Улаанбаатар 1c

Амьдралаас “амралт” авсан хүмүүс

Ном дэлгэн суугаа эмгэн, дэргэд нь таяг тулан зогсох өвгөн, тэд инээмсэглэн ярилцаж байгаа мэт харагдана. Өчнөөн олон жилийн цас, бороо, салхи, шуургыг үл ажран, энэ л хэвээрээ оршсоор буй “тэд” бол Ахмад настны үндэсний төвийн үүдэнд байрлах хөшөө, энд байгаа ахмадуудыг төлөөлөх үггүй самбар. Хөшөөний эргэн тойронд нүцгэрч үлдсэн мод, газраар нэг хөглөрөн, салхинд сэрчигнэн хийсэх навчисаас өөр юу ч үгүй. Навчис хөлд гишгэгдэн чахран дуугарах ч, түүнийг тоох хэн ч үгүй нь эрхгүй энд байгаа хөгшидийг санагдуулах мэт. Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээcэн тэд амьдралын эрхээр үр хүүхдээрээ бус улсаар асруулж буй. Тийм болохоор ч тэр үү энд ирэх бүрт тийм гэхийн аргагүй уйтгар гуниг нөмөрдөг юм. 


Үр хүүхдээ өсгөж хүний зэрэгт хүргэсэн ч эцэг, эхээ асрах сэтгэлгүй нэгэн болгосныхоо төлөө энд байх нэгэн байхад айл гэр болж амьдрал зохиож байгаагүй, аль эсвэл айлын ганц хүүхдүүд нийлж, ханилсан ч хүүхэд олоогүй нь ч байна. Мөн үр хүүхдээ зовоогоод яах вэ хэмээгээд биеийн амар, сэтгэлийн амгаланг сонгон энд амьдарч буй нь ч бий. Ер нь тэгээд аль нь ч байсан Ахмад настны үндэсний төвд байгаа ахмадууд надад амьдралаас “амралт” авсан хүмүүс шиг санагддаг. Тэдний хэнээс нь ч асуусан хэдэн оны хэдэн сарын хэдэнд энд ирснийгээ торох зүйлгүй хэлнэ. Учир нь энэ өдөр тэдний амьдралаас “чөлөө” авсан өдөр.

Ахмад настны үндэсний төвд өдийгөөс таван жил есөн сарын өмнө тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнийн хамт ирж байсан юм. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгджээ, энд. 2016 онд шинэ байр ашиглалтад орсноор ахмадуудын амьдрах орчин сайжирч, олон бүтээн байгуулалт хийсэн сайхан мэдээтэй ч тухайн үед уулзаж байсан олон ахмад настан бурхны оронг зорьжээ. Ахмад настны үндэсний төвд өдгөө 158 ахмад өрөөндөө ганцаараа болон хоёр, гурваараа айл гэр болон амьдарч байна. Гэхдээ энэ тоо байнга хэлбэлздэг гэнэ. Өвлийн улиралд ирэх хүний тоо нэмэгддэг бол дулаарахаар багасдаг аж. Сайн дураараа гарах, үр хүүхэд нь эцэг, эхээ ирж авах нь  ч бий гэнэ. Гэхдээ энэ тоо жилд нэг, хоёр хэтрэхгүй. Харин ирэх хүмүүсийн тоо үүнээс хэд дахин олон. 


Ахмад настны үндэсний төвд асруулж буй ахмадуудын үзэж туулсан амьдрал нь энгийн биш. Олон адармаатай түүхийг туулсан бөгөөд тэр бүхэн нь өдгөө өвчнөөр нь илэрнэ. Тус төв эмнэлэг биш боловч энд байгаа хүмүүсийн олонход нь эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай байдаг аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяа учраас эмнэлгийн стандартыг баримталдаггүй ч удирдлага болоод ажилтнууд нь эмнэлэгт дөхүүлэх гэж зорьдог байна. Тус төвийн Эмнэлгийн тусламжийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг “Манайх дөрвөн эмчтэй. Эмч нар маань өвчтнүүдээ хувааж аваад ажилладаг. Үйлчлүүлэгчдийн дунд цоо эрүүл хүн байхгүй. Олонх нь архаг, суурь өвчтэй, хавдартай, зарим нь олон өвчин хавсарсан байдаг. Бид мөн эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахаар зорьж байгаа” гэв.
Гурван давхар байрны I давхарт өөрөө явах боломжтой ахмадууд байдаг бол II давхарт тулгуур эрхтний бэрхшээлтэй, III давхарт байнгын асаргаа шаардлагатай хүмүүс амьдарна. Гурван давхарт гарахад “Сувилагчийн пост” гэсэн хаягны өмнө цагаан халаадтай хоёр эмэгтэй зогсож байгаа харагдлаа. Энэ давхарт байнгын асаргаа шаардлагатай 46 ахмад настан бий гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд хоолоо зөөлгүүлж иддэгээс гадна бүх зүйлдээ бусдын тусламж авдаг. Мөн өвчтөнүүдийн биеийн байдлыг хянах зорилгоор өрөөнүүдэд камер суурилуулжээ. Яаралтай тусламжийн өрөөнд дусал хийлгэх Л.Биндэрьяа “Ах нь энд ирээд гурван жил болж байна. Өмнө нь 2009 онд байж байгаад хүү дээрээ таван жил болоод буцаад ирлээ. Шинэ байртай болоод эрс өөрчлөгдөж, сайхан болжээ”  хэмээв. 


Чийрэгжүүлэх танхимд ороход Р.Төмөрхуяг гуай дасгал хийж байлаа. Тоног төхөөрөмжийн цөөнгүй нь эвдэрсэн тул засуулах гээд өгчихсөн гэсэн ч гүйлтийн зам, хөлийн булчингийн дасгал хийх аппарат, унадаг дугуй, массажны сандал гэх мэт байв. Р.Төмөрхуяг гуай хоёр ах нь дараалан шахуу өнгөрөхөд бүтэн харваж, хөл, гар нь саажжээ. Тэрбээр, анх ирэхдээ тэргэнцэртэй, зогсож чаддаггүй байсан бол дасгал хөдөлгөөн хийсээр өдгөө бие нь сайжирсан байна. Дүү нь нас барж, амьдралын эрхэнд тус төвийг бараадсан ч 15 жилийн дараа хөл дээрээ боссон тэрбээр энд ирээд жил хагас болж байгаа. Өдөрт 7-8 цагийг дасгал хийхэд зориулдаг гэнэ. Р.Төмөрхуяг “Би өглөө 04.00 цагт босоод, өдрийн ихэнхийг дасгал хийхэд зарцуулдаг. Эмч нар “Сайн байна, удахгүй хөл дээрээ босох нь. Гэхдээ яараад яах вэ” гэсэн. Би яараад л байгаа. Цагаан сар гэхэд явдаг болчих байх” гэв. Тэрбээр мөн тэтгэврийнхээ мөнгийг цуглуулж байгаад хувийн эмнэлэгт хэвтэхээр төлөвлөжээ. Таван хүүхэдтэй, тэд бүгд сайн яваа, байнга холбоотой байгаа ч тэднийхээ тухай ярихыг хүсээгүй юм. “Ээж, аав өнгөрөхөөр хамаатан, садан ч үгүй болдог юм байна” гэлээ. 
Ахмадуудад биеийн байдлаас нь шалтгаалан сахарын өвчтэй, эмчилгээний хоолтой, энгийн үйлчлүүлэгч гэсэн гурван хоолны жороор үйлчилдэг аж. Энгийн үйлчлүүлэгч өглөө 07.30 цагт сүүтэй цай, талх нарийн боов иддэг бол 11.00 цагт аарц, чацаргана, хийцтэй цай, кааш гэх мэт шингэн зүйл уудаг байх юм. Харин 13.00 цагт нэг, хоёрдугаар хоолтой. 16.00 цагаас амттан, чихэр шоколад идээд 18.00 цагаас оройн хоолоо иддэг. Хоол нь амттайгаас гадна хангалттай хэмжээтэй юм билээ. Харин сахарын өвчтэй, эмчилгээний хоолтой хүмүүсийн хувьд хоолны нэр төрөл нь өөрчлөгдөхөөс хоол идэх цаг нь адил.

Үр хүүхдээ өсгөж хүний зэрэгт хүргэсэн ч эцэг, эхээ асрах сэтгэлгүй нэгэн болгосныхоо төлөө энд байх нэгэн байхад айл гэр болж амьдрал зохиож байгаагүй, аль эсвэл айлын ганц хүүхдүүд нийлж, ханилсан ч хүүхэд олоогүй нь ч байна. Мөн үр хүүхдээ зовоогоод яах вэ хэмээгээд биеийн амар, сэтгэлийн амгаланг сонгон энд амьдарч буй нь ч бий. Ер нь тэгээд аль нь ч байсан Ахмад настны үндэсний төвд байгаа ахмадууд надад амьдралаас “амралт” авсан хүмүүс шиг санагддаг. 

Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэхчилэн ахмадуудаар ажил хийлгэхийг зорьдог ч албадаж, хүчилдэггүй гэнэ. Тиймээс ахмадууд чөлөөт цагаараа ихэвчлэн эсгий, шүр гэх мэт зүйлсээр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг. Тэдний хийсэн бүтээлийг Цагаан сарын өмнө суман дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, зарж борлуулахаас гадна байрандаа үзэсгэлэн гаргаж, ажилчид болон өөр хоорондоо авдаг байна. Тэдний бүтээлээ хийдэг өрөөг “Бүтээлийн өрөө” гэдэг аж. Энэ өрөөг Д.Амгаланбаатар гуай хариуцна. Тэрбээр үүнээс гадна зэрлэг зулгаах, ойр орчмоо цэвэрлэх гэх мэтэд ахмадуудаа уриалан, тэднийг удирдан хамтдаа хийдэг аж. Тиймээс тэднийг “Амгалангийн бригад” гэх болжээ. Тэрбээр 57 настай бөгөөд амьдралынхаа 40 орчим жилийг энэ газар өнгөрүүлжээ. “Манай бригад арав орчим хүнтэй. Сүүлийн үед хүмүүсийн нас дээр гарч, даралт нь ихсээд, бие нь муудаад, хасагдаад байгаа. Би энэ Асрамжийн төвд өсөж, хүмүүжсэн. Анх Хэнтийн Цэнхэрмандалаас нүүж ирэхэд нь л хамт ирсэн. Өргөж авсан ээж маань энд асрагчаар ажилладаг байсан. Өргөж авсан ээж маань 1974, төрүүлсэн нь 2003 онд нас барсан. Дээхнэ үед бид хуучин байранд жагсаж хоол, ундаа халдаг аяганд авдаг байлаа. Одоо бол ширээнд суухад хоол бэлэн сайхан болж. Манай байгууллагын дарга, цэрэг, нийгмийн ажилтан, эмч нар ажлаа маш сайн хийж байгаа” гэв. Ийн түүнтэй ярилцаад тоглоомын өрөөнд ороход дөрвөн эр хөзөр тоглож байх. Тэдний тоглох ширээний хажуу талын ширээ нь эмэгтэйчүүдийнх гэнэ. Эмэгтэйчүүдийнх гэдгийг илтгэх мэт ширээний бүтээлэг цэцэг, навчтай бол эрчүүдийнх харин хуучин улаан хивсэнцэр байв. Өрөөнд оньсон тоглоом, шатар, даам, даалуу, эвлүүлдэг тоглоом өржээ. 
“Хандивын байгууллагууд цөөнгүй ирдэг. Тэд юу хэрэгтэй вэ гэж их асуудаг. Чихэр, печень, хүнс, оймс авчрах нь ч бий. Гэхдээ ахмадууд идэх, уух, хувцсаар дутдаггүй. Хүнээр л дутдаг. Хүмүүс ирж ярилцах, цагийг хамтдаа өнгөрүүлэх нь тэдний хувьд хамгийн том сэтгэлийн бэлэг” хэмээн Ахмад настны үндэсний төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Д.Цэрэнням онцоллоо. 
Ахмад настны үндэсний төвд байгаа хүмүүсийн хамгийн залуу нь 18-тай бол хамгийн ахмад нь 98-тай. Ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, асарч халамжлах хүнгүй хүмүүс ч энд байдаг. 18-30 насны хөгжлийн бэрхшээлтэй 10 орчим хүн бий гэнэ. Тус төвийн гол зорилго бол ахмадуудад гэр орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, тийм орчин бүрдүүлэх явдал. Ахмадууд хүсэлтээрээ тэтгэврийн мөнгөөрөө зурагт, хөргөгч авч өрөөндөө тавих боломжтой аж. Хориотой зүйл нэг ч үгүй бөгөөд зөвхөн архидан согтуурахыг л хориглодог. Хэрэв анхааруулга, сануулга өгөөд байхад архи уух, хоорондоо зодолдсон тохиолдолд үйлчлүүлэгчийг буцаадаг байна. Энд ажилладаг хүмүүс ахмадуудыг байнга үйлчлүүлэгч гэнэ. Тэд мөн ахмадуудыг аль болох аятай тухтай байлгахыг, гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэн ажилладаг юм билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид