Улаанбаатар 1c

О.Есүгэн: Цанын насанд хүрэгчдийн улсын аваргад 11 настайдаа уралдаж байлаа

NPost.mn
2019-11-22 10:36

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Токиогийн олимпын эрх  хүртсэн ОУХМ Оюунбатын Есүгэнтэй ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг О.Есүгэн гэдэг. 1999 оны зургадугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. МҮИС-ийн архитекторын хоёрдугаар курсын оюутан. Аавтайгаа хоёулаа амьдардаг. Ээж минь тусдаа амьдардаг ч дотно харилцаатай. Миний хамгийн дотно, эрхэм хүн аав, эгч хоёр. 
Манай гэр лагерт байдаг, учраас гэртэйгээ ойртон Салхитын 117 дугаар сургууль руу шилжиж дунд сургуулиа төгссөн.
-Хэдий үеэс спортоор хичээллэв?
- Аав цанын спортоор хичээллэдэг байсан. Намайг есөн настай байхад цанаар гулгаж сурахад тусалж, цанын спортын тамирчин болгосон. Цанаар хичээллээд удаагүй байтал Монголд биатлоны спорт хөгжиж эхэлсэн юм. Аав биатлоны спортод их дуртай. Тийм болохоор “За миний охин биатлон их сонирхолтой спорт” гээд биатлоны тамирчин болгов. Биатлоны буудлагаа сайжруулъя гээд 2014 онд Техник спортын төв клубийн урт бууны дасгалжуулагч Б.Энхжаргал багш дээр очиж бэлтгэл хийдэг боллоо. Буудлагын чадвараа сайжруулах бэлтгэл хийж явтал  Б.Энхжаргал багш “Чи буудлагын тэмцээнд орж, өөрийн буудах чадвар хэр өссөнийг сориод үзээч” гэсэн. Багшийн зөвлөсний дагуу буудлагын тэмцээнд амжилттай оролцож, спортын  нэгдүгээр зэргийн болзол хангачихлаа.  Б.Энхжаргал багш их баярласан ”Миний охин их сайн байна. Биатлон, урт буу хоёроороо нэг хэсэгтэй давхар хичээллээд явбал ямар вэ” гэв. Хичээллэх тусам буудлагын спорт миний сонирхлыг илүү татах болов. Аавд хэллээ, ”Биатлоноос буудлагын спорт илүү сонирхолтой. Ирээдүйтэй спорт юм байна. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй бэлтгэл хийх боломжтой төрөл” гэж.  Тэгээд гурван жилийн өмнөөс биатлоны спортоо орхиж, урт бууны төрлөөр тууштай хичээллэж эхэлсэн.
-Цанаа орхисон ч энэ төрлийн тэмцээнд орж байсан биз дээ?
-Аав намайг 11 настай байхад насанд хүрэгчдийн улсын аваргын 50 км-т уралдуулсан. Тэр тэмцээнд хамгийн сүүлд орсон ч шүүгч нар намайг өрөвдөж “Миний дүү замаа дуусгалгүй гарах уу” гэхэд нь “Үгүй ээ, аав загнана” гэж гүрийж, тэвчээд 50 км зам дуусгаад барианд орж байлаа. Би цанаар тийм сайн байгаагүй. Хүүхэд  байсан болохоор томчуудаас хурд, хүчээр хамаагүй дутуу байсан байх л даа.
-Биатлоны тэмцээнд орж байв уу?
-Биатлоноор нэг л тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнд буудлагаа сайн гүйцэтгэж,  байг оновчтой онож хүрэл медаль хүртэж байлаа.
-Одоо хэн багшийн удирдлага дор буудлагын бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Б.Энхжаргал багш удахгүй дасгалжуулагч хийхээ больчихсон. Тэгээд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн шавь болсон юм. 2018 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож долоон алтан медаль хүртсэн. Энэ жил залуучуудын улсын аваргаас зургаан алт, нэг мөнгөн медаль авсан.  Хийн урт бууны төрөлд түрүүлж, улсын аварга болсон амжилт үзүүлээд байгаа. 
-Буудлагын спортоос өөр хобби гэвэл?
-Зураг зурах, зүү ороож уран хатгамал хийх хоббитой. Хөөрөгний даалин их оёдог. Энэ бүхэн миний анхаарал төвлөрөлтөд тус нэмэр болдог байж магадгүй.
-Хилийн дээс алхан олон улсын тэмцээнд хэзээнээс оролцож, гадаадын мэргэн буучидтай өрсөлдөх болов?
-2015 онд Герман Улсын Мюнхен хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон. Энэ  тэмцээнд анхных болохоор том тэмцээний нэр хүндээс сүрдэж, биеэ бариад сайн буудаж чадаагүй. Дэлхийн аваргын тэмцээн дуусаад үргэлжлүүлэн  Серби Улсын Новисадын  олон улсын Гранприд оролцов. Тэр тэмцээнд хэвтээ буудлагын 50 метрт хүрэл медаль хүртсэн. Анх удаа олон улсын Гранпригаас медаль хүртсэн болохоор бүрхэг тэнгэрт нар мандах шиг сэтгэл уужраад, хэмжээлшгүй, баяр баясгалантай мэдрэмж төрсөн. Өөрийн чадварт итгэх итгэл нэмэгдсэн. Амжилт гаргах боломж, бололцоо надад байна шүү гэдгийг  мэдэрсэн.

Багш ирээд “За олимпын эрхээ авчихсан шүү” гэж намайг тэвэрч баяр хүргэв. Би бүр гайхаад, багш арай худлаа хэлмээргүй юм. Надаар тоглож байгаа юм болов уу гээд элдэв янзын юм бодож амжсан. Нэг л итгэж өгөхгүй байв.

-Хэвтээ буудлагын төрөлд олон улсын тэмцээний анхны медалиа авсан. Тэгэхээр гурван байрлалын буудлагаас, хэвтээ байрлалд илүү сайн бууддаг юм уу?
-Яг ч тийм биш л дээ. Одоо хэвтээ байрлалаас 60 сум бууддаг төрөл олимпоос хасагдчихсан. Харин босоо, суугаа, хэвтээ гэсэн гурван байрлалаас 50 метрт бууддаг төрөл хэвээрэй байгаа. Намайг Новисадын Гранпригаас хүрэл медаль хүртдэг жил хэвтээ байрлалаас 60 сум бууддаг төрөл байсан юм.
-Урт бууны 50 метр, хийн буудлагын 10 метрийн аль төрөлд нь илүү амжилт гаргадаг вэ?
-Би буудлагаар хичээллээд удаагүй болохоор одоохондоо хийн бууны төрөлд арай илүү буудаж байна.  Харин урт бууны 50 метрт бэлтгэл хийх тусам аажмаар сайжирдаг онцлогтой юм билээ. Миний амжилт бага багаар ахиж л байна. Их цаг хугацаа, бэлтгэл сургуулилалт, хөлс хөдөлмөр зарцуулсны эцэст амжилт гаргадаг онцлогтой төрөл. Харин хийн буугаар богино хугацаанд бэлтгэл хийгээд амжилт гаргах боломжтой.
-Токиогийн олимпын эрхийг аль төрлөөр нь авсан юм бэ?
-Хийн буугаар олимпын эрхийг хүртсэн. Катар Улсын Доха хотод болсон  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд 626.6 оноогоор 13 дугаар байрт шалгарч Токиогийн олимпын эрхийг авсан. Түрүүлсэн тамирчин 632.1 буудсан. Шигшээ наймд шалгарсан нь 628 буудсан байлаа. Би тэдний оноог хараад сэтгэлээр унасан. Тааруу буудсандаа сэтгэл гонсгор гарч ирсэн. Тэгсэн чинь багш над руу хараад “Сайн байна” гэв. Тэгэхээр нь Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа эгч нараас илүү буудлаа гэж бодоод тоогоогүй.  Багш ирээд “За олимпын эрхээ авчихсан шүү” гэж тэвэрч баяр хүргэв. Би бүр гайхаад, багш арай худлаа хэлмээргүй юм. Надаар тоглож байгаа юм болов уу гээд элдэв янзын юм бодож амжсан. Нэг л итгэж өгөхгүй байв.. Олимпын эрх авсан тамирчдаас допингийн шинжилгээ авах үед сая нэг итгэсэн.
-Олимпод оролцох эрх хүртэнэ гэдэг азтай, хийморьтой байна?
-Харин тийм ээ.  Урьд нь шигшээд шалгарсан тамирчид олимпын эрх авчихсан байдаг байв. Энэ нь надад боломж гаргаж өглөө.  Миний өмнө буюу 12 дугаар байрт шалгарсан Сингапур, миний дараа 14 дүгээр байрт зогссон  Индонезийн тамирчин олимпын эрх аваагүй байлаа. Бид гурав сая Азийн аваргаас олимпын эрхээ зэрэг авсан. 
-Манай буудлагын тамирчид олимпын дөрвөн эрхтэй болоод байна.  Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа хоёр олимпын эрх авч чадаагүй хэвээр байна уу?
-Тийм ээ. Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа эгч, ОУХМ Э.Даваахүү ах, ОУХМ Ц.Анударь нар Токиогийн олимпын эрх хүртсэн. Сая Азийн аваргын тэмцээнд ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа эгч тааруухан буудлаа.

-Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нарын бэлтгэл нь сайн хангагдаагүй байх. Олимпын эрхийг заавал авна гэсэн сэтгэл зүйн дарамт, шоконд орчихоод, түүнээсээ гарч чадахгүй байна уу?
-Харин тийм ээ. Тухайн үед биеэ барьж сандарсан байж магадгүй. Яг ямар учир шалтгаанаас болов гэдгийг нь би сайн хэлж мэдэхгүй л байна. Буудлагын спорт тамирчний сэтгэл зүйгээс их шалтгаалдаг. Ер нь хүнээс тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлт, орон зайн мэдрэмж, сэтгэхүй болон харааны хурдыг шаарддаг төрөл. Тэвчээртэй хүлээцтэй, сэтгэл зүй тогтвортой хүн буудлагын спортод амжилт гаргадаг. Г.Нандинзаяа эгч Азийн наадамд урт бууны 3х40 дээр рекорд амжилт тогтоосон. Хийн буугаар түрүүлсэн. Ч.Нарантуяа эгч 3х40 дээр мөнгөн медаль хүртсэн. Харин би Азийн наадамд зардал олдоогүйн улмаас оролцож чадаагүй.
-Чиний хувьд олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Би түрүү жилийн есдүгээр сард үндэсний шигшээ багт орсон. Энэ  цагаас эхлэн олимпын эрх авахын төлөө зүтгэсэн юм. Азийн аваргын тэмцээнд сайн буудна гэсэн бодолтой орсон. Миний бэлтгэл дажгүй сайн хангагдсан болохоор санаа зовох зүйл бага байлаа. Ямар ч сандралгүйгээр буудна шүү гэж өөрийгөө зоригжуулаад буудсан. Амжилт, үр дүн бодож, догдлоод байхаар бүх зүйл буруу эргэдэг талтай. Тийм учраас элдэв юм бодолгүйгээр аль болох тайван өөрийнхөөрөө буудахыг хичээсэн. 
-Тэмцээнд орохдоо хэр их догдолдог вэ?
-Анх их догдолдог байв.  Тэмцээнээ бодоод шөнө ч нойр хүрэхгүй. Маргааш нь сандарч, яараад алдаж буудна. Гэхдээ тэмцээнд олон орох тусам, сандрал, айдас арилдаг юм билээ.
-Танай шигшээ багийнхан дэлхийд данстай сайн тамирчид болохоор залуу тамирчдын амжилтад чухал нөлөө үзүүлдэг. Энэ хэрээр залуучууд хурдтай сайжраад байх шиг?
-Тийм ээ, тэдний амжилт, туршлага бидэнд нөлөөлж, өрсөлдөөн бий болгодог. Залуу тамирчид Азийн наадмын алт, мөнгөн медальтай тамирчидтайгаа өрсөлдөж байна гэдэг чинь дэлхийн мундагуудтай үзэж байна гэсэн үг. 
-Одоо ямар буугаар буудаж байгаа вэ?
-Олимпын эрх авсан гэж  Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир ах шинэ буу авч өгөхөөр захиалгаа хийчихсэн байгаа. Удахгүй ирэх байх. Одоо би Г.Нандинзаяа эгчийн Риогийн олимпод буудаж байсан бууг барьж байна.
-Бээжингийн олимпод О.Гүндэгмаагийн буу гацсан. Буу нь гацаагүй бол олимпын аварга болох байсан гэж хүмүүс ярьдаг.  Шинэ буу захиалсан бол Токиогийн олимпод  санаа зовохгүй юм байна?
-Ер нь урт буу тэмцээн дээр гацаад байдаггүй. Харин гар буу их гацдаг гэж ярих юм билээ. Токиогийн олимпод би шинэ буугаараа буудна.
-Олимпын бэлтгэлдээ орсон уу?
-Одоогоор амарч байгаа. Олимпын бэлтгэлийг хавар Японд очиж хийнэ. Тада сангийн дэмжлэгтэйгээр олимпын наадам хүртэл Японд бэлтгэл хийх боломж нээгдсэн юм. Монголд олон улсын сүүлийн үеийн стандартад нийцсэн буудлагын тийр байдаггүй л дээ.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хулгарын Цэрэнбадам
    Эсугэндээ амжилд хусэе. Оюун батдаа вауар хургэе. Мундаг аав шуу . Та хоертоо сайн сайхнййг хусэе. Хулгарын Цэрэнбадам
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
Нийтлэлчид