Улаанбаатар 1c

Б.Баттөмөр: “Оюутолгой” төсөл Монголд ашиггүй бол цааш явахгүй

Монголчууд баялгийнхаа орц, найрлага, юу гаргаж байгаагаа одоо хүртэл мэдэж чадаагүй

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөртэй Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар ярилцлаа.

-“Оюутолгой” төслийг ашигтай, ашиггүй болсон гэх маргаан байсаар байна. Асуудал юундаа байгаа талаарх бодит мэдээллийг та ажлын хэсгийн ахлагчийн хувьд өгөхгүй юу?
-“Оюутолгой” Өмнөговь аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 80 км зайд оршдог зэс, алтны бүлэг орд. Энэ орд хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, 2012 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод нийлүүлж байна. “Оюутолгой” ХХК 2025 онд зэс үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаар байрт орж, жилд дунджаар 550 мянган тонн зэс, 450 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж хөрөнгө оруулагчдад мэдээлж байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 48.3 мян.га газар эзэмшдэг компани юм. Энэ компани 2009 онд байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал 30 жилийн хугацаатай байгуулж, хоёр удаа 20 жилээр сунгах эрхтэй, 70 жил ажиллах эрх зүйн нөхцөл бүрдүүлсэн юм билээ. Оюутолгойн ордод 45 сая тонн зэс,1800 тонн алт, 6000 тонн мөнгө байгаа гэх судалгаа бий. Мөн молибден, бусад металл, газрын ховор элемент ч байгаа. Энэ хэмжээ цаашид өсөх магадлалтай. Хайгуулын ажил одоо ч үргэлжилж байгаа. Одоо байгаа судалгаагаар Оюутолгойн ордод 300-400 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх баялаг бий. Энэ нь 70-аас дээш жил ашиглагдах нөөц гэсэн үг.
-Энэ төслийн анхны хөрөнгө оруулалт тооцоолсноос их хэмжээгээр хэтэрсэн гэдэг. Шалтгаан нь юу байсан юм бэ?
-ТЭЗҮ-ээр 2010 онд анхны хөрөнгө оруулалтыг 5.3 тэрбум ам.доллар гэж тооцсон юм билээ. “Рио Тинто” компани 2013 онд 6.4 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн байдаг. Ингээд 2013 онд шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр 1.1 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтад тооцох боломжгүй гэж үзжээ. Нэг ёсондоо, анхны хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар байна гэсэн. Сая байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд үүнийг тодруулахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүнг 6.5 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. Анхны хөрөнгө оруулалтаас 1.1 тэрбум ам.доллар хэтэрсэн шалтгааныг одоо Засгийн газар тодруулж мухарлах шаардлага үүсээд байна.
-Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг дөрвөн жил гэж ярьж байсан. Гэтэл дөрөв байтугай жил өнгөрчихлөө?
-”Оюутолгой” төслийн ТЭЗҮ-ийг 2010 онд хийхдээ анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг 4.5 жилээр тооцсон байсан. Энэ нь 100 хувь хувьцааны санхүүжилт хийсэн тохиолдолд хэрэгжих байсан юм билээ. Гэтэл нийт санхүүжилтийн 70 гаруй хувийг хувь нийлүүлэгчийн хүүтэй зээлээр санхүүжүүлснээр өнгөрсөн хугацаанд олсон орлого зээлийн болон хүүгийн эргэн төлөлтөд явж, анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хойшилсоор байна.
-Тэгэхээр одоо хэдэн он гэхэд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн үг вэ?
-Анхны хөрөнгө оруулалтын дүнг зөв тодорхойлох нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан. Харамсалтай нь 2015 оны Дубайн  төлөвлөгөөний заалтуудаас харахад хойшилсон харагдаж байна. 2011 оны зургадугаар сарын 8-ны Нэмэлт хөрөнгө оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох заалтуудаар Монголын тал 2041 онд 16 хувийг худалдан авч 50 орчим хувьтай болох боломж байна. Үүнээс наана боломжгүй болсон нь харамсалтай.
-Төслийн хөрөнгө оруулалт хэд болоод байгаа юм. Гурав дахин өссөн гэсэн мэдээлэл байсан. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Төслийн хөрөнгө оруулалт 2018 оны эхний байдлаар 11.1 тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг ажлын хэсэг гаргасан байсан. Үүнээс ил уурхайн болон тоног төхөөрөмж 1.7 тэрбум, баяжуулах үйлдвэр 3.3 тэрбум, дэд бүтэц 1.1 тэрбум ам.доллар гээд үргэлжилнэ. Уг нь энэ хөрөнгө оруулалтыг мөн зарлагын дүнг хоёр тал хамтарч суугаад ярилцаж шийдэх ёстой. Гэтэл тийм ажил хийгдээгүй өнөөдрийг хүрчээ. 2010 оны ТЭЗҮ-ээр ашиглалтын нийт хугацаанд 14.6 тэрбум ам.доллар, үүнээс далд уурхайд 6.4 тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөөлж байжээ. Гэтэл 2015 оны ТЭЗҮ-ээр ашиглалтын нийт хугацаанд 42.3 тэрбум ам.доллар болж 27.6 тэрбумаар өссөн дүн гарсан байна.
-Яагаад ийм их хэмжээгээр өссөн юм бол. Ажлын хэсэгт тэд ямар тайлбар хэлж байх юм?
-Хөрөнгө оруулалтын өсөлтийг уурхайн дизайн өөрчлөгдсөн гэж тэд тайлбарладаг. Үүнд, үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ ТЭЗҮ 2010 онд 375 сая тонн байсан бол 2015 онд ТЭЗҮ- 499 сая тонн болж өссөн. Төслийн хүчин чадал өдөрт 75 мянган тонн байснаа 95 мянга болж нэмэгдсэн. Далд уурхайн малталт 89 км байснаа 203 км болж, хоёр босоо ам нэмэгдсэн гэх мэт тайлбар хэлдэг. Энэ тоонуудаас харахад нийт нөөц болон өдөрт олборлох хүчин чадал нь 30 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Гэтэл түүнд зарцуулах хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдсэн нь эдийн засгийн хувьд агуулгагүй болгож байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газар маш сайн ярьж, харилцан ашигтай шийдэхгүй бол төслийг цааш явуулахад төвөгтэй болно. Хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид ч өсөх хандлагатай байна.
-Тэгвэл санхүүжилтийн ажил ямар түвшинд яаж явахаар манайхан гэрээ хэлцэл хийсэн байна вэ?
-Хувьцаа болон зээлээр санхүүжнэ. Үүний 25 хувь нь хувьцааны санхүүжилт. Энэ нь 2.9 тэрбум ам.доллартой тэнцэх дүн юм. Үүний 34 хувь буюу 1.3 тэрбум ам.доллар нь Монголын талын өр. Хүүгийн хэмжээ LIBOR+6.5 хувь ба энэ нь 9.2 хувиас давж байгаа. (LIBOR гэдэг нь Лондонгын голлох банкуудын хоорондын тооцоонд үндэслэсэн хүү 6) Эндээс харахад гадаадын банкнаас авсан зээлийн хүү дээрээ өндөр хүү нэмээд хөрөнгө оруулалт нэрээр төсөлд оруулж байна. Зээлийн санхүүжилт 75 хувь. Төслийн санхүүжилтийг оруулсан дүнгээр 12 тэрбум ам.долларт хүрсэн. 2018 оны эхний байдлаар найман тэрбум ам.доллорын үлдэгдэлтэй байна. Хүү нь LIBOR+6.5 хувь.
Нийт 4.3 тэрбум ам.долларын арилжааны зээлийг олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагаас авсан байдаг. Үүнээс 300 сая ам.долларыг нь зээлийг авахтай холбоотой зардалд суутгасан гэдэг. Үүнийг тодотгох шаардлагатай. Яагаад гэвэл бид 34 хувийг нь эзэмшиж байгаа учраас алга болсон мөнгөний 34 хувийг бид төлнө гэсэн үг. Өнөөдөр дээрх зээлийн зөвхөн хүүгийн төлбөр төлөгдөж байна. Үндсэн төлбөр нь 2020 оноос төлөгдөх ёстой. Энэ зээлийг хувь нийлүүлэгчдийн өмнө нь авсан зээлийг эргэн төлөхөд зарцуулсан. Олон улсын байгууллагуудаас авсан зээл нь LIBOR+3.3 хувь байгаа бол “Рио Тинто” баталгааны шимтгэл 1.9 хувийг нэмж, хүүгийн зардал LIBOR+6.0 хувь болж байна. Энэ бас л есөн хувь руугаа дөхөж очно. Өндөр өртөгтэй энэ том төслийг 9.0-9.2 хувийн өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа нь зардлыг өсгөж, манай талын хүртэх үр ашиг,өгөөжийг хойшлуулаад байна. “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт хөрөнгө оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдын гэрээ, Дубайн гэрээнүүд нь оролцогч талуудын харилцан ашигтай, нэгдмэл сонирхолтой байх, үндсэн зарчмуудыг хангаж чадаагүй байна. Энэ бол Монголын талыг төлөөлж гэрээ хийсэн албан тушаалтнуудын  алдаа, гэмт үйлдэл.
-”Оюутолгой” төсөл улс, орон нутгийн төсөвт хэдий хэмжээний татвар төлдөг вэ?
-2009-2017 оны байдлаар есөн жилд 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн нь манай улсын татварын нийт дүнгийн 5.8 хувийг эзэлж байна. Энэ том төслийн хувьд маш бага тоо. 2015-2018 он хүртэл жилд 440-622 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь манай татварын дүнгийн 5.5-10.4 хувийг эзэлжээ. Энэ нь Монгол Улсын төсөвт үзүүлж буй нөлөө мөн л бага байгааг харуулна. Харин үндсэн болон гэрээт ажиллагсадтайгаа 11 мянган хүн ажилладаг гэсэн мэдээлэл бий. Олон хүнийг ажлын байраар хангаж байгааг үгүйсгэхгүй.
-Татварын албатай мөнхийн маргаантай байдаг. Энэ тухайд?
-”Оюутолгой” төсөл байгуулагдсан цагаасаа хойш 2018 он хүртэл татварын иж бүрэн шалгалтад дөрвөн удаа, НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтад мөн дөрвөн  удаа орсон байдаг. Татварын иж бүрэн шалгалтын дүнгээр гарсан улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрдөггүй. Татварын маргаан таслах зөвлөл, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх, татварын байгууллагатай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэж иржээ. “Оюутолгой” компани 2009-2015 оны байдлаар 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан байдаг.
-Татварын ачаалал их байдаг юм болов уу. Яагаад татвараа төлдөггүй юм бол?
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын хувиар эдийн засаг дахь татварын ачааллыг хэмждэг. Манай татварын ачааллыг өнгөрсөн 25 жилийн статистикаас харахад 23 орчим хувьтай байна. Энэ нь хөгжиж буй эдийн засагтай улсуудын дундаж хэмжээтэй ойролцоо гэсэн үг. “Оюутолгой” ХХК-ийн 2014 оноос хойших татварын ачааллыг дээрх аргачлалаар тооцоход 11.3-19.3 хувьтай байгаа нь Монгол Улс дахь татварын ачааллаас 5-7 орчим хувиар бага байна. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээгээр татварыг нь 70 жилээр тогтворжуулж, татварын, зардлын олон хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж ирсэн. Гэтэл манай тал зээл, түүний өндөр хүү, хүүгийн хүү, зээлтэй холбоотой зардал, шимтгэл зэрэг өндөр дарамтыг өдөр тутам хүлээж байна. Хөрөнгө оруулагчид, түүний туслан гүйцэтгэгчид үзүүлсэн татварын зардлын олон хөнгөлөлт Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, хосгүй ордын үнэ цэнийг бид өөрсдөө хүртэж чадахгүй өдий хүрч байна.
-Таны ярианаас манай тал баялгийнхаа үнэ цэн, юу гаргаж байгаагаа мэддэг юм уу гэж асуухад хүргэж байна?
-”Оюутолгой” компани зэсийн баяжмал, дагалдах металын тооцоо хийхдээ “Рио Тинто”-гийн гэрээт Автралийн “Эй Эл Эс” болон Хятадын “Эс Жи Эс” лабораторийн шинжилгээний дүнг ашигладаг. Харин Монголын Геологийн төв болон гаалийн лабораторийн шинжилгээг ашигладаггүй. Өөрөөр хэлбэл, монголчууд баялгийнхаа орц, найрлага, юу гаргаж байгаагаа одоо хүртэл мэдэхгүй явж байгаа нь үнэн. Уг төсөл эхэлсэн 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Харамсалтай л байна. Иймд лабораторийн оролцоог нэмэгдүүлэх, Гаалийн төв лабораторийн салбарыг орчин үеийн төхөөрөмжөөр хангаж Гашуунсухайт боомтод хөндлөнгийн нөлөөгүй ажиллуулах шаардлага байна. Ачуулсан зэс, алт, мөнгөний баяжмалын эцсийн төлбөр тооцооны орлогын мэдээний дүнг экспортын гаалийн мэдүүлгийн статистик дүнтэй ижилсгэж явдаг ажил хийгдэхгүй 10 жил боллоо. Энэ ажлыг хийх шаардлагатай.
-Экспортлож буй бүтээгдэхүүний гэрээг нууцалдаг гэсэн мэдээлэл гарч байсан?
-”Оюутолгой” компани баяжмал борлуулах гэрээг УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт гаргаж өгөөгүй нь Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Бид баялгийн эзэн, 34 хувийг эзэмшдэг мөртлөө маш олон асуудлаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа нь арчаагүй гэж хэлэхэд ч багадна. Монголын төр энэ асуудлуудад онцгой анхаармаар байна. Энэ мэт ярьж шийдэх маш олон асуудал бий.
-Таны ярианаас сонсоход болохгүй байгаа зүйл их байна. Цаашид яах вэ?
-Хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу энэ том төсөл ажил болж хэрэгжээд явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хамтарсан төсөл аль аль талдаа ашигтай байх ёстой. Гэтэл Монголын талд ашиггүй байна. Энэ төсөл Монголын талд ашиггүй бол цааш явахгүй. Явуулаад ч хэрэггүй. Ярьж шийдэх олон асуудал бий. Энэ бүгдийг шалгалтын дүгнэлт, УИХ ын тогтоолоор тодорхой заагаад өгчихсөн байгаа. Энд хэдэн зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Үүнд 
“Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар хооронд хийсэн гэрээний хэрэгжилттэй холбоотой хаалттай байдал, нууцлалыг хамгийн түрүүнд ил болгож хамтарч ажиллах ёстой. Хамтран хэрэгжүүлж байгаа төслөөсөө менежментийн, үйлчилгээний төлбөр, зээлийн баталгааны шимтгэл авч байгаа нь төслийг үр ашиггүй болгоод байгааг ярьж шийдэх шаардлага байна.
Мөн “Рио Тинто” Тавантолгойн ордыг түшиглэж цахилгаан станц барих үүргээ биелүүлэх ёстой. Хэрвээ чадахгүй бол шалтгаанаа тодорхой тайлбарлаж, бусад арга замаар барих ажлыг Засгийн газар шийдэх шаардлагатай. Ямар ч тохиолдолд импортоор жилд 200-гаад сая ам.долларын цахилгаан авч ашиглаж байгаа нь зардал, валютын гарах урсгалыг нэмэгдүүлж буй анхаарахгүй орхиж болохгүй.
“Оюутолгой” төслийн ханган нийлүүлэлтийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулах, хувьцааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, компанийн засаглалд сайн засаглалын өөрчлөлт оруулах, Монголын талын ТУЗ-ийн гишүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулах, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх гэх мэт маш олон асуудлыг шийдэх шаардлагатай. Байгал орчны холбогдолтой доройтлын тооцоо судалгааг маш сайн хийж холбогдох арга хэмжээг тухай бүрт нь авч байх шаардлагатай. “Рио тинто” компани “Оюутолгой” төслөөс үр шимийг нь хүртэж байгаа бол байгаль орчинд учруулсан хохирлын хариуцлагыг ч нэгэн адил хуваалцах ёстой. Дэлхий нийтээр ийм шаардлага тавигддаг.
-Хариуцлагагүй гэрээ хийсэн хүмүүсээс болж манай улс, ард түмний эрх ашиг хохирч, өрөнд орсон гэсэн дүгнэлт хийж болох уу?
-Тийм ээ. Гэрээнд гарын үсэг зурсан манай талын хүмүүс хариуцлагагүй хандсан. Ямар ч байсан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүсээ Дубайд дагуулж очоод “Далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан нь үнэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан уу, байсан. Аль нам вэ гэдэг нь манай дотоод асуудал. Энэ асуудал сөхөгдөж яригдах л байх. Уг нь энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын баг хөлслөөд даалгавраа өгч, хөрөнгө оруулагч талын багтай хамтарч суулгаад хэн хэн дээ ашигтай тохиролцоонд хүрсний дараа гарын үсэг зурсан бол алдаа бага гарах байсан. Тэдний баг эзнийхээ даалгаврыг сайн биелүүлж гэрээгээ дүгнээд авдаг хөлс, шагналаа аваад алга болсон нь ойлгомжтой. Ч.Сайханбилэгийг дагаж очсон баг тооцоо судалгаагүй, мэдлэг, мэдээлэл бага очоод тэдний бэлдсэн таван хувь төлөвлөгөөн дээр гарын үсэг зураад л ирсэн. Үүнээс болж Монгол Улс хохирч үлдэж байна. Энэ үйлдлийг санаатай, санаандгүй гэж үзэхэд хэцүү. Шийддэг газрууд нь шалгаж шийдэх биз дэ.
-Тэдний баг мэргэжлийнх, манайх мэргэжлийн бус гэж та хэлж байна уу? 
-Тэгж хэлж болно. Хэрэв мэргэжлийнх байсан бол ийм том алдаатай гэрээ хийхгүй байсан. Монголын “Оюутолгой” төслийг том хувьцаа эзэмшигчид нь биш, тэдэнтэй гэрээ хийсэн мэргэжлийн баг удирдаж байгаа. Магадгүй тэд хувьцаа эзэмшдэггүй ч байж магад. Тэд ашгийн төлөө л явна. Ашиг их олбол тэдний орлого нэмэгдэнэ. Тэдэнтэй манай баг яаж ажилладаг юм бол доо. Уг нь тэднээс дутахгүй мэргэжлийн баг ажиллах ёстой юм. Манайхан томилгоог хурдан шуурхай сайн хийж байна. Харамсалтай нь, томилгоо оновчгүй болоод байгаа. Оновчгүй томилгооноос мэдлэг, чадварын хомсдол үүсэж, мэргэжлийн бус шийдвэр гардаг.
-Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Алдааг засаж болох байлгүй дээ. Гэхдээ бас засагдахгүй бол яах бол гэх асуулт гарч ирж байна?
-Чи намайг маш их байцааж байна. Уг нь товч ярилцана гэж хоёулаа  тохирсон шүү дээ. Ярилцлагаа дуусгая.
-Асуултдаа хариулт авмаар байна?
-Алдааг засах чиглэлээр “Ширээний ард суугаад ярь” гэх чиглэл гаргаад УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгч байна. Ямар үр дүн гарахыг бүгдээрээ харж л байя. Сая чи ардчилал гэж ярилаа. Энэ асуудалд бидний их ярьдаг ардчилал нэг их үр дүнгээ өгөхгүй л болов уу. Тухайлбал, төсөлтэй холбогдож хийсэн гэрээнүүд, түүний хэрэгжилт үйл ажиллагааны хаалттай байдал, зээлийн хүү, өр төлбөр гээд олон асуудлыг дэлхийд нээлттэй зарлаж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах, дэмжлэг авах боломж бий. Гэхдээ тийм байдалд хүрэхгүй байх гэж бодож байна.
-Сүүлийн асуулт. “Оюутолгой” төслийн гадаад эзэд Монгол Улсыг олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтад оруулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Нийгмийн хүрээний тодорхой хэсэгт ийм мэдээлэл явж байгаа. Ер нь Монголын төр “Оюутолгой” төсөлтэй хэл амаа маш сайн ололцож байж, төсөл аль аль талдаа урагшилна гэдгийг ойлгомоор байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид