Улаанбаатар 1c

Э.Одбаяр: Байгалийн түүхийн музейн бүх юм хулгайн замаар орчихсон

NPost.mn
2019-11-26 13:22

2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан. Харин зарим иргэний хувьд Байгалийн түүхийн музейг буулгахыг эсэргүүцэж байгаа. Ингээд Байгалийн түүхийн музейн талаар “Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.

image

-Байгалийн түүхийн музейг буулгах асуудлыг танайхаас эсэргүүцэж байгаа. Ямар шалтгаанаар эсэргүүцээд байгаа юм бэ?

-Байгалийн түүхийн музейг сарын өмнөөс буулгаж эхэлсэн. Байгалийн түүхийн музейн ард талд тоног төхөөрөмжтэй хүмүүс буулгалтын ажил хийгээд байна. Өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлээд байгалийн түүхийн музейг буулгахыг эсэргүүцээд явж байна. Мөн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилцах асуудлыг удаа дараа тавьсан боловч одоо болтол ямар ч хариу ирээгүй байна. Соёлын өвийг хамгаалах үүрэгтэй сайд Ё.Баатарбилэг соёлын өвийг сүйтгэж байгаа.

Энэ сарын 20-нд залуучууд төв музейн өмнө цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн боловч тухайн өдөр барилгын техник ирж нураах үйл ажиллагаа эхлүүлсэн. Бидний хүсэл зорилгыг бүдүүлгээр зөрчиж байна. Байгалийн түүхийн музейг шинээр барихдаа Их тэнгэрийн аманд барина. Драмын театр, дуурийн театрыг барихдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юмуу, үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар дээр шинээр бүтээн байгуулахаар төсөвт суулгасан байгаа. Харин үндэсний төв номын сан барилгын ажлаа эхлүүлэх шав тавьсан байгаа. Эдгээрийг нүүлгэхээр баахан эзэнгүй барилга үлдэнэ. Эдгээрийг яаралтай буулгаж газрыгньавахасуудалявжбайна. Шинэбүтээнбайгуулалтыгбидэсэргүүцээгүй.

-Байгалийн түүхийн музейн газар дээр Чингис хааны музей баригдана гэж байгаа шүү дээ?

-Шинэ бүтээн байгуулалт 300 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй. Байгалийн түүхийн музейн газар дээр Чингисхаанымузейбаринагэжбайгаа. Чингис хааны музей долоон давхар баригдана. Үүний нэг давхар нь музейн бусад давхар нь баар ресторан болох байх. Хамгийн гол нь газар дээр л асуудал байгаа. Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатарын үзүүлээд байгаа гэрчилгээг нэг анзаарч харах хэрэгтэй. Газрын гэрчилгээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нд хэвлэсэн байсан. 20-30 жил үйл ажиллагаа явуулсан музей шинэ бүртгэлд хамрагдсан байна. Өмнөх гэрчилгээ кадастрын зургийг үзнэ гэхээр гаргаж үзүүлдэггүй. Н.Зоригтбаатар захирал Ерөнхий сайдтай ганцаарчилж уулзаж асуудлыг шийдсэн байгаа. Байгалийн түүхий музей нийтийн өмч учраас олон нийтийн санал асуулга явуулж асуух ёстой.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ ШИНЭЭР ГАРГАСАН БАЙГАА

-Газрын маргаан бас үүсгээд байгаа биз дээ?

-2019 оны зургаадугаар сард БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг Төрийн оронд хийсэн мэдэгдлээрээ байгалийн түүхийн музейн газар дээр ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлж байсан. Харин гурван сарын дараа Байгалийн түүхийн музейн газар дээр асуудал үүссэн гэдгийг хэлсэн. Байгалийн түүхийн музей ямар хэмжээний газартай байсан гэдгийг ил болгохгүйгээр гэрчилгээ шинээр гаргасан байгаа. Шинэ гэрчилгээн дээр газрын хэмжээг өөрчилж хийлгэсэн. Газрын асуудлыг нэг тийш шийднэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн байгаа. Гэвч одоо болтол шийдэгдээгүй. Байгалийн түүхийн музейн эзэмшлийн газрыг музейд ажиллаж байсан гурван хүн шилжүүлсэн гэдэг асуудал бас гарсан. Бид үүнтэй холбоотой баримт мэдээллийг цуглуулж байна.

-Тендерийг нь “Аяа” ХХК авсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тендерийг аваад өчигдрөөс дээврийг хуулсан байна лээ. Тус компаний захиралтай холбогдоход “Ядарсан компанийн захирал байна гэж хэлсэн. Компанийн оффис байхгүй, харөнгийн Prius машиндаа оффислож байгаа” гэдгээ хэлсэн. Оффисгүй барилгын компани 400 сая төгрөгийн тендерт оролцсон байсан. Үнэн, үнэхээр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа.

-Байгалийн түүхийн музейд хичнээн үзмэр байдаг вэ?

-Музейн захирлын хэлж байгаар 12 мянга гаруй үзмэр байна гэж байгаа. Үзмэрийн тоо зөрөөтэй явдаг учраас зарж солиод яваад байдаг. Байгалийн түүхийн музейд байгаа үзмэрүүдийн ихэнх нь шороо болж, элэгдлийн хугацаагаар байхгүй болдог. Тухайлбал, эрвээхэй, шавьж, хорхой гэх мэт үзмэрүүд байдаг. Харин үлдсэн цөөхөн хэсэг нь үнэт үзвэртээ хамаардаг. Мөн үзмэрийг зарж борлуулах асуудал гарч байна. Үзмэрүүдийг зарж борлуулах, шамшигдуулсан асуудал ойрын хугацаанд болж байгаа хэрэг биш. Сүүлийн жилүүдэд музейн үзмэрийг хольж сольдог асуудал байсаар л ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Солонгос улсад соёлоо сурталчлах үеэр Байгалийн түүхийн музейд хамаарах гурван үнэт чулуу алга болсон байгаа. Үүнийг солирын чулуу алга болсон байж магадгүй гэж байгаа.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН ЗАСВАРТ НЭГ Ч МӨНГӨ ЗАРЦУУЛДАГГҮЙ БАЙСАН

-Байгалийн түүхийн музейн үзмэрийг зарж сольдог гэж байна. Энэ музейн үзмэрт хэн хяналт тавих ёстой вэ?

-Байгалийн түүхийн музей нийтийн өмч. Засгийн газраас холбогдох байгууллагаар дамжуулж байнгын хяналт шалгалт тооллого хийж байх ёстой. Гэтэл тооллогын комисст музейн захирал нь өөрөө орчихсон, тооллогын комиссоо даргалаад явж байдаг. Байгалийн түүхийн музейн бүх юм хулгайн замаар орчихсон. Энд ямар ч хяналт байхгүй. Одоо зарж үрэгдүүлэх юм байхгүй болгонгуут байшин газар руу орж байна.

-Музейг буулгаж байгаа. Өв соёлыг нь хаана байрлуулж байгаа вэ?

-Үлэг гүрвэлийн музейг татан буулгасан. Тэнд тодорхой хэмжээний үзмэрүүдийг байрлуулж байгаа. Үүнийг бас л хяналтгүй хийсэн. Зориулалтын бус зөөвөрлөх, тээвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа. Байгалийн түүхийн музей Н.Зоригтбаатар гэдэг хүний хувийн өмч болчихсон. Музей руу орж танилцана гэхээр оруулахгүй. Хууль хяналтын байгууллагыг хүртэл оруулахгүй байгаа.

-Байгалийн түүхийн музейн барилгыг нураахгүйгээр завсарлах боломж байсан болов уу?

-Сэргээн засварлах боломж байгаа. Олон улсын сэргээн засварлах мэргэжлийн хүмүүс бүгд хэлж байсан. Барилга дээр ямар ч асуудал байхгүй гэдгийг хэлж байгаа. Гэвч манайхан завсарлахгүйгээр шууд нурааж байна шүү дээ.

-Байгалийн түүхийн музейд жил бүр улсын төсвөөс мөнгө тавьдаг байсан гэсэн. Энэ мөнгөнөөс засварлаад явах боломж байсан болов уу?

-Үйл ажиллагаа зогссоноос хойш 2012, 2013 оноос эхлээд жил бүр 300-400 сая төгрөгийн төсөв тавигдаж байсан. Энэ мөнгөнөөс музейд ажилладаггүй хүмүүсийг цалинжуулж байсан асуудал байгаа. Харин барилгын засварт нэг ч төгрөг зарцуулдаггүй байсан. Байгалийн түүхийн музейг нураагаад устгачих юм бол энд дотор явагдсан хууль бус үйл ажиллагаа байхгүй болчихно гэж нөхдүүд үзээд байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Зарим иргэдийг цагдаагийн байгууллага баривчилсан гэсэн. Энэ үнэн үү?

-Гурван хоногийн өмнө Байгалийн түүхийн музейн дээврийг хуулж эхэлсэнтэй холбогдуулж цагдаагийн байгууллагаас бидэнд шаардлага ирүүлсэн. Одоогоор хүн баривчилсан асуудал байхгүй.

-Та бүхэн музейн асуудлаар салбарын сайдтай уулзсан уу?

-Соёлын сайд бидэнтэй уулзаагүй. Уулзах хүсэлтийг минь хүлээж аваагүй. Музейн хойд талыг буулгаад дуусч байгаа. Бид хуулийн дагуу шүүхээр явна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид