Улаанбаатар 1c

Монголбанк, СЗХ-г хэн удирдах вэ?

NPost.mn
2019-11-21 14:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөөд буй. Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсны хариуцлагыг дээрх эрхмүүдэд үүрүүлээд байгаа юм.

УИХ-ын даргын мэдэлд харьяалагдах энэхүү хоёр агентлагийг удирдах дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр эрх баригчид эцсийн шийдвэр гаргаагүй байна.  Хуулиараа УИХ-ын дарга Г.Занданшатарт давуу эрх бий ч эхний удаад Ерөнхий сайдтай цаашлаад МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх аж.

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад өөрийн хүнээ зүтгүүлэх амбицтай УИХ-ын гишүүд олширсон ч намын даргаасаа анхааруулга авч амжжээ.

Төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон асуудлаар ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя.

Н.Баяртсайхан:

Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.

2019 оны наймдугаарсард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал, аравдугаар сард ФАТФ-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж, “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах" мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.

Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна.

С.Даваасүрэн:

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн зохицуулах хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажиллалаа.

Санхүүгийн зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт үгүй билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид