Улаанбаатар 1c

Х.Баттулга: Үндэсний эв нэгдлийг нэгдүгээрт эрэмбэлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ёсчиллоо

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн өдөр нотлон баталгаажуулав. Арваннэгдүгээр сарын 26-нд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд болсон уг түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд албаны хүмүүс оролцлоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан. Улмаар хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьж, энэ сарын 26-нд уг эхийг ёсчлон баталгаажууллаа.
Ерөнхийлөгч уг эхийг нотлон баталгаажуулах үеэр “Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа. 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төсөл өргөн барьжээ. Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлтэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх, эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч олигарх цөөнхийн эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй. Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож мөн чадсангүй. Жалга довны төлөөлөл хэвээр байх үзэл санаа амь бөхтэй зуурч үлдсэн. Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь олон зүйлийн эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч, хэрхэвч мартаж болохгүй. Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж байна” хэмээв. Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцох аж. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс бүх нийтээрээ дагаж, мөрдөх юм. Мөн энэ өдөр төрийн өндөрлөгүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид