Улаанбаатар 1c

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

NPost.mn
2019-11-27 15:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын "The Hu" хамтлагт "Чингис хаан" одон хүртээв. Шагналыг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог хүлээн авлаа. 

Ерөнхийлөгчийн зарлигт, "Эзэнт гүрэн, өвөг дээдсийн суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийн дундрашгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хөг аялгуунд нийцүүлэн "Хүннү рок" хөгжмийн шинэ урсгалыг бий болгож эх хэлээрээ туурвисан бүтээлээ дэлхий дахинаа сурталчилан түгээж Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн "The Hu" хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ. 

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Тус хамтлагийн анхны цомог "Гэрэгэ" нь Их эзэн Чингис хаанаас соёрхсон алтан Гэрэгэ адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа. Та бүхний зам мөр тод байж олон уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд бэлгэшээж байна. Энэхүү шагналыг Та бүхэнд олгох мөчид, Английн хатан хаан 1965 оны тавдугаар сард алдарт "Битлз" хамтлагт Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд бууж байна. Битлз хамтлаг Английн нэрийг дэлхийд сонордуулсантай адил Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дуурсгасан явдлыг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонг The Hu хамтлагт хүртээлээ" хэмээн тэмдэглэсэн юм. 

"The Hu" хамтлаг шагнал гардуулахтай зэрэгцэн АНУ-ын Колорадо мужид тоглож байсныг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог онцоллоо. Тэрбээр, "Тоглолт нь дууссаны дараа утсаар холбогдож баяраа хамт хуваалцна. Залуусын маань сэтгэгдэл маш өндөр байгаа. Тэд АНУ-д 60 гаруй тоглолт хийхээс 40 гаруйг нь тоглоод байна. Тоглолтын тасалбарын 90 гаруй хувь нь зарагдсан. Хамтлагийн гишүүд 12 дугаар сарын дундуур эх орондоо ирж сар гаруй амарна. Харин 2020 оны нэгдүгээр сараас Европын орноор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Европоор аялан тоглох тоглолтын тасалбарын тал хувь нь борлуулагдсан байна" хэмээв. 

"The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь дэлхийн рок сонирхогчдын сонорт хүрчээ. The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. Дээрх амжилтаар зогсохгүй, есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэг" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Тус хамтлаг 2019 оны зургаадугаар сараас Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ. Одоо АНУ, Канад улсад хийх 60 орчим тоглолтынхоо 40 гаруйг нь тоглоод байна. 

Ташрамд дурдахад, Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхэмд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. Үүнээс хойш "Чингис хаан" одонг нийт 11 эрхэмд олгоод буй. Энэ жилийн хувьд, анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргажээ. Ийнхүү The Hu хамтлагийн 11 гишүүнд тус одонг олгохоор болсон байна. Ингэхдээ, "Чингис хаан" одонг  жаазлан олгоод, хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулахаар болжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд,

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер
  2. Ц.Надмидтулга – Менежер
  3. Брэндон Фрайзен – Менежер
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмий
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмий
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмий
  7. Н.Тэмүүлэн – Товшуур
  8. Г.Одбаяр – Бөмбөр
  9. А.Жамбалдорж – Соло гитар
  10. Б.Батхүү – Басс гитар
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг. Тэдний дунд байгаа менежер Брэндон Фрайзен нь Чингис хаан одон хүртсэн анхны гадаад улсын иргэн болж байна.

Одон гардуулах ёслолд өмнөх жилүүдэд "Чингис хаан" одон хүртсэн эрхмүүдээс гадна Монголын соёл урлагийн, тэр дундаа эсртад, рок поп хөгжмийн зүтгэлтнүүд нэг дор иржээ. Тухайлбал, Баянмонгол чуулгын удирдаач МУУГЗ Б.Ганбат, "Инээмсэглэл" хамтлагийн бүрэлдэхүүн Ч.Ганболд, Н.Ганхуяг нар, "Харанга" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, Ц.Энхманлай,  Ц.Чулуунбат нар, хөгжмийн зохиолч Н.Халиун, Л.Балхжав, Б.Наранзун зэрэг уран бүтээлчид байв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид