Улаанбаатар 1c

Үндсэн хуулиа өөрчилчихлөө, одоо Үндэсний баялгийн сангаа байгуулах уу

Х.УЯНГА, Npos.mn
2019-11-28 10:08

“Үндсэн хуулийг өөр­чилснөөр улс орон, ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ”

Энэ парламент бүрд­сэнээсээ хойш зорьж, бүрэн эрхийн хугацаагаа бүхэлд нь зориулан байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Төрийн тэргүүн ёсчилсноор сая бүрэн бүтэн болов. УИХ-д 64 суудалтай үнэмлэхүй олонхоор хулганаар тоглож буй муур аятай зугаацдаг түүнийг “Ямар улс төр хийх бол. Аягүй бол “Ёсчлохгүй, Үндсэн хуулийн цэцэд хандана” хэмээн даажигнаж мэднэ дээ” гэсэн хүлээлт нийгэмд байсан юм. Үндсэн хуулиа өөрчлөхөөр гурван жил нухаж, арай хийн боловсруулсан төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийчихээд байхад санал нэртэй төсөл оруулж, зунжин, намаржин бужиг­нуулаад, эцэст нь “Төслөө бүхэлд нь татлаа” хэмээн тохуурхаж байсан Ерөнхийлөгч энэ удаа хэл үггүйхэн гарын үсгээ зурж, Төрийн тамгаа дарчихлаа. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд эцсийн цэг тавигдаж, хэрэгжих хугацаагаа хүлээж эхлэв.
Хамаг л болохгүй, бүтэх­гүй бүхний шалтгаанаар тодруулаад байсан Үндсэн хуулиа өөрчилчихлөө. Оносон, алдсаныг нь цаг хугацаа шүүнэ биз. Харин иргэд эндээс үр дүн хүлээх,  “Үндсэн хуулийг өөрчилснөөр улс орон, ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ” хэмээн асуух бүрэн эрхтэй. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гардаж хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Зүйл заалт бүр эрүүл нийгэм, шударга төр, хариуцлагатай засаглалын хөгжингүй эдийн засаг руу та биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр төр цэгцрэн, засаглал тогтворжиж, шударга ёс тогтох өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн тав дахь хувьсгалын эхний томоохон алхмыг хийсэн гэж үзэж байна. Бид хамтдаа өөрчлөлт, шинэчлэлээ эхлүүлж чадлаа” хэмээн дүгнэсэн. Үнэн хэрэгтээ Засгийн газар тогтвортой, парламент хариуцлагатай байх, эсэх нь хэтэрхий эл дол болсон, барих барьцгүй сэдэв учраас “Долоон буудлын Должин эмээ”-д төдийлөн сонирхолтой бус байж мэднэ. Харин энэ өөрчлөлт миний амьдралд хэрхэн нөлөөлөх бол хэмээн чих тавьж буй иргэн олон бий нь гарцаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад улстөрчид “Монгол хүн баялагтаа эзэн болно, тэгш хувь хүртэнэ. Монгол Улс “баялгийн хараал”-аас гэтэлж, Норвегийн жишгээр хөгжинө. Хөгжлийн цоо шинэ шатанд гарна” хэмээж байсныг сэтгэлдээ хадгалчихаад, хувь хүртэх өдрөө хүлээж суухыг ч үгүйсгэхгүй.

Үндэсний баялгийн сан байгуулах талаар Үндсэн хуулиа өөрчлөхөөс дутуугүй олон жил ярьж байна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан хамгийн шуугиантай заалтуудын нэг, томоохон суурь өөрчлөлт гэгдэж буй байгалийн баялагтай холбоотой зохицуулалтаас бид юу хүлээх боломжтой вэ. Үүнд хариулт олохын тулд уг зохицуулалт хэрхэн “Эцэг” хуульд туссан мөрөөр мөшгих хэрэг гарна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн тусгаад, байнгын хороо, нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгээ хийчихсэн хойно Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгуулах санал, төслөө хүргүүлсэн. Тэнд уг заалтыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр тусгасан байв. “Төрийн” гэдгийг “нийтийн” хэмээн сольсноор ямар өөрчлөлт гарах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тогтвортой нөхцөл бий болгох зорилготой. Мөн онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Ингэхдээ, хөрөнгө оруулагчийн зардал бодитой байхаас гадна төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласныхаа орлогыг баялгийн санд төвлөрүүлнэ. Байгалийн баялгийг ашиглах болзол, Баялгийн сангийн ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор зохицуулсан. Ийнхүү байгалийн баялагаа өөр журмаар зарцуулдаг, тусдаа сан байгуулах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзсэн” хэмээн тайлбарлаж байв. 
Уг асуудлаар хоёр талаас багагүй хугацаанд зөвшилцсөний дүнд“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулж томьёолсон. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд Үндсэн хуулийн энэ хэсгийг “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтсон. Өөрөөр хэлбэл Үндэсний баялгийн сан байгуулахаар санал нэгдэж, уг асуудлыг Үндсэн хуульд тусгасан хэрэг.
Олон нийт төдийгүй мэргэж­лийнхэн, хуульчид, эдийн засагчид ч “Байгалийн баялгийг зөвхөн төрийн өмч бус, нийтийн өмч гэж Үндсэн хуульд тодорхойлсон нь суурь өөрчлөлтийг авчирна” гэж үзэж буй. Гэхдээ байгалийн баялгаа тэгш хуваарилах, Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг “Эцэг” хуульд тусгасан ч үүнийг хэрхэн хийх нь одоогоор тодорхойгүй, сонирхол татсан сэдэв болж үлдээд байгаа юм.
Манайхан байгалийн баялгаас олсон орлогоо хуримтлуулж, Баялгийн сан бий болгох талаар 2006 оноос өнөөг хүртэл долоон Засгийн газар дамжуулан ярьж, Тогтворжуулалтын, Ирээдүйн өв, Хүний хөгжил зэрэг сан байгуулсан ч олигтой үр дүнд хүрсэн нь үгүй. Бид өнөөг хүртэл “Оюутолгойгоос ашиг хүртэж чадахгүй байна” хэмээн хошуугаа унжуулсаар, иргэдийнх нь дийлэнх олонх ядуу болон ядуурлын ирмэгт хоног өдрүүдийг өнгөрөөсөөр яваа. Үүнд хууль эрх зүйн орчин дутмаг, сахилга хариуцлага сул зэрэг олон шалтгаан тоочдог. Тиймээс эрх зүйн орчныг баталгаатай болгох үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах явцад УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл янз бүрийн санал гаргасаар, эцэст нь дээр дурдсан “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн заалтыг оруулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар  сэтгүүлчидтэй уулзахдаа “Баялгийн хараал”-д өртөж дампуурсан улс олон. Нөгөө талд нь “баялгийн ерөөл” хүртэж буй Норвеги мэтийн улс ч цөөнгүй” гээд Норвегийн Үндсэн хуулийг судалж, ганц нэг санаа оноо “тууснаа” ч хүлээсэн. Манай улс “баялгийн хараал” тусдагаа туссан. Харин бид одоо “баялгийн хараал”-аа ерөөл болгон хувиргаж, Норвегийн араас замнах амбийц тээж байна. Үндэсний баялгийн сан байгуулах нь бидний хувьд Үндсэн хуулиа өөрчлөхөөс дутуугүй олон жил ярьсан сэдэв, хүсэж, зорьсон үр дүн билээ. Ямартай ч Үндсэн хуульдаа үүнийг тусгаж чадсан нь том алхам. Одоо олон улсын сайн туршлагыг зөв замаар амжилттай нэвтрүүлэн, үр дүнтэйгээр ажил хэрэг болгох л үлдээд байна. 
Бидний эх орон баян боловч баялаг нь дуусашгүй биш. Одоо баян айлын ухамсар дорой, буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилж, байгалийн баялгийг ямар нэг бодлого, алсын хараагүй, үр өгөөжгүй урсгаж байна. Хэдэн жилийн дараа “Бидэнд баялаг байсан юм шүү. Худлаа гэвэл ухсан нүхийг нь хар” гээд сууж байх уу, “Ингэж сайхан амьдарч байгаа чинь баялгаа зөв зохистой ашигласны буян шүү” гэж хэлэх эрхтэй үлдэх үү гэдгийг манай үеийнхэн шийднэ.

Бидний мөрөөдөл Норвеги

Баялгийн сан гэдэг манайд олон жил яригдсан хэрнээ хөрсөн дээр бууж, амьдралд хэрэгжээгүй учраас төдийлөн ойр дотно бус сэдэв. Энэ талаар бишгүй сонссон боловч ой тойнд яг таг бууж үлдсэн нь ховор. Тиймээс бидний жишээ авах дуртай Норвегийн Баялгийн сангийн амжилтын зах зухаас хуваалцъя.
Хамгийн чинээлэг, аз жаргалтай иргэдтэй улсуудын тэргүүн эгнээнд бичигддэг Норвеги байгалийн нөөцөө урт хугацааны зөв бодлогоор удирдахын тулд Баялгийн сангаа 1990 онд байгуулсан. Тус улсын дотоод зах зээл нь Монголынх шиг жижиг хэрнээ эдийн засаг нь өрсөлдөх чадвараараа дэлхийд айргийн тавд бичигддэг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлэгчдийн тоонд ордог. 
Норвеги ашигт малтмалын орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулсан бөгөөд нефть зэрэг байгалийн баялгаа шавхаж дууссаны дараа амар амгалан амьдрах хөрөнгөө одооноос цуглуулж буй. Эндээс олсон мөнгөө Тэтгэврийн сандаа цуглуулдаг бөгөөд уг сан өдгөө дэлхийн хамгийн том сан болсон. 
Тэд манайхан шиг мөнгөний бараа харангуутаа хувьдаа завших гэж уралдан дайрдаггүй. Үнэтэй машин, байгаа оноогүй хөрөнгө оруулалтад үрж, мөнгө угаахгүй. Амин чухал хэрэгцээ байсан ч тэр мөнгөнд гар дүрэхгүйгээр ирээдүйдээ зориулан хадгалах бөгөөд гадаадын үнэт цаас, хувьцаанд хөрөнгө оруулж, өсгөдөг байна. Норвегид бүх юм олон нийтийн хатуу хяналтан дор байдаг. Үндэсний нефть олборлогч компани, нефтийн болон байгалийн хийн байгууллагуудаа хамгийн дээд хэмжээний татвар, төлбөр төлөхийг Норвегийн олон нийт шаарддаг. Нефть, хийн компаниуд орлого, татварыг тогтмол зарлаж, хэвлэн нийтлэх үүрэгтэй. Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч иргэд нь мэдэж, тооцож байдаг. Үүний үр дүнд тус улсын Баялгийн сан (Тэтгэврийн сан) 1.1 их наяд ам.доллар буюу дэлхийн дахинд үйл ажиллагаа явуулж буй нийт Баялгийн сангийн нийт хөрөнгийн 15 орчим хувийг дангаараа эзэмшиж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид