Улаанбаатар 1c

Б.Дашдондог: Гардахыг нь би гардавч, гавьяаг нь хамтдаа хүртэх ёстой

NPost.mn
2019-11-28 10:12

Их эзэн Чингис хааны мэн­дэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт хүртээв. Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг тус хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Дашдондог гардан авлаа. 
Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэр “Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ. “Хү” хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ”-ээр нэрлэсэн нь үнэхээр оножээ. Та бүхний уран бүтээл Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн, хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн би ихэд бэлгэшээн, итгэж байна” хэмээлээ.
“The Hu” хамтлаг шагнал гардуулахтай зэрэгцэн АНУ-ын Колорадо мужид тоглож байсныг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог онцоллоо. Тэрбээр “Өлзий учралт энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор, Мөнх тэнгэрийн ташуур Эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг “Хү” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Хү” хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид