажлаа хийлгэж, хөдөлмөрийг нь үнэгүй шахам мөлжөөд, өөрсдөө ийм тансаг хаусанд суудаг байсан” гэх зэргээр сэтгэгдэл төрүүлэх тайлбар хэлэх боломжийг алдахгүй.

“Эмэгтэйчүүдээр үтрэмд будаа цайруулах ажил хийлгэдэг байсан. Солонгосчууд борви бохисхийлгүй ажиллах хэдий ч япончууд хамаг будаа тариа, хоол хүнсийг хуу хаман авдаг байсан учраас өлмөн зэлмэн амьдарна. “Ажилчин эмэгтэйчүүд будаа өвөр, түрийдээ хийж гарах магадлалтай тул шалгах ёстой” гэсэн дүрэм тогтоочихоод, түүгээрээ далимдуулан  нэгжих нэрийн дор цэргүүд эмэгтэйчүүдийн биеийн хүрэх ёсгүй хэсэгт хамаагүй хүрдэг байсан. Япончуудын эзлэн түрэмгийллийн үед солонгос бүсгүйчүүд бэлгийн дарамтад хамгийн их өртөж, хүнд амьдрал туулсан” хэмээсэн нь нүүр улайлгасан тайлбар байв. ҮХЦ-ийн даргын асуудал ид шуугиулж байсан үе учраас ийн ичсэн хэрэг.

Музейн үзмэр тайлбарлахдаа тэрбээр “Эмэгтэйчүүдээр үтрэмд будаа цайруулах ажил хийлгэдэг байсан. Солонгосчууд борви бохисхийлгүй ажиллах хэдий ч япончууд хамаг будаа тариа, хоол хүнсийг хуу хаман авдаг байсан учраас өлмөн зэлмэн амьдарна. “Ажилчин эмэгтэйчүүд будаа өвөр, түрийдээ хийж гарах магадлалтай тул шалгах ёстой” гэсэн дүрэм тогтоочихоод, түүгээрээ далимдуулан  нэгжих нэрийн дор цэргүүд эмэгтэйчүүдийн биеийн хүрэх ёсгүй хэсэгт хамаагүй хүрдэг байсан. Япончуудын эзлэн түрэмгийллийн үед солонгос бүсгүйчүүд бэлгийн дарамтад хамгийн их өртөж, хүнд амьдрал туулсан” хэмээсэн нь нүүр улайлгасан тайлбар байв. ҮХЦ-ийн даргын асуудал ид шуугиулж байсан үе учраас ийн ичсэн хэрэг.
Эзлэгдэж, дарлуулж явсан түүхээ хүртэл аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болгож, борлуулахын жишээг тэндээс үзэв. Юухныг ч юм болгодог, алсаа хардаг бодлоготой учраас ч цөөхөн жилийн дотор үсрэнгүй хөгжиж, ДНБ-ээр дэлхийд 12-т, Азид дөрөвт эрэмбэлэгдэх болоо биз ээ.

“Шинэ газар” төсөл хэрэгжүүлж, далайг газар болгох ажил эхлүүлжээ

Хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг, экспортод чиглэсэн эдийн засагтай, цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологиороо дэлхийд өрсөлддөг БНСУ далайг газар шиг ашиглах, шинэ газар бий болгох томоохон төсөл эхлүүлжээ. Газар нутгийн хэмжээгээрээ манай нэг аймагтай дүйхүйц хэрнээ хүн ам, барилгажилт, аж үйлдвэрийн хөгжлөөрөө хол тасархай тус улсад газрын асуудал хурцаар тавигдаж буй аж. Тэнд шинэ төсөл эхлүүлье гэхэд дураараа очоод авчих газар үгүй. Газар нь бүгд эзэнтэй тул том талбай шаардах шинэ төсөл эхлүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс Засгийн газар “Шинэ газар” төсөл хэрэгжүүлж, далайг газар болгох, газар шиг ашиглах талаар идэвхтэй ажиллаж буй аж. Энэ нь эхнээсээ амжилтад хүрчээ.


Тухайлбал, далай дээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулан, амжилттай ажиллуулж буйгаа бидэнд танилцуулав. БНСУ-д газар нь иргэдийн мэдэлд, ус нь төрийн мэдэлд байдаг учраас улс орны ирээдүйд амин чухал хэрэгтэй томоохон төслөө усан дээр хэрэгжүүлэхээр Засгийн газар нь шийдсэн аж.
Хуванцар хавтангуудыг хооронд нь холбон, эрэг дээрх байгууламжаас бэхэлж, далайн мандалд хөвөгч суурь бий болгоод, дээр нь нарны зай хураагуур ирийлгэсэн нь хийх хүнд арга олддогийн тод жишээ байв. Зах хязгаар нь нүдний хараа цуцааж, далайн устай уусан алсрах хөвөгч суурин дээр 50 мянга гаруй зай хураагуур бий гэнэ.
Далай нь эх газар шиг хөдөлгөөнгүй, нэг л зангаараа бус. Ааштай, агсам, тогтворгүй. Хар салхи дэгдээж, хамаг амьтныг сүрдүүлдэг агсамналынх нь өмнө хүн төрөлхтөн ямар өчүүхэн гэдгээ мэдэрдэг билээ. Тогтуун үедээ ч байнгын хөдөлгөөнтэй, долгилж, цалгилж байдаг их усан дээр ийм том төсөл хэрэгжүүлж буйг нүдээр харсан ч итгэхэд бэрх санагдсаныг нуух юун.
Багийнхан маань ч надтай адил бололтой, хэн нэгэн нь энэ талаар асуухад KCEN сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийн албаны дарга И Жүн Сон “Усан дээр ийм байгууламж барьж, ажиллуулах нь газрын асуудлыг шийдэх сайн талтай ч хүчтэй салхи, далайн давалгаанд эвдэрч гэмтэх эрсдэлтэй. Үүнийг тооцсон. Тиймээс хөвөгч суурийг салхи, далайн давалгаанд хөдлөхөөс сэргийлж, тогтоон барих хүндрүүлэгчтэйгээр хийсэн. Саяхан болсон 55 м/секундийн хурдтай хар салхийг манай үйлдвэр ямар ч эвдрэл гэмтэлгүй давсандаа баяртай байгаа” гэсэн.
KCEN компанийн байгуулсан, Гүнсан хотын ойролцоо орших далай дээрх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр хүчин чадал, хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орох аж. Сонирхуулахад, хүчин чадал, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх үйлдвэр БНХАУ-д, гуравдугаарт орох нь Японд байдаг аж. KCEN сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр нар, ус, салхинаас эрчим хүч гаргаж авах технологиудтай бөгөөд 10 мянга гаруй ажлын байр бий болгож, 25 мянган мегаватт эрчим хүч үйлдвэрлээд буй.
Усан дээрх болон эх газар дээрх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр яг адилхан технологи, зарчмаар ажилладаг бөгөөд усан дээр үйлдвэрийг барихад газар дээрхээс 30 хувийн илүү зардал гардаг гэсэн тооцоог тэд хийж. Гэхдээ усан дээрх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр эх газрынхаас 10 дахин их эрчим хүч гаргадаг давуу талтай аж. “Тогтмол 25 хэмийн дулаантай байвал эрчим хүч хуримтлуулах таатай орчин бүрддэг. Газар дээр зундаа өндөр халах, өвөлдөө хэт хөрөх гэх мэтээр  хэлбэлздэг. Харин усан дээр хөрсний халалт, хөрөлт тэгтлээ нөлөөлөхгүй, нэгэн хэвэндээ байдаг нь энэ төрлийн үйлдвэрлэлд давуу тал олгодог” гэж албаны дарга И Жүн Сон хэлсэн.
KCEN сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр 2018 оны долдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 430 тэрбум вонын хөрөнгөөр байгуулсан уг үйлдвэрийг найман жилийн хугацаанд зардлаа нөхнө хэмээн тооцож буй аж. БНСУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч ажлаа аваад, анхны айлчлах газраараа эднийхийг сонгосон гэхээр тус улс уг төсөлд хэр анхаарал хандуулж буй нь тодорхой болно биз. Тэнд ажилладаг солонгосчууд ч тун чухал үйл бүтээж буйдаа итгэлтэй байх бөгөөд “Эрчим хүч бол амь амьдрал. Эх дэлхийн нөөц хязгаартай, хэзээ нэг өдөр шавхагдана. Тэр үед эрчим хүчээ үйлдвэрлэх өөр эх үүсвэрийг одооноос бий болгох хэрэгтэй. Энэ бол бидний үр хүүхэддээ, хойч үедээ хийж өгч чадах хамгийн сайн зүйл” гэцгээсэн. “Хүн төрөлхтөнд сэргээгдэх эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Монгол Улс байгалийн нөөц, нар, салхи ихтэй учраас ийм үйлдвэр байгуулбал 5-6 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой гэж дуулсан” хэмээн хаа холын Номхон далайн хөвөөнд, Гүнсан нутгийн буйдхан хэсэгт суугаа KCEN компанийн ажилтан сониучирхаж байгаа нь бас нэгийг бодогдуулсан.
Ийнхүү солонгосчуудын ирээдүйн төлөөх гэгээн зорилготой, басхүү сонирхолтой төсөлтэй танилцаад, “Шинэ газар” төслийн хүрээнд далайг газар болгож, шинэ хот байгуулахаар төлөвлөж буй талаарх үлгэр шиг яриаг нь сонсон, дараагийн хот руугаа хөдлөв. Солонгосчууд анх тариалангийн талбай бий болгож, хоол хүнсээ нэмэгдүүлэх зорилгоор далайг газар болгох ажлаа эхлүүлжээ. Шороо зөөж асгасаар далайн хөвөөний ойролцоох арлуудыг хооронд нь нийлүүлж, дориун том газар бий болгосон гэнэ. Гэхдээ зорилго нь өөрчлөгджээ. Анх хоол бодож байсан тэд одоо “Бидний амьдрал сайжирч, хоол хүнс тийм ч тулгамдсан асуудал биш болсон тул өөрсдийн бий болгосон газар дээрээ шинэ хот сүндэрлүүлнэ” хэмээж байна билээ. Солонгосчуудын бий болгосон хиймэл газар дээрх хоттой танилцах өдөр ойрхон биз ээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид